Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч: А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ын Дд холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............... сумын ................... багт мал маллаж амьдардаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 13 хоног баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт А-ын Д (РД:.....................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн ............... сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Нгийн 27 орчим тооны ижилтэй адуунаас 3 адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сард Увс аймгийн ............... сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хойд бөөрөг хэмээх газарт бэлчээрлэж явсан иргэн Б.Н-гийн 27 тооны ижилтэй адуунаас 3 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Н-гийн мэдүүлэг, гэрч М, А, Н нарын мэдүүлэг, шинжээчийн 59, 73 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Д-гийн дээрх  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг;

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4–д заасан бусдын олон малыг машин механизм ашиглаж үйлдсэн  болох нь хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Машин механизм ашигласан тухайд ганцхан хохирогч Б.Н-гийн өгсөн мэдүүлэг байдаг. Б.Н мэдүүлэгтээ би тухайн малаа 3 хоног хайсан. 3 дахь хоног дээр нь цас орсон. Цас орсны маргааш нь мөр харахад мотоциклтой хүний мөр байсан ба 10 гаруй километр туусан байсан гэж ярьсан. Энэ мотоциклтой хүн 10 км газар 3 тооны адууг 4 хоног туух боломжгүй. Улсын яллагч нь 27 тооны адуунаас 3 тооны адууг машин механизм ашиглан салгаж туусан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Хохирогч нь багийн Засаг дарга хийдэг ажилтай учраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ талаар мэддэг хүн учраас тухайн үед утастай явсан бол утсаараа зургийг нь дарж, бичлэг хийгээд авчих боломжтой байсан. Хэрэв ингээд авчихсан байсан бол мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах боломжтой байсан. Тантай уулзсан, таарсан хүн байгаа юу гэж асуухад намар цаг байсан учраас надтай нэг ч хүн таараагүй гэж хэлсэн. Тэгэхээр зөвхөн Б.Нгийн мэдүүлгээр машин механизм ашигласан гэж үзэж байгаа нь өрөөсгөл байна.

Нөгөөтэйгүүр хохирогчийн 3 тооны малыг шүүгдэгч А.Д тууж, Т.Т-гийн хашаанд оруулж, уясан үйл баримт тогтоогдохгүй байгаа. Хохирогчийн 3 тооны мал бэлчээрээр тасарч шүүгдэгчийн хул зүсмийн үрээтэй хамт байсныг Т.Т-гийн хашаа руу тууж оруулаад өөрийн морио барьж авах гэж байтал хохирогчийн нэг мориных нь хөл хугарсан гэдэг нь үнэн байна. Үлдсэн 2 тооны адууг хашаанд бариад уячихсан хадгалж байсан бол хулгай гэж үзэж бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж үзнэ. Гэтэл 2 тооны адууг задгай хашаанд орхиод явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй байгаа. Шүүгдэгч нь авахаар байсан бол хоорондоо 4 км зайтай учраас маргааш очоод авчих боломжтой байсан. Тэгэхээр шүүгдэгч нь эхнээсээ хулгай хийх санаа зорилго байхгүй байсан. Машин механизм ашигласан, 3 тооны мал хулгайлсан гэдэг нь нотлогдоогүй байна. Харин 1 тооны хээр зүсмийн адууг алаад хүнсэндээ хэрэглэсэн, арьс мах, хугарсан хөлтэйг нь хүргэж өгсөн гэдгээ хэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д нь хохирогчийн 1 тооны адууг нядалж, хүнсэндээ хэрэглэсэн, 3 тооны буюу олон тооны бод малыг хулгайлсан үйлдэл нь нотлогдоогүй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000...... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал);

2. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал);

3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 22 дахь тал);

4. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 23 дахь тал);

5. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал);

6. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-28 дахь тал);

7. Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай адуу ............... сумын Өгөөмөр багт бэлчдэг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын сүүл үед байх адуугаа бүртгэж үзэхэд адуу байхгүй байхаар нь ойр орчимд хайж, эрэл зохион байгуулан үзэхэд олдоогүй. Тэгээд харанхуй болоод эрлээ зогсоогоод адуугаа сумын төв дээр авч ирээд маргааш нь 3-р багийн чиглэлд 3 өдөр явж эрэл хийхэд сүүлийн өдөр байх, бага зэрэг цас орохоор нь маргааш өглөө нь босоод уг цаснаар ул мөр хайхад 3 адууг мотоцикльтой хүн туугаад явсан байдалтай ул мөр гарахаар нь уг мөрийг дагаж Т.Т- гэх хүний хашаа руу ороод үзэхэд миний хулгайд алдсан хээр зүсмийн 3 настай гүү, хээр зүсмийн 2 настай гүү байсан. Тэгээд Т.Т- гэх айлд ороод миний хулгайд алдсан адууны 2 тооны адуу танай хашаанд байна. 1 адуу хаашаа явсан. Мөн хэн авч ирж оруулсан талаар асуухад Т.Т- гэх хүн мэдэхгүй гэж хэлэхээр нь би за тэгвэл цагдаа авч ирж, мэддэг хүнээр нь шалгуулна гэж хэлээд гараад явж байгаад сүлжээ оруулаад цагдаа дуудах гээд байж байтал манай сумын 3-р багийн малчин А.Д гэх залуу мотоцикльтой ирээд цагдаад битгий дуудлага өгөөч, чиний адуу гэдгийг мэдээгүй. Нэг гүүг аймгаас приустэй залуучууд ирэхээр нь би нядлаад өгөөд явуулсан гэж хэлсэн. ...Би адуугаа хайж яваад гарны бэртлээ сэдрээж Улаангом сум явж дахин хагалгаанд орж зарлага гаргасан. Дахин А.Д надтай уулзаад танд би 5 сая төгрөг өгнө цагдаад битгий хэлээрэй гэхээр нь би юм хэлээгүй. 2-3 хоногийн дараа А.Д дахин уулзах хэрэгтэй байна гэхэд хуучин шатахуун түгээх станцын хажуул уулзаад зогсож байтал А.Д миний өвөр лүү гялгар ууттай мөнгө хийгээд явсан. Гэртээ очоод тоолж үзэхэд 5 сая төгрөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

8. Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...А.Д нь өөрөө болон эхнэртэйгээ 3 удаа ирж уулзсан. Тэгэхдээ цагдаад битгий хэл гээд надад хүчээр шахуу 5 сая төгрөг өгсөн. Тийм учраас надад өөр нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй. ...Миний 27 тооны адуу бэлчиж явахад Тэс сумын С гэх залуутай хамт өөрийн мотоциклиор очиж 3 тооны адууг салгаж хөөгөөд тус газраас баруун чиглэлд 10 гаруй километр орчим хөөгөөд Т.Т- гэх айлын хадлангийн талбайд оруулсан. Мөн түүний дараа нэг тооны адууг нь нядалж өөрөө хэрэглэсэн талаараа хэлсэн. Урьд уулзахдаа нэг тооны адууг нядлаад приустэй хүнд өгч явуулсан гэж сандарсандаа худлаа хэлсэн гэдэг зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал);

9. Гэрч Т.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тухайн үед миний дүү Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан бөгөөд би цуг явсан. Дүүгээ сахих ажлаар явсан. Тэгээд А.Д гэх хүн 2022 оны 9 дүгээр сард манай хашаанд ямар морь авч ирснийг би мэдэхгүй. ...2022 онд газар гандуу байсан болохоор хүмүүс манай хадлангийн хашаа руу мал оруулдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал);

10. Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сард 3 тооны адуугаа хулгайд алдсан. Нөхөр хайгаад 3 дугаар багийн иргэн А.Д хулгайлж авсан байна, хохирол барагдуулж өгнө гэж хэлсэн тухай надад хэлсэн. Сүүлд А.Д эхнэртэйгээ ирж цагдаад битгий хэлээч, өмнө нь хэрэгт холбогдсон байгаа гээд гуйгаад байхаар нь А.Дтай тохиролцсон. Хохирол болох 5 сая төгрөгийг манай нөхөрт Б.Нд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал);

11. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Нгийн  3 тооны адууг манай сумын 3 дугаар багийн иргэн А.Д хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. 1 адууг нядалсан, үлдсэн 2 адуу Т.Т- гэх хүний хашаанд байна. А.Дг араас ачиж сумын төв оруулж өг гэж хэлээл ирлээ гэж надад хэлсэн. Тэр орой нь А.Д Б.Нгийн хулгайд алдсан гэх 3 тооны адуунаас хээр зүсмийн даага, гүү зэрэг 2 тооны адуу ачаад Б.Нд өгөх гэж ирэхээр нь Б.Н бид хоёр сумын төвийн урд байдаг худгийн урд талд уг 2 тооны адууг буулгаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал);

12. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр байх, манайх Малчин сумын 1 дүгээр баг, Өндөр бөөрөгний утасны модны хажууд байхад А-ын Д мотоцикльтой ирээд “Ах ............... сумын төв рүү 2 адуу ачаад оруулаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч, өөрийн Портер маркийн .............. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Т.Т- гэх хүний талбай дээр очиход хээр зүсмийн гүү, мөн даага гэсэн 2 тооны байсныг ачсан. Тэгээд уг 2 адууг ачаад А.Дгийн хамтаар ............... сум руу орж явтал А.Д “Ах энэ ачиж яваа 2 тооны хээр зүсмийн гүү, даага хоёр хулгайн морьд байгаа, эзэн нь хүргэж өгөх ёстой” гэж ярихаар нь би түүнд “Чи юу яриад байгаа юм, хүнийг асуудалд оруулаад, морийг чинь энд буулгана гэж уурлах үед А.Д “Танд хамаарал байхгүй, хохирогчтой уулзаад тохирсон байгаа” гэж хэлэхээр нь за гэж хэлээд ............... сумын төв ороод худгийн хажуу талд уг 2 тооны морийг буулгасан. Эзэн нь Б.Н гэх хүн, мөн Б-ын залуу хоёр буулгаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай “..2022 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ............... суманд алдагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 2.500.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал);

14. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай “..2022 оны 9 дүгээр сарын байдлаар хуучин Мустанг-150 загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1.367.300 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73 дахь тал);

15. Шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал);

16. Увс аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46-1/1092 тоот албан бичиг болон шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 98-114 дэх тал);

17. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 413 тоот албан бичиг (хавтаст хэргийн 116 дахь тал);

18. Увс аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 196 тоот албан бичиг (хавтаст хэргийн 126 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал);

2. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал);

3. З.С-ын Хаан банкны ..................... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31 дэх тал);

4. Хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсан баримттай давхцаж байгаа (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

5. Гэрч З.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Д нь Завханмандал сум руу явахдаа миний малыг мал авч хариулж өгнө гэж байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх А.Д нь манайд ирээд би таны малыг энэ өвөл маллаж өгнө, та хөлс 5 сая төгрөг өгчих, хол нүүж байгаа учраас банкны зээл хаах шаардлагатай байна гэхээр нь би зөвшөөрч 5 сая төгрөг А.Дд өгсөн...” гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 56 дахь тал);

6. Гэрч Ц.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Д гэх хүнийг таньдаг бөгөөд манай гэрийн баруун талд байдаг байсан. ...Нэг өдөр би гэрт ганцаараа байсан бөгөөд гадаа сандал дээр сууж байтал манай хашаа руу нэг морьтой хүн адуу мал тууж орж байсан. Тэгээд би гайхаад, энэ одоо хэн юм бол гэж бодоод хараад сууж байтал манай хашааны хаалгагүй газраар 2 тооны адуу мал тууж гаргасан. Тухайн хүнийг А.Д гэж бодсон. Яагаад гэхээр А.Дгийн гэр лүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал);

7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай “..2022 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ............... суманд алдагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 2.500.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд:

Шүүгдэгч А.Д нь 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн нутагт бэлчиж байсан, хохирогч Б.Нгийн 27 тооны адуунаас 3 тооны адууг мотоциклиор салган тууж, тус газраас баруун тийш 10 гаруй км газар явж, Малчин сумын иргэн Т.Т- гэх хүний хашаанд хөөж оруулан, 1 тооны адууг нь нядалж, идшиндээ хэрэглэсэн, 2 тооны адууг нь Т.Т- гэх хүний хадлангийн хашаанд байлгаж байсан,

Хохирогч Б.Н нь тухайн цаг хугацаанд Увс аймгийн ............... сумын 3 дугаар багт бэлчиж байсан адуугаа бүртгэж үзэхэд түүний адуунаас 3 тооны адуу дутсан,

Түүнээс хойш хохирогч Б.Н нь ............... сумын 3 дугаар багийн чиглэлд алдсан 3 тооны адуугаа 3 өдөр явж хайсан, сүүлийн өдөр орсон цаснаар ул мөр хайхад хохирогч Б.Нгийн 3 тооны адууг мотоцикльтой хүн туугаад явсан мөр байсан, мөрийг дагаад явахад Малчин сумын иргэн Т.Т- гэх хүний хашаа руу орсон, уг хашаанд хохирогч Б.Нгийн хулгайд алдсан гэх хээр зүсмийн 3 настай гүү, хээр зүсмийн даага байсан.

Хохирогч Б.Н нь тухайн асуудлын талаар цагдаад мэдэгдэхээр явах үед шүүгдэгч А.Д түүнтэй уулзаж, хохирогчийн 3 тооны адууг хулгайлж авсан гэдгээ хэлж, хохирол, төлбөрийг төлөх тул цагдаад мэдэгдэхгүй байхыг Б.Нгээс гуйж, улмаар Т.Т-гийн хашаанд байсан хохирогчийн 2 тооны адууг хүргэн ах Б.А-ын эзэмшлийн .............. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж, Увс аймгийн ............... сумын төвд байх хохирогч Б.Нд хүргэж өгсөн, мөн А.Д нь Б.Нд 5 сая төгрөгийн хохирол төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Нгийн 2 тооны адууг Малчин сумын нутагт байх Т.Т- гэх хүний хадлангийн талбайгаас ............... сум руу тээвэрлэх замдаа гэрч Б.А-д “Энэ ачиж яваа 2 тооны хээр зүсмийн гүү, даага хоёр хулгайн морьд байгаа, эзэнд нь оруулж өгөх гэсэн юм” гэж хэлснийг Б.А- гэрчилсэн,

Мөн шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Н-гийн 27 тооны адууг Увс аймгийн ............... сумын 3 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байхад нь 3 тооны адууг мотоциклиор тууж, Малчин сумын иргэн Т.Т-гийн хашаанд оруулж, 1 тооны адууг нядалж, хүнсэндээ хэрэглэсэн тухайгаа хохирогч Б.Н болон түүний эхнэр Ц.М- нарт хэлж, уучлалт гуйн, 2 тооны адууг нь буцаан өгч, хохиролд 5 сая төгрөг өгснийг тэд мөрдөн байцаалтын шатанд тодорхой гэрчилж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд 2 удаа өгсөн дээрх агуулга бүхий мэдүүлэг нь гэрч Т.Т-, Ц.М-, Б.А-, Б.Н-, Ц.О- нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх бөгөөд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий байхаас гадна хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг, гэрч Т.Т-, Ц.М-, Б.А-, Б.Н-, Ц.О- нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан гэх шалтгаанаар энэ хэргийн талаар цагдаад мэдэгдэхгүй байх зорилгоор гэрч З.С-аас 5.000.000 (таван сая) төгрөг урьдчилж аван, хохирогч Б.Нд өгч, хохирол төлбөрийг барагдуулж өгснөөр хохирогч Б.Н нь 3 тооны адуугаа хулгайд алдсан тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй  гэх үйл баримтууд хэрэгт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Б.Нгийн 3 тооны адууг хулгайлж аваагүй, өөрийн хул үрээгээ алдчихаад хайгаад явж байтал  Хагшаал гэх газарт миний хайж байсан морины хамт 3 гүү байсан, тухайн 3 гүү миний мориноос салахгүй болохоор хамт тууж Т.Т-гийн хашаанд оруулсан, хээр гүү нь хашаа руу үсэрч байгаад хөлөө хугалахаар нь өөрийн үрээг барьж авчихаад хөл нь хугарсан гүүг бас хамт барьж гэрлүүгээ авч очоод уг гүүг нядалсан, тухайн 3 тооны адууг хулгайлж авах санаа зорилго байгаагүй. Би 3 тооны адууг мотоциклиор биш мориор туусан “гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч А.Дгийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Иймд шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Нгийн 3 тооны адууг бэлчээрээс хулгайлж авсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол, мөн олон тооны мал хулгайлсан бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Нгийн 1 тооны адууг захиран зарцуулснаар түүнийг зөвхөн 1 тооны адуу хулгайлсан гэж үзэх боломжгүй бөгөөд тэрээр хохирогчийн 3 тооны адууг хулгайлан авч Т.Т-гийн хашаанд тууж оруулж, 1 тооны адууг захиран зарцуулсан, 2 тооны адууг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Нгийн дээрх 3 тооны адууг ............... сумын 2 дугаар багийн нутаг “Хойд бөөрөг” гэх газраас буюу бэлчээрээс мотоциклиор тууж, Т.Т-гийн хадлангийн талбай /хашаа/ руу оруулсан, хохирогч Б.Н нь тухайн мотоциклийн мөрийг дагаж яваад өөрийн 2 тооны адуугаа Т.Т- гэх хүний хашаанаас олсон нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.Дг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Д нь 3 тооны бод малыг мотоцикль ашиглан  хулгайлсан нь тогтоогдсон байх тул түүний үйлдлийг “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Нгийн 3 тооны бод малыг машин механизм болох мотоцикль ашиглан бэлчээрээс хулгайлсан нь тогтоогдож байх тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “Шүүгдэгч А.Д нь хохирогчийн 3 тооны адууг Т.Т-гийн хашаа руу оруулаад 1 тооны адууны хөл гэмтсэн тул нядалж, хүнсэндээ хэрэглэсэн, 2 тооны адууг Т.Т-гийн хашаанд оруулж уясан болох нь тогтоогдоогүй, тэнд нь үлдээгээд явсан, ашиглах санаа зорилгогүй байсан тул А.Д-г хохирогчийн 1 тооны адуу хулгайлсан гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс шүүгдэгч А.Д-г машин механизм ашиглан, хохирогч Б.Н-гийн 3 тооны адууг Т.Т- гэх хүний хашаанд тууж оруулж, захиран зарцуулсан, захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзсэн тул өмгөөлөгч Д.Д-гийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

2. Мөрдөн байцаалтын шатанд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болох хохирогч Б.Н-гийн 2 настай гүү 500.000 төгрөгийн, 3 настай гүү 700.000 төгрөгийн, 7 настай, эрлийз гүү 1.300.000  төгрөгийн, нийт 2.500.000 төгрөгийн үнэ цэнэтэй болох нь эрх бүхий шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Дг энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-д 2.500.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Д нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаас өмнө хохирогч Б.Нд гэмт хэргийн хор уршигт 5.000.000 төгрөг төлж барагдуулсан нь тогтоогдсон, хохирогч Б.Н мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч А.Д-гаас ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Дгаас гаргуулах хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-150” загварын мотоцикль нь түүний өөрийнх нь эзэмшлийнх байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хурааж улсын орлого болгох, хохирогчийн 3 тооны адууны үнэ болох 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй 2 тооны адууг буцааж өгсөн. Үлдсэн хээр зүсмийн 7 настай эрлийз гүүг шүүгдэгч өөрөө нядалж хүнсэндээ хэрэглэсэн байх тул тухайн малын үнэлгээ болох 1.300.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого гэж үзэж улсын төсөвт оруулах” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Улсын яллагч нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж хэлсэн. Гэхдээ ялын дүгнэлтэд учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй гэж үзсэн учраас хохирол нэхэмжлээгүй гэж дүгнэсэн. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. А.Д нь хохирогчийн хөл нь хугарсан хээр зүсмийн гүүг алж нядлаад хүнсэндээ хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг зах зээлд худалдан борлуулж ашиг орлого олоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тодорхой заасан учраас шүүгдэгч нь тухайн малыг зах зээлд худалдан борлуулж орлого олоогүй. Мөн шүүгдэгчийн өгсөн мөнгө нь хохирлын хэмжээнээс давсан хохирлыг бүрэн дүүрэн давуулан биелүүлсэн. Тийм учраас улсын яллагчийн гаргасан 1.300.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх санал нь хууль зөрчиж байна. Миний үйлчлүүлэгчийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. Улсын яллагчаас 5 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Энэ гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай гэмт хэрэг байдаг. Хэдийгээр урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хар бараан түүхтэй  боловч урьд нь гэмт хэрэг үйлдэж байснаар нь ялгаварлан гадуурхах боломжгүй. Шүүгдэгчийн хувийн байдал болох ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь бас чухал. Шүүгдэгч нь гэр бүлээрээ нутгаасаа хол Завхан аймгийн Завхан мандал суманд оччихсон байгаа. Хүн таньж мэдэхгүй газарт эхнэр, үр хүүхдүүд нь яах вэ? гэдэг асуудал байна. Тийм учраас 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч А.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Манайх хүний нутагт нүүгээд оччихсон байгаа. Ар гэрт эхнэр маань хүүхдүүдтэйгээ үлдсэн. Наашаа нүүж ирж амжаагүй байсан. Ийм учраас миний амьдралыг харгалзан үзэж надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч А.Д нь 1988 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............... сумын 3 дугаар багт мал ахуй эрхлэн амьдардаг, тэрээр хувьдаа  13 тооны адуу, 29 тооны үхэр, 2 тооны тэмээ, 376 тооны бог малтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр гэх хувийн байдал тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Д нь урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 13 хоног баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дгийн урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл  байдалд тооцохгүйгээр хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ. (хавтаст хэргийн 97-114 дэх тал);

Шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн хор уршигт 5.000.000 төгрөг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

6. Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршигт 5.000.000 (таван сая) төгрөг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Дд 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д-д хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

3. Шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Н-гийн 3 тооны адуу буюу олон тооны бод малыг тууж явах үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор өөрийн эзэмшлийн 1.367.300 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Мустанг-5 загварын мотоциклийг ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүнийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн тул А.Дгийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хурааж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын яллагчаас хохирогч Б.Нгийн 1 тооны адууг шүүгдэгч А.Д нядалж, хүнсэндээ хэрэглэсэн тул уг 1 тооны адууны үнийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзэж,  шүүгдэгч А.Дгаас гаргуулж, улсын орлогод оруулах саналыг гаргасан боловч, шүүгдэгч А.Д нь 1 тооны адууг бусдад худалдан борлуулж, ашиг олсон нь нотлогдоогүй байна.

Иймээс шүүгдэгч А.Дгаас хүнсэндээ хэрэглэсэн гэх хохирогчийн 1 тооны адууны үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “Машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Д-д 2 (хоёр) жил, 1 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д-д оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Д нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч А.Д нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс нотлох баримтаар нэмж гаргуулах хохирол төлбөргүйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.367.300 (нэг сая гурван зуун жаран долоон мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг А.Дгийн эзэмшлээс хураан авч, улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч А.Дгаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                                                                                                                                  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА