| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Г-д холбогдох эрүүгийн 2335000000..... дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................ Увс аймгийн ...... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............................ суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт С-ын Г, (регистрийн дугаар: ...........);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом ......................тоот хашаанд байрлах Г.Гын гэрт, түүнтэй ахуйн хүрээнд архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Гын толгойг түшлэгтэй сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..................... 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Г.Гтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “С.Г нь бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь гэрээрээ гутал оёж, амьдралаа авч явдаг. С.Г өөрөө барилгын туслах ажил зэрэг хөлсөөр ажил хийдэг, хажуугаар нь хөдөө эцэг эхдээ очиж мал маллаж тусладаг. Миний үйлчлүүлэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйсан, эвлэрсэн, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000.... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-7 дахь тал);
2. Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 17-ны өглөө би өөрийн гэрээ зуны байдлаар барих гэж С.Г гэх залуугийн гэрт очиж түүнийг дагуулж гарсан. Тэгээд гэртээ ирээд 1 шил Соёрхол нэртэй архи авч ирсэн. Задлаад ууж байтал С.Г-ын эхнэр ирээд аашлаад архийг асгаад яваад өгсөн. Би дахин 1 шил 0,75л-ийн Соёрхол нэртэй архи авч ирж, С.Г бид хоёр уусан. Хөдөөнөөс ирсэн хамаатны ах олгой авхуулсан тул архи уугаагүй яваад өгсөн. С.Г бид хоёр гэрээ барьж дуусах үед архи ч дуусаад би их согтсон тул юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд зүүн шанаа орчмоос цус ихээр гарч байсан. Хажууд миний ээж О, ахын бага насны хүүхдүүд байсан. Тэгээд цус тогтохгүй байсан тул эмнэлэгт очиж оёдол тавиулсан... Би С.Г-тай маргалдсан эсэхээ санахгүй байна. Их согтсон тул юу болсныг санахгүй байна. Тухайн үед С.Г бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. С.Г ямар шалтгаанаар намайг цохисныг би мэдэхгүй. Тухайн үед дэргэд байсан хүүхдүүд хэлэхдээ С.Г миний утсыг авч яриад явахдаа утас аваад явсан. Би араас нь нэхсэн юм шиг байсан. Тэгэхэд С.Г уурлаад чиний утсыг хулгайлаад идчихнэ гэж бодоо юу гэж маргаан үүсгээд намайг сандлаар цохисон гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал);
3. Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г миний нөхрийг ...... А дээд талд мужаан айлаас мод ачилцаад өг гэж хэлээд дагуулаад явсан. Нөхөр маань түүнээс хойш холбоо барихгүй болохоор нь 12:00 цагийн орчимд нөхрийгөө хайж Г.Гын гэрт очиход Г.Г гэрээ барьж байсан. С.Г бага зэрэг уусан бололтой гэхдээ согтоогүй гайгүй байсан. Нөхрийг явъя гэхэд Г.Г байж бай, энийг уучхаад би хүргээд өгнө гэж хэлээд аваад хоцорсон. Би нялх хүүхдүүдтэй тул яваад өгсөн. Нөхөр маань байж байгаад 15:30 цагийн орчимд гэрт ирсэн. Ирэхдээ архи уучихсан согтуу байсан бөгөөд орж ирээд юм хэлэхгүй шууд унтаад өгсөн. Нөхрийг ирээд удаагүй байтал 5-10 минутын дараа ...... сумаас Г.Гын дүү охин над руу утасдаад "Танай нөхөр Г нь Г.Гыг зодоод хаячихсан байна. Хүн оргүй болтол зодсон байна" гэж хэлсэн. Удалгүй дахин Г.Г-ын ах Г.Ч утасдаад танай нөхөр Г нь Г.Г-ыг цус нөжтэй нь хутгаад зодоод хаясан байна. Ирж энэ хүнийг хар гэж хэлсэн. Би Г.Гыг өөрийг нь яриулаад өг, юу болсон юм гэж асуухад надтай яриулахгүй байсан. Нөхрийн эгч С.У бас утасдаад С.Г-ыг цагдаа руу явуул, хүн зодсон гэж шалгаж байгаа юм байна гэж хэлсэн. Би Г.Г-тай сая очиж уулзахад зүүн шанаанд 9 оёдол тавьсан гэж хэлж байсан бөгөөд нүүрэнд нь тавьсан оёдол ил харагдаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал);
4. Насанд хүрээгүй гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г ахыг гэр барьсан өдөр С.Г гэдэг ах гэр барилцаж өгсөн. Тэгээд гэрээ барьж дуусаад Г.Г ахын утсыг С.Г ах авч ярихад Г.Г ах утсаа нэхэж, тэр хоёр маргалдаад С.Г ах түшлэгтэй сандлаар Г.Г ахын толгой руу 1 удаа цохисон, тэгээд Г.Г ахын толгойноос цус гарсан. Би хажууд нь хараад зогсож байсан юм. Тэгээд би айлд байсан эмээг очиж дуудсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал);
5. Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.Г нь гэрээ зуны байдлаар барих гэж С.Г гэх залуу авч ирсэн. Тэр хоёртой хамт гэрийг нь хөнгөлж бариад тэр зуур тэр 2 архи уусан байсан. Би ойрхон айлд очоод байж байтал хүүхэд гүйж ирээд Г.Г ахыг хүн цохисон, цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Би гэрт хүрч ирэхэд Г.Г гэртээ байсан. С.Г бас байсан бөгөөд Г.Гын зүүн шанаа шалбарч цус гарч байсан. Цус нь тогтохгүй байсан тул эмнэлэгт хүргүүлж оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаартай “...Үзүүлэгч Г.Гын биед духны зүүн хэсэг буюу зүүн хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Духны зүүн хэсэг буюу зүүн хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:
1. Хохиорогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал);
2. Хохирогч Г.Гын “...одоо хэн хэнтэйгээ ярилцаад С.Гд гомдолгүй болсон” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Г нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Шүүгдэгч С.Г нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Г.Гын 2429 тоот хашаанд түүний гэрийг зуны байдлаар барихад туслах явцдаа архидан согтуурч, улмаар С.Г нь үл ялих зүйлээр шалтаглан, Г.Гтай согтуугаар маргалдаж, түүний толгойг түшлэгтэй сандлаар цохиж, эрүүл мэндэд “духны зүүн хэсэг буюу зүүн хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий “хөнгөн” хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиорогч Г.Г, гэрч Г.М, Ц.О, насанд хүрээгүй гэрч Ч.О нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч С.Г нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г-ын хохирогч Г.Гыг толгой тус газарт цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.Г, хохирогч Г.Г нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Хохирогч Г.Г нь шүүгдэгч С.Гас нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Гас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 10, 57 дахь тал);
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “С.Г нь бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь гэрээрээ гутал оёж, амьдралаа авч явдаг. С.Г нь хөлсөөр барилгын туслах ажил хийдэг, хажуугаар нь хөдөө эцэг эхдээ очиж мал маллаж тусладаг. Миний үйлчлүүлэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйсан, эвлэрсэн, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч С.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хөлсөөр ажил хийдэг, бас хажуугаар нь эцэг эхдээ туслаж мал малладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэх мэдүүлгийг гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
- Шүүгдэгч С.Г нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ын урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймд шүүгдэгч С.Г-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдлыг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
-Шүүгдэгч С.Г нь хувийн байдлын хувьд 1997 онд төрсөн, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 37, 39, 41-50 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
-Шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
6. Иймд шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавмн мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Гд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудад түүний овгийг С гэж, яллах дүгнэлтэд С гэж тус тус зөрүүтэй тусгасан байх бөгөөд хавтаст хэргийн 42 дахь талд авагдсан шүүгдэгч С.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаанаас үзэхэд түүний эцгийн нэр С биш С болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоолд шүүгдэгчийн овог нэрийг “Б овогт С-ын Г” гэж тусгасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар С.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА