Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 184/2020/03133/И |
Дугаар | 001/ХТ2022/00311 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00311
Г.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03054 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаар магадлалтай,
Г.Бгийн нэхэмжлэлтэй
А.Мад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 31,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч А.Мад холбогдуулан үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 4,880,000 төгрөг, алданги 10,440,000 төгрөг, нийт 31,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч А.М нэхэмжлэлийн хариу тайлбартаа “...2013 онд Г.Бгээс 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Найз нөхөд учраас удахгүй төлнө гэж амаар тохиролцоо хийсэн. Аргагүй байдалд орж 2014.09.10-ны өдөр 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үүнээс хойш 8,000,000 төгрөгөөс 5,200,000 төгрөгийг цувуулан төлсөн. 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр бодитоор мөнгө аваагүй учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. 31,320,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин 2013 оны зээлийн үлдэгдэл 2,800,000 төгрөгийг төлнө.” гэж маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03054 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хариуцагч А.Маас 17,920,000 төгрөг гаргуулж, Г.Бд олгож, нэхэмжлэлээс 13,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03054 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17,920,000” гэснийг “19,080,000” гэж, “13,400,000” гэснийг “12,312,000” гэж, 2 дахь заалтын “247,550” гэснийг “253,350” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын 16,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
4.1. Шүүхээс “Зохигчдын 16,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдэн авах, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх тухай 2014.09.10-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. Хариуцагч нь 16.0 сая төгрөг зээлдэж аваагүй, 2013 онд 8.0 сая төгрөг зээлдэж авсан. 2014.09.10-ны өдөр нэхэмжлэгч нь 8.0 сая төгрөгт хүү, алданги тооцоод 16.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь аргагүй байдлаар гэрээнд гарын үсэг зурсан, бодитойгоор 16.0 сая төгрөг аваагүй” гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн. Хариуцагч нь 8,000,000 төгрөгийг 2014.09.10-ны өдөр нотариат дээр очихоос өмнө буюу 2013 онд Г.Бгээс бэлнээр авсан. 2014.09.10-ны өдрийн зээлийн гэрээний 5-д “2014.09.01-нд А.Мад 16,000,000 төгрөг бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн” гэсэн байх ба энэ нь нэгдүгээрт зээлийн гэрээ байгуулсан өдөр ямар нэгэн мөнгө төгрөгийг бэлнээр Г.Б нь А.Мад өгөөгүйг гэрчилж байна. Хоёрдугаарт мөн гэрээний 4-т “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно.” гэсэн байх ба энэ заалтаас үзвэл тус зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 16,000,000 төгрөгийг Г.Б нь А.Мад өгөөгүй учраас хүчин төгөлдөр бус байна. Гэрээний 1 дэх хэсэгт зээл нь 1 хувийн хүүтэй эсвэл хүүгүй талаар тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд үүнийг хүү авах талаарх хүчин төгөлдөр тохиролцоо биш гэж үзнэ. Мөн 16 сая төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэгч тал л өгснөө нотлох боломжтой болохоос угаасаа огт аваагүй мөнгийг аваагүй гэдгээ хариуцагч тал нотлох ямар ч боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхийн “аваагүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн, 1 хувийн хүүтэй, эсхүл хүүгүй эсэх тал дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байхад хүүтэй байна гэх мэтээр дүгнэсэн нь илэрхий алдаатай шийдвэр болсон.
4.2. Давж заалдах шатны шүүх нь хариуцагч талаас 2013 онд авсан 8,000,000 төгрөгийнхөө өрийг л цувуулан төлж байсан гэсэн тайлбар хэлсээр байхад хүү төлж байснаа хүлээн зөвшөөрсөн, гэрээний үүргийг зээлдэгч хүлээн зөвшөөрч 2014.09.10-нд байгуулсан гэрээний үүргийг 2016 оны 5 сараас эхлэн биелүүлж эхэлсэн байна гэх мэтээр анхан шатны шүүх хуралдаанд болон яригдаагүй, нотлох баримтаар өгөгдөөгүй зүйлийг хэлсэн, ярьсан, хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр худал бичиж дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг баримтлан шийдвэрлэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах үед шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан, давж заалдах гомдол гаргах үед буюу шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дараа мөн тэмдэглэлтэй танилцахыг хүсэхэд тэмдэглэл гараагүй байсан. Энэ талаар хариуцагч талаас хэргийн материалд тэмдэглэл бичиж үлдээж байсан. Гэтэл үүнийг анхаарч үзэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.”, 96.3-т заасан “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэсэн хуулийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг залруулах талаар ямар ч арга хэмжээ авах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.
4.3. Хариуцагч талаас 2014.09.10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох талаар, мөн түүнчлэн 2013 онд авсан 8,000,000 төгрөгийг цувуулан өгч байсан ба үлдэх 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахаа илэрхийлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын 16,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч А.Мад холбогдуулан үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 4,880,000 төгрөг, алданги 10,440,000 төгрөг, нийт 31,320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгчийн гаргаж буй бичгийн гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй энэ гэрээ дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус, 2013 онд амаар тохиролцож 8,000,000 төгрөг зээлсэн, 5,200,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2,800,000 төгрөг төлнө” гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх хариуцагчаас 17,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 19,080,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2014.09.01-ний өдрийн зээлийн гэрээг талууд байгуулж, хэн аль нь гарын үсэг зурсан болохыг маргаагүй, харин хариуцагч нь “уг зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй, энэ гэрээг өмнө амаар тохиролцож зээлсэн 8,000,000 төгрөг, түүний хүү, алданги тооцсон нэхэмжлэгчийн хүсэлтээр аргагүй байдлын улмаас байгуулсан тул бичгийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй” гэж маргажээ.
10. Бичгийн гэрээ нь өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нь тогтоогдоогүйгээс гадна уг гэрээнд хариуцагч мөнгийг бэлнээр хүлээн авсан тухай тусгайлан тусгагдсан, эдгээр байдлыг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлж, гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэх татгалзал нотлогдоогүй гэж үзсэнийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч дээрх гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.
11. Зээлийн гэрээ нь 2014.09.01-ний өдрөөс 2015.09.01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан, талууд сарын 1 хувийн хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
Хариуцагч нь 2016 оны 05 сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл 4 удаагийн шилжүүлгээр нийт 5,200,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй бөгөөд анхан шатны шүүх уг мөнгийг хариуцагчийн зөвшөөрч төлсөн зээлийн хүү гэж тооцсоноос гадна нэхэмжлэгч 63 сарын хугацаанд хүү болон алданги шаардсан нь зээлдэгчийн эрх ашгийг илтэд дордуулсан гэж үзэн, үндсэн зээл 16,000,000 төгрөгийг хүү 1,920,000 төгрөгийн хамт нийт 17,920,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь эрх зүйн хувьд алдаатай байх тул үүнийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.
Давж заалдах шатны шүүх үндсэн зээл 16,000,000 төгрөг, 1 жилийн хугацааны хүү 1,920,000 төгрөг, эдгээрийн нийлбэрээс төлсөн 5,200,000 төгрөгийг хасч, үлдэх 12,720,000 төгрөг, үүнээс алдангийг 50 хувиар тооцож 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасантай нийцжээ.
12. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаандаа гараагүй гэх боловч энэ зөрчил шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
13. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.М /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан/ 2021.02.02-ны өдөр 239,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД