| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 117/2025/0007/З |
| Дугаар | 221/МА2025/0630 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0630
| 2025 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2025/0630 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Г.Х, тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч,
Гуравдагч этгээд: Э.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/23-01/180/02 тоот актыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0006 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б***,
хариуцагч улсын ахлах байцаагч Г.Х,
гуравдагч этгээд Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө.
Хэргийн индекс: 117/2025/0007/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Г.Хд холбогдуулан “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/23-01/180/02 тоот актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 28 дугаар зүйлийн 28.1.15, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Г.Хд хариуцагдах, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/23-01/180/02 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 ... Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан харьяаллыг зөрчиж, “Э” ХХК болон иргэн Э.Б нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх маргаан бүхий нөхцөл байдалд дүгнэлт хийж захиргааны байгууллагын хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагааг зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.2 Анхан шатны шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.3, 52.5-д заасныг хариуцагч зөрчсөн болохыг тогтоосон атлаа “маргаан бүхий актыг хүчингүй болгосноор уг актаар илэрсэн зөрчлийн нөхцөл байдал, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”-ыг алдагдуулахын зэрэгцээ хуулийг ноцтой зөрчсөн.
3.3 Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд Э.Б-ас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандан өргөдөл гомдол гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг зөрчиж, Э.Б-ын гомдлоор аж, ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн мэтээр тайлбарлан захиргааны акт гаргаж байгаа нь хууль бус. Шүүх “захиргааны байгууллага хууль зөрчсөн байх боловч “Э” ХХК нь ажилтан Э.Б-ыг хохироосон нөхөн олговор олгоогүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг гаргасан болно.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж,
нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1. Дундговь аймгийн Нарлаг багийн нутаг дэвсгэрт Хүнс, хөдөө аж ахуйн газрын оффисын барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн туслах ажилтан Э овогтой Б 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөж, баруун хөлөө тайруулсан.
3.2. Улмаар, “Э” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” үйлдсэнийг аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулж, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0016042 дугаар актаар гуравдагч этгээдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон.
3.3. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн маргаан бүхий “Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” 07/23-01/180/02 дугаар актаар гуравдагч этгээд Э овогтой Бд 17,280,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.
3.4. Нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч шүүхэд хандан “...улсын байцаагчаас төлөвлөгөөт хяналт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж танилцуулж, холбогдох материалыг гаргуулж аваагүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сард Э.М-эс гаргасан өргөдлийг шийдвэрлэхээр хяналт шалгалт хийхэд авсан материалуудыг ашиглан 3 сарын дараа үндэслэлгүйгээр энэхүү актыг гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй, ... тухайн үед хийгдсэн хяналт шалгалтын удирдамжид тусгагдаагүй, хяналтын хуудасны хүрээнээс хэтэрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгагдаж буй асуудалд урьдчилсан дүгнэлт хийсэн, улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус, ... “Э” ХХК нь Э.Б-ын ажил олгогч биш, Э.Б нь тус компанийн ажилтан биш, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй...” гэх агуулгаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоосонтой холбогдуулан маргаж байгаа болох нь тус тус тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хамаарах Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно”, 125.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин” хэмээн,
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.4.-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед”, 7.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж тус тус заасан.
6. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч “Э” ХХК нь гуравдагч этгээд Э.Бтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгээгүй, гэрээ байгуулагдаагүй хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус компанийн гүйцэтгэж байсан барилга угсралтын ажилд Э.Б ажиллаж байсан. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс түүнд гүйцэтгэсэн ажлын цалин хөлсийг шилжүүлж байсан бөгөөд тухайн ажлаа гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлын бүртгэсэн акт болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул тухайн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “... “Э” ХХК болон иргэн Э.Б нарын хооронд гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран Э.Б ажил үүргээ биечлэн гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн ...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
7. Мөн нэхэмжлэгчээс “...Э.Б гомдол гаргаагүй, Э.М-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ шалгасан материалыг үндэслэсэн” гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдах боловч хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаар гомдол гаргасан гэх Э.М нь өөрийн төрсөн ах Э.Б-ын эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдуулан гомдлыг гаргасан дагуу хариуцагчаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.
Улмаар “Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1-д заасан үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан гуравдагч этгээд Э.Б-ас амаар гомдол гаргасны дагуу хариуцагч нараас Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0016042 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт болон 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0006 дугаар хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА