Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00424

 

2020 оны 02 сарын 04 өдөр

   Дугаар 102/ШШ2020/00424

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 1999 онд Б.Ттай танилцаж 2017 онд гэрлэлтээ батлуулсан. 2000 онд охин М.Б, 2008 онд хүү М.Т, 2017 онд охин М.Ан төрсөн байдаг. Гэрлэгчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдрах болсон. Ж.Мнь Өмнөговь аймгийн Цогцэций суманд суурьшин амьдарч өөр гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон. Насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү М.Т, охин М.Аныг эхийн асрамжид үлдээнэ. Гэрлэгчдийн хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй. Иймд Б.Т, Ж.М нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин орон сууцны тухайд миний бие банкны зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сард төлж дуусгана. Улмаар гэрчилгээнд Б.Т болон охин М.Б, хүү М.Т, охин М.Ан-ыг нэмж бүртгүүлэн, хүү М.Т-ыг 16 нас хүрэхээр өөрийн нэрийг гэрчилгээнээс хасуулна. Харин эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлд дурдсанаар насанд хүрээгүй 2 хүүхдэд хүүхдийн тэтгэлэгт сар бүр 500 000 төгрөг төлөх, бага охины цэцэрлэгийн төлбөрт сар 200 000 төгрөг төлөх талаар тохиролцоогүй. Учир нь, миний бие сар бүр орон сууцны болон цалингийн зээл төлдөг. Дээрээс нь тийм хэмжээний төлбөр төлөх эдийн засгийн боломжгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрээгүй асуудал дээр гарын үсэг зуруулсан гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М-тай 1999 онд гэрлэлтээ бүргүүлж гэр бүл болсон. Гэвч улсын бүртгэлд дахин шинээр 2017 онд гэрлэлтээ нөхөн бүртгүүлсэн. Бидний дундаас 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин М.Б төрсөн бөгөөд тэрээр одоо насанд хүрсэн. 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Т, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин М.Ан тус тус төрсөн. Ж.М нь гэр бүлээс гадна бусадтай гэр бүлийн харилцаанд орж, хүүхэдтэй болсон. Миний бие хэдийгээр гэрлэлтийг цуцлуулахгүй гэх боловч нэгэнт Ж.М нь дахин хамт амьдрах боломжгүй гэж байх тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүү М.Т, охин М.Ан-ыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Мөн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Ард аюушийн 42 дугаар байр, 108 тоотод байрлах орон сууцыг нэхэмжлэгч нь банкны зээлээр худалдан авсан бид тус байранд амьдарч байгаа. Уг орон сууцны талаар бид Ж.М нь гэрчилгээнд Б.Т болон охин М.Б, хүү М.Т, охин М.Ан-ыг нэмж бүртгүүлэн, хүү М.Т-ыг 16 нас хүрэхээр өөрийн нэрийг гэрчилгээнээс хасуулахаар тохирсон байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаарлагын талаар маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.М болон хариуцагч Б.Т нар 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсоныг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд гэрлэснийг бүртгэсэн байх бөгөөд уг бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна. Улмаар гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд буюу 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин М.Б, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Т, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин М.Ан төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрлэгчдийн гэрлэлтийн 0000119567 дугаар гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн Г-1366, Г-421, 0000399967 дугаар гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, түүнчлэн, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2019/12582 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00019 дугаар “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав. Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү М.Т, охин М.Ан эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдийн насны онцлого зэргийг харгалзан үзэж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй. Харин 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М.Б насанд хүрсэн байх тул түүнд асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлаггүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох хүү М.Т, охин М.Ан-т олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ. Нөгөөтэйгүүр, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаарх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00019 дугаар тэмдэглэлд нэхэмжлэгч нь хүү М.Т, охин М.Аныг насанд хүртэл нь сар бүр хүүхдийн тэтгэлэгт тус бүр 500 000 төгрөг төлөх, охин М.А-ын цэцэрлэгийн төлбөрт сар бүр 200 000 төгрөг төлөх талаар заасан байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа дээрхийг зөвшөөрөөгүй байна. Иймд гэрлэгчдийг хүүхдийн тэтгэлийн асуудлаар эвлэрсэн гэж үзэхгүй. Түүнчлэн, дээрх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлд автомашин болон цалингийн зээлийн талаар тусгасан байх боловч талууд энэ талаар шаардлага гаргаагүй байх тул түүнийг батлах шаардлаггүй. Харин дээрх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлд талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч Ж.Мнь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2205012828 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр, 108 тоот хаягт байрлах орон сууцны банкны зээлийг төлж дуусгасны дараа улсын бүртгэлд хариуцагч Б.Т, охин М.Б, хүү М.Т, охин М.Аныг нэмж бүртгүүлэн, хүү М.Тыг 16 нас хүрэхээр нэхэмжлэгч Ж.Машбатын нэрийг хасуулахаар тохирсон байх бөгөөд үүнийг талууд харилцан зөвшөөрч байна. Иймд талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү М.Т, охин М.Аныг эх Б.Тын асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлгийг эцэгээс нь гаргуулж хүүхдэд олгож, талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Харин мөн зүйлийн 131.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж болно. Нэхэмжлэгч нь орон нутагт ажиллаж, амьдардагийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар хэргийг хянан хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бичээч овогт Жаргалсайханы Машбат, Харчин овогт Буянтогтохын Төгсжаргал нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Т, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.Аныг эх Б.Тын асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Т, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.Аныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ж.Машбатаас гаргуулан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мнь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2205012828 дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр, 108 тоот хаягт байрлах орон сууцны банкны зээлийг төлж дуусгасны дараа улсын бүртгэлд хариуцагч Б.Т, охин М.Б, хүү М.Т, охин М.Аныг нэмж бүртгүүлэн, хүү М.Тыг 16 нас хүрэхээр нэхэмжлэгч Ж.Машбатын нэрийг хасуулахаар талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН