Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1058

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/00916 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 86 900 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр,

Хариуцагч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Экокапитал” ББСБ нь иргэн Б.Атэй 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17-011 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48б дугаар байр 12 тоот 61,67 м.кв 2 өрөө /Ү-2205018703/ орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч нь Б.Ат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүү 2 800 000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар Б.Аээс үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 14 084 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 816 800 төгрөг, нийт 86 900 800 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аээс 86 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000527902 дугаар гэрчилгээтэй, Ү-2205018703 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48б дугаар байр 12 тоот 61,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662 654 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 662 654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Экокапитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч “Экокапитал” ББСБ ХХК нь хариуцагч Б.А, Б.Ариумаа нартай ... байна” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч зөвхөн надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Мөн “Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 153, 154, 156 дугаар зүйлийн агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна” гэж үзсэн ба хуулийн ойлголтгүй би дээрх заалтуудад хэрхэн юу гэж заасныг мэдэхгүй. Иймд шүүхэд өмгөөлөгч авч оролцуулах хүсэлтийг тавьсан, шүүх хүсэлтийг хангасан боловч ч нэг өмгөөлөгчтэй утсаар холбогдоход ажил ихтэй гэсээр надтай уулзаж гэрээ хийж чадаагүйн улмаас эрхээ хамгаалуулж чадсангүй. Богино хугацаанд өмгөөлөгчтэй уулзаж чадалгүй явах хойгуур шүүх хуралдаан болсон байсан. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Эрдэнэтогтоход итгэмжлэл өгсөн ба шүүх хуралдаан 03 дугаар сарын 23-ны өдөр зарлагдсан нь эрхээ хэрэгжүүлэх боломж бага байсныг нотлоно.

Шүүхийн шийдвэрт “зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир хариуцагч нь зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 14 084 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 816 000 төгрөг, нийт 86 900 800 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Б.Ат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн” гэж тусгагдсан нь албан ёсоор хугацаа сунгаж байгаагүйг нотлоно. Гэтэл зээлийн гэрээний үндсэн хугацаа 3 сар, зээлдүүлэгч гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгох, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нь зээлийн гэрээний 9.2.3, 9.2.4-д заасан байхад бүтэн 4 сар буюу 120 хоног хэтрүүлсэн байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байдлыг харгалзан үзэлгүй дан ганц намайг зээлээ хугацаандаа төлөөгүйн хариуцлага гэж зээлийн хүү 14 084 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 816 000 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангасныг зөвшөөрөхгүй. Учир нь зээлдэгч тал гэрээнд заасан хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, зээлийн хүүг ерөнхийд нь 14 084 000 төгрөг гэсэн ба ямар хугацааны, хэдэн төгрөгийн хүү нэхээд байгаа нь тодорхойгүй байхад шаардсан хэмжээгээр нь хангасныг зөвшөөрөхгүй. Энэ нь хүүг багасгах үндэслэл болох тул зээлийн хүүнээс 3 сарын хүүг, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иймд хэргийн оролцогчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн маргаанд хамаарах нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 14 084 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 816 800 төгрөг, нийт 86 900 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17-011 тоот зээлийн гэрээ, 17-011А тоот зээлийн барьцааны гэрээ зэргээс үзвэл Б.А нь “Экокапитал” Банк бус санхүүгийн байгууллагаас 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буцаан төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ тус бүрийг байгуулж, зээлийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгон өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 48б байрны 12 тоот, 61.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх6-10/

Дээрх гэрээний хамтран зээлдэгчээр Б.Ариумаа гарын үсэг зурсан, дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдэгч талд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно. /хх13/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх, үүрэг үүссэн талаар болон үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэв.

Зээлдэгч Б.А зээлийн гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөлтийн хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч хэрэгт авагдсан зээлийн тооцоолол гэх баримтаас үзвэл 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 100 000 төгрөгийг зээлийн хүүд, 214 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 476 000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн байна. /хх 15/

Нэхэмжлэгч тал зээлийн төлбөрийг тооцож, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон, шүүх тухайн тооцоололд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзнэ. Тухайлбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2. Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд байгууллага гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцална. 9.2.2. зээлдэгч гэрээний заалтыг зөрчсөн, 9.2.3. зээлдэгч зээлийн төлбөрийн хуваарьт 2-оос дээш удаа зөрчил гаргасан, 9.2.4. зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өдрөөс 14 хоногоос дээш өдөр хоцорсон бол гэрээг цуцлахаар тохиролцжээ. /хх7 арын хуудас/

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдол бий болсон байхад зээлдүүлэгч тал зээлийн гэрээний 6.1.10-т зааснаар зээлдэгчид шаардлага тавих, улмаар гэрээг цуцлах тохиролцоогоо анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөхийг мэдэгдэж шаардлага хүргүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан гэж тайлбарлах боловч 2017 оны 9 дүгээр сарын 11-ний 17-03/305 тоот албан бичгээр төлбөр төлөхийг шаардаж байсан нь зээлийн гэрээний 9.2 дахь заалтад хамаарахгүй юм. /хх11/

Хариуцагчийн хувьд зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд мэдүүлэх хүртэл хугацааны буюу 7 сар 24 хоногийн хүүг төлөх үүрэгтэй. 

Харин нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээнд заасан байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээ зөрчсөөр байхад гэрээ цуцлах, улмаар шүүхэд шаардлага гаргахгүй байсан атлаа энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу гэж дүгнэв.

Иймд зээлийн гэрээний 9.2 дахь хэсэгт заасныг болон хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл зэргийг харгалзан Б.Аээс гэрээний хугацаанд төлсөн 224 000 төгрөгийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд тооцсон байгааг зээлийн хүүд шилжүүлэн тооцож, үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 13 580 000 төгрөг, нийт 83 580 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж, үлдэх 3 320 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Шүүх хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/00916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “86 900 000” гэснийг “83 580 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 320 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “662 654 ” гэснийг “575 850” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                   

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА