| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-гийн Г-д холбогдох эрүүгийн 2335000000183 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................. өдөр Увс аймгийн .............. суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ............................ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Н-ийн Г, (РД:..........................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .............. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хадлангийн талбайн ус тасаллаа гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .............. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хадлангийн талбайн ус тасаллаа гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
2. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай “...Үзүүлэгч Н.Н-гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн чамархай, зулайн хуйх, эрүүний баруун ирмэгт, хүзүүний баруун доод хэсэгт, өвчүүний баруун дээд хэсэгт цус хуралт, баруун завжны салстад цус хуралт, зулгаралт, зүүн хацар, хүзүүний урд хэсэгт, зүүн сарвууны ард, баруун, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмт болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дахь тал);
3. Хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед .............. сумын 2 дугаар багийн нутаг “..................” гэх газарт... Тээлийн голоос шуудуу татаж хадлангийн талбай усалж байсан усны адгаас усалгаагүй тэгш газарлуу ус тавьж байхад Н.Г нь ирээд юм хэлэхгүй явсан бөгөөд хэсэг хугацааны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд та нар даварч байна, чи Тээлийн боомоос ус авч үзсэн юм уу гэсэн. Тэгэхээр би Н.Гд хандаж би 3, 4 удаа ус авч байсан хэцүү юм билээ гэхэд, чам шиг пизда ус тавьж чадахгүй, би чам дээрээ байгаа шүү гэж хэлээд барьж байсан хүрзнийхээ үзүүр хэсгээр миний баруун нүдний хөмсөг хэсэг рүү цохисон. Мөн Н.Г нь гараа атгаж байгаад миний толгой дух, хэсэгт цохиход би ухаан алдсан. Би ухаан ороход Н.Г нь голын усан дотор миний дээр гараад суучихсан миний хоолой боож, толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж байсан. Би Н.Гас салах гэж түүний толгой, нүүр хэсэг рүү түлхэх үед миний баруун, зүүн гарын хурууг хазсан...Хадлангийн талбай усалсан илүүдэл усыг шуудуунаас нь гаргасан гэх шалтгаанаар Н.Г нь намайг зодсон...Н.Г нь миний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлж, холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх зардлыг хариуцан бүрэн төлсөн. Би Н.Г-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-23 дахь тал);
4. Гэрч Х.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу ирсэн. Мөн хадлангийн талбай руу мал орж тухайн малыг хөөж хүн, амьтантай муудалдсан байдалтай нэлээн ууртай, бухимдсан байдалтай ирсэн. Н.Н-гийн эцэг Н нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт ирээд Н.Г-ыг асуугаад манай хүүхдийг зодсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);
5. Гэрч Б.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед “.............” гэх газрын хадлангийн талбайн адагт Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд яагаад хадлангийн талбай руу малаа оруулаад байгаа юм. Хоёулаа харгана руу орж зодолъё, нааш хүрээд ир гэсэн. ...тэгэхээр нь би уучлалт гуйгаад малаа услах гээд хадлангийн талбай руу орсон ...Н.Г намайг цохих гэхэд би зугтаад зодуулаагүй ба би түүнийг биед халдаж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
6. Шүүгдэгч Н.Г-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд учирсан “Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Н.Г-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч Н.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд “Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Н- нь “...Н.Г нь миний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлж, холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх зардлыг хариуцан бүрэн төлсөн. Би Н.Гас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг болон “...ямар нэгэн санал, гомдолгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 23, 85 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Г-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 75 дахь тал);
Шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Н.Г-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Н.Г-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Н.Г-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Н.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА