Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0290

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С*********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г*********

Хариуцагч: А********* газрын Г********* хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*********

Маргааны төрөл: “С*********” ХХК-ийн эзэмшиж байсан XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*********, Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С*********” ХХК-иас А********* газрын Г********* хэлтсийн даргад холбогдуулан “А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр “А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.

2. Баянхонгор аймгийн Баянговь сумын “Бор нуруу” нэртэй газарт орших 712.58 гектар талбайд ашигт малтмал хайх XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг “С*********” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эзэмшжээ.

“С*********” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ДСШ-18 дугаар байр, 03 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаад уг байр нь дахин төлөвлөлтөнд орох болсон шалтгаанаар чөлөөлж, “Т*********” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ш.М********* нь эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “Ч*********” эмнэлэгт, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “И*********” эмнэлэгт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл “Э*********” эмнэлэгт эмчлүүлсэн байна.

А********* газрын Г********* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч “заасан хаягт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөхгүй байсан” гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.05 цагт ажилтан н.О*********д буцаан гардуулсан болохоо “М*********” ХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/228 дугаар албан бичгээр илэрхийлсэн байна.

Улмаар А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

3. А********* газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/34 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А********* газрын Г********* хэлтэст гомдол гаргахад А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8/368 дугаар албан бичгээр тус гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.

Улмаар урьдчилан шийдвэрлэх журмаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр А********* газарт хандахад “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж А********* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/555 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөллийн “Б*********” ХХН 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг шийдвэрлэж өгөх талаар А********* газарт хандахад тус газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/1592 дугаар албан бичгээр шүүхэд дээрх асуудал хянагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

     4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“1/Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан. Сунгалт хийх үед тухайн жилийн төлбөрийг төлсөн эсэх талаар ямар ч асуудал гараагүй.

2/ Тус компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол ДСШ-18-3 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг байсан. Тус хаяг дахин төлөвлөлтөд орж байгаа тул байрны өмчлөгч Г.Д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө "С*********" ХХК-ийг чөлөөлж өгөхийг шаардсан.

*********" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах 28/4 тоот оффисыг түрээслэхээр “Т*********" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн хаягт өөрчлөлт орсон талаар А********* газар К********* хэлтэст мэдээлэл өгөх гэсэн боловч тус компанийн гүйцэтгэх захирал Ш.М*********-ийн биеийн байдал хүнд байсан учир мэдэгдэж амжаагүй.

“С*********” ХХК нь хуульд заасан мэдэгдлийг хүлээж аваагүй мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг тус тус гардаж аваагүй байна.

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ш.М********* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Ч*********” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бие нь муудаж их хэмжээгээр цус алдсан тул Улсын 3 дугаар төв эмнэлэгт хүргэгдэн очсон.

Улсын 3 дугаар төв эмнэлгээс цаг алдалгүй шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн тул “И*********" эмнэлэгт яаралтай шинжилгээ өгч шинжилгээгээр хавдрын биет байх магадлалтай гэсэн тул тус эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэвтэн эмчлүүлж мэс засалд орсон.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл “Э*********” эмнэлэгт эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахисан. Тус эмнэлэгт дахин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж гээд 6.1.41.а. "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч “С*********" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.М********* нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх мэдэгдэл, цуцалсан шийдвэрийг тус тус гардаж аваагүй, ямар нэгэн сонсох ажиллагаа хийлгүй оролцогчийн эрхийг хангаж шийдвэр гаргаагүй нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

3/ “С*********" ХХК-ийн УУКК систем /CMCS/-д бүртгэлтэй хаягаас буцсан байхад ямар шалтгаанаар мэдэгдэл буцаагдсан болохыг шалгаагүй, мөн Кадастрын асуудал хариуцсан нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасан “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” үүргийн хүрээнд бүртгэгдсэн албан ёсны цахим шуудангийн хаягт илгээх боломжтой атал илгээгээгүй байна, Е-майл хаягаар харилцах гэж л бүртгэл хийх албан ёсны маягтаар компанийн мэдээллийг авдаг гэж үзэж байна. 

4/ Түүнчлэн А********* газрын Г********* хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаартай албан бичгээр манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг гаргахдаа хугацаагаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тооцсон нь буруу байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчсөн байна. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 10 өдөр тооцоход манай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цуцлагдах үндэслэл бүрдсэн байхаар Г********* хэлтсээс тооцсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасантай зөрчилдсөн байна.

Манай компанийн тусгай зөвшөөрөл нь энэ хуулийн зохицуулалтаар анх олгогдсон огноог сунгасан Г********* хэлтсийн даргын 2021 оны 424 дүгээр шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр төлбөр төлөх сүүлийн хоног байх ба энэ өдрөөс алдангитайгаар төлбөр төлж болох хугацааг тооцвол 30 хоног нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байхаар байна. Энэ өдрөөс ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэл явуулахаар хуульчилсан байна.

Мөн А********* газар нь бие даасан захиргааны байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гарган ажиллаж байгаа. А********* газраас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу хийснээр Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг хэрэглэх боломжтой байсан.

Иймд манай “С*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.М*********-ийн биеийн байдалтай шууд холбоотой хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, мөн эдийн засгийн хувьд асар өндөр дүнтэй хохирол хүлээх үр дагаварт хүрэхгүй байхын тулд энэхүү нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай аав Ш.М********* нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтаар 1 тэрбум 200 саяын өр тавиад лицензийг авсан байдаг. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд тайлан, төлөвлөгөө бүх зүйлийг ямар ч асуудалгүй явуулж ирсэн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.М********* гуай компанийн бүхий л үйл ажиллагааг гардаж гүйцэтгэдэг энэ хүнээс өөрөөр ийм эрх мэдэлтэй хүн байхгүй. Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоол байгаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах гэдэг дотор зохигч хүнд өвчтэй эмчлүүлж байгаа гэдгийг тайлбарласан байгаа. Зохигч өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм эмчилгээ сувилгаа хийлгэж байхыг хэлэх бөгөөд энэ нь эмнэлгийн болон эмчийн магадлагаагаар тогтоогдсон байвал зохино. Энэ бол татварын холбогдох заалттай нийцэж байна.

Цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш тооцох ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан үндэслэл бүрдсэн тухай 10 хоногт багтааж мэдэгдэнэ гэж хуульд заасан байдаг.

Сонин хэвлэлд бичигдээгүй, энэ тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хаягийн бүртгэлийг мэдэгдэх үнэхээр боломж байгаагүй. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломж эрүүл мэндийн шалтгаанаар байгаагүй гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт шийдвэрийг гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангаж чадаагүй байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд хэрэглэгдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр аливаа захиргааны актыг гаргахаас өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулах хуулийн агуулгыг Захиргааны ерөнхий хуульд зохицуулж өгсөн байдаг. Үүнтэй уялдуулаад Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх талаар тусгайлан зохицуулж өгсөн. Тэгэхээр хуулийн зохицуулалтыг А********* газрын к********* хэлтсээс хэрэгжүүлж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 47 дугаар хуудаст А********* газрын К********* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн талаарх албан бичиг авагдсан. Уг албан бичгийг хүргүүлээгүй болох нь баримт бичгийг хүлээлгэх дэвтэр мөн хавтаст хэрэгт авагдсан “Монгол шуудан” компанийн тодорхойлолт зэрэг тогтоогддог. Баримт бичиг хүлээлцэх дэвтэртэй 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буцаалт хийсэн байна. Буцаасан үндэслэл нь тодорхой бус. Үндсэндээ “С*********” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлөх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт зааснаар 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөөгүй бол 0.3 хувиар тооцон алданги ногдуулна. Энэ алданги тооцох хугацаа маань өөрөө 30 хүртэлх хоног байна. 

Маргаан бүхий захиргааны акт Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт үндэслээгүй 34.7 дахь хэсэгт үндэслэсэн. Тусгай зөвшөөрлийг цуцлах хугацаа маань 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш, өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш уг мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан. 

Хавтаст хэрэгт авагдсан цуцлах үндэслэл мэдэгдсэн мэдэгдлийг харахаар хамаагүй өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлээд тэрийгээ мэдэгдэж чадаагүй, баримтжуулж чадаагүй байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцлах хугацаанд буюу ирэх жилийн төлбөрийг төлөх сүүлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байсан. 

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан байдаг. Үүн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу мэдэгдэнэ гэдэгт мэдэгдсэнээ баримтжуулсан байхыг ойлгоно. Хавтаст хэрэгт 2 мэдэгдэл байдаг нэг нь цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл нөгөө нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл байдаг. 

Төрийн захиргааны байгууллагаас үүргээ хангалттай биелүүлж чадаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх хуулийн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт захиргааны байгууллага захиргааны актыг өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр илгээж болно. Хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан учирсан ч гэсэн нэхэмжлэгчид нөхцөл байдалтай холбогдуулан утсаар юм уу мэйл хаягаар мэдэгдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгах боломж байсан. 

Тэгэхээр “С*********” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааг явуулж буй байр нь дахин төлөвлөлтөд ороод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хугацаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах болсон хугацаа, хүндэтгэн үзэж шалтгаан үүссэн хугацаа ойрхон зайтай буюу нэг хугацаанд хамарч байна. Мөн дээр нь цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг эцсийн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгохоор байсан. 

Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ажлын 10 өдөрт багтаан цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэх үүрэгтэй байсан. Эндээс ажлын 10 хоногт тооцвол 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байна. 

Хүндэтгэн үзэх шалтгаанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгадаг эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантай уялдуулаад тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг цуцлах тийм ойлголт байхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт төлбөр төлснийг тухай өдрийн төлсөн өдрөөр тооцох боловч Төрийн захиргааны байгууллага холбогдох баримтуудаа бүрдүүлж өгсний үндсэн дээр төлбөр төлснийг албан ёсоор тооцдог. Тусгай зөвшөөрлийн хавсралт дээр төлбөр төлсөн талаарх холбогдох тэмдэглэлийг хийдэг. Үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэж албан ёсоор тооцдог. Бид нар хэдийгээр онлайнаар төлбөр төлөх боломжтой байсан ч Ш.М*********-ийн биеийн байдлаас шалтгаалаад ямар ч арга хэмжээ авах боломж байгаагүй. 

Хаягийн бүртгэлийн тухайд ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор хаяг өөрчлөгдсөн мэдэгдлийг хүргүүлэх ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хаяг өөрчлөгдсөн, үүнээс 14 хоног тооцоод үзэхээр 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлэх хугацаа байсан. Энэ хугацаанд 11 дүгээр сарын 10-нды өдөр эмнэлэгт хэвтээд 11 дүгээр сарын 21-ний өдөр холбогдох шинжилгээ хийгдэж хагалгаа хийлгэсний улмаас хаягаа мэдэгдэх боломжгүй байсан.

Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрөл цуцалсан цаг хугацааны хувьд давхцаж байна. Хариуцагчийн зүгээс цуцлах үндэслэл бүрдсэн талаар нийтэд мэдээлдэг гэж тайлбарлаж байна. Гэтэл https://mrpam.gov.mn/ гэх энэ сайтад хэзээ ч цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдээлэл байршдаггүй. Цуцлах үндэслэл бүрдсэн талаарх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлийг 12 дугаар сарын 10-ны өдөр буцаасан байдаг. 12 дугаар сарын 10-ны өдөр нь тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнөх цаг хугацааны үед хамаарч байгаа. Эзэмшигчийн утас, мэйл хаягаар явуулах бүрэн боломж бололцоо байсан” гэв.

     5. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ “С*********” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-021146 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг тус газрын К хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.

К********* хэлтэс уг өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын XV-021146 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг А********* газрын К********* хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. 

Гэтэл "С*********” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

*********” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-021146 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд мөн хэлтсийн даргын шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/34 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн УУККСистем /CMCS/-д бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

2/ Мөн Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай тухайлсан зохицуулалтыг хуульчилж өгөөгүй байна. 

Иймд “С*********" ХХК-ийн "Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын XV- 021146 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тусгай зөвшөөрөл эзэмшигч “С*********” ХХК нь захирлын хүндэтгэн үзэх шалтгаан гэж эрүүл мэндийн байдлыг ярьж байна. Энэ хугацаанаас өмнө төлөх үүрэгтэй байгаагаа мэдэж байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хууль заасан үүргийг хүлээсэн байгаа. Энэ үүргүүдийн нэг нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байдаг. Энэ төлбөрийг төлөхдөө заавал тусгай зөвшөөрөл эзэмшигч захирал төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Төлбөрийг төлөх олон янзын арга байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар төлбөрийг төлөөгүй байх үндэслэл байхгүй гэж бодож байна. Төлбөр төлөх дансны мэдээлэл албан ёсны нээлттэй сайт дээр бэлэн байж байдаг, төлбөрийг заавал сүүлийн өдөр төлнө гэсэн ойлголт байхгүй. 

Манай зүгээс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар мэдэгдсэн байгаа. Үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл харагдаж байна. Хаягийн бүртгэлийн байдлаа мэдэгдээгүй байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлж чадахгүй бол төлбөрийг хойшлуулах тухай зохицуулалт хуульчлагдаж өгөөгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй эсвэл зориуд хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа тухайн актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компани хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүй учраас буцаалт ирсэн. 

Мөн Төрийн захиргааны байгууллага албан ёсны сайтаараа мэдээллийг хүргэж байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг өдөр тутмын хэвлэлээр мэдээлдэг байгаа. Үндэсний шуудан сонин дээр нийтлэгдсэн байгаа. Мэдэх боломжгүй байсан гэдэг нь боломжгүй гэж үзэж байна. 

Компанийн эзэмшигчээр 70:30 гэсэн харьцаатай Ш.М*********, н.Э********* гэх хүмүүс байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 70:30 гэсэн харьцаатай хоёр эзэмшигч байгаа тул тухайн хамтран эзэмшигчийн үүрэг байж болох байсан гэдэг нь харагдаж байна. Нэг нь ажил үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд нөгөө нь орлох боломжтой байсан гэж харагдаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... “С*********" ХХК-ийн УУКК систем /CMCS/-д бүртгэлтэй хаягаас буцсан байхад ямар шалтгаанаар мэдэгдэл буцаагдсан болохыг шалгаагүй, мөн К асуудал хариуцсан нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасан “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” үүргийн хүрээнд бүртгэгдсэн албан ёсны цахим шуудангийн хаягт илгээх боломжтой атал илгээгээгүй байна, … “С*********” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах 28/4 тоот оффисыг түрээслэхээр “Т*********" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн хаягт өөрчлөлт орсон талаар А********* газар К********* хэлтэст мэдээлэл өгөх гэсэн боловч тус компанийн гүйцэтгэх захирал Ш.М*********-ийн биеийн байдал хүнд байсан учир мэдэгдэж амжаагүй …” гэж тайлбарлаж байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: … 6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно.”, 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.” гэж заажээ.

Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг “С*********“ ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаягаар А********* газрын Г********* хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч тус хаягт байхгүй байсан тул мэдэгдлийг буцаан гардуулсан байна. 

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасныг хэрэгжүүлж хаяг өөрчлөгдсөн талаарх мэдээллээ төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүйгээс мэдэгдлийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд “... хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй, хуулийг зөрчиж А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг гаргасан” гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч компаний захирал өвчтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан шинжилгээний баримт, эмчийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа зэргээр тогтоогдож байх боловч хуульд зааснаар  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээд тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг төлөөлж зөвхөн захирал төлбөр төлөх, хаяг өөрчлөгдснийг мэдэгдэх ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хаяг өөрчлөгдснийг мэдэгдээгүйг Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх боломжгүй байна. 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”,  56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: … 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдснаар XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар ээлжит жилийн төлбөрийг жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тооцож урьдчилан төлөх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэдгийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөр тооцохоор байна.

Харин дээрх хугацаанд төлж чадаагүй бол тусгай зөвшөөрлийн төлбөрт алданги тооцон төлөх боломжийг олгосон 30 хоногийн хугацаа нэхэмжлэгч компаний хувьд 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусах юм. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч компани XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө төлөх юм.

Нэхэмжлэгч XV-021146 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан А********* газрын К********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцжээ.

Иймд “С*********” ХХК-иас гаргасан “А********* газрын Г********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С*********” ХХК-иас А********* газрын К********* хэлтэст холбогдуулан гаргасан “А********* газрын К********* хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн “С*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “С*********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ДАМДИНСҮРЭН