| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ж.Ж /цахимаар/,
Шүүгдэгч: Б.Г, Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ийн Г, З овогт Д-ын У нарт холбогдох эрүүгийн 2335................. дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................... өдөр Увс аймгийн .............. суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын ................ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Д-ын У, регистрийн дугаар: ...........................;
Монгол Улсын иргэн, .................... Увс аймгийн .............. суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын ..................... оршин суух хаягтай, урьд Увс аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, З овогт Б-ийн Г, регистрийн дугаар: .......................... ;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У, Б.Г нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн .............. сумын 8 дугаар багийн нутаг “Баруун тэрмэс” гэх газарт байрлах иргэн Б.Б-ийн бог малаас 4 тооны эр хонь, 1 тооны эр ямааг завшиж, түүнд 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь бүлэглэн Увс аймгийн .............. сумын 8 дугаар багийн нутаг “Баруун тэрмис” гэх газарт байрлах иргэн Б.Б-ийн бог малаас 2023 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 4 тооны эр хонь, 1 тооны эр ямааг завшиж, түүнд 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх “Тоёота приус-20” маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 12.650.000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1.280.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, тус тус улсын төсөвт оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.Уын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй, хохирлоо бүрэн3 төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэж өгнө үү. Мөн Шүүгдэгч Б.Г нь хүндрүүлэх зүйл ангитай боловч хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа тул хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлсөн тул бага ял оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн ....................дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дахь тал);
2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2023 оны 4 дүгээр сарын эхээр Д.У, Ц.Б гэх хоёр туслах малчин авч ажиллуулж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аавын бие гэнэт муудаад явах ажил гараад уг хоёр туслах малчиндаа шийр малаа захиж үлдээгээд аавын байгаа газар болох тус сумын 8 дугаар баг “Хөндлөн” гэх газар аав дээрээ ирсэн. Манай аав тус сарын 14-ний шөнө бурхан болоод би ажил явдлыг нь дуусгаад буцаж 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ирж маргааш өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шийр малаа тоолж бүртгэхэд манай малаас 4 тооны нас гүйцсэн эр хонь болон 1 тооны ямаа гэх нийт 5 тооны шийр мал дутсан учир би туслах малчдаас нь алга болсон малаа асууж тодруулахад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулахаар болсон. Манай алга болсон 5 тооны мал нь бүгдээрээ нас гүйцсэн эр хонь ба ямаа нь мөн адил нас гүйцсэн ямаа алга болсон. Миний зүсэлж байгаа хониноос мухар хөх алаг зүсмийн баруун чих нь урдаас цөгрөг, араас нь сод, зүүн чих нь араас гөлөм имтэй ба бүх мал адилхан имтэй юм. Бусад мал нь хар халзан, шар халзан гэх нийтлэг зүсмийн хонинууд байгаа. Харин улаан бор зүсмийн ямаа алга болсон. Тухайн шийр малууд нь тус аймгийн .............. сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун тэрмэс” гэх газраас алга болсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-19 дэх тал);
3. Иргэний нэхэмжлэгч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн машинаар таксинд явдаг бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын дундуур зүс таних Б.Г гэх хүн Боршоо гэх газраас хүнээс мал худалдаж авахад хамт яваад ирээч гэж гуйсан учраас хамт явж 5 тооны мал ачиж ирсэн. Гэтэл тухайн мал нь хүнээс нууцаар ачиж авсан гэх үндэслэлээр миний машиныг битүүмжилж үнэлгээг нь гаргуулсан. Би цаашид өөрийн машиныг ашиглах мөн зарж борлуулах зэрэг шаардлага гарч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
4. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.У, Б.Г /Г/ нар нь Б.Б-э /В-/ гэх хүний эзэмшлийн суваа малаас 2 хар галзан зүсмийн эр хонь, хөх алаг зүсмийн 1 эр хонь, улаан хүзүүтэй 1 эр хонь нийт 4 тооны эр хонь тухайн орой авч явсан...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-28 дахь тал);
5. Гэрч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны үед байх, өдрийг нь сайн санахгүй байна, Б.Г гэх хүн Боршоо гэх газраас 2 тооны хонь аваад ирье гэж хэлэхэд нь би тухайн хүнд зөвшөөрч явахаар болсон ба ажил ихтэй байсан тул орой явахаар болсон. Орой нь 11 цагийн үед Б.Г гэх хүн одоо яваад ирмээр байна гэхээр нь маргааш явж болдоггүй юм уу гэхэд Б.Г одоо яваад ирмээр байна гэсэн. Тэгээд шөнийн 02 цагийн үед Боршоо гэх газар уруу явсан. Нэг айлын гадаа очиж зогссон, би ороогүй, машиндаа хэсэг унтчихсан байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хаалга онгойлгоод болчихлоо, чи малын хашааны үүдэн дээр очоод зогсчих гэж хэлэхэд өглөөний гэгээ орж байсан ба би машинаа асаагаад тухайн айлын ард байрлаж байсан малын хашааны үүдэнд очоод зогсоход 1 тооны ямаа, 4 тооны хонь гэх нийт 5 тооны шийр малын амь таслаад тавьчихсан байсан. Би машинаас буугаад багаажаа онгойлгож өгсөн, тухайн малыг миний танихгүй хоёр хүн бас Г /Б.Г/ ах гэх хүний хамтаар тухайн амийг нь гаргасан малаас нэг ямаа 2 хонийг нь арын багаажинд хийгээд үлдсэн, 2 хонийг нь арын суудлын шалан дээр тавьсан юм. Тэгээд тухайн айлаас Г /Б.Г/ ах, хамт явсан Баатар гэх хүн, мөн айлаас авч ирсэн нэг хүнийг суулгаад замдаа тухайн хүнийг гэрт нь хүргэлгүй дөхүүлж замд нь буулгаж орхиод цааш шууд яваад Боршоо гэх газарт Г /Б.Г/ ахын хашаа байшинд ирсэн. Тухайн хашаа байшинд Г /Б.Г/ ах авчирсан 5 тооны малынхаа баас шээсийг нь цэвэрлээд .............. тал руу яваад шууд .............. сумын 1 дүгээр баг Чандманы эцсийн буудалд байх "Тус" дэлгүүрээс доошоо Е.Дын гэрт очиж ачиж, ирсэн 5 малын махнаас 1 хонины махыг нь буулгаж Е.Дд өгөөд бид гурав цааш яваад аймгийн төв орж ирээд Г /Б.Г/ ахын хашаанд ирээд үлдсэн 4 малын махаа буулгасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал);
6. Гэрч З.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын дундуур байх яг өдрийн сайн санахгүй байна, шөнийн 2-3 цагийн үед ...Б.Г гэх хүн зам заагаад өг гэсэн, тэр тухайн үед мөнгөлөг саарал өнгийн приус загварын авто машинтай явсан ба дотор нь манай хөрш зэргэлдээ Б.Б-э гэх айлын туслах малчин Д.У болон машины жолооч нэг залуу болон Б.Г гэх гурвуулаа байсан юм. ....Б.Г болон туслах малчин Д.У, Ц.Б гурав тухайн айлаас гарч нэлээн удаж байгаад орж ирсэн, бид хэд үлдэгдэл архиа хувааж дуусгаж уугаад Б.Г, Баатраа болон жолооч залуу гурав намайг машиндаа суулгаад манай гэрт дөхүүлж буулгаад аймаг явлаа гээд явсан...Б.Б-э /В-/ гэх айлаас гарч Б.Гын ирсэн приус машинд ороод суухад миний хөлд нэг хонь байсан ба яг хэдэн тооны ямар им зүстэй мал ачиж явсан талаар бол мэдэхгүй байна... Б- гэх айлаас Б.Б-э /В-/ гэх айлд ирэхэд ямар нэг хонь мал ачаагүй, харин Б.Б-э /В-/ гэх айлаас хөдлөхөд миний хөлд нэг хонь байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал);
7. Гэрч Е.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г гэх хүн саарал өнгийн приус авто машинтай манай гэрийн гадна ирж 1 тооны хонь буулгасан ба уг хонины амийг нь тасалсан, арьстайг нь авчирж өгсөн. Би түүнээс энэ ямар учиртай хонины мах болох талаар асуухад танай хүү Д.У явууллаа гэж хэлсэн...Тухайн үед манай эхнэр эмнэлэгт хэвтээд гарсан ба манай хүү Д.У айлд туслах малчин хийж байгаа учир ганц шөлний хонь явуулсан юм байна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай “...2023 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймагт нас гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 280.000 (Хоёр зуун наян мянган) төгрөг, нас гүйцсэн эр ямааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 160.000 (Нэг зуун жаран мянган) төгрөг, “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 12.650.000 (арван хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөг болохыг тус тус тодорхойлов. ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал);
9. Бүртгэлийн 978 дугаартай гомдол мэдээлэлд хохирогч Б.Б-эд гэмт хэргийн улмаас 1.280.000 төгрөгний бодит хохирол учирсан байх ба одоогоор хохирол нөхөн төлөөгүй байна гэх мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 61 дэх тал);
10. Б.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Одоогийн байдлаар учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Цаашид Д.Утай хамт бүрэн төлж барагдуулах болно. Д.Уаас 400,000 орчим төгрөгөөр 3 тооны мал худалдаж авсан бөгөөд уг гурван малыг зарж борлуулан зарлага гаргасан мөнгөө барьж авсан...би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал);
11. Д.Уын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б-э /В-/ гэх айлд мал малласан хөлс болох 500.000-600.000 төгрөгийг авах ёстой байсан боловч аваагүй байгаа, тухайн мөнгөн дээр Б.Гтай ярилцаж байгаад үлдэгдэл хохирлыг нь төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал);
12. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Г, Д.У нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тогтоол (хавтаст хэргийн 87-89 дэх тал);
13. Б.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 94-113 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж, шүүгдэгч Б.Г, Д.У нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Оролцогчийн эрхийн хэрэгжилт
1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, Д.У нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал буюу үйл баримт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Д.У нь Увс аймгийн .............. сумын 8 дугаар багийн нутаг “Баруун тэрмэс” гэх газарт хаваржиж байсан хохирогч Б.Б-ийн гэрт, түүний малыг хөлсөөр маллаж, туслах ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Б-ийн аавын бие муудаж, явахаар болсон тул тэрээр туслах малчин Д.Ут өөрийн мал ахуйг хариуцуулан үлдээжээ.
Улмаар хохирогч Б.Б-эд ар гэрийн гачигдал гарч, 10 гаруй хоног эзгүй байх үеэр шүүгдэгч Д.У нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Гтай утсаар холбогдож, “Би В- буюу Б.Б-э гэх хүний мал маллаж байгаа, Б.Б-ийн аавынх нь бие муудаад надад малаа захиж үлдээчихээд явлаа, надад мөнгөний хэрэг гараад байна, та ирээд 2-3 мал худалдаад авчихаач, би Э гэдэг хүний дэлгүүрт өртэй байгаа тул өрөө төлмөөр байна” гэж ярьсан байна.
Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч Д.Утай ярьж тохирсоны дагуу таксинд явж байсан Я.Б- гэх хүнийг хөлсөлж, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед түүний эзэмшлийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Увс аймгийн .............. сумын 8 дугаар баг, Баруун тэрмэс гэх газарт хаваржиж байсан хохирогч Б.Б-ийн гэрт очиж, Д.Уын хамт малын хашаа уруу орж, 4 тооны, нас гүйцсэн эр хонь, 1 тооны ямаа зэрэг нийт 5 тооны бог мал төхөөрч, Я.Б- эзэмшлийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, тус сумын нутаг “Боршоо” гэх газарт байрлах, өөрийн эзэмшлийн хашаа байшинд аваачиж, малын арьсыг нь өвчиж, гэдэс дотрыг нь цэвэрлэн, гулууз мах болгож, .............. суманд тээвэрлэн ирсний дараа 5 тооны бог малаас шүүгдэгч Д.Уын хүсэлтээр тус сумын 1 дүгээр багт байрлах, шүүгдэгч Д.Уын аав Е.Д гэх хүний гэрт 1 тооны хонь буулгаж өгсөн, мөн шүүгдэгч Д.Уын дэлгүүрт тавьсан 200.000 төгрөгийн өрийг төлөх зорилгоор н.Э гэх хүнд 1 тооны хонь өгсөн, үлдсэн 2 тооны хонь, 1 тооны ямааг шүүгдэгч Б.Г өөртөө авч, худалдан борлуулсан,
Шүүгдэгч Д.У нь өөрийн хариуцан маллаж байсан хохирогч Б.Б-ийн малаас шүүгдэгч Б.Гт 3 бог мал өгч, 400.000 төгрөг авсан гэх үйл баримтууд, эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогджээ.
2. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-12 дахь тал), хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-19 дэх тал), гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-28 дахь тал), гэрч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал), гэрч З.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал), гэрч Е.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал), иргэний нэхэмжлэгч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), мөрдөн байцаалтын шүүгдэгч Б.Г, Д.У нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Г, Д.У дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэмт этгээдийг “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Тодруулбал: Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусдад түр хугацаагаар хариуцуулж өгсний дараа уг хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг байна.
3. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар хохирогч Б.Б-э нь ар гэрийн гачигдлын улмаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн мал ахуйг туслах малчин Д.Ут хариуцуулж үлдээсэн, шүүгдэгч Д.У нь хохирогч Б.Б-ийн мал ахуйг аман хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Уыг хууль зүйн хувьд хохирогч Б.Б-ийн мал, ахуйг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч Д.У нь хохирогч Б.Б-ийн хүсэлтээр мал ахуйг нь итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Гтай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр, өөрийн итгэмжлэн хариуцаж байсан, Б.Б-ийн малаас 4 тооны нас гүйцсэн эр хонь, 1 тооны ямаа зэрэг нийт 5 тооны бог малыг хууль бусаар, хариу төлбөргүйгээр өмчлөл, эзэмшилдээ бүрэн шилжүүлэн авч, захиран зарцуулсан нь нотлогдож байна.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.У нь шүүгдэгч Б.Гтай бүлэглэн, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, идэвхтэй үйлдлээр хохирогч Б.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөөс 5 тооны бог малыг завшсан нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэж үзнэ.
5. Түүнчлэн шүүгдэгч Л.У нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө шүүгдэгч Б.Гтай утсаар холбогдож, түүнд өөрийгөө хохирогч В- буюу Б.Б-ийн малыг хариуцан маллаж байгаа, хохирогч Б.Б-э эзгүй байгаа, мөнгөний хэрэг гарсан тул хохирогч Б.Б-ийн малаас түүнд 400.000 төгрөгөөр мал худалдах талаар хэлсэн, Б.Г нь уг 5 тооны бог малыг шүүгдэгч Д.Уын өмчлөлийн хөрөнгө биш гэдгийг хангалттай, тодорхой мэдэж байсан атлаа Д.Утай үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, шөнийн цагаар иргэний нэхэмжлэгч Я.Б-ыг хөлсөлж, түүний эзэмшлийн, ....... УВС улсын дугаартай, “Приус 20” маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Б.Б-ийнд очиж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 5 тооны бог малыг төхөөрч, .............. суманд тээвэрлэн ирж, 1 тооны хонийг Д.Уын хүсэлтээр түүний эцэг Е.Дд, 1 тооны хонийг Д.Уын 200.000 төгрөгийн өрөнд тооцож, н.Энэбиш гэх хүнд өгч, 2 тооны хонь, 1 тооны ямааг өөртөө авч, улмаар худалдан борлуулж, захиран зарцуулснаар шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго хангалттай нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.Г нь Д.Уын итгэмжлэн хариуцаж байсан малаас 3 тооны бог малыг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 400.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө ашиг хонжоо олох зорилгоор гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч Б.У нь дэлгүүрт тавьсан өрөө төлөх, өөрийн эцэг Е.Д-д идэшний хонь өгөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож байна.
6. Шүүгдэгч Д.У, Б.Г нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
7. Шүүгдэгч Д.У, Б.Г нар нь хохирогч Б.Б-ийн эд хөрөнгөд 5 тооны бог мал буюу 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “бага хэмжээний хохирол”-д хамаарч байх тул тэдгээрийг гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.У, Б.Г нарын бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл, хохирогч Б.Б-эд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
8. Шүүгдэгч Д.У, Б.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.
9. Иймд шүүгдэгч Б.Г, Д.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Б.Г, Д.У болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ж нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2. Шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-э нь 4 тооны, нас гүйцсэн эр хонь, 1 тооны эр ямаа зэрэг эд хөрөнгөөрөө хохирч, түүний эд хөрөнгөд 4 (эр хонь) х 280.000 + (1эр ямаа)х160.000=1.280.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хор уршиг учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 56 дахь тал),
3. Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь гэмт хэргийн хор уршиг 1.280.000 төгрөгийг хохирогч Б.Б-эд бүрэн төлж барагдуулснаар хохирогч Б.Б-э нь шүүгдэгч нараас нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь түүний наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.(хавтаст хэргийн 153-154 дэх тал),
4. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г, Д.У нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Гт 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх “Тоёота приус-20” маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 12.650.000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1.280.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, тус тус улсын төсөвт оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Д.Уын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэж өгнө үү. Мөн Шүүгдэгч Б.Г нь хүндрүүлэх зүйл ангитай боловч хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлсөн тул бага ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
5. Шүүгдэгч Д.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
7. Шүүгдэгч Д.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 192 дахь тал),
Шүүгдэгч Д.Уын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 45, 47 дахь талд авагдсан Е.Д, Б.Н нарын мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
-Шүүгдэгч Д.У нь хувийн байдлын хувьд .........., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөлсөөр туслах малчин, барилгын туслах ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс дээш оноотой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
8. Шүүгдэгч Б.Г нь урьд Увс аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоохоос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцлийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Б.Гын удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдлыг хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 94, 96-113 дахь тал);
Шүүгдэгч Б.Гын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 49, 51 дэх талд авагдсан О.Ч, О.Л нарын мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хувийн байдлын хувьд ......., тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс доош оноотой, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
9. Шүүгдэгч Б.Г, Д.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
- Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь хохирогч Б.Б-ийн аав нас барж, түүнд уй гашуу тохиолдсоны улмаас эд хөрөнгөө өөрөө хамгаалах боломжгүй байгааг далимдуулан, үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогчийн 5 тооны бог малыг завшсаныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.
10. Шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ буюу бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.Уын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, шүүгдэгч Б.Гын урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал буюу гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
11. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.У нарын тус бүрт 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.У нарт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн .............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.У нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” буюу түүнд мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын арван зургаан цагийн ажлаар сольж (2 хоног х 8 цаг=16 цаг), шүүгдэгч Д.Ут оногдуулсан 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 (арван зургаа) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцон, Д.Уын эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 384 (гурван зуун наян дөрөв) цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт хорих ял сонгож хэрэглээгүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь “5 тооны бог малаас 1 тооны хонийг Д.Уын хэлсний дагуу түүний аав Е.Дд идшинд өгсөн, 1 тооны хонийг Д.Уын н.Энэбиш гэх хүний дэлгүүрт тавьсан 200.000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн, 2 хонь, 1 ямааг өөртөө авч, 2 хонийг зах дээр нэг бүрийг нь 240.000 төгрөгөөр, нийт 480.000 төгрөгөөр худалдан борлуулсан, 1 ямааг 170.000 төгрөгөөр зарж, ломбардны өр төлсөн” гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Д.У нь өөрийн итгэмжлэн хариуцаж байсан малаас шүүгдэгч Б.Гт 2 тооны хонь, 1 ямаа өгч, 400.000 төгрөгийн ашиг олсон нь тогтоогдсон байна.
Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Д.Уаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг буюу хохирогч Б.Б-ийн малаас шүүгдэгч Б.Гт 3 тооны бог мал өгч, бэлнээр авсан 400.000 төгрөг, н.Э гэх хүнд өөрийн 200.000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн 1 хонины үнэ 200.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг,
Шүүгдэгч Б.Гаас 2 тооны, нас гүйцсэн эр хонийг худалдан борлуулж, олсон орлого 2х240.000=480.000, 1 тооны эр ямаа худалдан борлуулж олсон орлого 170.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэж, шүүгдэгч Д.Уын хувьд ногдох хөрөнгөөс 600.000 төгрөг, шүүгдэгч Б.Гын хувьд ногдох хөрөнгөөс 650.000 төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Д.У нь 5 тооны бог малаас 1 тооны, нас гүйцсэн хонийг өөрийн аав Е.Дд идшинд зориулж өгсөн, уг хонийг худалдан борлуулж, ашиг олсон нь тогтоогдоогүй тул Е.Дд өгсөн гэх 1 тооны, нас гүйцсэн эр хонийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзэж, үнийг нь Д.Уаас гаргуулж, улсын орлогод оруулах шаардлагагүй гэж үзлээ.
4. Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь Увс аймгийн .............. сумын 8 дугаар багийн нутаг “Баруун тэрмэс” гэх газарт хаваржиж байсан хохирогч Б.Б-ийн гэрээс 5 тооны бог малыг “Toyota prius 20” маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр .............. суманд тээвэрлэж ирсэн нь нотлогдсон байх тул уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл гэж үзнэ.
Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 2023 оны 04 дүгээр сарын байдлаар Увс аймагт “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 12.650.000 (арван хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөг болохыг тогтоосон байна. (хавтаст хэргийн 56 дахь тал),
Шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius 20” маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Я.Б- эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Я.Б-т буцаан олгож, түүний үнэ 12.650.000 (арван хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Гын хувьд ногдох хөрөнгөөс 6.325.000 (зургаан сая гурван зуун хорин таван мянга) төгрөг, шүүгдэгч Д.Уын хувьд ногдох хөрөнгөөс 6.325.000 (зургаан сая гурван зуун хорин таван мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулж, “Toyota prius 20” маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Я-ын Б-т буцаан олгож шийдвэрлэсэн тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-ийн Г, З овогт Дын У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.У нарын тус бүрт 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.У нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн .............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагийн ажлаар сольж, түүнд оногдуулсан 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 (арван зургаа) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцон, Д.Уын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 384 (гурван зуун наян дөрөв) цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Б.Г, Д.У нар нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Б.Б-эд 1.280.000 (нэг сая хоёр зуун наян мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 600.000 (зургаан зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Гаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota prius 20 маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Я.Б-т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 12.650.000 (арван хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Гын хувьд ногдох хөрөнгөөс 6.325.000 (зургаан сая гурван зуун хорин таван мянга) төгрөг, шүүгдэгч Д.Уын хувьд ногдох хөрөнгөөс 6.325.000 (зургаан сая гурван зуун хорин таван мянга) төгрөг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Г, Д.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota prius 20 маркийн ....... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г, Д.У нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА