| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч:Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Д,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Бт холбогдох эрүүгийн 2335000000........ дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн .................. сумын .............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн Б, (регистрийн дугаар: .................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 28-29-ний хооронд Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг “Марц” гэх газраас иргэн Ц.Бгийн эзэмшлийн 2 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 2.300.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг "Марц" гэх нэртэй газраас 2023 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үед тус суманд оршин суух иргэн Ц.Бгийн эзэмшлийн 2 тооны адуу буюу хээр алаг зүсмийн буруу талын чих нь шуурхай имтэй, буруу гуяны борвины хонхорт босоо дэгрээ тамгатай 11 настай морь, бүдэг буурал магнайтай, хээр зүсмийн буруу талын чих нь шуурхай имтэй, буруу гуяны борвины хонхорт босоо дэгрээ тамгатай, бөөсөгтэй 3 настай морь нийт 2 тооны адуу болох олон тооны бод малыг хулгайлж, түүнд 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг;
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ мэдүүлж байгаа. Өөрөө сайн дураараа үйлдсэн гэмт хэргээ илчилсэн, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хохирогчтой биечлэн очиж уулзан, уучлалт гуйсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг;
3. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч өөрийгөө илчилж, хохирол төлбөрөө төлсөн. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Маш их гэмшиж байна.” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000.... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 4-5 дахь тал);
2. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дахь тал);
3. Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сард манай адуунаас 2 тооны адуу алга болсон ба би алга болсон адуугаа нааш, цааш хүмүүстэй уулзаж сураглахад ямар нэг сураг гараагүй. Сүүлд манай гэрт Б.Б гэх залуу ирж надад тамхи нэрээд би танай 2 тооны адууг авсан учир хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж хэлээд би нэг морийг нь 2.000.000 төгрөгөөр тооцож хохирлоо барагдуулъя та харин цагдаагийн байгууллагад хэлж болохгүй, дуугүй орхичихмоор байна гэж хэлэхэд нь би Б.Б гэх залууд хандаж, чи миний 2 тооны адууны хохирол барагдуулаад өгвөл нэг нутаг усны хүүхэд байна, чимээгүй орхичихъё гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б надад хандаж та тэгвэл дансаа өгчих ,мөнгийг тань хийчихье гэж хэлээд миний Төрийн банкны дансны дугаар аваад явсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа Б.Б надтай холбоо барьж, танай адууны мөнгө болох 4.000.000 төгрөг хийчихлээ гээд утсаа тасалсан юм. Би сүүлд өөрийн дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж үзэхэд 4.000.000 төгрөг орсон байсан юм. Би алга болгосон 2 тооны адууны хохирлоо бүрэн барагдуулж авсан зүйл байгаа учир ямар нэг санал хүсэлт байхгүй байна. Би адуугаа 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэж үзэхэд миний алга болсон 2 тооны адуу ижилдээ байсан ба дахин 2023 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үед бүртгэж үзэхэд 2 тооны адуу байхгүй байсан. Миний алга болсон 2 тооны адуу нь Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг "Марц" гэх газраас алга болсон юм. Миний алга болсон 2 тооны адуу нь 1. Хээр алаг зүсмийн буруу талын чих нь шуурхай имтэй, буруу гуяны борвины хонхорт босоо дэгрээ тамгатай 11 настай морь /эр/, 2. Бүдэг буурал магнайтай цулгуу хээр зүсмийн 3 настай, буруу талын чих нь шуурхай имтэй буруу гуяны борвины хонхорт босоо дэгрээ тамгатай, бөөсөгтэй морь гэх нийт 2 тооны адуу алга болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал);
4. Гэрч У.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Б нь ...хүний адуу хулгайлж аваад буцаад адууны мөнгө төгрөг төлж барагдуулсан талаар сүүлд 2023 оны 05 дугаар сарын 20-ны үед Б.Бийн ээж Б.Б-ээс сонссон юм. Уг адууны мөнгө төгрөгийг Ц.Б гэх хүнд төлсөн гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
5. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Саяхан 2023 оны 05 дугаар сард яг өдрийг нь сайн санахгүй байна, манай хүү Б.Б над руу утсаар ярьж, би Ц.Б гэх хүний адуунаас 2 тооны адуу хулгайлж авсан. Тэгээд Ц.Б гэх хүнтэй уулзсан чинь чи миний 2 тооны адууны хохирол барагдуулчихвал цагдаад хэлэхгүй гэж байна, мөн гомдол гаргахгүй гэж байна, одоо яах вэ ээж гэхээр нь би хүүхдээ уурлаж загнаад нэгэнт л асуудал болсноос хойш Ц.Б гэх хүний хохирол барагдуулъя гэж бодоод би өөрөө малчны зээл аваад Ц.Б гэх хүний хохирол болох 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өөр надад ямар нэг хүнд мангө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би тухайн үед Ц.Б гэх хүнд малчны зээл аваад өөрийн эзэмшлийн Хаан банкны 5............9 тоот данснаас тэр хүний Төрийн банкны данс руу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Манай хүү Б.Б нь Ц.Б гэх хүний 2 тооны адууг хаанаас хэрхэн яаж хулгайлж авсан талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Би хүү Б.Бээс энэ талаар асуусан боловч надад хэлэхгүй байгаа юм. Манай хүү Б.Бийн Ц.Б гэх хүнээс хулгайлж авсан 2 тооны адуу одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би тухайн хулгайлж авсан 2 тооны адууг хүү Б.Бээс дахин дахин асуухад уг 2 тооны адууг хэрхэн хаанаас аваад хэнд өгсөн, хаана байгаа талаар надад огт юм хэлэхгүй байгаа юм. Манай хүү Б.Б нь Ц.Б гэх хүний 2 тооны адуу авах үедээ тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газарт өөрийн малтайгаа миний бэргэн эгч У.Уийн гэрт байсан хүүхэд юм. Би өөрөө сумын төв дээр амьдарч, ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай "...2023 оны 04 дүгээр сарын байдлаар Увс аймгийн .................. суманд 2 тооны морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 2.300.000 (Хоёр сая гурван зуун мянган) төгрөг болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37 дахь тал);
7. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 23/31 дугаартай "...Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 5 настай морины зах зээлийн дундаж үнэ цэнэ 1.100.000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгийн үнэ ханштай байсан болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37 дахь тал);
8. Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр .................. сумын 2 дугаар багийн нутаг “Марц” гэх газар адуу мал хайж явахдаа ойр орчмыг дурандаж үзэхэд Ц.Б гэх хүний 30 гаруй тооны адуу бэлчиж байхаар нь дотор орж морьдыг нь харчхаад үргэлжлүүлэн цааш явж өөрийн адуун дээр очиж өөрийн адууг туугаад буцаж гэртээ ирсэн. Гэртээ ирээд хэсэг байж байгаад гэрээс адуунд тэжээл өгөх сав барьж яваад өөрийн адуун дээр очиж тэжээл иддэг хээр зүсмийн 5 настай морь барьж авч, уг морийг унаж Ц.Бгийн адуун дээр очоод адууг нь хаданд шахаж байгаад 2 тооны буюу хээр алаг зүсмийн, хээр зүсмийн морийг барьж аваад хөтөлж гол ороод модон дунд оруулж уячихаад буцаж гэртээ хариад малд явж байгаад 2 хоногийн дараа буцаж очиход хээр морь нь уяанаасаа алдуурсан. Харин хээр алаг зүсмийн морь нь уяатай байсан учир ойр хавиар нь хайгаад хээр морь нь олдоогүй тул хээр алаг морийг нь сэлгэж уячихаад сумын төв орсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа Ц.Б гэх хүнийг адуугаа хайж байна гэхээр нь би хээр алаг морийг нь уясан газраа очиход алдуурсан байсан тул уясан газрын ойр орчмоор хайхад тухайн морийг шаварт унасан байхад гахай идсэн байдалтай сэг нь олдсон. Тэгээд би надад хулгай гэдэг зүйл зохихгүй байна гэж дотроо бодоод гэртээ очоод ээж ахдаа хэлэх гэсэн боловч айгаад хэлж чадаагүй байж байгаад өөрийн биеэр Ц.Б гэх хүнтэй очиж уулзаж адуу малыг нь хулгайлж авсан талаар үнэнээ хэлж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хэргээс:
1. Б.Бийн эх Б.Б-ийн 5............. дугаартай Хаан банкны дансны хуулга “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны 160200056070 дугаартай данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн” баримт (хавтаст хэргийн 17 дахь тал);
2. Гэрч буюу Б.Б-ийн төрсөн эх Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Б миний 2 дахь хүүхэд байгаа юм...хүү Б.Б нь надруу утсаар ярьж би саяхан Ц.Б гэх хүний адуунаас 2 тооны адуу хулгайлж авсан асуудал гаргасан ба би тухайн Ц.Бтэй уулзсан чинь чи миний 2 тооны адууны хохирол барагдуулчихвал цагдаад хэлэхгүй гэж байна, мөн гомдол гаргахгүй гэж байна одоо яахуу гэж надаас асуухад нь би хүүхдээ уурлаж загнаад нэгэнт л асуудал болсноос хойш хохирлыг нь төлье гээд малчны зээл авч, Ц.Б гэх хүний дансруу 4.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
3. Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг нотлох эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал);
4. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 386 дугаартай “Увс аймгийн .................. сумын 3 дугаар багийн иргэн Балчаагийн Б /.........../ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 28-29-ний хооронд Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутагт “Марц” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Ц.Бгийн эзэмшлийн 30 тооны адуунаас хээр алаг зүсмийн буруу талын чих нь шуурхай имтэй, буруу гуяны боривны хонхорт босоо дэгрээ тамгатай 11 настай морь болон бүдэг буурал магнайтай цулгуу хээр зүсмийн буруу талын чих нь шуурхай имтэй, буруу гуяны боривны хонхорт босоо дэгрээ тамгатай 3 настай азарга нийт 2 тооны адуу болох олон тооны бод малыг өөрийн хулгайлж, түүнд 2.300.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд олон тооны мал хулгайлсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бгийн 2 тооны бод малыг бэлчээрээс нь хулгайлан авч, нууцаар ой модон дунд оруулан уяж, хулгайн малыг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт” олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б 2 тооны бод мал хулгайлсан нь “Олон тооны мал”-д хамаарч байх тул шүүгдэгч Б.Бийн үйлдлийг “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Шүүгдэгч Б.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Б.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
3. Эрх бүхий шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Бгийн 3 настай морийг 800.000 төгрөг, 11 настай морийг 1.500.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийн үнэ цэнэтэй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Бийг энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 2.300.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ц.Бд 4.000.000 төгрөг төлсөн боловч, хохирогчоос уг 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бт буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон,
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд хохирогч Ц.Бд учирсан гэмт хэргийн хор уршигт 2.300.000 төгрөг төлж барагдуулсан нь Төрийн банкны гүйлгээний баримтаар, мөн биет байдлаар 2 тооны морийг хохиролд тооцож өгсөн нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Бээс ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бээс гаргуулах хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн 5 настай морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хурааж улсын орлого болгох саналтай байна” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ мэдүүлж байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гурван нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөө сайн дураараа үйлдсэн гэмт хэргээ илчилсэн, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хохирогчоос биечлэн очиж уучлалт гуйсан, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.Б нь 2002 онд төрсөн, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн .................. сумын 2 дугаар багт мал ахуй эрхлэн амьдардаг, хувьдаа “Мустанг-5” загварын мотоциклтой, өөр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээ өөрөө илчилсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 59 дэх тал);
Шүүгдэгч Б.Бийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Б нь 9 дүгээр анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой. Цэргийн алба хаасан. Бага байхад нь аав нь орхиод явсан учраас өвөө болох Б-аар овоглодог. Б.Б нь хөдөө ээжтэйгээ хамт мал маллаж амьдардаг, бод бог нийлсэн 300-400 орчим малтай. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, нүүрэмгий бөгөөд бусадтай нийтэч харилцаатай, төрөл бүрийн хүнтэй харилцах чадвартай, сэрглэн залуу юм...”мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч, тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
6. Иймд шүүгдэгч Б.Бт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, өрийгөө илчилсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
3. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бгийн 2 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлах үедээ өөрийн эзэмшлийн хээр зүсмийн 5 настай морийг уналга болгон ашигласан нь нотлогдож байх тул Ц.Бгийн эзэмшлийн, 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 5 настай морийг хурааж, улсын орлогод оруулж, Б.Бийн эзэмшлийн 1 тооны морь битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ц.Бд 2 тооны морь өгч, 2.300.000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан, түүний эзэмшлийн, 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, хээр зүсмийн 5 настай морийг хурааж, улсын орлогод оруулж, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл уг морийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА