| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-08-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Я-ийн Б-д холбогдох эрүүгийн 2335000880...... дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............. өдөр Увс аймгийн ............... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Я-ийн Б, (РД:.....................);
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн ..................... сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвийн хойд захад Сум дундын эмнэлгээс сумын төв рүү чиглэсэн хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в болон 3.7.а, 3.7.в, 12.2, 12.3 -д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ард нь сууж явсан зорчигч иргэн Н.Б унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч Н.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн зүгээс “хохиролд 1.500.000 төгрөг авсан учир гомдолгүй” гэх баримт хавтаст хэрэгт авагдсан, зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхигй нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Я.Бгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн байдалтай холбоотой гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Я.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Миний үйлчлүүлэгч Я.Бгийн гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр нийгэмд эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг гаргав.
Эрүүгийн 2335000880..... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-13 дахь тал);
2. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16 дахь тал);
3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 25-26, 29 дэх тал);
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-24, 27-28 дахь тал);
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нөхөр Н.Б нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр .............сумын төвд байрлах гэрээсээ ..................... сум руу үрээ /морь/ засах ажлаар явсан. Маргааш ...орой нь 18:00-19:00 цагийн орчимд залгахад утсаа авсан бөгөөд хаана яваа талаар асуухад би гэр лүүгээ явж байна, бороонд шалба цохиулж байна, ойрхон айл руу орно гэж ярьж байсан. Тэр үед хэл ам нь орооцолдсон байдалтай, архи уусан шинжтэй байсан тул архи уучихсан юм уу гэхэд архи уусан, гэхдээ найгаа алдтал согттолоо уугаагүй гэхээр нь би орой болж байна, чи нүд муутай хүн бүрэнхийд юм харахгүй, наад орох гэж байгаа айлдаа хоноод өглөө хөдөл гэж хэлсэн. ...Нөхөр маань 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охины төгсөлтийн хонхны баярт очно гэж хэлсэн тул хүлээгээд ирэхгүй өглөө нь ирэх юм байх гэсэн боловч ирээгүй. Гэтэл ...О утасдаад танай нөхөр ..................... сумын эмнэлэгт хүргэгдсэн ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиход нөхөр ухаангүй хамар, дух, шанаа зулгарсан, зүүн чихнээс цус гарсан байсан. Одоо ч хэвэндээ байна ...Миний нөхөр Н.Б нь зам тээврийн осолд орсны улмаас толгойдоо гэмтэл авсан. Өөрөө, бие дааж өндийж байгаа боловч бие дааж босож явж чадахгүй байгаа юм ...нөхрийгөө хэвийн болгох, өөрөө бие дааж юм хийж чадах чадвартай болгох, цаашдын хагалгааны төлбөр зэргийг нэхэмжпэх болно. Баримтыг цуглуулж байгаад нэгтгэж өгөх болно” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-35 дахь тал);
6. Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр...Н.Б дахин утасдаад ирээд үрээ /морь/ засаад өгөөч, гүүрийн дээд талд адуугаа аваад ирсэн байна гэсэн тул би 14:00 цагийн орчимд гүүрийн дээд талд очсон. Тэнд байтал Б /Б/ ирсэн. Тэгээд Н.Бийн 3 үрээ зассан. Н.Б надаас бензин авахдаа миний машины суудлын ар талд 1 шил архи байсныг харсан тул засаа идсэн юм чинь даруулга болгоод хэрэглэе, архиа өгчих гэж гуйсан, би архиа өгөөд задлаад Я.Б, Н.Б, Цагаанхайрханы нэг залуугийн хамт 4-үүлээ уг архийг хувааж уусан. Би буцаад гэр лүүгээ явж байгаад Д гэх хүн адуу засаж байхад нь очоод адуу засаж байтал Н.Б, Я.Б нар араас хүрч ирсэн. Тэгээд тэр айлд 2-3 шил архи уусан байх. Би үрээ засаж байсан тул орж, гараад уугаад байсан тул хэдэн шил архи уусныг сайн мэдэхгүй байна. Дуусаад би гэр лүүгээ явж байгаад хүргэн ах Улаангом сум руу эмчилгээнд явна гэсэн тул буцаж сумын төв орохоор явж байтал гүүрний доод талд Н.Б, Я.Б, Д ах, хажуудаа танихгүй 2-3 залуу сууж байхтай тааралдсан. Тэр үед миний хамаатны дүү эрүүл байсан тул Н.Б тэр залууг архинд явуулсан. Дүү маань ирэхдээ манай эхнэрийн хамт 0.5л, 0.75л хэмжээтэй “Ерөөл” нэртэй 2 шил архи авч ирсэн. Архи ирэх хооронд хүмүүс яваад Я.Б, Н.Б, Цагаанхайрханы танихгүй залуу бид 4 үлдсэн. Бороо орж байсан тул миний пургонд орж суугаад 1 шил архийг хувааж уусан.1 шил архи үлдсэн. ...Гэртээ ирээд байж байтал Я.Б, Н.Б нар араас манайд ирсэн. Манайх хонины толгой шийр чанаж байсан түүнийгээ идэх зуур үлдсэн 1 шил архийг задалж талыг нь уугаад тэр хоёр яваад өгсөн. Би гэртээ үлдсэн. Түүнээс хойш энэ хоёр хүнтэй уулзаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
7. Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 08:15 цагт О.Т гэх хүнээс зам дээр нэг хүн хэвтэж байна. Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна гэх дуудлага ирсний дагуу би өөрийн биеэр дуудлагад очсон. Намайг очиход эмнэлгээс сумын төв рүү орох хэсгийн хатуу хучилттай зам дээр гүүр гараад замын голд эрэгтэй хүн баруун хажуу хэсгээрээ хэвтсэн, зүүн чихээ гараараа дарсан байдалтай ухаангүй байсан. Гадна үзлэгээр хамар, зүүн шанаа, духны зүүн хэсэг зулгарсан, зүүн чихний хөндийгөөс цус гарч байсан. Ухаангүй боловч өвдөлт мэдэрч зулгарсан хэсэгт гар хүрэхэд зовуурилж өвдөлт мэдэрч байсан. Асуусан асуултад хариулахгүй, яраглахаас өөр авиагүй орчиндоо харьцаагүй байсан. Ойр хавьд О.Тгийн машинаас өөр машин байхгүй, зам дээр 3 хэсэг газар цусан толбонууд үүссэн, хатуу хучилттай зам дээр зурагдсан ул мөрнүүд үүссэн байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал);
8. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 07:40 цагийн орчимд манай тамгын газрын мэргэжилтэн Ч.Н над руу утасдаж "Эмнэлэг явж байна, чөлөө авах гэсэн юм. Эмнэлэг явах зам дээр согтуу бололтой, улаан дээлтэй хүн хэвтэж байна. Хөдлөхгүй байна" гэж хэлсэн. Би тэр талаар сонсоод олон нийтийн цагдаа О.Тд утсаар мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа О.Т над руу утасдаад нөгөө хүн дээр очсон нэлээд их шалбархайтай бэртэж гэмтсэн бололтой байна. Гадны өөр сумын хүн бололтой, танихгүй хүн байна. Мотоциклоос унасан бололтой мөр гарсан байна. Ойр орчимд мотоцикл нь алга. Эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн талаар танилцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал);
9. Гэрч О.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 07:50 цагт ..................... сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.А надруу утасдаад зам дээр нэг согтуу хүн хэвтэж байгаа юм байна. Очоод үзээрэй гэж хэлсэн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нар аймгийн төврүү явсан байсан тул би уг хүн хэвтэж байгаа гэх газарт очиход сумын төвөөс эмнэлэг явах замд буюу сумын төвийн хойд хэсгийн хатуу хучилттай замын төгсгөл орчимд замын голын цагаан зураас дээр улаан дээлтэй эрэгтэй хүн баруун хажуу талаараа хэвтсэн, дээлний захаараа толгойгоо хагас бүтээсэн байдалтай атиралдаад хэвтэж байсан. Тэр хүнийг хэн болохыг таних гэж нүүрийг нь харахад танихгүй манай сумын хүн биш байсан бөгөөд хамар, дух, шанаа орчмоор шалбарсан. Баруун чихнээс нь цус гоожсон байдалтай байсан. Тэр хүнийг татаж дуудахад өндийхгүй нүдээ нээж над руу нэг удаа харчхаад буцаад нүдээ аниад хэвтээд байсан нэрийг нь асуугаад босоорой гэхэд босохгүй, даарсан бололтой зүүн гараа дотогш татаад ханцуй руугаа хийгээд байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Уг газар орчимд мотоцикл осолдож унасан бололтой, хойноос урд чиглэлтэй тоормоз дарсан, хажуугаараа унаж гулссан бололтой хар зураас болон хатуу эд зүйлээр бетон зам зурагдсан ул мөр байсан. Мөн эргэн тойронд мотоцикл байгаагүй тул мотоциклоос унаж гэмтсэн гэж үзээд эмнэлгийн эрхлэгч Г.Алуу утасдаж дуудлага өгсөн. Г.А эмнэлгийн машинтай өөрөө ирж үзээд тэр хүнийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал);
10. Гэрч Ш.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21:00 цагийн орчимд Н.Б над руу нэг удаа залгасан байсан. Би унтсан байсан тул аваагүй. Маргааш өглөө нь Н.Бийн утас холбогдохгүй байсан тул эхнэр Ж.О-лүү залгахад Н.Б осолд ороод ..................... сумын эмнэлэгт хүргэгдсэн ухаангүй байгаа юм байна гэж хэлсэн. Би тэр талаар сонсоод Ж.О-ийг аваад ..................... сум руу явсан. ...Би сумын төв орох замд Туруун голын ар талд харганы захад хар өнгийн мотоцикл байхыг харсан. Тэгэхэд Ж.О- энэ миний нөхрийн мотоцикл байна гэж хэлсэн. Уг мотоцикл босоогоороо данхраадаад орхисон голын ар, дээд талд байсан. Бид хоёр сумын эмнэлэгт очиход Н.Б ухаангүй, нүүр нь шалбарсан байдалтай байсан. Нөхөрлүү утасдахад утсаа авсан тул чи өчигдөр Н.Бтэй хамт явсан уу? Энэ хүн эмнэлэгт ухаангүй байна гэж хэлэхэд яана аа би мэдээгүй. Би шөнө мотоциклтой унасан. Тэгээд явж байгаад айлын хашааны гадна унтсан байсан. Өглөө сэрээд харахад нар дээр хөөрсөн байсан. Тэгээд осолд орсноо санаад унасан гэж бодож байгаа газраараа очиж харахад Н.Б байгаагүй тул гэр лүүгээ явсан гэж хэлсэн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал);
11. Гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 07:40 цагт сумын эмнэлэг рүү явж байтал эмнэлэг явах замд хатуу хучилттай зам дээр улаан дээлтэй хүн замын голд уруу хараад хэвтэж байсан...Тэр хүн ухаангүй бололтой аль эсвэл согтуу бололтой байсан тул Тамгын газрын дарга Д.Ат утсаар мэдэгдсэн. ...ШТС дээр очоод бензин авахаар зогсож байхад олон нийтийн цагдаа О.Т ирж үзээд удалгүй эмнэлгийн машин ирээд тэр хүнийг аваад явж байгаа харагдсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал);
12. Гэрч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө үүрээр 05:00-06:00 цагийн орчимд үүр цайж байтал манай хашааны хаалгыг хүн цохиод байсан бөгөөд чагнахад согтуу бололтой хүн дуугараад байсан тул би хаалгаа тайлж өгөөгүй. Манайх эмнэлгээс сумын төв орох жижиг гүүрний баруун талд нүүрэн талын хашаанд байдаг юм. Тэр өглөө засварын газраа нээж байхад олон нийтийн цагдаа О.Т хүрч ирээд гүүрний дэргэд зам дээр мотоциклтой хүн осолд орсон, эмнэлэгт хүргэгдсэн...чи таних уу гэж хэлээд осолд орсон хүний зураг үзүүлсэн. Би тэр хүнийг таниагүй. Осол болсон талаар ямар нэгэн зүйл мэдээгүй, зам дээр мотоцикл унах осол болох чимээ сонсогдоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал);
13. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай “...Үзүүлэгч Н.Бийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай, суурь ясны зүүн талын шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнд хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний дээд талд, зүүн хацар, хамрын нуруу, баруун хөмсөгний гадна хэсэгт, баруун гарын алганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай, суурь ясны зүүн талын шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнд хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дахь тал);
14. Шинжээч З.Ж-ын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23/04 дугаартай “...Уг мотоциклийн их гэрлийн дээд урд илүү гарсан хамгаалалт төмрийн зүүн урд өнцгийн гадна ирмэг үрэгдэж зурагдсан оромтой, жолооны хүрдний зүүн гадна хамгаалалт төмөр зурагдсан, өвдөгний хамгаалалт зүүн талын доод өнцөг зурагдсан, миллийн голын кабель утас урд дугуйны орчимд тасарсан сул унжина, урд сигналуудын гадна ирмэг хагарч, арааны рчакны урд гишгүүр хойш муруйж хөлийн гишгүүрийн түвшинд хүртэл нугларсан, өвдөгний хамгаалалт зүүн талаараа хойш ханарч муруйсан, сэтэрсэн, банкны урд доод ирмэг хоёр талдаа 2 см хэмжээтэй хонхойсон, зүүн хойд гишгүүрний гадна доод ирмэг туушдаа зурагдсан ул мөртэй, баруун хойд хэсгийн ачааны тавиур тасарч үгүй болсон, баруун хойд дохионы гэрэл асахгүй, бусад гэрэл дохионууд хэвийн ажиллаж байв. Мотоциклын арааны рчакны урд гишгүүр хойш муруйж хөлийн гишгүүрийн түвшинд хүртэл нугларсан нь арааг хэвийн байдлаар солих боломжгүй болгосон байна. Явах эд анги, жолоодлогын системд ноцтой гэмтэл үгүй. Явах эд анги болон тоормосны систем хэвийн ажиллагаатай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 133-134 дэх тал);
15. Шүүгдэгч Я.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мотоциклийг жолоодож явсан. Тухайн үед Н.Бийн мотоциклийг голын наад талд харганы захад үлдээсэн байсан. Осол болох үед миний өөрийн Мустанг-5 загварын мотоциклтой явсан. Уг мотоциклийг 2023 оны 04 дүгээр сард шинээр худалдаж авсан мотоцикл бөгөөд улсын дугаар аваагүй байсан юм. ...бид хоёр нэг мотоциклоо орхиод миний мотоциклоор сумын төв орсон. Оогоо гэх айлд очоод гуйж 1 шил архи авсан. Бид хоёр тэр архийг авч яваад Туруун голын гүүрээр хойш гарч голын ар талд уусан. Бид хоёр согтоод дахин нөгөө айлаас очиж архи авахаар ярилцаад сумын төв рүү явж байгаад хатуу хучилттай зам дээр гараад мотоциклтой хажуугаараа унасан. Би мотоцикл жолоодож явсан тул босоод Н.Б дээр очиход босохгүй, байж бай гэж хэлээд байсан. Би түүнийг босож чадахгүй юм биш үү би хүн олоод ирье гэж хэлээд мотоциклтой замаас гарч гудамж руу орж зогсоод айлын хаалга цохиод явж байснаа согтоод унтсан байсан. Тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тоормос гишгэтэл бөгс хажуу тийш шидэгдээд унасан. Би тоормос дарсан. Би болон Н.Б нь хамгаалах малгай өмсөөгүй байсан. Н.Бийн эмчилгээнд зориулж ..................... сумаас Улаангом сум руу тээвэрлэх явцад 300.000 төгрөг, Улаангомд эмнэлэгт хэвтэж байхад нь 200.000 төгрөг өгсөн. Цаашид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах болно...”гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 157-158 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Я.Б нь ..............суманд төрж өссөн. Тэрээр сумын цэцэрлэгээр хүмүүжиж, улмаар сургуульд сурч байгаад бага ангиасаа гарсан. Цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Хөдөө гарч мал маллаж амьдрах болсон. ........... суманд эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг малчин хүн байгаа юм. Хувьд ногдох хөрөнгийн хувьд 100 гаруй бод, 1000 орчим бог малтай, Тоёота прадо-95 загварын автомашин-1, мотоцикл-1, вонго загварын бага оврын ачааны машин-1 зэрэг эд хөрөнгөтэй, аймгийн сайн малчнаар шалгарч байсан, амьжиргааны түвшин дунджаас дээш өрх юм. Зан араншингийн хувьд Я.Б нь хүний үгнээс гардаггүй, баг нийтийн ажилд идэвхтэй сайн оролцдог, хүнтэй харьцах харьцаа сайн, хөдөлмөрч, даруу төлөв зантай хүн байгаа юм. Архи хааяа уучихдаг, тамхи татдаг, агсам согтуу тавиад байдаггүй, урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал);
2. Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Я.Б нь .............сумын ..... багийн малчин бөгөөд эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Аймгийн сайн малчнаар шалгарч байсан. Хувьдаа 2000 гаруй малтай байсан боловч өнгөрсөн өвлийн зуднаар 1000 орчим малаа үхүүлсэн, одоо 1000 орчим малтай үлдсэн. Хувьдаа Тоёота прадо-95 загварын автомашинтай, энэ хавар мотоцикл шинээр худалдаж авсан, бага оврын ачааны машинтай, сумын төв дээр нэг гэртэй, хөдөө малын гэрээр голдуу мал маллаж амьдардаг. Зан араншингийн хувьд Я.Б нь даруу төлөв зантай, хөдөлмөрч, бусдад тусархуу, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, хүнтэй харьцаа сайтай, өөрийн бодсон санасан зүйлээ хүнд нээлттэй харьцаад ойлгуулчихдаг, малд нүдтэй, ар гэрийн амьдрал ахуй, аминдаа арчаатай, гэр орны ажил төрөл хийгээд, мал ахуйгаа өөд нь татаад амьдралын төлөө зүтгэлтэй хүн байгаа юм. Хааяа найз нөхдийн хүрээнд архи уучихдаг, агсам согтуу тавиад байдаггүй. Гэр амьтай хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал);
3. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн 2335000880180 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнтэй танилцсан тэмдэглэл (хавтаст хэргийн 148-155 дахь тал);
4. Я.Бгийн яллагдагчаар өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... 2005 онд эхнэр Ш.Жтай гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхнэр бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг, малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг. 3000 малтай байсан боловч өнгөрсөн өвлийн зуд, турханаар 1000 орчим малаа үхүүлсэн, одоо 1000 гаруй малтай үлдсэн. Хувьдаа вонго загварын бага оврын ачааны машин, Тоёота прадо-95 загварын машин, Мустанг-5 загварын мотоцикл, Монгол гэр, сумын төвд жижиг байшинтай, дэлгүүр байсан боловч ажиллуулахаа больсон, хадгаламж байхгүй, Улаанбаатар хотод 4 өрөө байртай. Том охин 11 дүгээр анги, дараагийн охин 7 дугаар анги, 3 дахь охин 4 дүгээр анги, бага хүү 1 дүгээр анги төгссөн. Би гэр бүлийн хамт мал маллаж амьдарч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157-158 дахь тал);
5. Шүүгдэгч Я.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 162 дахь тал);
6. Увс аймгийн ....................... багийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 171 дугаартай “...Я.Б нь ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн малчин иргэн мөн болохыг тодорхойлов” гэх албан бичиг хуудас (хавтаст хэргийн 177 дахь тал);
7. Малын А дансны хуулбар буюу Я.Бгийн 2022 оны мал тооллогын баримт (хавтаст хэргийн 178-179 дэх тал);
8. Увс аймгийн Цагдаагийн газарт хохирогч Н.Бийн гаргасан “Я.Бгээс хохиролд 1.500.00 төгрөг авсан нь үнэн болно. Миний эрүүл мэнд одоогоор хуучин хэвийн байдалд орсон тул цаашдаа нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 180 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Я.Б хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон гэх мөрдөгчийн магадлагаагаас бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,
- Шүүгдэгч Я.Б нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож, Увс аймгийн ..................... сумын 1 дүгээр багт байрлах, хатуу хучилттай замаар Сум дундын эмнэлгээс сумын төв рүү чиглэн явж байгаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в болон 3.7.а, 3.7.в, 12.2, 12.3 -д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний мотоциклийн ард сууж явсан, зорчигч Н.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-13 дахь тал), хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16 дахь тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 25-26, 29 дэх тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-24, 27-28 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-, гэрч Г.Г, Г.А, Д.А, О.Т, Ш.Ж, Ч.Н, С.А нарын мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-43, 45,51,57, 66 дахь тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дахь тал), шинжээч З.Жамбалын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23/04 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 133-134 дэх тал), шүүгдэгч Я.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул Я.Бг зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,
Мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ”, тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол хүндрүүлэн үзэхээр хуульд заажээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а заалтаар жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байна.
Гэтэл шүүгдэгч Я.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хориглосон заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Я.Б, болон хохирогч Н.Б нар зам тээврийн осол гарах үед хамгаалах малгай хэрэглээгүйгээс хохирогч Н.Б зам тээврийн осолд өртөж, тархиндаа хүнд гэмтэл авсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Я.Бг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” заалтыг зөрчсөн гэж үзэх бөгөөд Я.Бгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл буюу мотоцикль нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугааргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг мөн дүрмийн 3.7.в-д заасан “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Я.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас харанхуй болон үзэгдэх орчин хангалтгүй үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй нь тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн прокурорын яллах дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Шүүгдэгч Я.Бгийн согтуугаар Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас зорчигч буюу хохирогч Н.Бийн эрүүл мэндэд зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай, суурь ясны зүүн талын шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнд хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Я.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан, харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан буюу шүүгдэгч Я.Бгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Н.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Нямдаваагийн гаргасан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаа нь жолоочийн гэм бурууг тогтоосон агуулга бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул тухайн магадлагааг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Я.Б болон хохирогч Н.Б нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
2. Шүүгдэгч Я.Б зам тээврийн осол гаргасан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Н.Бийн эрүүл мэндэд “Зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай, суурь ясны зүүн талын шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнд хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт бүхий” амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлж байна.
3. Хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Я.Бгээс хохиролд 1.500.00 төгрөг авсан. Миний эрүүл мэнд одоогоор хуучин хэвийн байдалд орсон тул цаашдаа нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлжээ. (хавтаст хэргийн 180 дахь тал);
Мөн шүүгдэгч Я.Б нь хохирогчид 1.500.000 төгрөгийн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн гүйлгээний баримтууд, дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 209-211 дэх тал);
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Бгээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.Б нь зам тээврийн осолд өртсөний улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл авсан нь тогтоогдож байгаа, цаашид түүний эрүүл мэндэд гэмт хэргийн үр дагавар илэрч болохыг үгүйсгэхгүй тул хохирогч Н.Бийн цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн байдалтай холбоотой гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мал маллаж амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Я.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүсэлт, мэдүүлэг гаргаагүй болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч Я.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 162 дахь тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр 1984 онд төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэх хувийн байдлууд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Бгийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 64, 70 дахь талд авагдсан гэрч Д.Э, Д.М нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Я.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Я.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Я.Бд оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Я.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
7. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн 1........... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгаж, шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Я-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Я.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Я.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Я.Бгийн 1......... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Б-д даалгасугай.
9. Шүүгдэгч Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА