Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00016

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

 нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

   улсын яллагч Ц.Сувдаа,

   Хохирогч Б.Бямбасүрэн,

   Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Алтангэрэл,

   шүүгдэгч Л.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0107/Э индекстэй, 201606000239 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1973 оны 11 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86-501 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авга ургийн овгийн Лхамсүрэнгийн Пүрэвдорж /РД:МУ73111573/,

Холбогдсон хэргийн талаар

Л.Пүрэвдорж нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 07 дугаар сарын 15 -ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах "Петровис" шатахуун түгээх станцын хатуу хучилттай зам дээр 40-31 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтуугаар гарцтай газарт гүйцэж түрүүлэхийг хориглосон заалтыг зөрчин түрүүлэх үйлдлийг хийснээс мотоцикль жолоодож явсан хохирогч Б.Бямбасүрэнгийн мотоциклийг дайрч, түүний бие махбодид хүнд гэмтэл, насанд хүрээгүй хохирогч А.Мөнхжаргалын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвдорж өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1700 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу найзынхаа тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт замын уулзвараар гарах гэхэд урд талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явж байсан. Би тэр цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байхад түүний урд талд Бямбасүрэн, Мөнхжаргалыг сундалсан байдалтай мотоцикльтой явж байсан. Бямбасүрэн мотоциклиороо зүүн гар тал руугаа эргэж байсан. Түүний эргэж байсан талд орохыг хориглосон замын тэмдэг байсан. Би цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх явцдаа Бямбасүрэнг мотоцикльтой явж байхыг харсан бөгөөд түүн рүү тээврийн хэрэгслийнхээ дуут дохиог дуугаргасан. Энэ үед Бямбасүрэн над руу харсан бөгөөд зүүн гар тал руугаа эргэхээ болиод чигээрээ явах шиг болсон. Энэ үед би гүйцэж түрүүлэхээр явж байсан боловч Бямбасүрэн мотоциклиороо гэнэт дахин зүүн гар тал руугаа эргэсэн бөгөөд бид түүний хойд талаас мөргөсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн:…2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр болсон үйл явдал юм. Би тухайн үед Мөнхжаргалын хамтаар наадмын баяр үзсэн бөгөөд харихаар явж байсан юм. Замаараа дэлгүүрээс хоолны тос авчихаад уулзвараар явж байхад араас Пүрэвдорж тээврийн хэрэгслээрээ мөргөсөн. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Би тархиндаа мэс засал хийлгэсэн. Эмчилгээ, эм, тарианы зардлыг Пүрэвдорж төлсөн. Миний мотоциклийн үнийг төлчих юм бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Мөнхжаргал өгсөн:... 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би өвөөгийн хамт мотоцикльтой наадмын баяр үзчихээд явж байхад бидний араас тээврийн хэрэгсэл мөргөсөн юм. Би нэг сэрэхэд л эмнэлэгт хэвтэж байсан. Миний эгэм хугарсан, толгойноос цус гарсан. Би Манал-Оточ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх мэдүүлэг,

201606000282 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Ж.Баатарсүрэнгийн өгсөн:…Би 2016 оны 7 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Лхамсүрэнгийн Пүрэвдоржоор 40-31 УНТ улсын дугаартай Старикс маркийн автомашин жолоодуулж эхнэр Насанбат хүүхдүүдийн хамт явж байсан. Тээврийн хэрэгслээр явж байх үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр гэх нутагт явж байхдаа Петровисын бензин клонкын урд талд миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үед урд талд нь мотоцикльтой хүүхэд сундалсан хүн явж байгаад петровисын орохыг хориглосон тэмдгээр орох гэж эргэх үед сегналдсан чинь эргэж хараад зам руу орох гээд хөдөлж байгаад гүйцэж түрүүлэх үед урд талаас нь огцом дараад гараад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

         Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №345 дүгнэлтэнд: 1.Мөнхжаргалын биед баруун талын эгэм ясны далд хугарал, тархи доргилт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, шанаа, нуруунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 46 хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 28 -ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №344 тоот дүгнэлтээр: Б.Бямбасүрэнгийн биед дух яс, 7,8,10 -р хавирганд хугарал, тархины эд, хуйханд цус хуралт, зүүн уушигны эдэд няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх гэмтэл нь гэмтэл авсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 48 хуудас/

            Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2016 оны 10 сарын 31-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт: 1. 3амын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Өнөрбатын гаргасан дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. 2.Жолооч Л.Пүрэвдорж, жолооч Б.Бямбасүрэн нар нь Монгол Улсын ЗХД зөрчсөн. З.Жолооч Л.Пүрэвдорж нь Монгол Улсын ЗХД-ийн 2.7 а "Согтууруулах ундаа, мансууруулах, бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалт, ЗХД-ийн 10.6б “Зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, ЗХД-ийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Бямбасүрэн нь Монгол улсын ЗХД-ийн 2.1а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах, бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалтуудыг зөрчсөн байна. 3. Зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нь: Тухайн замын гарцтай хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглосон заалтыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдлийг хийснээс шалтгаалан зам тээврийн хэрэг гарах шалтгаан болсон байна. 4. ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 2.1 “Орох хориотой” тэмдэг тавигдсан газарт, уг тэмдэгээс цааш орохыг хориглосон байдаг. Уг тэмдэг тавигдаагүй талаар хөдөлгөөнийг зөвшөөрнө гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/,  

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17 хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58-64 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/

Өвчний түүх /хх-ийн 93-120 хуудас/

Хохирлын баримт хүлээлгэн өгсөн /хх-ийн /121-129 хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь 2016 оны 07 дугаар сарын 15 -ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах "Петровис" шатахуун түгээх станцын хатуу хучилттай зам дээр 40-31 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтуугаар гарцтай газарт гүйцэж түрүүлэхийг хориглосон заалтыг зөрчин түрүүлэх үйлдлийг хийснээс мотоцикль жолоодож явсан хохирогч Б.Бямбасүрэнгийн мотоциклийг дайрч, түүний бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Мөнхжаргалын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

Энэ хууль зүйн факт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №345 дүгнэлтэнд: 1.Мөнхжаргалын биед баруун талын эгэм ясны далд хугарал, тархи доргилт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, шанаа, нуруунд шарх, зулгаралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх, 2016 оны 10 дугаар сарын 28 -ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №344 дугаартай Б.Бямбасүрэнгийн биед дух яс, 7,8,10 -р хавирганд хугарал, тархины эд, хуйханд цус хуралт, зүүн уушигны эдэд няцрал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Л.Пүрэвдоржийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн Б.Бямбасүрэнгийн биед хүнд гэмтэл, А.Мөнхжаргалын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нар гомдол саналгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №141179 тоот тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авга ургийн овгийн Лхамсүрэнгийн Пүрэвдоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Л.Пүрэвдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Пүрэвдоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №141179 дугаартай, В ангилалын жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт 3.214.680 төгрөг төлсөн, хохирогч нар нь энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Л.Пүрэвдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пүрэвдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН