| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Бумбаярт холбогдох эрүүгийн 2335000000.... дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............. өдөр Увс аймгийн ......................... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ......................... сумын .......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-ын Б, (регистрийн дугаар: .............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Увс аймгийн ......................... сумын 4 дүгээр багийн Салхит хороололд иргэний дуудлагаар очсон Увс аймгийн Цагдаагийн газрын ......................... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний баруун чихний ард хэсэгт чулуугаар цохиж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ......................... сумын 4 дүгээр баг Салхит хорооллын нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тус газарт албан үүргээ биелүүлэхээр очсон Цагдаагийн газрын ......................... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын баруун чихний ард хэсэгт зэвсэг буюу чулуугаар цохиж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг гаргав.
2. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2335000000......... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6, 9-12 дахь тал);
2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал);
3. Увс аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эргүүл, хяналт шалгалтаар ажиллах алба хаагчдын томилгоо, ......................... сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Быг анх болон одоогийн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн 53-59 дэх тал);
4. Хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн материал (33-1663) дугаартай (хавтаст хэргийн 92-104 дэх тал);
5. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө иргэн П.Б гэх хүнээс амгалан тайван байдал алдагдуулж, биед халдсан гэх дуудлага ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн аваад хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Н.Еы хамт ......................... сумын 4 дүгээр багийн Салхит хорооллын нутаг дэвсгэрт очиход П.Бын хүү гэх Д.Эы гэрт байсан бөгөөд тухайн айлд Д.Э, н.А, Х.Л, Д.Эы эхнэр, Т.Б гэх хүмүүс байсан. Ингээд биднийг ороод амрыг эрье гэхэд Т.Б нь дуудлага өгсөн иргэн П.Б гэх хүнд хандаж, чи дуудсан уу гэж байсан. Ингээд тухайн айлд олон хүн байсан, мөн жоохон хүүхэд байсан тул Т.Бт хандаж за гаръя гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан. Гэрээс дагуулж гараад иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, биед халдсан гэж дуудлага ирж байна цагдаагийн хэсэг рүү явъя, согтолтын зэргийг шалгах хэрэгтэй байна гэх шаардлага тавьсан. Тухайн үед гадна хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Н.Е байсан бөгөөд тэр надад хандаж, “чадахгүй пизда минь ......................... сумын 100 жилийн ойгоор чиний толгойд ташуурдаж, толгой чинь хагарч чи үхэх болно” гэх зэрэг үг хэллэг хэлж айлган сүрдүүлж, заналхийлсэн. Мөн газраас чулуу авч хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлж баруун, зүүн гартаа хоёр чулуу атгачихсан байсан бөгөөд, баруун гартаа байсан чулуугаар гараа саваад цохих гээд дайрахаар би доош нь бултаж суух хооронд миний баруун чихний ард хэсэгт цохичихсон. Ингээд би чи миний биед халдчихлаа, наад гартаа байсан хадаастай мод, чулуу зэрэг зүйлээ хая гэж удаа дараа шаардлага тавьсан боловч миний тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэн орилж, хашигчиж байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Т.Б нь гадна харагдах байдлаас их хэмжээний согтолттой, биеэ хянах чадваргүй байсан. Тухайн Т.Б гэгч нь миний биед халдах үед ......................... сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Н.Е байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй, миний хууль ёсны шаардлага эсэргүүцэж, биед халдсан. Өөрөөр албаны дүрэмт хувцас урсан, ханзалсан зүйл байгүй. Би гомдолтой байна. Албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж биед халдсан үйлдлийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал);
6. Гэрч Н.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ......................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Б гэх хүн утсаар 7045102 дугаарын утсанд залгаж амгалан тайван байдал алдагдуулж, биед халдсан гэх дуудлага өгч байна гэж жижүүрээс залгасан. Тухайн дуудлагын дагуу П.Бтай утсаар ярихад Т.Б гэх залуу манай хүү Д.Эы гэрт орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж, миний биед халдсан. Ингээд тухайн хаягаар буюу ......................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Салхит хороололд Д.Эы гадна очиход П.Б гэх хүн би дуудлага өгсөн гэж хэлээд гараад ирсэн. Ингээд тухайн хүний хамт Д.Эы гэрт ороход гэрт Д.Э, түүний эхнэр, н.А, Х.Л, Т.Б гэх хүмүүс байсан бөгөөд Т.Б нь гэрийн гол хэсэгт сууж байсан. Гэрт ороод юу болсон талаар асуухад П.Б гэх хүн Т.Б нь миний биед халдаж, хэрүүл маргаан үүсгээд байна, энэ хүнийг аваад яваач, би унтаж амармаар байна гэж хэлсэн. Ингээд Т.Быг яагаад айлд амгалан тайван байдал алдагдуулаад хүний биед халдаад байгаа юм бэ гэхэд дуудлага өгсөн П.Б гэх хүн рүү би чамайг цохисон юм уу пизда минь би чамайг алаад хаячих уу гэж хэлэхээр нь чи одоо боль яагаад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм гэж хэлээд Т.Быг аваад гэрээс гарсан. Гадна гараад юу болсон талаар Т.Баас асуухад энэ хүмүүс намайг өдөөд байсан юм гэж хэлсэн. Чи согтуу байна, наад хамар ам чинь яасан юм бэ гэж асуусан, /тухайн үед Т.Бын хамар шалбарч, амнаас нь цус гараад хатчихсан байсан./ Тэгэхэд энэ та нарт хамаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь Т.Бын согтолтын зэргийг шалгах зорилгоор цагдаагийн хэсэг рүү явъя ажил дээр очиж наад асуудлыг чинь ярья гэхэд би явахгүй, би согтуу жолоо барьсан юм уу гэхэд чи иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан байна хууль ёсны шаардлага биелүүл гэж хэлэхэд газраас хоёр гартаа чулуу болон хадаастай мод зэрэг зүйлс барьж байсан. Ингээд баруун гартаа барьж байсан чулуугаар хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын баруун чихний ард хэсэгт цохичихсон. Б.Б доош суух шиг болсон. Ингээд би очоод Т.Быг чи яаж байгаа юм бэ албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, биед халдаад гэж хэлээд гарт нь байгаа чулууг нь хаяуулаад газарт дарж хэвтсэн. Тайвшруулаад гайгүй болоод ирэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Ингээд хэсгийн цагдаа Б.Б 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Т.Б нь гадна харагдах байдлаас их хэмжээний согтолттой, биеэ хянах чадваргүй байсан. Тухайн Т.Б гэгч нь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын биед халдах үед гадна надаас өөр ямар нэгэн хүн байгаагүй. Хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын хууль ёсны шаардлага эсэргүүцэж, биед халдсан. Өөрөөр албаны дүрэмт хувцас урсан, ханзалсан зүйл байгүй. Тухайн үед хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Б нь Т.Бын биед халдсан зүйл байхгүй. Чулуу шидэх гээд 2-3 удаа далайж, бидэн рүү шидэх гээд ойртох юм бол ална шүү гээд байхаар гарыг нь барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал);
7. Гэрч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хүү Д.Эы гэрт ороод суухад хүүгийн гэрт найз н.А, Х.Л нар хүү Д.Э бэр Ганчимэг нар байсан бөгөөд хэсэг хугацааны дараа гаднаас манай сумын хүү Т.Б гэх залуу гаднаас орж ирсэн. Манай хүүгийн гэрт орж хүн бүр рүү агсан согтуу тавиад та нар юу юм, ална шүү гээд хэрүүл хийх гээд дайраад байсан. Хэсэг сууж байгаад гэнэт миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаад салсан. Ингээд 7045102 дугаарын утас руу залгаж манай хүүгийн гэрт Т.Б гэх залуу орж ирээд амгалан тайван байдал алдагдуулаад миний биед халдаад байна гэж хэлсэн. Удалгүй ......................... сумын хэсгийн төлөөлөгч Н.Е залгаад яасан юу болсон талаар асуусан. ...удалгүй манай хүү Д.Эы гэрт цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуухад би Т.Б нь миний биед халдаж, хэрүүл маргаан үүсгээд байна, энэ хүнийг аваад яваач би унтаж амармаар байна гэж хэлсэн. Ингээд Т.Быг яагаад айлд амгалан тайван байдал алдагдуулаад хүний биед халдаад байгаа юм бэ гэж хэлээд тухайн хоёр цагдаа Т.Быг аваад гарсан. Би болон хүү Д.Эы гэрт байсан хүмүүс Т.Б, цагдаа нарын араас гараагүй, тэгээд гэртээ амарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал);
8. Гэрч Х.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз Д.Эы хүүхдийн үсний даахь үргээсэн. ...Бид хоорондоо мэнд ус болоод ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, ярилцаад сууж байтал гаднаас манай сумын залуу Т.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд сууж байгаад гэнэт хүн бүр рүү чи мэнд асуусангүй гээд агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд гэнэт П.Б ахын шанаа руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь П.Б ах чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаад салсан. Ингээд Д.Эы аав П.Б нь 7045102 дугаарын утас руу залгаж Т.Б гэх залуу орж ирээд амгалан тайван байдал алдагдуулаад миний биед халдаад байна гэж дуудлага өгч байсан. Удалгүй ......................... сумын хэсгийн төлөөлөгч Н.Е, хэсгийн цагдаа Б.Б нар орж ирээд яасан юу болсон талаар асуусан. Тухайн үед П.Б ах Т.Б нь миний биед халдаж, хэрүүл маргаан үүсгээд байна энэ хүнийг аваад яваач би унтаж амармаар байна гэж хэлсэн. Ингээд Т.Быг яагаад айлд амгалан тайван байдал алдагдуулаад хүний биед халдаад байгаа юм бэ гэж хэлээд тухайн хоёр цагдаа Т.Быг аваад гарсан. Би болон хүү Д.Эы гэрт байсан хүмүүс Т.Б болон цагдаа нарын араас гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
9. Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоорондоо мэнд ус болоод ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, ярилцаад сууж байтал гаднаас манай сумын залуу Т.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд сууж байгаад гэнэт хүн бүр рүү чи мэнд асуусангүй гээд агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд гэнэт аав П.Бын шанаа руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь Т.Б ах чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаад салсан. ...Удалгүй ......................... сумын хэсгийн төлөөлөгч Н.Е, хэсгийн цагдаа Б.Б нар орж ирээд яасан юу болсон талаар асуусан. Тухайн үед аав П.Б Т.Б нь миний биед халдаж, хэрүүл маргаан үүсгээд байна, энэ хүнийг аваад яваач би унтаж амармаар байна гэж хэлсэн. Ингээд Т.Быг яагаад айлд амгалан тайван байдал алдагдуулаад хүний биед халдаад байгаа юм бэ гэж хэлээд тухайн хоёр цагдаа Т.Быг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
10. Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүүхдийн үсний даахь үргээсэн. Тухайн өдрийн орой найз н.А, Х.Л нар орой 22 цагийн орчим манай гэрт ирээд сууж байтал удалгүй хадам аав П.Б гаднаас ороод ирсэн. ..сумын залуу Т.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд сууж байгаад гэнэт хүн бүр рүү чи мэнд асуусангүй гээд агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд гэнэт аав П.Бын шанаа руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь хадам аав П.Б чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаад салсан. ...Удалгүй ......................... сумын хэсгийн төлөөлөгч Н.Е, хэсгийн цагдаа Б.Б нар орж ирээд яасан юу болсон талаар асуусан. Тухайн үед аав П.Б Т.Б нь миний биед халдаж, хэрүүл маргаан үүсгээд байна, энэ хүнийг аваад яваач би унтаж амармаар байна гэж хэлсэн. Ингээд Т.Быг яагаад айлд амгалан тайван байдал алдагдуулаад хүний биед халдаад байгаа юм бэ гэж хэлээд тухайн хоёр цагдаа Бумбаярыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);
11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаартай “...Үзүүлэгч Б.Бын биед дагзны баруун хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дагзны баруун хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал);
12. Шүүгдэгч Т.Бын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал);
13. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 3 ширхэг чулууг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.Б нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал буюу үйл баримт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар Увс аймгийн ......................... сумын 4 дүгээр багийн Салхит хорооллын нутагт байрлах иргэн Д.Эгийн гэрт орж, гэрт байсан хүмүүсийг мэнд асуусангүй гэх шалтгаанаар тэдэнд уурлаж, хэрүүл маргаан үүсгэж, агсам тавьж, улмаар гэрт байсан иргэн П.Бын шанаа тус газарт гараараа 2 удаа цохиж биед нь халдсан, иргэн П.Б нь тухайн үед Увс аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарт залгаж, Т.Быг согтуугаар, амгалан тайван байдал алдагдуулж, биед халдсан гэх дуудлагыг өгсөн,
Иргэн П.Бын цагдаагийн байгууллагад гаргасан “бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, биед халдсан гэх дуудлага мэдээллийн дагуу ......................... сумын хэсгийн төлөөлөгч Н.Е, хэсгийн цагдаа Б.Б нар ......................... сумын 4 дүгээр багийн нутаг, Салхит хороололд байх иргэн Д.Эгийнд очиж, гэрт нь орж, зөрчил үйлдсэн гэх Т.Быг гэрээс авч гарч, согтуурлын зэргийг нь тогтоохоор Цагдаагийн хэсэг рүү явах шаардлага тавихад Т.Б нь ......................... сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, “чадахгүй пизда минь ......................... сумын 100 жилийн ойгоор чиний толгойд ташуурдаж, толгой чинь хагарч чи үхэх болно” гэх зэргээр түүнийг заналхийлж, газраас чулуу авч, сумын цагдаа Б.Бын баруун чихний ар хэсэгт цохисон гэх үйл баримт хэрэгт авагдаж,улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар уг гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байна.
Хохирогч Б.Б нь Увс аймгийн ......................... сумын цагдаагаар, цагдаагийн дэд ахлагч цолтой ажилладаг болох нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаал, мөн Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай “Шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд сумын цагдаа Б.Б нь тухайн орой ......................... сумын 4 дүгээр багийн нутаг, Салхит хороололд хууль сахиулахаар албан үүргийнхээ хүрээнд дуудлагын дагуу томилогдон очиж, үүргээ биелүүлж байсан болох нь тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын баталсан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эргүүл хяналт шалгалтаар ажиллах алба хаагчдын томилгоо зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. (хавтаст хэргийн 53-59 дэх тал);
Иймд хохирогч, Увс аймгийн Цагдаагийн газрын ......................... сумын хэсгийн цагдаа Б.Быг хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ба дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй байна.
Энэ хүрээнд хохирогч буюу Увс аймгийн Цагдаагийн газрын ......................... сумын хэсгийн цагдаа Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө албан үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн гэх Т.Бт шаардлага тавихад Т.Б түүнийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, чулуугаар чихнийх нь ард цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн нь тогтоогдсон байх бөгөөд Т.Бын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.Б-ын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тодруулбал: Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Увс аймгийн ......................... сумын 4 дүгээр багийн Салхит хороололд албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймгийн Цагдаагийн газрын ......................... сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б-ын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх үедээ түүний баруун чихний ард хэсэгт чулуугаар цохиж, биед нь халдсан нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч Т.Бын хууль сахиулагч Б.Быг эсэргүүцэх үедээ хэрэглэж, түүний биед гэмтэл учруулсан гэх “чулуу” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэг биш байх бөгөөд тухайн чулууг Т.Б нь хүний биед гэмтэл учруулахаар урьдаас тусгайлан бэлтгэж, засаж тохируулаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар байгалийн тогтоц бүхий чулууг газраас хоромхон зуур авч, хохирогч Б.Быг цохисон нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Быг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, Б.Бт гомдолтой байгаа ч хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тогтоогдож байна. (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Баас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Увс аймгийн ......................... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна ” гэх дүгнэлтийг гаргав.
3. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт санал, мэдүүлэг гаргаагүй болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
5. Шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 86 дахь тал),
Шүүгдэгч Т.Бын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 41-42 дахь талд авагдсан гэрч Г.Б-ын мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
-Шүүгдэгч Т.Б нь хувийн байдлын хувьд 1999 онд төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
6. Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
7. Иймд шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага болон бусад хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт 10 (арав) сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......................... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт 10 (арав) сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ......................... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА