| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.Уянга,
Шүүгдэгч: Б.Ө, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт Б-ийн Ө, Э овогт М-ын Э нарт холбогдох эрүүгийн 2335000000178 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, …оны …дүгээр сарын …-ний өдөр аймгийн …суманд төрсөн, …настай, хүйс.., яс үндэс …, тусгай дунд боловсролтой, технологийн ажилтан мэргэжилтэй, Хилийн цэргийн ...дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ам бүл…, эх …дүүгийн хамт амьдардаг, …аймгийн …сумын …дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б-ийн Ө, регистрийн дугаар…….;
2. Монгол Улсын иргэн, …оны …дүгээр сарын …-ний өдөр …аймгийн …суманд төрсөн, …настай, хүйс, яс үндэс..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн ...дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ам бүл ..., эмээгийн хамт амьдардаг, ...аймгийн ...сумын ...дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э овогт М-ын Э, регистрийн дугаар: …….;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө шөнийн манаанд гарч байхдаа …аймгийн …сумын …дүгээр багийн нутагт байрлах иргэн Д.-ын хүн байнга амьдрах зориулалттай, Монгол гэрт, зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтрэн орж, 9.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Б-д 1.092.500 төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Эрүүгийн 2335000000178 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 55 минутад харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, притканд үзлэг хийсэн тэмдэглэл, морины зүчээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-13 дахь тал);
3. Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 55 тооны ямаа самнаж, 3 шуудай ноолуур авсан. 3 шуудай ноолуураас 1 шуудай ноолуурыг ченжид зарсан бөгөөд үлдсэн 2 шуудай ноолуурыг гэр лүү оруулж гэрийн баруун талд хана түшүүлээд тавьсан. Ямаа самнаж дуусаад гэрт орж ирээд хоол унд идээд сууж байхад 2 цэрэг гэрийн гадна ирээд намайг дуудсан. Би гэрээс гараад тухайн 2 цэрэгтэй уулзахад “таныг харуулын дарга дуудаж байна” гэж хэлсэн. Би одоо явж чадахгүй нөгөөдөр очиж уулзая гэж хэлэхэд 2 цэрэг манай гэрт байсан н.Төмөрөө гэх хүнийг дуудаж уулзсан. Тэгээд тухайн 2 цэрэг манай гэрт орж ирээд байж байхад би тухайн 2 цэргийг “та 2 одоо яв” гэж хэлээд явуулсан. Удалгүй 2 цэрэг харуулын дарга Я.Энхтүвшинг дагуулаад хүрээд ирсэн. Харуулын дарга Я.Энхтүвшин ирээд та яагаад манай 2 цэргийг зайл гэж хөөсөн юм бэ? гэж надаас асуухад би хөөж явуулаагүй гэж хэлээд болсон асуудлын талаар тайлбарлаад явуулсан. Би эхнэр Б.Батцэцэг 2 хүүхдийн хамт 2 цаг болж байхад унтаж амарсан. Эхнэр Б.Батцэцэг 6 цагт сэрээд харахад гэрт байсан ноолуур алга болсон байсан. Тухайн орой манайх гэрийн хаалгаа дотроосоо уячихсан байсан бөгөөд хаалганы уяаг тасалж орж ирээд ноолуур аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-29 дэх тал);
4. Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр харуулын дарга Я.Э нь Б.Ө бид хоёрыг Д.Б-ын гэр лүү очоод Д.Б-г дуудаад ир гэж явуулсан. Тэгээд Б.Ө бид хоёр 20 цагийн орчимд Д.Б-ын гэр лүү очиж Д.Б-тай уулзаж таныг харуулын дарга дуудаж байна гэхэд Д.Б “захын цэрэг ингэж томрохгүй, гарч морьдын тавьж явуул” гэх мэтээр бид хоёрыг доромжилж байсан болохоор Б.Ө бид хоёр буцаад харуулын байр руу ирсэн...”, “...Б.Ө надтай хамт харуулын байр руу ирэхдээ Д.Б-ыг нэг хашраачих юмсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...ямаа самнаад дуусаж байхад 20 цагийн орчим хилийн цэргийн 2 албан хаагч ирсэн. Тухайн 2 албан хаагч ирээд Д.Б-тай уулзаж байсан юу ярьсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-36 дахь тал);
6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ...2 шуудай ноолуурыг гэр лүү оруулж гэрийн баруун талд хана түшүүлээд тавьсан. Тэгээд гэрт орж ирээд хоол унд идээд байж байхад 2 цэрэг манайд ирсэн. Тухайн 2 цэрэг Д.Б-тай уулзаад явсан. Нөхөр Д.Б бид хоёр малаа хотлуулаад шөнө 2 цагийн орчимд унтаж амарсан. Тэгээд би өглөө 6 цагийн орчим сэрэхэд хаалганы уяа тасалчихсан гэрийн баруун талд 2 шуудай ноолуур байснаас 1 шуудай ноолуур байгаагүй. Тэгээд би нөхөр Д.Б-ыг сэрээж бид 2 харуулын байр руу очсон. Харуулын байр дээр очоод уулзахад ноолуур авсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40 дахь тал);
7. Гэрч Я.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд ахлах байлдагч Б.Ө, байлдагч Ц.Д хоёрыг Д.Б-ын гэр рүү очоод дуудчих гэсэн юм. Тухайн үед Д.Б нь манай байлдагч нараар ямаа самнуулмаар байна. Үнэ хөлсийг нь өгнө гээд байлдагч нартай уулзсан байсан. Би Д.Б-тай уулзаж “цэргийн алба хаагч нар ямаа самнах асуудал байхгүй, байлдагч нар хилийн манаанд гарах ажилтай хүмүүс гэж хэлэх” гэж дуудуулсан. Тэгээд ахлах байлдагч Б.Ө, байлдагч Ц.Д хоёр 21 цагийн үед буцаж ирээд, Д.Б урдаас томроод, хэл амаар доромжилж байна гэхэд нь байлдагч Ц.Д-ыг харуулын байранд үлдээгээд Б.Ө-ын хамт Д.Б-ын гэрт очиж уулзахад Д.Б “цэрэгтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй” гэж хэлсэн... Б.Ө-тай хамт харуулын байран дээр ирж, тухайн орой 23 цагаас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг хүртэл ахлах байлдагч Б.Ө, М.Э нарыг шөнийн манаанд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-45 дахь тал);
8. “……..” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №23/20 дугаартай “... …аймгийн …суманд 2023 оны 5 дугаар сарын байдлаар 1кг ямааны ноолуурын зах зээлийн үнэ цэний баримжаа 115.000 (Нэг зуун арван таван мянга) төгрөг, нийт 9.5 кг ноолуур 1.092.500 (нэг сая ерэн хоёр мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64 дэх тал);
9. Б.Ө мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн " …2023 оны 5 дугаар сарын 21-22-ны хооронд шилжих шөнө манаанд байлдагч М.Э-ын хамт гарч байсан бөгөөд 03 цагийн орчимд М.Э бид хоёр Д.Б-ын гэр лүү орж, гэрийн баруун талд байсан цагаан өнгийн шуудайтай ноолуур авсан. Хаалга уяатай байсан бөгөөд өөрийн халаасанд байсан сахлын притка ашиглаж тайраад гэрлүү орсон. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн албан хаагч ирэхэд ноолуурын эзэн болох Д.Б-д цагдаагийн албан хаагчаар дамжуулаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал);
10. М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн " ...2023 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө дэд түрүүч Б.Ө-ын хамт манаанд гарсан. ...Д.Б гэх айл руу шөнийн 03 цагийн орчим очсон. Д.Б-ын гэрийн гадна очоод хаалгыг нь онгойлгох гэхэд айлын хаалга цагаан өнгийн олсоор дотор талаас нь уячихсан байсан бөгөөд Б.Ө халааснаасаа сахлын притка гаргаж ирээд таслаад гэр лүү хамт орсон. Гэрт ороход харанхуй байсан болохоор гэрийн баруун талд байсан нэг шуудайтай ноолуурыг аваад харуулын байр нь дээр ирж морины жүчээний хойд буланд газарт булсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал);
11. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сахлын хутга /притка/, уяа /олс/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Хилийн цэргийн байлдагч М.Э, дэд түрүүч Б.Ө нар нь надад учирсан хохирол болох 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);
2. Хохирогч Д.Б-ын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “...хохирол болох 1.200.000 төгрөгийг М.Э, Б.Ө нараас авсан үнэн болно. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргээс:
1. Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Миний хүү Б.Ө нь …онд төрсөн, айлын том залуу бөгөөд доороо …дүүтэй. Б.Ө нь тусгай дунд дээд боловсролтой, технологийн ажилтан мэргэжилтэй. …аймгийн …суманд Хилийн цэргийн …дугаар ангид цэргийн алба хааж байгаа. Б.Ө нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, тусархаг, эелдэг зөөлөн спорт, урлагтаа сайн, дуу хөгжим сонирхдог хүүхэд байгаа юм. Эцэг Д.Б-ээс 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би өөрийн хүүхдүүдтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг юм. Эдийн засгийн хувьд өөрийн гэсэн 5 ханатай Монгол гэрт, хүний мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал);
2. Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Миний зээ хүү М.Э нь …онд төрсөн, бүрэн дунд боловсролтой. …аймгийн …суманд Хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж байгаа. М.Э нь 5 настай байхад эцэг Б нас барсан. Мөн М.Э-ыг 10 настай байхад эх М нь нас барсан. Бага насаа надтай хамт өнгөрөөсөн хүүхэд байгаа юм. Дээрээ ах, эгч байхгүй айлын ганц хүүхэд юм. М.Э нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, тусархаг, эелдэг зөөлөн хүүхэд байгаа юм. М.Э нь өөрийн гэсэн эд хөрөнгүй, надтай хамт амьдардаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);
3. Б.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал);
4. М.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал);
5. Хохирогч Д.Б-ын хохирол төлж барагдуулсан талаарх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);
6. Шүүгдэгч М.Э-ын өвөө /Ц.Ү/-ийн нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 135 дахь тал);
7. Шүүгдэгч Б.Ө, М.Э нарын …аймгийн Прокурорын газарт гаргасан “ ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 145-146 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь …аймгийн Хилийн цэргийн …дугаар ангид цэргийн алба хааж, шөнийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа 2023 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө бүлэглэн …аймгийн …сумын …дүгээр багийн нутагт байрлах иргэн Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай, Монгол гэрийн хаалгыг дотроос нь татаж уясан байсан олсыг зэвсгийн чанартай зүйл болох сахлын хутга /притка/ ашиглан тасалж, дотогш нэвтрэн орж, гэрээс 1 шуудайтай 9.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Б-д 1.092.500 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 55 минтад харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, притканд үзлэг хийсэн тэмдэглэл, морины жүчээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б, гэрч Б.Б, Б.Б, Я.Э нарын мэдүүлэг, “…….” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №23/20 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ө, М.Э нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонхыг нь хагалах, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар, эсхүл онгорхой байхад нь сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь …аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангид цэргийн алба хааж, шөнийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа 2023 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө бүлэглэн …аймгийн ...сумын …дүгээр багийн нутагт байрлах иргэн Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай, Монгол гэрийн хаалгыг уясан олсыг зэвсгийн чанартай зүйл буюу сахлын хутга /притка/ ашиглан таслаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1 шуудай /9.5кг/ ноолуурыг хулгайлж, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн харуулын байрны морины зүчээний хойд буланд газарт булсан нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн энэ үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тайлбарласны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сахлын хутга буюу приткийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь идэвхтэй үйлдлээр хохирогч Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалгыг уясан олсыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу сахлын хутга /притка/-аар таслан, учрах саадыг арилган дотогш орж, 1 шуудай /9.5 кг/ ноолуурыг хулгайлсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
3. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд шүүгдэгч Б.Ө, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ө М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Б.Ө, М.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д 9.5 кг ноолуур буюу 1.092.500 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь хохирогч Д.Б-д 9.5 кг ноолуурыг биет байдлаар буцааж өгч, мөнгөн хэлбэрээр 1.200.000 төгрөгийн хохирол төлсөн нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг, тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ө, М.Э нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Б.Ө, М.Э нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нартай ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нар зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Ө М.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарын тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Б.Ө, М.Э нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Б.Ө, М.Э нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдгээрт урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Шүүгдэгч Б.Ө, М.Э нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 150 см урттай хуучин олс, сахлын притка зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Ө, Э овогт М-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., М. нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, М.Э нарт урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.Ө, М.Э нар нь гэмт хэргийн хор уршигт 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 150 см урттай, хуучин олс, притка зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА