| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Энхтуяа,
хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгч *******
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2231003680029 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* 1 дүгээр гудамж, 136 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын , /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* ” нэртэй барилгын дэлгүүрийн гражны хаалганы цоожийг эвдэн орж, уг гражнаас 4 ширхэг хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түрдэг тэргээр тээвэрлэн 3.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* ” нэртэй барилгын дэлгүүрийн гражны хаалганы цоожийг эвдэн орж, уг гражнаас 4 ширхэг хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түрдэг тэргээр тээвэрлэн 3.550.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэг болоод ийм хэрэг хийсэн. Ийм өндөр ял хариуцлагатай гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* 2022 оны 09 сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өглөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 10 цаг 30 минутын орчим ажил дээр очоод агуулахаа нээх гэсэн чинь хаалга нь онгорхой байсан. Агуулахад байх эд зүйлээ бүртгэсэн чинь хятад улсад үйлдвэрлэсэн 1, Орос улсад үйлдвэрлэсэн 3 ширхэг төмөр хаалга алга болчихсон байсан тэгээд надтай хамт ажилладаг Г болон эгч нараас асуусан чинь өчигдөр хаалга зарагдаагүй гэсэн. ...Өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...Манайхаас алга болдог хаалганууд бүгд гялгар уутаар боосон, орос хаалга нь гадна тал нь бор өнгөтэй дотор тал нь улаан хүрэн модон дотортой, хятад хаалганууд нь гадна тал нь мөнгөлөг саарал дотор тал нь цагаан өнгөтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
4. Гэрч ын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 09 цаг 40 минутын үед Х хамт граж руу ороход гадна хашааны хаалга нь цоожтой дотор гражийн хаалга нь онгорхой 4 ширхэг бүргэд хаалга алдагдсан байсан. Тэгээд эгчид хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
5. Гэрч Б.н 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 10 цагт ажил дээрээ байж байтал манай граж хэсгийг хариуцдаг Г, Х 2 ирээд надад хойд талын граж онгойчихсон, хаалга алдагдсан байна гэсэн тэгээд цагдаа дуудсан. Оросоос орж ирдэг 3 ширхэг хаалга, хятад 1 хаалга алдагдсан байна гэж надад хэлсэн. Яг ямар хаалгыг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
6. Гэрч Т.ы 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирээ граж руу ороход гадна хаалга нь цоожтой, гражийн хаалга нь онгорхой, 4 хаалга алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн алдагдсан гэх хаалга нь орос 850,000 төгрөгийн үнэтэй, дотор тал нь модон, гадна тал нь төмөр хүрэн өнгийн хаалга байсан. Хятад хаалга нь 750,000 төгрөгийн үнэтэй, хар өнгийн хаалга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
7. Шүүгдэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “******* ” нэртэй дэлгүүрээс авсан хаалгаа өөрийн УНН улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж мэдүүлсэн. Тухайн үед би айж сандарсны улмаас нуусан байсан газрын эзэн айл миний хэрэгт татагдчих вий гэж айгаад худал мэдүүлэг өгсөн юмаа. Үнэндээ би “******* ” дэлгүүрийн агуулахаас төмөр бүргэд хаалгыг аваад тус дэлгүүрийн хойд талын гудамжинд байх айлын хашаанд нуучихсан байсан юмаа. Тухайн айл нь хашааны хажуу буюу баруун тал нь онгорхой байсан ба хашааныхаа хойд талд хуучин модон агуулах мэт зүйл байсан. Тэр нь доод хэсэгтээ хог ихтэй байсан бөгөөд би авсан 4 хаалгаа хогон дунд нуусан. Ингээд тухайн өдрөөс 2-3 хонгийн байх би өөрийн гэрт засвар хийхдээ авсан байсан багаж хэрэгсэл зөөж байсан гар тэргээр хоёр хоёр ширхэгээр нь зөөж гэртээ хүргэсэн. ...миний хаалга нуусан агуулах мэт зүйлтэй айлыг би мэдэхгүй, танихгүй айл. Гэтэл надаас болоод зүгээр байсан айл асуудалд орчих байх гэж айгаад хэлээгүй бөгөөд өөрөө машинаараа “******* титан” дэлгүүрт очоод машинаараа очиж ачсан гэж мэдүүлсэн. Үнэндээ тухайн 4 ширхэг хаалга миний машинд багтахгүй байх. Би тухайн дэлгүүр рүү өөрийн гэрт байсан гэр тэргийг авч очоод хоёр ширхэг төмөр хаалгыг нь ачаад “******* титан” дэлгүүрийн хойно байх хашаанд нуусан. Ингээд дахин дэлгүүрт очиж дахин 2 хаалгыг нь ачаад дахин нөгөө айлын агуулах мэт газар нуусан. Ингээд удалгүй гэгээ орж эхэлж байсан тул би шууд гэртээ харьсан. Тухайн үед би ажилгүй болоод мөн миний банкны зээл нэхэгдээд мөнгөний хэрэг гараад байсан юмаа. Тэгээд л амар аргаар мөнгө олох гээд л дэрх гэмт хэргийг үйлдсэн. Би тухайн дэлгүүрээс 4 ширхэг төмөр хаалга л авсан. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Би авсан 4 ширхэг хаалганыхаа 3 ширхэгийг нь *******-Уул аймаг руу зарчихсан. Харин үлдсэн нэг хаалгыг нь дэлгүүрийн эзэнд буцааж өгсөн. Тухайн гар тэрэг миний өөрийн тэрэг байгаа юм. Би тухайн тэргийг өнгөрсөн зун гэртээ засвар хийхдээ ашиглах гээд авч байсан юмаа. Би “******* титан” дэлгүүрийн хойд талын агуулах хэсгийн хаалганы төмөр цоожийг нарын урт төмрөөр цохиж нээгээд дотогш орсон. Дэлгүүрийн цоожийг нээхэд ашигласан төмрөө тухайн үед хаячихсан. Би хохирогчтой хараахан уулзаагүй байна. Гэхдээ учруулсан хохирлоо нөхөн барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-15 дугаар хуудас/,
9. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
10. Эд мөрийн баримтаар саарал өнгийн төмөр рам бүхий гар тэргийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,
11. Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24 дүгээр хуудас/,
12. “******* ” ХХК-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр *******ийг оролцуулах тухай албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/,
13. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-57, 77-82 дугаар хуудас/,
15. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-622/4488 дугаартай: “...1. Төмөр хаалга /ОХУ-д үйлдвэрлэгдсэн/ 3 ширхэг 900,000 нийт 2,700,000, 2. Төмөр хаалга, 1 ширхэг, 850,000 төгрөг, нийт 3,550,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
16. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
17. 1 ширхэг төмөр хаалгыг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
18. Түр хураан авсан 1 ширхэг хаалгыг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 67 д дугаар хуудас/,
19. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/,
20. Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/,
21. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,
22. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэргийг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай “...бүх төрлийн агуулах зоорь, граж, эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр...хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашин, кабин, багаж /тээшний хэсэг/...” зэргийг хамааруулан ойлгоно.
Иймд шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* ” нэртэй барилгын дэлгүүрийн гражны хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг хаалгыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, түрдэг тэргээр тээвэрлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т үнэлгээгээр 3,550,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 900,000 төгрөгөөр үнэлэгдэх орос улсад үйлдвэрлэгдсэн 1 ширхэг төмөр хаалгыг буцаан өгсөн тухай мэдүүлж, нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Мөн ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож, шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаар мэдүүлсэнд үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх төмөр рам бүхий тэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдлвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад тус тус зааснаар *******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр рам бүхий тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ