Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00980 дугаар шийдвэртэй, Ч.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Бд холбогдох 837 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Х,

Хариуцагч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр надтай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан 75 ширхэг хөөсөн хүрээг худалдаж авахаар тохиролцсон. Миний бие 014/5см/ кодтой 60 ширхэг, 035/9см/ кодтой 9 ширхэг, 02-001 кодтой 6 ширхэг булан, нийт 834 300 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авагчид өөрийн биеэр хүргэж өгсөн. Мөнгийг маргааш нь данс руу шилжүүлнэ гэсэн. Мөн 2017 оны 6 дугаар сард надаас барилгын материал худалдаж авах гэтэл мөнгө дутчихлаа гээд 100 000 төгрөг бэлнээр зээлж авсан. Дараа нь дахин ирж 014 кодтой хөөсөн хүрээнээс 4 ширхэгийг нэмж авсан, тэр нь 43 200 төгрөг болсон. 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр хэрэглээгүй илүү гарсан материал гээд 139 950 төгрөгийн бараа авчирч өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй тул хариуцагч А.Бгаас үлдэгдэл төлбөр болох 837,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.Эрдэнэбаяртай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 76 дугаар байрны 6 тоотод дотоод засал чимэглэлийн ажлын гэрээ байгуулсан, гэрээний 1.3-т заасны дагуу үнийн дүнд материалын зардал, сантехник угсралтын ажил тээврийн зардал ороогүй болно. Ажлын явцад захиалагч Г.Эрдэнэбаяр нь засварын материалыг өөрөө хариуцаж нийлүүлсэн болно. Ажил хийх явцад дутуу татсан материалын үлдэгдлийг миний бие утсаар ярьж авчируулсан. Гэрээний дагуу сүүлд татсан заслын материалын үнэ болох 834 300 төгрөгийг Г.Эрдэнэбаяр байрны эзэн төлөх ёстой. Харин эсрэгээр бидний гүйцэтгэсэн ажлын хөлс 9 000 000 төгрөгөөс 8 300 000 төгрөгийг урьдчилж авснаас мөн заслын ажилд зориулж 15 ширхэг уут плитан цавуу, ус тусгаарлагч 2 ширхэг уут, мөн бас бус материал авсан болно. Миний бие Г.Эрдэнэбаяраас 1 125 000 төгрөг авах ёстой, гэрээний дагуу нэхэмжилж буюу 834 300 төгрөгийг Г.Эрдэнэбаяр төлөх бөгөөд дээр нь заслын ажлын үлдэгдэл 1 125 000 төгрөгийг ч төлөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 837 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 24 660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд гол хариуцагч байраа засуулсан Г.Эрдэнэбаяр болон миний бие оролцоогүй. Нэхэмжлэгчтэй албан ёсны гэрээ хэлцэл хийж, гарын үсэг зураагүй. Байрны эзэн анх Ч.Хтай ярьж 100 000 төгрөг зээлсэн, би зээлээгүй. Анхнаасаа бараа материалыг Г.Эрдэнэбаяр уг хүнээс авч өгч байсны дээр дутуу материалыг утасдаад авчих гэж утасны дугаарыг надад өгсөн. Аман гэрээ гээд байгаа зүйлийг анх Г.Эрдэнэбаяр Ч.Хтай хийсэн байдаг. Харин би илүү гарсан материалыг буцаан аваачиж өгч байсан. Надтай хийсэн гэрээний дагуу Г.Эрдэнэбаяр материалын зардлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Харин эсрэгээрээ миний бие байраа засуулсан Г.Эрдэнэбаяраас ажлын хөлсний дутууг авах ёстой гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг баримтилсан. Ажил хийсэн хүн ажлынхаа хөлсийг ч гүйцэд авч чадаагүй байхад дээрээс нь намайг аваагүй юмны төлөө төлбөр төлүүлэх гэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн маргаанд хамаарах нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч А.Бд холбогдуулан бараа материал худалдан авсны үнэ 737 550 төгрөг, зээлийн төлбөр 100 000 төгрөг, нийт 837 550 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн авагдсан зарлагын баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч А.Б нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ч.Хаас 75 ширхэг хөөсөн хүрээ буюу 014/5см/ кодтой 60 ширхэг, 035/9см/ кодтой 9 ширхэг, 02-001 булан 6 ширхэг 834 300 төгрөгийн, 014 кодтой хөөсөн хүрээ 4 ширхэг буюу 43 200 төгрөгийн барилгын бараа материалыг тус тус авч, нийт 877 500 төгрөгөөс 139 950 төгрөгийн барааг буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах, 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт зааснаар зээлийн гэрээний эрх үүрэг үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзлээ.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг бүрэн төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа зохих хүү нэмж төлөх нөхцөл тохирдог. Талуудын хооронд бараа материал шилжүүлсэн үйл баримтаас үзвэл хүү төлөх талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Харин тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах болон, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ иргэн Г.Эрдэнэбаяртай барилгын дотор засал чимэглэлийн гэрээ байгуулж, барилгын материалтай холбоотой зардлыг захиалагч хариуцахаар тохиролцсон, уг ажилд дээрх барааг татан авсан гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагчийн нэр заасан Г.Эрдэнэбаяр нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэх агуулгаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч А.Бд 100 000 төгрөг зээлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ. Энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг нотлоогүй тохиолдолд хариуцагчаас дурдсан хэмжээний төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд зээл олгосон гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд зээлийн үүрэг үүссэн болохыг  эргэлзээгүйгээр нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч А.Бгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу барааны үнийн дутуу төлсөн 737 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр өгсөн гэх 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар А.Бгаас 737 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “24 660 төгрөг гаргуулж” гэснийг “22 251 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                   

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА