Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 112/ШШ2021/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Холбогдогч: ******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У

Прокурор: Говь-Алтай аймгийн *******, хууль цаазын зөвлөх Х.Г,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь *******, *******ын хянан шалгагч, улсын байцаагч Б.С нарт холбогдох

Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.Сын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013054 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Холбогдогч Б.У, Прокурор Х.Г, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Холбогдогч ******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Харнууд ургийн овогт Баярсүхийн Уянга шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.Сын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0013054 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гэв.

2. Гомдлын үндэслэлдээ: ******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч ажилтай Б.У надад холбогдуулан Говь-Алтай аймгийн Монголбанкны салбарын хянан шалгагч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0013054 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн10 дахь хэсэгт зааснаар 5,000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү шийтгэлийг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

Үүнд Нэг: Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй тухайд Говь-Алтай аймгийн Монголбанкны салбарын хянан шалгагч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0013054 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10-т заасан Тайлан тэнцлийг алдаатай нийлүүлсэн, тайлан тэнцэл, мэдээг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй гэсэн зөрчлийг үйлдсэн гэж буруутгаж шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Миний бие Б.У нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сар улирлын мэдээ тайланг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цаг хугацаанд нь үнэн зөв гарган Монголбанкны фина систем рүү илгээдэг маягтан дээр бэлтгэж фина системд илгээсэн. Ингээд уг өдрөө амжилттай илгээгдсэн алдаагүй тайлан хүлээн авсан гэсэн мэйл ирсэн тул тухайн тайлангаа хэвлэн Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын байранд хүргэж өгсөн. Банкны тухай хуулийн 37.3-т Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө гэсэн заалтын дагуу 2021 оны 10 дугаар сарын 8-ний өдөр хэвлэмэл байдлаар болон фина системд цахимаар илгээсэн. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А-109 дугаартай тушаалаар банкны салбаруудаас Монголбанкинд ирүүлдэг мэдээ, тайлангийн загварыг шинэчлэн баталсан тушаалын дагуу фина системийн гарын авлага ашиглан тайлан мэдээгээ хийж фина системд нийлүүлсэн. Уг тайлангийн гарын авлагын 1.4.1-д заасан Фина системд тайлан амжилттай хүлээн авах хэсэгт заасны дагуу зөв хийгдсэн тохиолдолд мэдээ тайлан илгээсэн ажилтны мэйл хаягаар ирдэг мэйлийн хариу ирсэн. Тухайн тайланг алдаа байхгүй, амжилттай хүлээн авсан бол STATUS: IMPORTED гэсэн хариу ирүүлдэг. Харин тайлан ямар нэгэн алдаатай буруу хийгдсэн бол фина системд илгээх тайлангийн маягт нөхөх зааврын 1.4.2-т зааснаар STATUS:ERROR гэсэн алдаа заадаг. Амжилттай хүлээн авсан мэйлийн хариуг тухайн өдрөө МВ[email protected] хаягаар илгээсэн. Тийм болохоор тухайн тайлан тэнцэл, алдаатай нийлүүлэгдсэн гэж үзэж торгуулийн шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг зөрчсөн тухайд: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0013054 дугаартай Шийтгэлийн хуудас"-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Тайлан тэнцлийг алдаатай нийлүүлсэн" гэсэн үндэслэлээр буруутган Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж Шийтгэлийн хуудас-таа энэ талаар тодорхой тусгасан байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10-т Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанканд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно' гэсэн үндэслэл байхаас Тайлан тэнцлийг алдаатай нийлүүлсэн гэсэн үндэслэл тухайн зүйл ангид байхгүй байхад хууль зөрчиж уг үндэслэлээр иргэн Б.У намайг буруутган шалгасан нь өөрөө хууль бус болно.

Гурав: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8.4-т заасан Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан шалгагч надтай ярихдаа фина системд нийлүүлсэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдээ алдаатай байна. Яаралтай тоот авчирч өг гэсний дагуу тоот авч очиход чамаас болж би арга хэмжээ авахуулах гэж байна. Одоо би сануулах арга хэмжээтэй байгаа. Ахиж арга хэмжээ гэвэл цалингийн арга хэмжээ авахуулах болчихоод байгаа тул тоотыг ингэж ингэж бичээд авчирч өг гэхэд нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хэн нэгэн хүн надаас болоод хохирчих вий гэж бодон тухайн тоотыг нь хийж аваачиж өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдор өвчтэй байхад утсаар залгаж дарамталсан. Ковид-19 өвчнөөр өвдсөн байсан. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэхэд дахин дахин залгаж үнэхээр өвдсөн юмуу, албан ёсны эмч эмнэлгийн магадлагаа хуудас авчирч өг гэж дарамталсан. Мөн хэргийн материалтай танилцуулаагүй шийтгэврийн хуудас авахаар очиход танилцуулсан, танилцаж байхад өөрөө их соёлтой боловсон утсаар ярьсан мэтээр бичиж тэмдэглэсэн байсан. Бие чинь гайгүй юу эмнэлэгт хэвтэхгүй байсан юм уу гэх мэтээр надаас асуугаагүй, хариулт аваагүй мөртлөө ингэж асууж ярьсан утгатайгаар өөрөө зохиож бичсэн байсан. Надруу дахин дахин залгахад нь би сүүлдээ өндөр халуурч биеийн байдал сайнгүй байсан тул уурлаж утсаа тасалсан. Мессежээр хүртэл эмчид үзүүлсэн юм уу, юу гэж байна. Ковид мөн үү гэж асууж дарамталсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эргэн ажилдаа орсон. Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр залгаж өөрөө өвчтэй байгаа гэж ярьсан. Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Хэрэгт холбогдогч гэхээрээ өвдөж болохгүй оролцогч гэхээрээ өвчтэй байна гээд ажилдаа ирэхгүй байж болдог гэж бодохгүй байгаа. Мөн зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрвөл 1,0 сая төгрөгөөр торгоно, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй эргэж шүүхэд гомдол гаргавал би өөрөө унана. Тийм болохоор 5,0 сая төгрөгөөр торгож байгаа гэсэн. Очиж уулзахад цаасаар гаргаж өгсөн тайлан чинь алдаатай байсан. Би чамаар засуулж авч байсан гэж дахин дахин асууж хүн гүтгэсэн. Хэрвээ үнэхээр цаасаар хүртэл алдаатай мөн фина систем программ нь алдаатай тайлан хэмээн хариу ирүүлсээр байхад засч явуулаагүй хугацаа хэтрүүлэн засварлаагүй бол би өнөөдөр гомдол гаргахгүй шийтгэврийн хуудсаа хүлээн зөвшөөрөх байсан. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тайлан чинь алдаатай байна. Дахин илгээ гэхэд нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангаа фина системд дахин илгээсэн. Миний зүгээс тайлан мэдээг гаргаж өгөхгүй санаатайгаар хуурамч буруу зөрүүтэй тайлан мэдээ гаргаж өгөөгүй ба хянан шалгагч Б.Сын шаардсан болгоныг нь цаг хугацаанд нь биелүүлж тоотыг нь аваачиж өгч, тайлангаа илгээж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр алдаатай байна засагдаагүй буруу тайлан илгээсэн тоот авчирч өгч засуул гэж ярьсан. Мэдүүлэг өгөх үеэрээ очихдоо ийм ноцтой зөрчил торгууль шийтгэвэр хүлээхээр байсан бол яагаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг прокурорт хандаж торгууль шийтгэврээ ногдуулаагүйн бэ гэхэд чи тэгж ярьж болохгүй ш дээ би тэр үед завгүй байсан гэж хариулсан. Эрх бүхий албан тушаалтан гэхээрээ хүнийг дуртай цагтаа чөлөөт цагаараа зав гарахаар хүн торгодог хуультай гэж бодохгүй байгаа тул гомдолтой байна. Мөн аль банкны ямар хүн албан тушаалтандаа хийсэн буруу тайланг нь засаад хэвлэж ир гэж явуулаад ямар хүнийх нь цаг хугацаандаа хийж аваачиж өгсөн тайлан болон фина систем нь амжилттай хүлээн авсан гэсэн тайланг нь зохих журмын дагуу ирүүлээгүй хэмээн хөдөлмөрийн хөлснөөс хэд дахин илүү өндөр, тухайн ажилтны сарын цалингаас хэд дахин илүү төгрөгөөр торгох шийтгэвэрийн хуудас бичиж өгчөөд би ажлаа л хийсэн гээд сууж байдгийг нь үнэхээр ойлгохгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Дөрөв: Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлаар Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын захирал А.Гт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний бие бичгээр өргөдөл гаргаж Ажлын хэсэг томилон шалгуулах тухай хүсэлт-ийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажлын хэсэг томилон шалгуулаагүй, надад эргэж бичгээр ямар нэгэн хариу өгөлгүй хууль зөрчсөн.

Тав: Шийтгэлийн хуудас хуулийн шаардлага хангаагүй тухайд: Миний бие хуульч биш, гэтэл намайг хууль мэдэхгүйг далимдуулан зориудаар Шийтгэлийн хуудас''-ын 10 дах заалтад "Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш ямар, хэдий хугацааны дотор гомдол гаргах болохыг шийтгэх хуудастаа тодорхой заагаагүй, зориуд нөхөж бичээгүй орхигдуулж төөрөгдүүлсэн нь иргэн миний хууль ёсны эрх, эрх ашгийг дордуулж хуулийг зөрчсөн, захиргааны актанд байх хэлбэрийн шаардлагыг хангаагүй актыг үйлдсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.Сын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 013054 дугаартай Шийтгэлийн хуудасыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Говь-Алтай аймгийн *******, хууль цаазын зөвлөх Х.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлтдээ: Говь-Алтай аймаг дахь Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.С нь ...******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У нь 2021 оны 09 сард Монголбанкинд мэдээ ирүүлэхдээ зохих журмын дагуу ирүүлээгүй... гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Уд 2022 оны 02 сарын 24-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Зөрчлийн материалд дараах бичгийн баримтууд цугларчээ.

Үүнд: Холбогдогч Б.У-ын...Тус тайланг хугацаанд нь фина тайлангийн системд илгээж, хэвлэмлээр нь хугацаанд нь Монголбанкны Говь-Алтай салбарын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Фина системд мэдээ амжилттай орсон гэсэн хариу мэйл ирсэн... гэх мэдүүлэг, Фина системд үзлэг хийсэн тэмдэглэл, фина системд алдаатай нийлүүлэгдсэн гэх мэдээллийн хавсралтууд Орон нутаг дахь банкны нэгжийн тайлангийн маягтыг нөхөх заавар, тайлан, тэнцэл, мэдээний алдааг засаж фина системд мэдээг дахин нийлүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл ******* банкны мэдээлэл судалгааны эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд тус тус авагджээ. Материалд цугларсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Б.У нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.

******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч ажилтай Б.У нь банкны сар бүр илгээдэг тайлан буюу 2021 оны 09 сарын банкны сарын тайланг 2021 оны 10 сарын 08-ны өдөр Монголбанкны цахим хаягт илгээсэн, Монголбанкны цахим хаягнаас status: imported төлөвтэйгээр хүлээн авсан болох нь /хх-ийн 06, 07/ хуудсанд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

2019 оны 04 сарын 22-ны өдрийн А-109 дугаартай Монголбанкны ерөнхийлөгчийн Тайлангийн загвар батлах тухай тушаал, орон нутаг дахь банкны нэгжийн тайлангийн маягтыг нөхөх заавар буюу гарын авлага зэргийг бэлтгэн гаргажээ. Энэ гарын авлагад заасны дагуу орон нутаг дахь банкны нэгжүүд тайлан тэнцлээ гаргаж Монголбанкинд илгээдэг байна. Сар улирлын байдлаар орон нутаг дахь банкны салбарууд тайлан тэнцлээ Монголбанкинд илгээх талаар гарын авлагад тодорхой тусгажээ. Уг гарын авлагын 1.4.2-т фина системд тайлан амжилттай хүлээн авах, 1.4.3-т фина систем тайлан амжилтгүй хүлээн авах талаар зааварчилгаа байна.

Уг зааварчилгаанд заасны дагуу фина системд тайлангаа мэйлээр илгээсний дараа /сард 11 төрөл/ буруу хийгдсэн тохиолдолд хүснэгтэд байгаа мэдээлэл тайлан илгээсэн ажилтны мэйл хаягаар тодорхой хугацааны дараа буруу бол status:error зөв бол status:imported төлөвт шилжиж хариу ирнэ гэжээ.

Тухайн үед буюу 2021 оны 10 сарын 08-ны өдөр Б.У нь ******* банкны Говь-Алтай салбарын сар тутмын тайланг дараа сарын 08-ны өдөр илгээх талаарх гарын авлагад заасны дагуу 2021 оны 09 сарын тайланг 2021 оны 10 сарын 08-ны өдөр илгээхэд status: imported төлөвтэй нийлэгдсэн талаар хариу ирсэн болох нь фина системд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуульд тайлан тэнцэл мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй гэж зааснаас бус алдаатай нийлүүлсэн, хугацаа хоцроосон үйлдлийг зөрчил гэж хуульчлаагүй тул Б.У-ыг зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь буруу болжээ.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэнд хяналт тавьж ажиллана гэж заажээ.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2022 оны 02 сарын 24-ны өдрийн №0013054 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Сын Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж 2022 оны 02 сарын 24-ны өдрийн №0013054 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.У-ыг 5000 нэгж буюу 5,000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

4. Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын захирал А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У нь тус салбарын хянан шалгагч, Улсын байцаагч Б  овогтой С-ын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0013054 дугаартай Шийтгэлийн хуудас-аар оноосон Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг шийтгэврийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ. Дээрх гомдлыг хүлээн авч, танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагч нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.8, 11.12, 11.17, 11.28, 11.29, 11.30, 11.31 дүгээр зүйлд заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэхдээ Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Улсын байцаагчийн дүрэм-ийн 6.3.12 дахь заалтад тусгасны дагуу Хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, акт, мэдэгдэл, шийтгэлийн үндэслэлийг зөвхөн өөрөө хариуцах үүрэгтэй; ******* Улсын байцаагчийн дүрэмд заасны дагуу Улсын байцаагч нь бусад Улсын байцаагчийн хийсэн хяналт шалгалт, гаргасан шийдвэр, шийтгэлд хөндлөнгөөс нөлөөлөх, хуульд үндэслэлгүй хүсэлт тавих, бусад хэлбэрээр оролцохыг хориглосон байдаг.

Иймд тус салбарын нэхэмжлэлтэй хэрэгт салбарыг төлөөлж, нэхэмжлэлд дурдсан шийтгэл оногдуулсан хянан шалгагч Б.С Захиргааны хэрэг хянан шалгах ажиллагаанд хариуцагчаар оролцох болсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу итгэмжлэл олгосон болно.

5. Говь-Алтай аймаг дахь *******ын хянан шалгагч, улсын байцаагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн *******, хууль цаазын зөвлөх Х.Ггийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 тоот Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй танилцаад, санал нийлэхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж хуульчилсан байна.

******* банкны Говь-Алтай салбарын 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээ фина тайлангийн системд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нийлүүлэгдсэн боловч brch142005m092021 нэртэй импортлосон төлөвтэй тайлан дотор тоо биш, мэдээллийн байршил заасан холбоос хуулагдсанаас ******* банкны Говь-Алтай салбарын тайлан, тэнцэл, мэдээ системд алдаатай нийлүүлэгдсэн. Тус алдааг засаж, фина тайлангийн системд тайлан, тэнцэл, мэдээг дахин нийлүүлэх тухай ******* банкны Говь-Алтай салбараас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн 31 тоот албан бичгээр алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь баталгаажиж байгаа бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фина тайлангийн системд дахин нийлүүлэгдсэн brch142005m092021 нэртэй импортлосон төлөвтэй файлаар тайлангийн алдаа болон хугацаа хоцроосон нь баталгаажиж байна. Дээрх зөрчил нь зөрчлийн шинжийг агуулсан бөгөөд дараах хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, зааврыг тус тус зөрчсөн.

Үүнд: Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, Банкны тухай хуулийн 37.3 дугаар зүйлд Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-109 тушаалаар Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарт банкны нэгжээс ирүүлэх тайлангийн загварыг баталж, уг тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг банкуудын Гүйцэтгэх захирлуудад үүрэг болгосныг тус тус зөрчсөн.

Улсын байцаагчийн зүгээс ******* банкны Говь-Алтай салбарын тайлан, тэнцэл мэдээтэй холбоотой зөрчилд амаар болон цахимаар удаа дараа сануулж зохих шаардлагыг тавьсаар байхад зөрчил арилаагүй тул 2021 оны 07 дугаар сард тус банканд хийсэн Зайны хяналт-аар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улсын байцаагчийн 2021/1530/02 дугаартай акт тогтоон, 2021/1530/05 дугаартай улсын байцаагчийн мэдэгдлийг ******* банкны Говь-Алтай салбарын захирал Б.Ад өөрийн биеэр танилцуулан, хүлээлгэн өгсөн бөгөөд тус зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан.

Холбогдогч Б.У нь тайлан тэнцэл, мэдээг илгээхдээ анхааралтай, хариуцлагатай хийх талаар хянан шалгагч, улсын байцаагчийн зүгээс анхааруулсаар байхад зөрчлөө арилгаж арга хэмжээнд үнэлгээ, дүгнэлт хийн ажил мэргэжилээ хэрэгжүүлж ажиллаагүй, үл ойшоон 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2021 оны 12 дугаар сарын тайлан, тэнцэл, мэдээг нийлүүлэхээс 2021 оны 11 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг нийлүүлсэн, улмаар 2021 оны 12 дугаар сарын тайлан тэнцэл, мэдээг илгээхдээ алдаатай мэдээ нийлүүлсэн нийт 2 удаа зөрчлийг давтан гаргасан.

******* банкны Говь-Алтай салбар Фина тайлангийн системд 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг алдаатай нийлүүлсэн гэх 2022/042/001 дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг аймгийн прокурорын газрын нэгдсэн бүртгэлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлэн, аймгийн Ерөнхий прокурор Хууль цаазын шадар зөвлөх болон хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх нарт эрх бүхий албан тушаалтан би өөрийн биеэр танилцуулж, прокурорын хяналтын дор ажиллагаа явуулсан. Эрх бүхий албан тушаалтны үүсгэсэн зөрчилтэй аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх болон хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх нар танилцаад процессын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан бөгөөд улмаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ...... дугаартай зөрчлийн хэргийг нээсэн.

Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд, мөн "Монголбанкны орон нутаг дахь салбарын дүрэм-ийн 3.26-д Банк, нэгжид үйл ажиллагааны зохистой харьцаа хангагдаж байгаа эсэх, мөнгөн хөрөнгийн бүтэц, байршил, хадгалалт, хамгаалалтын байдалд сар бүрийн тайлан тэнцлээр дүгнэлт хийн, зайнаас хяналт тавьж байх үүргийн дагуу тайлан, тэнцэл, мэдээ хүлээн авах Фина тайлангийн системд Говь-Алтай аймаг дахь банкуудаас нийлүүлсэн сарын болон улирлын тайлан мэдээнд хяналт хийхэд тус системээр орж ирсэн ******* банкны Говь-Алтай салбарын 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээ болох brch142005m092021 нэртэй файл 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр системд импортлосон төлөвтэй боловч алдаатай нийлүүлэгдсэн, тус мэдээний алдааг засаж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр brch142005m092021 нэртэй файлыг системд дахин нийлүүлж хугацаа хоцроосон зэрэг нь тайлан, тэнцэл, мэдээг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, алдаатай ирүүлсэн, хугацаа хоцроосон тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлөөр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хүнийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээгээр, Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бурийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө" гэснийг мөн энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталсан А-109 дүгээр тушаалын 2-т бичигдсэн ...Тайланг батлагдсан загварын дагуу сар бүрийн 08-ны өдрийн дотор Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарт хүргүүлэхийг банкуудын Гүйцэтгэх Захирлуудад үүрэг болгосугай" заалтыг, уг тушаалтай холбогдуулан гаргасан Орон нутаг дахь банкны нэгжийн тайлангийн маягтыг нөхөх заавар-ын 1 дүгээр бүлгийн 1.1 дэх Орон нутаг дахь арилжааны банкны нэгжүүд сар тайланг батлагдсан загварын дагуу бэлтгэн ******* хэлтэс, салбарт сар бурийн 08-ны өдрийн цахим хаягаар хүргүүлэхээс гадна файл болон бичгээр Монголбанкны хянан шалгагч нарт хүргүүлнэ. Фина системд алдаагүй ирүүлсэн тохиолдолд тайланг хугацаандаа ирүүлсэнд тооцно. Сар, улирлын тайлан ирүүлэх хэлбэр, хугацааны давтамжийг дараах хүснэгтээр харуулав" заалтыг тус тус зөрчсөн тул зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн №0013054 дугаартай хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хуулийн дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан болно гэжээ.

Гэрч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Монголбанкинд нийлүүлж байгаа мэдээ тайланд салбарын захирлын гарын үсэг болон салбарын тамгаар тамгалагдаж хүргэгддэг байгаа. Нэг удаа л гарын үсэг зурж явуулсан. Фина систем Хаан банкны систем биш. Монголбанкнаас банкуудад мэдээ тайлан авахад зориулалттай ашиглуулж байгаа программ юм. Тэгэхээр манай зүгээс ганц мэдээ судалгааны эдийн засагч программд үйлдэл хийгээд явуулдаг зүйл биш, эхлээд программд тоо мэдээллийг шивээд, зээлийн багц хариуцсан менежер юм уу, зээлийн багц хариуцсан мэргэжилтэн хянаад, хянагдаад /океу/ гэсэн хариу мэйл ирсний дараа цаасаар хэвлээд надад дахин хянагдаад Монголбанкинд хүргэгддэг байгаа. Тайлан ганц Б.С гэж хаяглагдаж очдоггүй. Монголбанкны захирал Г  танаа гэж тоот явуулсан. Хариу мэйл ирээд хэвлээд гарын үсэг зурсан мэдээг явуулсан. Буруу алдаатай байна гэж хэлээд тэрийг засаад хэвлээд дахин гарын үсэг зурсан зүйл огт байгаагүй.Тайлан болгоны доор гарын үсэг зурж хүргэсэн. 01 сард төвд нийлүүлэгдсэн мэдээний нэгтгэл зөв гараад, тодорхой хугацаанд /value/ гэсэн тэмдэг гарсан гэдэг. Надад тийм бичиг огт харагдаагүй, байгаагүй. Тоо бол харагдаж байсан. Б.С хянан шалгагч надад тайлбарлаж өгөхдөө намайг эзгүйд нийлүүлэгдсэнийг эргээд шалгахад нэг тоон дэр томъёо орсон байна, эргээд хараадхаач гэсний дагуу мэдээлэл судалгааны эдийн засагч заавал тоот өгч засуулах юм байна гэж хэлсэн. Үүний дагуу тоот өгсөн. Түүнээс тайлан буруу алдаатай байгаад зассан юм байхгүй.

 ҮНДЭСЛЭХ нь:

******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Монголбанкны салбарын хянан шалгагч Б.Сын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0013054 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 5,000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Шийтгэлийн хуудас-ыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү шийтгэлийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Гомдлын дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* Х.Г нь Говь-Алтай аймгийн Монголбанкны салбарын хянан шалгагч Б.С ******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.Уд тайлан тэнцэл мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй гэж шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 0013054 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно гэж зааснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 112/Ш32022/0063 дугаар захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

Шүүх хэргийн оролцогч, хяналтын прокурор нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн прокурорын дүгнэлт, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Банк нь санхүүгийн сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны нэгдлийн оролцогч буюу банкны толгой компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө, Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-109 дугаар тушаалаар баталсан Монголбанкны орон нутаг дахь, хэлтэс, салбарт банкны нэгжээс ирүүлэх тайлангийн загвар-ын 1.1-т Орон нутаг дахь арилжааны банкны нэгжүүд сар, улирлын тайланг батлагдсан загварын дагуу бэлтгэн Монголбанкны хэлтэс /салбар/-т сар бүрийн 08-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар хүргүүлэхээс гадна файл болон бичгээр Монголбанкны хянан шалгагч нарт хүргүүлнэ. Фина системд алдаагүй ирүүлсэн тохиолдолд тайланг хугацаандаа ирүүлсэнд тооцно... гэж заасан байна.

2. ******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У нь Хаан банкны 2021 оны 09 дүгээр сар, улирлын мэдээ тайланг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фина системд нийлүүлж, ажилттай алдаагүй нийлүүлэгдсэн хариу мэйл ирсэн тул цаасаар хэвлэн, салбарын захирал гарын үсэг зурж, тамга даран Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарт хүргүүсэн.

3.Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.С нь Монголбанк, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тайлан, тэнцэл, мэдээ хүлээн авах фина системд банкнуудаас нийлүүлсэн сарын болон улирлын тайлан мэдээнд хяналт хийхэд тус системээр нийлүүлэгдсэн ******* банкны Говь-Алтай салбарын 2021 оны 09 дүгээр сар, улирлын тайлан, тэнцэл, мэдээ болох brch142005m092021 нэртэй файл 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр системд импортлосон төлөвтэй боловч алдаатай нийлүүлэгдсэн байгааг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэж, 9 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээ алдаатай байгааг засах талаар Б.Уд утсаар мэдэгдсэн байна. /хавтас хэргийн 107, зөрчлийн материалын 52 дахь тал/

4. Холбогдогч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* банкны Говь-Алтай салбарын 2021 оны 09 дүгээр сар, улирлын тайлан, тэнцэл, мэдээг дахин нийлүүлсэн боловч фина системээс тайлан, тэнцэл, мэдээ алдаатай болон алдаагүй нийлүүлэгдсэн талаар хариу мэйл ирээгүй /Б.У-ынмэйл цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг/, тухайн үед тайлан, тэнцэл, мэдээг засаж илгээсэн талаар Б.У мэдэгдээгүй, Б.С энэ талаар тодруулаагүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сард фина системд шинэчлэл хийгдэж байсан тул дахин илгээсэн тайланг үзээгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан мөн системд шинэчлэл хийгдэж байгаатай холбоотой 11 дүгээр сарын 08-ны илгээсэн тайлан, тэнцэл, мэдээ нийлүүлсэн талаар хариу мэйл ирээгүй байхыг үгүйсгэхгүй юм.

5.Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай Б.Сын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлд ...салбарын 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фина тайлангийн системд алдаатай нийлүүлсэн зөрчил үйлдсэнийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 40 минутад илрүүлж..., 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн фина системд үзлэг хийсэн тэмдэглэлд ...банкны нэгжийн дэлгэрэнгүй тайлан тэнцэл (TRL_BR)-ийн D2088 мөрөнд 1 жил хүртэл хугацаатай хадгаламжийн мөнгөн дүн буюу тооны оронд холбоос оруулсан, ...банкны нэгжийн хураангуй тэнцэл (BAL_BR)-ийн дараах мөрнүүд дэх тоон үзүүлэлт алдаа заасан, ...банкны нэгжийн сарын шуурхай тайлан (INFO_BR)-ийн I22 дахь мөрний төгрөгийн хугацаатай хадгаламжийн эцсийн үлдэгдэлийн тоон үзүүлэлт, ...банкны нэгжийн сарын нэгтгэлийн тайлан (BRANCH_BR)-ийн хяналтын нүдний H38 дахь мөрөнд пассив тоон үзүүлэлт, L38 дахь мөрөнд хугацаатай хадгаламжийн тоон үзүүлэлтүүд, ... банкны нэгжийн мөнгөн харилцах, хадгаламжийн тайлан (DEP_BR)-ийн хяналтын нүдний G33 дахь мөрний 6-12 сарын хугацаатай хадгаламжийн тоон үзүүлэлт, S33 дахь мөрний нийт хадгаламжийн тоон үзүүлэлтүүдэд тус тус #VALUE гэсэн алдаа заасан... /хх 68-78, Зөрчлийн материалын 13-23 дахь тал/, 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдөр холбогдогч Б.Утай утсаар ярьж өвчтэй байгаа тул ******* банкны хяналтын мэргэжилтэн Г.Удвалтай утсаар ярьж 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг фина системд дахин нийлүүлсэнээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 25 минутанд тайлан, тэнцэл, мэдээний алдаа засагдсан талаар тэмдэглэл үйлдсэн байна.

6. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...... дугаар Зөрчлийн хэрэг нээн, 2022 оны 02 дугаар сарын 15, 18-ны өдөр холбогдогч Б.Уас мэдүүлэг авч, ******* банкны Говь-Алтай салбараас фина системд нийлүүлсэн алдаатай тоон үзүүлэлтийг тодруулж мэдээ авсан баримт, Б.У-ын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчлийн хэрэгт хавсарган 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 0013054 дугаар шийтгэлийн хуудсаар ******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монголбанкны фина тайлангийн системд ******* банкны Говь-Алтай салбарын 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 5,000.000 төгрөгний шийтгэл оногдуулсан байна.

7. Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-109 дугаар тушаалаар баталсан Монголбанкны орон нутаг дахь, хэлтэс, салбарт банкны нэгжээс ирүүлэх тайлангийн загвар-ын 1.4.2-т Фина систем ([email protected])-д тайлангаа мэйлээр илгээсэн дараа нийт 15 төрлийн тайлан (улирлын бус саруудад бол 11 төрлийн тайлан, бусад тайлан хоосон байна) зөв хийгдсэн тохиолдолд доорх хүснэгтэд байгаа мэдээлэл тайлан илгээсэн ажилтны мэйл хаягаар тодорхой хугацаа (мэйл илгээснээс хойш 30 минутын дотор)-ны дараа ирнэ ...хүснэгтээс харахад бүх тайлан зөв хийж илгээсэн тохиолдолд Status:Imported, нийт 15 тайлангийн эксел хуудас (sheet)-ны нэрний ард RECULT:Process OK гэсэн мэдээлэл байвал бүх тайлангууд зөв хийгдсэн гэж үзнэ, хэрэв тайлан буруу хийгдсэн тохиолдолд Status:Error гэсэн мэдээлэл тайлан илгээсэн ажилтны мэйл хаягаар тодорхой хугацааны дараа мөн ирэхээр фина системд илгээх тайлангийн маягт нөхөх зааварт заасан байна.

8. ******* банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У-ынтухайд ******* банкны 2021 оны 09 дүгээр сар, улирлын мэдээ тайланг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09:12:42 цагт [email protected] системд тайланг илгээхэд 09:14:10 цагт хариу Status:Imported буюу ажилттай илгээсэн, нийт 15 тайлангийн эксел хуудасны нэрний ард RECULT:Process OK гэсэн мэдээлэл Б.У-ынцахим мэйл хаягаар хариу ирсэн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, Б.У-ынцахим хаягт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

9.Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-109 дугаар тушаалаар баталсан Монголбанкны орон нутаг дахь, хэлтэс, салбарт банкны нэгжээс ирүүлэх тайлангийн загвар-ын дагуу ******* банкны 2021 оны 09 дүгээр сар, улирлын тайлан, тэнцэл, мэдээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фина системд илгээхэд амжилттай хүлээн авсан, алдаа заагаагүй тул Банкны тухай 37 дугаар зүйлийн 37.2.2-т санхүүгийн тайланг энэ хуулийн 37.2.1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн он, сар, өдрийг тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарсан байх гэж зааснаар тайлан, тэнцэл, мэдээг хэвлэж ******* банкны Говь-Алтай салбарын захирлаар гарын үсэг зуруулж тамга дарж мөн өдөр Монголбанкинд хүлээлгэн өгсөн байхад тайлан, тэнцэл, мэдээг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 5,000.000 төгрөгний шийтгэл оногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна.

10.Тодруулбал: 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* банкны 2021 оны 09 дүгээр сар, улирлын [email protected] системд илгээсэн тайлан, тэнцэл, мэдээ нь [email protected] системд Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.Сын системийн эрхээр нэвтэрхэд банкны нэгжийн дэлгэрэнгүй тайлан тэнцэл хэсгийн D2088 мөр, банкны нэгжийн хураангуй тэнцэл хэсгийн J11 болон М11, J18 болон М18, J20 болон M20, J50 болон M50, J60 болон M60, I61 мөр, банкны нэгжийн сарын шуурхай тайлан хэсгийн I22 мөр, банкны нэгжийн сарын нэгтгэлийн тайлан H38 L38 мөр, банкны нэгжийн мөнгөн харилцах, хадгаламжийн тайлан G33, S33 мөр хэсгүүдэд #VALUE гэсэн алдаа заасан нөхцөл байдалтай харагдаж байгаа боловч Б.У-ынцахим хаягт хийсэн үзлэг, илгээсэн тайланг үзэхэд дээрх алдаа заасан хэсгүүд тоон илэрхийлэлээр тодорхойлогдсон мөн дээрх алдаа заасан гэх хэсгүүдэд тоогоор тусгасан үзүүлэлт нь хэвлэмэл тайлантай таарч байна.

11. Харин ******* Банкны Говь-Алтай салбарын мэдээлэл судалгааны эдийн засагч Б.У 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг [email protected] системд нийлүүлэхдээ эксел программ дээр ажиллах нөхцөлд холбогдох хүснэгт мөрүүдэд тоон үзүүлэлтийг нөхөх биш өөр файлаас хуулж тавьсан эсхүл тайлангийн тоон үзүүлэлтийг бичихдээ урд, хойно нь зай авах гэх мэт техникийн алдаа гаргаснаас #VALUE гэсэн алдаа заасан байхыг үгүйсгэхгүй түүнээс тоон мэдээлэл зөрүүтэй, тайлан, тэнцэл, мэдээг алдаатай нийлүүлсэн байдал тогтоогдохгүй байна.

12.Мөн 2021 оны 09 дүгээр сарын тайлан, тэнцэл, мэдээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фина тайлангийн системд алдаатай нийлүүлсэн зөрчил үйлдсэнийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 40 минутад илрүүлсэн гэж тэмдэглэл үйлдсэн байгаа ч бодит байдалд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тухайн алдааг мэдэж засах талаар хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн боловч энэ талаар эргэж тодруулаагүй, алдааг засагдсан эсэх талаар шалгаагүй зэрэг байдлаас 3 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр дахин тайлан, тэнцэл, мэдээг нийлүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын дүгнэлт, холбогдогч Б.У-ынгомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Б.Сын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0013054 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар холбогдогч Б.Уас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас 70200 төгрөгийг гаргуулж холбогдогч Б.Уд олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжa төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ