Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0644

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранзул

 

Гомдол гаргагч: “М г” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж

 

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00464** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах"

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 524 дүгээр шийдвэртэй,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0370/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 524 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “М г” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00464** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.07.25-ны өдрийн 128/ШШ2025/0524 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхэд “М г” ХХК-ийн зүгээс Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жад холбогдуулан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаж буй шийтгэлийн хуудсаар “М г” ХХК-ийг зохих тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон үйл ажиллагаа явуулсан гэж ерөнхий байдлаар буруутгаж шийтгэлийн хуудас ногдуулсан. Нэхэмжлэгч хуулийн этгээд 2014 оноос эхлэн албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, жил бүр уулын ажлын төлөвлөгөөг холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулан үйл ажиллагаа хэвийн явуулж байсан, ингээд нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний А/609 дүгээр захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, захирамжийн үндэслэлээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж дурдаж шийдвэрлэдэг.

Манай компанийн зүгээс нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хандаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг даргаас “М г” ХХК-ийг аливаа зөрчил гаргаагүй болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дугаартай шийдвэрээр баталгаажуулсан байдаг.

“М г” ХХК болон нийслэлийн Засаг дарга нарын эвлэрлийн гэрээгээр хэн аль нь үүрэг хүлээсэн байдаг. “М г” ХХК нь өөрөөс хамаарах бүхий л нотлох баримтаа бүрдүүлсэн боловч нийслэлийн Засаг даргаас эвлэрлийн гэрээнд заасан холбогдох ажиллагааг огт хийгээгүйн улмаас бидний тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэх асуудлыг тодорхой бус болгож, эргэлзээтэй нөхцөлийг бүрдүүлсэн.

Гомдол гаргагчийн зүгээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дугаартай шийдвэр гарснаас хойш нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж эрх зүйн үйлчлэл нь зогссон, нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас шийтгэл хуудас авсан гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтыг буруу дүгнэж, эрх ач холбогдол бүхий үр дагаврыг тооцоолоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж хэт нэг талын баримталсан шийдвэр гаргасан учир холбогдох хуулийн дагуу хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч “М г” ХХК-иас  “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00464** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Жад холбогдуулан гаргажээ.

2.Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгч “М г” ХХК-д нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, З нэртэй газарт орших 33 гектар талбай бүхий уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 1388** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг  2008 оны 07 дугаар сарын 17-ны олгож, тусгай зөвшөөрлийн сунгалтыг 2010-2017 онд 10 дахь жилийн, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэж, 2022 оны 07 дугаар сарын 17-нийг хүртэл тусгай зөвшөөрлийг сунгасан байна.

3.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар  “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М г” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.   

4.Улмаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Ачмаа нь удирдамжийн дагуу Налайх дүүргийн 5 дугаар хороонд хяналт шалгалт хийх явцад “М г” ХХК-ийн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг шалгуулахаар ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу улсын байцаагч Д.Ж хяналт шалгалт явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 00464** дугаар шийтгэлийн хуудсаар “...Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “М г” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй элсний олборлолт хийсэн гэх зөрчилд 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 318.508.720 төгрөгийн хохирол гаргуулахаар” шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсыг “Монгол шуудан” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилтан А.Ч /80060773/-д гардуулсан үйл баримт тогтоогдож байна.

5.Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Эвлэрлийн гэрээний 2.5-д зааснаар сэргэсэнд тооцно гэсэн зохицуулалт байгаа. Сэргэсэнд тооцно гэдэг зохицуулалтыг манайх хангасан болоод үйл ажиллагаагаа явуулаад байгаа. Сэргэсэнд тооцно гэдгийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээсэн, хариуцагчаас эвлэрлийн гэрээг хянан үзэж тодруулах ёстой байхад энэ ажиллагааг хийлгүй акт тогтоосон” гэж маргажээ.

6.Анхан шатны шүүх “...хариуцагчаас гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулах хугацаанд “М г” ХХК-ийн эзэмшил бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас сэргээгээгүй байх тул хариуцагчаас тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчилд шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7.Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.” 25.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:” 25.2.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;” 25.2.2-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан;” 25.2.3-д “сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө.” 25.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.”

 Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг уурхай дээр байлгана:” 35.3.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 35.3.2-д “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”,  35.3.3-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөө;”, 35.3.5-д “хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ” 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”, 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд”, 1 дэх хэсгийн 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” гэж тус тус заасан.

8.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахад зайлшгүй шаардагдах баримт бичгийг тодорхой зааж өгсөн бөгөөд улмаар дээрх шаардлагыг хангаагүй бол ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх болон үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.

9.Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас хяналт шалгалт хийх явцад нэхэмжлэгч компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй, хариуцагчаас шаардсан хуульд заасан баримт бичгийг гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

10.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргатай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх, үүргийг зааж, ийнхүү биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч “М г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-0138** дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэнд тооцохоор тусгаж, гэрээг байгуулснаас хойш 3 сарын дотор гэрээнд заасан үүргийг бүрэн гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

11.Улмаар уг Эвлэрлийн гэрээний биелэлт болон нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл сэргээхтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаан үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалаар гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгч тал бүрэн биелүүлээгүй болон тусгай зөвшөөрөл сэргээх боломжгүй талаарх нөхцөл байдлуудыг шүүхээс тогтоосон үйл баримтууд тогтоогдож байна.

12.Харин хариуцагч захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28/ШЗ2025/0342 дугаар захирамжаар “...тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 8734 дүгээр захирамжийн 1 дэх заалтад ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 дүгээр “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шийдвэрт дурдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/11 дүгээр эвлэрлийн гэрээний 2.2.5 дахь хэсэгт ...түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МҮ-0138** дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцох гэж заасан хариуцагч талын үүргийг биелүүлэхийг албадан гүйцэтгүүлсүгэй... гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ.

13.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02-189/3985 дугаар албан бичгийн дагуу Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын МҮ-0138** дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон” үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагчаас нэхэмжлэгчид шийтгэлийн хуудас оногдуулах тухайн хугацаанд нэхэмжлэгч компанийн эзэмшил бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас сэргээгээгүй байсан нь тогтоогдож байна.

14.Иймд хариуцагч захиргааны байгууллагаас шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтыг буруу дүгнэж, эрх ач холбогдол бүхий үр дагаврыг тооцоолоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж хэт нэг талын баримталсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН