| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03463/и |
| Дугаар | 183/ШШ2020/00397 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2020/00397
| 2020 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2020/00397 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнеско гудамж, 26В байрны 02 тоотод оршин суух Б овогт Ж. Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0000 хороолол, 000 дугаар байрны 000 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн ам, Номун виллажийн 00 дугаар байрны 00 тоотод оршин суух түр оршин суух Б овогт Г.О-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 405.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Ж.Г нь Г.Огийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Дархан хотод барьж байгуулсан Хүдрийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны зардалд зориулж өөрийн хувийн хадгаламжаас 260.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 1.5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан юм. Гэтэл Г.О итгэлийг эвдэж гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь биелүүлэхгүй үндсэн зээл, түүний хүү болох 35.100.000 төгрөгийг ч төлөлгүй хугацаа хэтрүүлж, гуйлгаж шаардуулан байж 2019 он гарснаас хойш цувруулан байж хүү болох 25.000.000 төгрөгийг өгсөн ба зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс нэг ч төлбөр төлөөгүй өнөөг хүрч хохироож байна. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримтлан тооцож, хугацаа хэтрүүлсэн 330 хоногоос 230 хоногийг хасаж 100 хоногийн алданги 135.000.000 төгрөгийг үндсэн зээл 260.000.000 төгрөг, түүний үлдэгдэл хүү болох 10.000.000 төгрөгийн хамт нийт 405.000.000 төгрөгийг хариуцагч Г.Огээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Ж.Ггийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.О миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 405.000.000 төгрөгөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Дараах үндэслэлээр тайлбарыг гаргаж байна. Миний бие Ж.Ггаас 2014 оны 10 дугаар сарын 20-нд 100.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Тус гэрээгээр төлөх нийт үнийн дүнг 17.500.000 төгрөг байхаар тохирсон байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-нд 60.000.000 төгрөгийг банкны дансаараа дамжуулан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулалгүйгээр авсан. Дээрх Ж.Ггаас авсан мөнгөөрөө миний бие Дархан-Уул аймагт нойтон баяжуулах үйлдвэр ажлуулах зорилгоор авсан боловч 2015-2018 оны эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал, төмрийн үнэ унасны улмаас үйл ажиллагаа маань доголдож төлж чадахгүй удааширсан билээ. Ж.Г 2018 оны 04 дүгээр сарын 02-нд зээлээ төлөхгүй удааширч байна, гэрээнд гарын үсэг зур гэж дуудан 260.000.000 төгрөгийг өгөөгүй байж зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан бөгөөд тус мөнгийг миний бие аваагүй бөгөөд бодитоор бидний хооронд шилжсэн зүйл байхгүй юм. Дээрх Ж.Ггаас авсан 160.000.000 төгрөгөөс дараах төлбөрийг төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 04-нд 34.000.000 төгрөг төлсөн. 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл нийт 25.000.000 төгрөг төлсөн. Тиймээс Ж.Гд миний бие үндсэн зээл 160.000.000 төгрөг, хүү 17.500.000 төгрөг, нийи 177.500.000 төгрөг төлөхөөс 59.000.000 төгрөг төлсөн бөгөөд 118.500.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 405.000.000 төгрөгөөс 118.500.000 төгрөгийг хасаад 286.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Г.О нь нэхэмжлэгчээс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэ, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Мөн 2015 оны 08 дугаар сард 15.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-нд өдөр 60.000.000 төгрөгийг банкны дансаараа дамжуулан ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр авсан. Дээрх мөнгийг Дархан-Уул аймагт нойтон баяжуулах үйлдвэр ажиллуулах зорилгоор авсан. Гэвч 2015-2018 оны эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал, төмрийн үнэ унасны улмаас үйл ажиллагаа нь доголдож, төлж чадалгүй удааширсан. Энэхүү мөнгөнөөс хариуцагч Г.О нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 34.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 25.000.000 төгрөг, нийт 59.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Г.О нь Ж.Гд бизнесийг нь дэмжих зорилгоор тусалж дэмжиж мөнгө зээлдүүлж байсан. Талуудын хооронд 2018 он 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч 260.000.000 төгрөг бодитоор шилжээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 260.000.000 төгрөгийг шилжүүлсэн бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Тийм учраас тус гэрээ нь хийгдсэн үеэсээ ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2015 онд дууссан. Түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2018 оны 5 дугаар сард дууссан байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн гэрээ нь үүргийг сольж, үүргийн хугацааг сунгасан гэрээ биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Г.Огээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 405.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 260.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ.
Энэхүү зээлийн гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн гэрээ байх боловч зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Иймд зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 405.000.000 төгрөгийг өгч авалцаагүй атлаа сарын 1.5 хувийн хүүтэй, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчиж, дүр үзүүлэн хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул дээрх гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэхгүй юм.
Харин хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Ж.Ггаас өөрийн эрхлэн явуулдаг Хайрхан тобХХК-ийн үйлдвэрийн барилгын хэрэгцээнд зориулан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөнгө зээлсэн тухай баримт, Хайрхан тобХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт гаргах тухай албан бичгээр нотлогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ггаас 100.000.000 төгрөгийг зээлдэгч тал нь Хайрхан тобХХК байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөнгө зээлсэн тухай баримтад зээлийн гол нөхцөл болох зээлийн хэмжээ, хугацаа, хүүгийн талаар талууд тохиролцсон байх тул Ж.Г болон Хайрхан тобХХК нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч Ж.Ггаас хариуцагч Г.Од 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг, иргэн С.Раашаас 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид Хайрхан тобХХК-д 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлдүүлсэн 100.000.000 төгрөг, Г.Од 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлсэн 60.000.000 төгрөг, иргэн С.Раашаас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 15.000.000 төгрөгийн талаар тус тус тооцоо нийлж, уг төлбөр тооцооны үүргийг дуусгавар болгож, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 260.000.000 төгрөгийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь талууд өмнөх үүргүүдийн талаар тооцоо нийлж, гэрээний үүргийг солихоор тохиролцсон баримт байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг хүлээн авсанаас өөрөөр мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаарх баримт байхгүй байна.
Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний 2.3-т зээл олгосон хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дансаар тухайн үед нь шилжүүлсэн гэж заасан байгаа боловч уг мөнгийг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Ггаас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг хариуцагч Г.Огээс шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хгүй байна.
Харин нэхэмжлэгч Ж.Г нь Хайрхан тобХХК болон Г.О нараас өмнөх зээлийн гэрээ, төлбөр тооцоотой холбоотой үүргийг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Огээс зээлийн гэрээний үүрэгт 405.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР