Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.П,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын Д-д холбогдох эрүүгийн 22350011001... дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................ өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ................ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Д, регистрийн дугаар: ...................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн ............. сумын 6 дугаар багийн нутаг “Хар чулууны бэлчир” гэх газарт Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ........ УАО улсны дугаартай “Volvo FH13” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч иргэн Д.Г-ийг мөргөж, амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн ............. сумын 6 дугаар багийн нутаг “Хар чулууны бэлчир” гэх газарт Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ........ УАО улсын дугаартай “Volvo FH13” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч иргэн Д.Г-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 17-30 дахь тал);

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дэх хавтаст хэргийн 31-38 дахь тал);

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 39-50 дахь тал);

4. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал);

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал);

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Ө сумын иргэн бөгөөд манай аав, ээж олон жилийн өмнө нас барж, ах дүү нарын хамт амьдарч байгаад манай дүү нар бүгд гэр бүл болж тусдаа гарч амьдарч байгаа. Тэдгээрээс 1983 онд төрсөн Д.Г гэх дүү минь гэр бүл зохиогоогүй, ганц бие 200 орчим малаа маллаж амьдардаг байсан. ..2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.Г нь Д.Б-ын хамт Ө сум яваад өөрийн мотоциклоо аваад ирье, мөн авга дүү Л-ыг авч ирж ямаагаа самнуулъя гээд өглөө 8-9 цагийн үед манайд орж ирээд гарсан. Тэгээд намайг гэртээ ирээд байж байтал орой 22-23 цагийн үед манай дүү Д.Г-ийг мотоциклтой ирж байгаад бэртчихсэн байна гэж надад хэлэхээр нь зүгээр юм уу гэхэд хөл нь хугарсан юм шиг байна гэсэн. Би дүү Д.Б-ийн хамт ............. сумын 6-р багийн нутаг дэвсгэр буюу Тээлээр өгсөөд дүүгийнхээ бэртсэн гэх газарт яваад очиход зам дээр том оврын ачааны машин, цагдаагийн машин, эмнэлгийн машин ирчихсэн байсан. Бид буугаад очиход миний дүү Д.Г замын хажууд шидэгдсэн байдалтай өрөөсөн гутал нь байхгүй, ухаангүй байдалтай хэвтэж байсан бөгөөд очих гэхэд цагдаа нар биднийг ойртуулаагүй тэгээд эмнэлгийн ажилчдаас асуухад миний дүү Д.Г-ийг нас барсан гэж хэлсэн. ...Хэргийн холбогдогч Б.Д нь оршуулгын зардал болон бусад зардалд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 (таван сая) төгрөг өгсөн. Дараа нь 1.000.000 төгрөг, өгсөн, хэргийг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа дахин 2.000.000 төгрөг өгнө гэсэн. Бид Д-оос нийт 8.000.000 (найман сая) төгрөг нэхэмжилсэн бөгөөд 6.000.000 төгрөг өгсөн, үлдэх 2.000.000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Мөн Б.Д нь биднээс удаа дараа уучлалт гуйж, оршуулгын зардал болон бусад зардлыг төлсөн тул нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75, 77 дахь тал);

7. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай авга ах Д.Г нь гэр бүлгүй, манайд бидэнтэй хамт өөрийн малыг маллаж амьдардаг байсан. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Ө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ахын гэрт мотоциклоо урьд өмнө орхиод ирсэн, тухайн мотоцикл авч ирмээр байна, чиний мотоциклд бензин хийгээд хамт яваад ирье гэхээр бид 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн үед явцгаасан. Тухайн үед талийгаач Д.Г нь өөрийн цүнхтэй хувцаснаас 0.75 литрийн архи аваад явсан бөгөөд бид хоёр тухайн Ерөөл гэх архийг хувааж уусан боловч би ганц, хоёр хундага уусан, харин талийгаач Д.Г нь бүгдийг нь замдаа уугаад Ө орсон. Ө сум ороод авга ахын хүү Л.Л-ыг ямаагаа самнуулахаар Д.Г ардаа сундлаад аваад явсан. Бид Ө сумаас хөдлөөд явж байтал урд явж байсан Д.Г нь зам дээр замын гадна цагаан зураасны хажууханд мотоциклоо данхраадчихсан тэр хоёр буучихсан байсан бөгөөд яасан юу болсон гэж асуухад мотоциклийн бензин дуусчихлаа гэсэн. Үзэхэд мотоциклийн карвейтер нь бөглөрсөн байсан тул янзалчихаад авга ахын дүү Л.Л- бид хоёр замаас буугаад бие засаж байтал ямар нэгэн чимээ болон машины дуу гарахаар эргээд харахад том оврын ачааны машин Д.Г ахыг мөргөчихсөн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал);

8. Гэрч Л.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Г ахын ямаа самнах зорилгоор тэдний мотоциклийн ард би суугаад талийгаач Д.Г мотоциклоо жолоодоод,  харин Д.Б- ах өөрийн мотоциклоо бариад оройны 18 цагийн үед явцгаасан................. сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Тээл рүү уруудаад орж байгаад талийгаач Д.Г ахын мотоцикль доголдоод байхаар нь замдаа зогсоод замын хажууд гадна байх цагаан шугам дээр мотоциклоо зогсоогоод бие засахаар бууцгаасан. Ингээд Д.Б- ах бид хоёр замаас цааш буугаад бие засаад зогсож байтал машин дуугарах чимээ гарахаар эргэж харахад том оврын ачааны машин талийгаач Д.Г ахыг болон мотоцикл мөргөчихсөн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал);

9. Гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр  сарын 25-ны орой ....................................." ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тус компанийн жолооч Б.Дгийн хамт тус тусдаа “Volvo FH13” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод цемент ачаад Баян-Өлгий аймгийн Толбо сум орсон. Тэгээд Баян Өлгий аймгаас гараад Увс аймаг руу ороод цааш нь Тува улс руу гарч бараа ачих зорилгоор 2022 оны 4 дүгээр сарын 20-ны орой Увс аймаг руу тус тусын авто машинтай гарсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Увс аймгийн нутаг дэвсгэрт орж ирэх үед манай компанийн жолооч Б.Д урд нэлээн зайтай явж байсан бөгөөд ............. сумын нутаг дэвсгэрт орж ирэхэд Б.Д авто зам дээр аваарын шар гэрлээ асаагаад зогсчихсон байсан. Би буутал Б.Д замын хажуугаас гарч ирж байсан бөгөөд эсрэг талын замын хажууд 2 мотоциклтой хүн зогсож байсан. Ингээд намайг тус хүмүүс дээр очиход жоохон хүүхэд, үл таних залуу хоёр зогсож байсан, би юу болсон бэ гэхэд тухайн залуу хоорондоо маргалдаад зам руу гүйчихлээ гэж хэлж байсан. Тухайн үед би юунд маргалдсан юм гэхэд архи уучихаад зам гарна гээд зөрүүдлээд гэж хэлсэн. Тухайн үед чухам хэрхэн яаж мөргөлдсөн талаар хараагүй, би зам тээврийн осол болсны дараа ирсэн тул өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал);

10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай " Талийгаач Д.Гийн биед цээжний зүүн талын 2 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд суганы урд шугамаар, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганууд далны шугамаар, 11 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талын 6, 8, 9 дүгээр хавирганууд суганы дунд шугамаар, 7 дугаар хавирга суганы арын шугамаар хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун, зүүн уушгины цооролт, уушгины шалчийлт, гол судасны дээд хэсгийн хөндлөн урагдалт, орчны зөөлөн эдэд цус хуралт дэлүүний задрал, цээжний баруун, зүүн хөндий, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн дунд чөмөг яс доод 1/3 хэсгээр, зүүн шилбэ яс, шаант яс дунд 1/3 хэсгээр далд, зөрөөтэй хугарал дух, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацар, эрүүний баруун хэсэгт, баруун сарвууны ард, баруун шуу, зүүн ташааны урд ирмэгт, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт, зүүн сарвууны ард, зүүн шилбэний дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний зүүн талын 2 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд суганы урд шугамаар, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганууд далны шугамаар, 11 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талын 6, 8, 9 дүгээр хавирганууд суганы дунд шугамаар, 7 дугаар хавирга суганы арын шугамаар хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун, зүүн уушгины цооролт, уушгины шалчийлт, гол судасны дээд хэсгийн хөндлөн урагдалт, орчны зөөлөн эдэд цус хуралт дэлүүний задрал, цээжний баруун, зүүн хөндий, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтлүүд амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаач Д.Г нь дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 97-102 дахь тал);

11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүх химийн шинжилгээ” 47 дугаартай “...Талийгаач Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 2,4% промилли, ходоодны агууламжид 3,5% промилли, шээсэнд 3,4% промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал);

12. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай “...2022 оны 4 дүгээр сарын байдлаар “Volvo FH13” загварын автомашин, sohmitz SZ024 загварын чиргүүлийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 98.000.000 төгрөг, Мустанг-5 загварын хуучин мотоцикл 800.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал);

13. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Увс аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай "...65- 48 улсын дугаартай Вольво маркийн FН13 загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсныг комисс шалгаж тогтоов. Үүнд: 2 их гэрэл хагарсан, 2 хаалганы доод хормой хагарч бутарсан гэмтэл гарсан байв” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал);

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын техникийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2256 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн ослын материалд тэмдэглэгдсэн мөрөөр тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тогтооход 116 км/цаг гарч байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 177-178 дахь тал);

15. Шүүгдэгч Б.Дгийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон гэх мөрдөгчийн магадлагаагаас бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Энэ хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Гийн 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай магадлагаа нь жолоочийн гэм бурууг тогтоосон агуулга бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул тухайн магадлагааг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан бөгөөд  “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

2. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

3. Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн ............. сумын 6 дугаар багийн нутаг “Хар чулууны бэлчир” гэх газарт Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ........ УАО улсны дугаартай “VOLVO FH13” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явах”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.4-д заасан “ээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон байна.

4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай " Талийгаач Д.Гийн биед ...цээжний зүүн талын 2 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд суганы урд шугамаар, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганууд далны шугамаар, 11 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талын 6, 8, 9 дүгээр хавирганууд суганы дунд шугамаар, 7 дугаар хавирга суганы арын шугамаар хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун, зүүн уушгины цооролт, уушгины шалчийлт, гол судасны дээд хэсгийн хөндлөн урагдалт, орчны зөөлөн эдэд цус хуралт дэлүүний задрал, цээжний баруун, зүүн хөндий, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтлүүд амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаач Д.Г нь дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 97-102 дахь тал)-ээр талийгаач Д.Г нь зам тээврийн ослын улмаас цээж, хэвлийн битүү хүнд гэмтэл авч, нас барсан болох нь нотлогджээ.

5. Иймд шүүгдэгч Б.Дг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явах”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.4-д заасан “ээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

6. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Б.Дгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл болсон байна.

7. Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсдэж, хүнд хор уршиг учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-т гэмт хэргийн хор уршигт 8.000.000 төгрөг төлж барагдуулсан байна. (2 дахь хавтаст хэргийн 1, 4 дэх тал)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Д-гоос нотлох баримтаар ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-гоос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ. (1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал);

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.000.000 (найман сая) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Д-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байх бөгөөд түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуульд “хөнгөн” гэмт хэрэгт хамааруулж хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой,

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх хориглосон агуулгатай заалт хуульд байхгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Б.Д-гоос цаашид хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.П нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Д-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.000.000 (найман сая) төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У нь цаашид Б.Д-гоос нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дгоос гаргуулах гэмт хэргийн хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Б.Дгийн “В”, “С”, “СЕ” ангиллын, 6...... дугаартай, жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгаж, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Д-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн хор уршигт 8.000.000 (найман сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дгоос гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Б.Дгийн “В”, “С”, “СЕ” ангиллын, 6..... дугаартай, жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Б-д даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА