| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0390/З |
| Дугаар | 221/МА2025/0631 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0631
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд Нийслэлийн Хүрээ амаржих газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0534 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Г.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ц.Л
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2024/0390/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0534 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь давж заалдах гомдолдоо:
“...Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто автомашины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 35.3.5 дахь хэсгийг зөрчиж байсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжийн хавсралтын 15 дахь хэсгийг хүчингүй болгосон.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 319 дугаар захирамжаар 2 дугаар амаржих газрын зөвлөх амбулаторийн байрыг иргэн Б.Э-ийн эзэмшлийн "Б" ХХК-д орон сууцаар хангах гэрээний дагуу төлбөрт тооцон шилжүүлжээ.
Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй хэлтсийн Б.О-ын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний тогтоолоор Б.Э-т холбогдох /21147025/ дугаартай "Б" ХХК-ний эд хөрөнгийг 100 хувь битүүмжилж, Улсын дээд дээд шүүхийн хяналтын шатны шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 465 дугаар тогтоолоор иргэн Б.Э-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрүүдийг хэвээр үлдээн түүний эзэмшлийн "Б" ХХК-ийн төлбөрт төлүүлж, үлдсэн хэсгийг улсын орлого болгохоор үлдээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй.
Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-07/1083 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа мөн Үндэсний Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/А0150055 дугаартай албан шаардлагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрээ амаржих улсын нэгдсэн төв клиникийн 94.05 м.кв газрыг оруулан иргэн Г.Б-ийн нэр дээр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо холбогдох хууль, тогтоомжийг зөрчин олгосон.
Барилга хот байгуулалтын яамны Хяналт шалгалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Б-ийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зурагт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус шалгалтаар Кадастрын зураглал ба Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Хотын стандарт Хяналтын газраас 2023 оны 12 дугаар сарын 21-ний 01/1667 дугаартай албан бичгээр иргэн Г.Б-ийн барилгад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад нийт эдэлбэр газрын 83 хувьд барилгажихаар төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.
Анхан шатны шүүгчийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох тухай" А/397 дугаар захирамжийг хүчингүй болгосон бөгөөд тус хуулийн заалт нь Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Нийслэлийн Засаг даргад тус хуулиар олгосон бүрэн эрхийг тогтоох хэсэгт удирдлага болгон оруулсан хуулийг буруу, тайлбарлан хэрэглэсэн.
Иргэн Г.Б-ийн эзэмшлийн газар болон барилгажих талбайн Хүрээ амаржих газрын газар, болон иргэн хуулийн этгээдийн орц, гарцыг хаасан зүйл байхгүй гэж дүгнэсэн нь шүүгч газрын үзлэгт биечлэн оролцоогүй мөн эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг Барилга хот байгуулалтын яамны Хяналт шалгалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Б-ийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зурагт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус шалгалтаар Кадастрын зураглал ба Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.
Хотын стандарт хяналтын газраас 2023 оны 12 дугаар сарын 21-ний 01/1667 дугаартай албан бичгээр иргэн Г.Б-ийн барилгад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад нийт эдэлбэр газрын 83 хувьд барилгажихаар төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Г.Б-т нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1153[1] дугаар захирамжаар 2655 м.кв бүхий газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгожээ.
2.2. Үүний дараа нэхэмжлэгч Г.Б-т нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар[3] уг маргаан бүхий газрын хэмжээг нэмэгдүүлж 2830 м.кв болгон төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[4] олгон, газар эзэмшүүлэх гэрээ[5] байгуулсан.
2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01-07/1083 дугаар албан бичгээр[6] нэхэмжлэгч Г.Б-т “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн тул арга хэмжээ авах шаардлагатай талаар холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсэн...” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотойгоор мэдэгдэл хүргүүлжээ.
2.4. Улмаар нийслэлийн Засаг дарга 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар[7] “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг тус тус баримтлан Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
3. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон эрх бүхий байгууллагын дүгнэлт гэх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд[8] “...Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна” хэмээн дүгнэсэн.
3.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд[9] “...Иргэн Г.Б-т эзэмшүүлсэн нэгж талбарын 1460100137 дугаар бүхий 2655 м.кв талбайтай газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газартай давхцалгүй бүртгэгдсэн байна...нэмж эзэмшүүлсэн гэх 175 м.кв талбай бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй, нийтийн эзэмшлийн газар байсан байна... иргэн Г.Б-ийн эзэмшлийн гэх нэгж талбарын 1460100139 дугаартай 2830 м.кв талбайтай газар нь ямар нэгэн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн нэгж талбартай давхцалгүй байна. Харин 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Б-ийн түр хашаалан ашиглаж буй газарт хэмжилт хийхэд 2715 м.кв талбайтай байсан бөгөөд тухайн хэмжилтийн үр дүнг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбаруудтай давхцуулан үзэхэд “Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг" (9087583)-ийн эзэмшлийн нэгж талбарын 1460100140 дугаартай газартай 14 м.кв талбайгаар давхцаж байна... 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэмжилт хийж үзэхэд иргэн Г.Б-ийн эзэмшлийн нэгж талбарын 1460100139 дугаартай, 2830 м.кв талбайтай газар нь бодит байдал дээрээ 2715 м.кв талбайгаар хашаалсан бөгөөд "Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг" (9087583)-ийн эзэмшлийн хашаалсан газруудын хооронд баруун урд хэсгээрээ 3,5 метр, зүүн урд хэсгээрээ 3,7 метр зайтай байна. Тухайн 2 нэгж талбаруудын хоорондох зай нь авто замын зориулалтаар ашиглагдаж байна.” гэжээ.
3.2. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-07/1083 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээс үзвэл газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн байна.
Гэтэл дээрх дүгнэлтийг үндэслэл болгосон нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг баримтлан Г.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Хэрэгт авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээс үзвэл, нэхэмжлэгч Г.Б-ийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх агуулгаар бус, харин газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь газар эзэмших гэрээний нөхцөл байдлыг биелүүлээгүй, газар эзэмшүүлэх эрх олгосноос хойших хугацаанд газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй гэх агуулгаар гарсан болох нь тогтоогдож байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
3.4. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "… удаа дараа …" гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна.”, Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино.” гэж тайлбарласан.
3.5. Нэхэмжлэгч Г.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүчингүй болгох тохиолдолд эрхийн гэрчилгээ эзэмшигч болох Г.Б нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байхыг ойлгоно. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээс үзвэл тус заалтын урьдчилсан нөхцөл хангагдахгүй байжээ.
3.6. Тодруулбал, эрх бүхий байгууллагын дүгнэлт гэх 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Б-ийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзээгүй байхад нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж нэхэмжлэгч Г.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
3.7. Мөн дээр дурдсанаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлсэн атлаа цаг хугацааны хувьд өмнө нь гаргасан дүгнэлтийг үндэслэн 3 жилийн дараа буюу газар эзэмшигч газар дээрээ үйл ажиллагаа явуулан, хөрөнгө оруулсны дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо ийнхүү анхаараагүй нь хууль бус юм.
4. Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-00/06 дугаартай “...Иргэн Г.Б-ийн барихаар төлөвлөж буй барилгын урд талд төлөвлөгдсөн авто зам нь Хүрээ амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баруун хойд талын 11 дүгээр эргэлтийн цэгээс зүүн зүгт 12-16 цэгээс урагш нийтдээ ойролцоогоор 94.05 м кв газар давхцуулан төлөвлөсөн байна...” гэх хяналт шалгалтын танилцуулга, “...нийт эдэлбэр газрын 76 хувьд барилгажихаар байгаа талаар өөрийн хүсэлтдээ дурдаж ирүүлсэн, мөн Архитектур төлөвлөлтийн даалгаварт 83 хувьд барилгажихаар байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад нийцэхгүй байна...” гэх Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1667 дугаар албан бичиг, “...Хүрээ амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн өөрийн эзэмшилд байгаа эмнэлгийн зориулалт бүхий 94.05 м.кв газрын кадастрын зураг болон дахин давтагддаггүй дугаар зэрэг нь "Б" гэх иргэнд олгогдсон архитектур төлөвлөлтийн дугаар болон кадастрын зурагтай давхцаж, газрын эзэмшлийн маргаан үүссэн...” гэх Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49/А0150055, СНАГ-2024/16/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлага нь энэхүү хэрэгт буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй асуудал байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ба “Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох "архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай 128/2023/0937 дугаар индекстэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа” гэх зэргээс үзвэл энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Захиргааны байгууллагаас Г.Б-т газар эзэмших эрх олгосон, хавтаст хэрэгт авагдсан баримт болон “Р” ХХК-иар боловсруулсан “Иргэн Г.Б-ийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээний барилга”-ын ажлын зураг, Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн МЗХ2022/15-017 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар[10]”, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг,[11] нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн авто машины зогсоолын барилгын ажилд зарцуулсан зардлын түүвэр[12] зэргээс үзэхэд газар эзэмшсэнээс хойш үйл ажиллагаа явуулан, хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй.
6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын тайлбарт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.Б нь газар эзэмших эрхийнхээ хүрээнд газар дээрээ хөрөнгө оруулалт хийж барилга барьсан, маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь тогтоогдсон энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчим үйлчлэхээр байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 88-89 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 75 дахь тал
[3] 1 хавтаст хэргийн 62-66 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 60 дахь тал
[5] 1 хавтаст хэргийн 7-10 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 52 дахь тал
[7] 1 хавтаст хэргийн 46 дахь тал
[8] 1 хавтаст хэргийн 53-56 хуудас
[9] 4 хавтаст хэргийн 210-212 хуудас
[10] 3 хавтаст хэргийн 17 дахь тал
[11] 2 хавтаст хэргийн 243 дахь тал
[12] 2 хавтаст хэргийн 1-217 хуудас