Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0620

 

 

 

 

 

 

 

         

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З

 

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох” тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 126/ШШ2025/0013 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 126/2025/0009/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох” тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 126/ШШ2025/0013 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.4, Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “И” ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргаас “Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмжийн гүйцэтгэгч сонгох тендерийн оролцогч юм. Техникийн тодорхойлолтод нэг компанийн эрхлэн гаргасан номуудыг худалдан авахаар, гарал үүсэл, нэр, тус номын хэмжээний шаардлагыг хүртэл нэрлэн заасан байсан. Манай байгууллага тус хууль бус техникийн тодорхойлолтыг эс зөвшөөрч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт /хуучин нэрээр/ гаргасан гомдлыг хангасны дагуу хуулиар тус тендер түдгэлзэн, захиалагч холбогдох өөрчлөлт оруулан, тендерийг үргэлжлүүлэн явуулах үүрэгтэй байсан. Гэтэл захиалагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Манай байгууллагын хувьд тус тендерт шударга өрсөлдөх, энэ тендерт оролцох тэгш эрх зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах, зөрчигдсөн эрх, ашгаа сэргээлгэхээр хандсан. Гэтэл шүүгч танай эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэг компанид зориулсан тендер нь бүтээгүйгээс хуулийн дагуу шаардлагыг биелүүлэхгүйгээр тендерээ явуулаагүй нь анх гомдол гаргасан манай компанийн тендерт оролцох эрх, шударгаар өрсөлдөх эрхүүд ноцтой зөрчигдсөн.

3.2. Анхан шатны шүүхийн “одоо түдгэлзсэн үйл ажиллагаа дуусгавар болсон” гэсэн дүгнэлт нь хуулийн 58.2-т заасан “гомдлыг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзэнэ” гэх заалтыг буруу тайлбарласан, хууль ёсны үр дагаврыг үгүйсгэсэн дүгнэлт бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиглэлийг биелүүлээгүй захиалагчийг зөвтгөсөнтэй агаар нэг дүгнэлт болсон. Энэ нь захиалагчийн зөрчлийг шүүх өөрөө тогтоосон атлаа түүнд нэхэмжлэгчийн эрхийн зөрчлийг бодитоор үнэлээгүй дүгнэлт болсон байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний 02/1044 тоот бичгээр техникийн тодорхойлолтыг өөрчлөх, хэрхэн шийдвэрлэснээ эргэж мэдэгдэх, дараа нь тендерээ үргэлжлүүлэх үүргийг захиалагчид хүлээлгэсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд захиалагч хариу мэдэгдээгүй, тодорхой өөрчлөлт оруулаагүй, тендерийг үргэлжлүүлээгүй, дээрх шаардлага хэрэгжээгүй нөхцөлд, түдгэлзэл дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.

3.3. “Засаг дарга захиалагч болохынхоо хувьд тус тендерт гүйцэтгэгч сонгох арга хэмжээг тогтоосон хугацаанд зохион байгуулж ажиллах учиртай байтал хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж хариуцагчийн эс үйлдэхүй гаргасныг дүгнэсэн атлаа төсөв байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Энэ дүгнэлт нь зөрүүтэй, логикийн хувьд алдаатай, ойлгомжгүй.

Захиалагч тендерийг үргэлжлүүлэн явуулах ёстой, тухайн тендерийн төсвийг төсөвт суулгах, санал гаргах үүрэг нь хариуцагчийн үүрэг байтал энэ үүргүүдээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, ... байх” зарчмыг зөрчсөн. Засгийн газрын 2024 оны 72 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр ба Засаг дарга нь жилийн төсвийн саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байхад төсөв нь батлагдаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь маргааны үйл баримтаас хальж, шийдвэр гаргасан. Энэ үндэслэлээр шүүх хуралдаандаа маргасан боловч шүүх анхаарч үзээгүй шийдвэр гаргасан.

3.4. Энэхүү шүүхийн шийдвэрээс харахад, зориулсан тендер нь бүтэхгүй болохоор төсөвт тусгагдаагүй гэдэг шалтгаанаар тендерийг зогсоож болохоор байна. Ийм байдлаар тендер хууль бус явагдахыг шүүх зөвтгөсөн мэт практикт жишиг тогтоох үр дагавартай юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн 2025 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 13 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг дэмжсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “И” ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох” тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргажээ.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... тендерийн хууль зөрчсөн техникийн тодорхойлолтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-аас тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжүүлэн явуулахыг захиалагчид даалгасан байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга нь хууль бус эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас манай компанийн тендерт оролцох, шударгаар өрсөлдөх эрхүүд ноцтой зөрчигдсөн” гэж тодорхойлон маргасан.

2.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... Боловсрол, шинжлэх ухааны яамнаас техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулж ирүүлээгүй, 2024 оны төсвийн жил дуусахад уг ажлын санхүүжилт буцаан татагдсан учраас тендер шалгаруулалтыг дахин зарлах боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

3. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд;

3.1. Боловсрол, шинжлэх ухааны /тухайн үеийн нэршлээр/ сайдын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/83 дугаар тушаалаар, салбарын 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан төсөл, арга хэмжээний тухайн оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлахад “Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж /Хөвсгөл аймаг/, 100.0 сая төгрөг, АЗДТГ, нээлттэй тендер шалгаруулалтаар” гэж тусгасан.

Тус яамны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2/1224 дүгээр албан бичгээр, дээрх төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлж, Засгийн газрын 2023 оны 409 дүгээр тогтоолоор эрх шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахыг мэдэгджээ. 

3.2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/212 дугаар захирамжаар, Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох үнэлгээний хороо байгуулсан бол тендер шалгаруулалтыг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар Үнэлгээний хороо 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн.

3.3. “И” ХХК нь уг тендерийн баримт бичгийн хавсралт болох техник нөхцөл нь тендерийн хуульд нийцэхгүй, өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа болон зарим асуудлаар тодруулга авахаар 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 64/2024 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад хандсан. Мөн өрсөлдөөнийг хянан зохицуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагад гомдол гаргасан.

Үүний хариуд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 02/1044 дүгээр албан бичгээр, техникийн тодорхойлолт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг зөрчсөн тул холбогдох өөрчлөлтийг тусгаж, эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг захиалагчид даалгажээ.

3.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд, дээрх шаардлагыг биелүүлж, техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах асуудлаар 273/2024, 274/2024, 276/2024 дүгээр албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Боловсролын яаманд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хандсан.

3.5. 2024 оны төсвийн жил дуусахад уг төсөл, арга хэмжээний санхүүжилт буцаан татагдсан үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй. Боловсролын яамны 2025 оны төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан санхүүжилт төсөвлөгдөөгүй байна.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... Боловсролын яамнаас баталсан техникийн тодорхойлолтыг өөрчилж ирүүлээгүй, аймгийн Засаг дарга түүнийг дур мэдэн өөрчлөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, дээрх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг тогтоосон хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, гэвч төсөл, арга хэмжээний төсөв эргүүлэн татагдсанаас тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т ““оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг”, 4.1.14-д ““сонирхогч этгээд” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцох сонирхлоо илэрхийлсэн, эсхүл энэ хуульд заасан урилга хүлээн авсан аж ахуй эрхлэгчийг”, 4.1.17-д ““тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18-д ““техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг /хэлнэ/”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж тус тус заасан.  

7. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, тендер шалгаруулалтад хамаарах аливаа шаардлагыг тодорхойлж, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод боловсруулж тусгах нь захиалагчийн бүрэн эрхэд хамаарч байна.

8. Гэтэл “Боловсролын яамнаас техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулж ирүүлээгүй” гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-аас тавьсан шаардлагыг биелүүлж мэдэгдээгүй, тендер шалгаруулалтыг явуулаагүй нь захиалагч болохын хувьд Хөвсгөл аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй мөн, үүнийг анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй тогтоосон.

 9. Засгийн газрын 2023 оны 406 дугаар тогтоолоор уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны /хуучнаар/ сайдаас нэгэнт Хөвсгөл аймгийн Засаг даргад шилжүүлсэн, үүний дагуу хариуцагч Үнэлгээний хороо байгуулж, тендерийн баримт бичиг боловсруулж тендер шалгаруулалтын ажиллагааг гүйцэтгэж ирсэн атлаа дээрх үндэслэлээр техникийн тодорхойлолтод зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар өрсөлдөөнийг хянан зохицуулах төрийн байгууллагад мэдэгдэж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулаагүй нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй болно.

10. Харин тендер шалгаруулалтыг батлагдсан төсөв, тогтоосон хугацаанд явуулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулиар тогтоосон “үр ашигтай”, “хариуцлагатай байх” зэрэг худалдан авах ажиллагааны зарчимд нийцнэ.

Гэтэл энэ хэсгийн 3.4-т заасны дагуу хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтаар тодорхойлогдож буй үйл баримтаар, дээрх шалтгаанаар техникийн тодорхойлолтод зохих өөрчлөлтийг тусгаагүйн улмаас тендер шалгаруулалтыг төсвийн жилд багтаан явуулаагүй буюу нэгэнт хугацаа дууссан, энэ төсөл, арга хэмжээний төсөв 2024 оны төсвийн жилийн эцэст буцаан татагдсан бөгөөд 2025 онд санхүүжилт олгоогүй нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран, тендерт шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж, тухайн ажлыг гүйцэтгэх бодит боломжгүйд хүрчээ.

11. Өөрөөр хэлбэл, захиалагч, түүний байгуулсан Үнэлгээний хорооны хувьд тендер шалгаруулалтыг явуулж, тендер хүлээн авч үнэлж, шалгаруулах ажиллагааг гүйцэтгээгүй тухайн тохиолдолд тендер сонирхогч этгээд болох нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх “тендер шалгаруулалтад оролцож, шударгаар өрсөлдөх” эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй учир давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

12. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 126/ШШ2025/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     М.ЦЭЦЭГМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ