| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-08-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн А овогт М-ын У-д холбогдох эрүүгийн 2335000000....... дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, .......настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын .................... ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт М-ын У, (РД:........................);
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч М.У нь 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт иргэн Н.Н-гийн таксигаар үйлчлүүлж байхдаа бусдын гээгдүүлсэн “Redmi note-10” загварын гар утсыг олж, уг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Н.Н-д 400.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.У нь 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт иргэн Н.Н-гийн таксигаар үйлчлүүлж байхдаа бусдын гээгдүүлсэн “Redmi note-10” загварын гар утсыг олж, уг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Н.Н-д 400.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал);
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-15 дахь тал);
3. Хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багт байх захаас гараад гэрлүүгээ явах гээд захын урд хэсгээс таксинд суусан. Тэгээд таксигаар өөрийн гэр болох Улаангом сумын 3 дугаар багийн 2 дугаар 64 айлын зогсоол дээр очоод таксины тооцоогоо хийгээд буухдаа өөрийн гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Тэгээд би гар утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Миний гээгдүүлсэн гар утас нь “Redmi note-10” загварын гар утас байсан. Би өөрийн гээгдүүлсэн гар утасны хайрцаг надад байгаа бөгөөд тухайн хайрцаг хэсэгт ............................ гэх дугаар бүхий имей код бичигдсэн байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал);
4. Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Redmi note-10” загварын гар утас ашиглаж байсан. Тухайн гар утсыг манай төрсөн дүү М.У олсон гэж хэлээд авч ирж өгсөн. ...М.У 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд аав М-ын гэрт очоод цагаан сарын юм цуглуулах гээд Баруун зам дэлгүүрээс зах руу явж байхдаа таксинд суусан гэсэн, тэгээд тухайн таксины суудал дээр гар утас байхаар нь манай дүү М.У таксины жолоочид утас байгаа талаар хэлэхэд тухайн таксины жолооч нь сонсоогүй гэсэн, тэгээд аваад ирсэн байсан юм. Тэгээд би тухайн гар утсыг ашиглах гэтэл ж-мэйл код нэхээд байхаар нь Монтел дээр очоод 15.000 төгрөгөөр кодыг нь гаргуулсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал);
5. Гэрч У.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн гар утас нь одоо манайд байна. Манай эхнэр М.Б- нь 2023 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл барьсан. ...Тухайн гар утсыг манай эхнэрийн дүү М.У нь олсон гэж хэлээд надад өгч байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал);
6. Гэрч У.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн гар утсыг У.А- ах болон түүний эхнэр М.Б- нар нь ашигласан байх, хэд хоногийн өмнө надад “Redmi note-10” загварын гар утас барьж байгаа гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);
7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 114 дугаартай “Увс аймагт 2023 оны 2 дугаар сарын байдлаар “Redmi note-10” загварын жил ашигласан гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба шүүгдэгч М.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч М.Угийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.
3. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Н.Н- нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Н.Н-гийн эзэмшлийн “Redmi note-10” загварын гар утсыг “гээгдэл эд хөрөнгө” гэж үзнэ.
4. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
5. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд шүүгдэгч М.У нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Н.Н-гийн гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсыг эгч М.Б-д өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
6. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.У нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
7. Иймд прокуророос М.Угийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч М.Уг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
8. Шүүгдэгч М.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч М.Угийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эд хөрөнгөд 400.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Redmi note-10” загварын гар утсыг шүүгдэгч М.Угаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.(хавтаст хэргийн 22, 82 дахь тал),
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Угаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч М.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч М.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 63 дахь тал),
4. Шүүгдэгч М.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч М.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
6. Прокуророос шүүгдэгч М.Угийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
7. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч М.Уд танилцуулсныг, тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Иймд шүүгдэгч М.Угийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч М.У нь шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Угаас гаргуулах хохирол, хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА