Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ2022/0009

 

НЭХЭМЖЛЭГЧ ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би

Нэхэмжлэгч: Т.С

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/294 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/294 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Үенч сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2012 оны А/73 дугаар захирамжаар тус сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.А Бага хавтагийн Хоо толгой нэртэй газрыг олгосон байдаг. 2014 онд газрын даамлыг жирэмсний амралттай байх үед түүний оронд түр ажиллаж байсан газрын даамал нь тус газартай давхцуулан Т.С-д эзэмшүүлсэн байдаг. Т.С нь тус өвөлжөөний газраа зориулалтын дагуу ашиглаагүй, тус өвөлжөөндөө буугаагүй тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Т.С-д мэдэгдсэн.

Тус сумын Засаг даргаар ажиллаж байсан И.Б-ийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн А/294 дүгээр захирамжаар Бага хавтагийн Хоо толгой нэртэй өвөлжөөг Цагаантүнгэ багийн иргэн О.Б-д Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-д заасныг үндэслэн газар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

 

Гуравдагч этгээд О.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Т.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Үенч сумын Засаг даргын 2010 оны А/249 тоот захирамжаар Бага хавтагийн Хоо толгой нэртэй газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон.

Үенч сумын Засаг дарга болон нэхэмжлэгч Т.С  бид уг маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

Хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.С , хариуцагч Үенч сумын Засаг дарга Э.У , гуравдагч этгээд О.Б  бид дараахь нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Үүнд: 1. Засгийн газраас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах журам заавар гарсан даруй нэхэмжлэгч Т.С-ийн гаргасан хүсэлтийн дагуу Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэр, Бага хавтагт Овоотын доод хөл, Хурц харын өвөлжөөг өвөлжөөний зориулалтаар ашиглуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах,

2. Нэхэмжлэг Т.С  нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/294 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/294 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.С, хариуцагч Үенч сумын Засаг дарга Э.У , гуравдагч этгээд О.Б  нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож буйгаа бичгээр илэрхийлэн гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх эрхтэй байна.

Эвлэрэлийн гэрээнд тусгасан нөхцөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны  ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” 68.4-д “”Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.гэж заасны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.С-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Үенч сумын Засаг холбогдох, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/248 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/294 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНГЭРЭЛ