Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1059

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сд холбогдох орон сууц ашиглалтын төлбөр, зардал 776 458 51 төгрөг гаргуулах,

“Т” ХХК-иас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн төлбөр, зардалд нийт 881 270 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү,

Хариуцагч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны 97/3 байр 79 тоотод оршин суугч С.Сөөс 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 10 дугаар саруудын ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний төлбөр 1 027 950 төгрөг нэхэмжилснээс 678 229 төгрөг төлж 349 720 төгрөгийг төлөөгүй, Төрийн банктай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14-003 тоот гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 164 338 төгрөгийг төлөөгүй. Иймд дээрх хугацаанд хэрэглэсэн хэрэглээний төлбөр дээр өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нотариатын хөлс 12 400 төгрөг, нийт 776 458 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч би ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг тухайд нь хуулийн дагуу төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 1 хэсэг, Иргэний эрх зүйн харилцаа 5 дугаар дэд бүлэг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор баталсан сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, бүртгэх журмаар тодорхойлогдсон хууль, журмыг зөрчин сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг ОСНАА ус дулааны үйлчилгээний төлбөртэй хольж хутган өөрийн хувийн компанийн Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг нь нотлох баримтаар нотлогдсон. Мөн “Т” ХХК нь зөвхөн орон сууц нийтийн аж ахуйн ОСНАА үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохоос биш сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ үзүүлэх сууц өмчлөгчдийн холбооны тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээгүй байгууллага. Иймд 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд “Т” ХХК-ийн дансанд надаас хууль бусаар олсон орлого болох 1 574 872 төгрөгөөс сууц өмчлөгчдийн холбооны ашиглалттай холбоотой 881 270 төгрөг, нотариатын 6 700 төгрөг, Худалдаа, хөгжлийн банкнаас авсан баримтын 1 900 төгрөг, нийт 881 270 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус байрыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан барилгын компани нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, эд хөрөнгүүдийг эзэнгүйдэхээс хамгаалж сууц өмчлөгчдийн холбооны үүргийг өөрсдөө гэрээгээр гүйцэтгэдэг. Бид хүлээж аваад 3 сарын дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдын хурал хийж, санал хүсэлтийг авч, бүгд хүлээн зөвшөөрч дэмжсэн хурлын протокол хавтаст хэрэгт авагдсан. Оршин суугчдын 51 хувиас дээш орсон тохиолдолд албан ёсоор оршин суугчид өөрсдөө сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулна гэж хуульд заасан. Иймд манай компани Сүмт өргөө ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж үйл ажиллагааг гүйцэтгэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо нь Сэлбэ 180 нэртэйгээр байгуулагдаж дундын эзэмшлийн эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.

Энэ хугацаанд 79 тоотын оршин суугч С.С нь төлбөрөө төлөхгүй бөөгнүүлж өр үүсгэсний дараа элдэв шалтаг хайж өөрөө компанийн дансыг олж өөрийн дураар хэсэгчлэн төлж эхэлсэн. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцоно гэж заасан байдаг. Манай компани дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх эрхийг хязгаарлаагүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хэвийн байдлыг хангах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тодорхой төрлийн гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэх, түүний ашиг тусыг С.С хүртсэн тул 881 270 төгрөгийг манай байгууллага буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Сөөс 3 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 773 267 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас 872 670 төгрөг гаргуулж хариуцагч С.Сд олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 23 184 төгрөг, хариуцагчаас төлсөн 25 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сөөс 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д, нэхэмжлэгчээс 25 494 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх уг хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн дугаар 2017 гэж байгаа нь ойлгомжгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж заасан атлаа тооцооллыг яаж бодсон нь ойлгомжгүй. Хариуцагч нь байрны оршин суугчид уг байрандаа ороод сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл манай компанийг орон сууц конторын үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн байгууллага тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. “Т” ХХК нь “УБДТС” ТӨХК, “УБЦС” ТӨХК, УСУГ-тай гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг, энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болно гэсний дагуу гэрээгээр үүргээ гүйцэтгэсэн тул төлбөр, зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагааг орон сууц өмчлөгчдийн өөрсдийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан тул хариуцагч нь үйлчилгээ авсныхаа төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Сд холбогдуулан ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахын өмнөх үйлчилгээний зардалд нийт 776 458 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал сууц ашиглалтын төлбөр шаардах нэхэмжлэгчийн эрхтэй маргаагүй. Харин сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээдэд төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр нийт 881 270 төгрөгийг буцаан шаардсан сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан Тохиолог шинэ ертөнц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тус компанид тухайн чиглэлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгосон Тусгай зөвшөөрөл, түүний хавсралт /хх5-6/, Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /хх6,8/, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /хх9,10/ зэрэг нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзвэл нэхэмжлэгч компани орон сууцны дулаан, ус, цахилгаан болон бусад хэрэглээ, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах эрх үүрэгтэй мэргэжлийн байгууллага болох нь тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргасан дээрх нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэгч компанийг орон сууцны ашиглалттай холбоотой төлбөрийг хариуцагчаас шаардах эрх бүхий этгээд гэж дүгнэсэн нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн хувьд орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх үндэслэлийг үгүйсгээгүй бөгөөд 2016 оны 10 сараас хойш хугацаанд Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн нэрийн дансаар төлж байсан гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэлд хамаарах тооцооноос 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар дуустал хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг хариуцагчийн дансны хуулгатай тулган шалгаад 678 229,82 төгрөг төлөгдсөн, тухайн төлөвт үл хамаарах гаражийн төлбөр, сүүлд төлсөн төлбөр зэргийг тооцож үлдэгдэл 3 191,24 төгрөгийг оршин суугч С.Сөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахын өмнөх үйлчилгээний төлбөрт 2016 оны 6 сараас мөн оны 10 дугаар сарыг дуустал 5 сарын хугацаанд сар бүр 42.915 төгрөг, нийт 214 575,50 төгрөг нэхэмжилснийг шүүх тухайн компанийн эрх зүйн байдалтай холбон дүгнэж уг шаардлагыг гаргах эрхгүй этгээд гэж үзсэн. “Т” ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Сүмт Өргөө” ХХК-тай Сууц өмчлөгчдийн холбоо болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээ /хх11,12/ байгуулж, сууц өмчлөгчдийн холбооны эрхийг шилжүүлэн авсан гэснийг шүүх буруутгажээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчид өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор сууц өмчлөгчид санаачилж холбоог зохион байгуулах хурлыг хийж сууц өмчлөгдийн холбоо байгуулах талаар зохицуулсан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч С.Сийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 97/3 дугаар байрны оршин суугчид хуралдаж  “Сэлбэ-180” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Засаг даргаас 255 дугаар “Гэрчилгээ” олгосон нь хэрэгт авагдсан байна. /хх70,71/ Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг “Т” ХХК нь хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд сууц өмчлөгчдийн холбоог байгуулах 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг хурлын шийдвэр хэрэгжиж, үйл ажиллагаа явуулсан эсэх, сууц өмчлөгчдөд ашиглалт, засвар үйлчилгээг хэрхэн үзүүлсэн, түүнд ямар зардал гарсан талаарх баримтгүй байгаад дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагаас 773 267,27 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзэв.

Хариуцагч С.С нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй этгээдэд 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 872 670 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан Төрийн банкны баримтаар нотлогдож байна. /хх76-78,91-97 Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасантай нийцжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА