Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэртэй, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 405 000 626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтбаатар, Ж.Чимэдцэрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь “Х” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр БАГ-2014/01 тоот, Үйлчилгээ болон 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч “Ц” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн газарт “Зууны гүүр” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүхий бүрэн цутгамал бетонон, цогцолборын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, захиалагч “Х” ХХК нь ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд ажлын хөлсийг төсөвт өртгөөр тооцохоор тохиролцож “Х” ХХК, “Зууны гүүр” ХХК-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг гаргуулсан. Манайх гэрээний үүрэг болох 166 айлын орон сууцны 16 давхар цогцолборыг барьж нийт 18 441 503 202 төгрөгийн ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Гэтэл “Х” ХХК нь нийт 16 036 502 576 төгрөг төлж, 2 405 000 626 төгрөгийг төлөөгүй. “Х” ХХК-иас 720 540 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож авсан нь үнэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн хөрөнгө оруулалт, захиалгаар “Ц” ХХК нь Улаанхуарангийн гудамж Баяжих цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил анх эхэлж байхад “Ц” ХХК нь 13 816 025 627 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоо гаргасан боловч гүйцэтгэлийн явцад төсөв хэтэрч байна, үнэ өсч байна гэх шалтгаанаар мөнгө хөрөнгө гаргуулж байсан. Барилгыг 2016 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан ба үүнээс хойш ажлын чанар, үр дүнгийн талаар гологдол гарч байсныг гүйцэтгэгч талд шаардлага тавихад үл тоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиалагчийн зүгээс 17,8 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн ч тохирсон үр дүн хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганцог нь анх 13 000 000 000 төгрөгийн төсөв танилцуулж тохирсон. Ажлын явцад үнэ өссөн гэж шаардаж 15 000 000 0000 болгож тохиролцсон зүйл байдаг. Өнөөдөр “Ц” ХХК нь 18 тэрбум төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн гэдэг ч уг төсвийг манайх зөвшөөрөхгүй. Ийм хэмжээний ажлыг гүйцэтгэсэн бол төсөвтэй уяалдуулан санхүүгийн баримтаа хавтаст хэрэгт өгөх ёстой. 16 000 000 000 төгрөг, 2 000 000 000 төгрөг гэх үнийг бодсон аргачлалаа төслийн дагуу тайлбарлах ёстой, илүү нэхсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. Г.Ганцог нь  нэхэмжлэгч “Ц” компанитай ашиг сонирхол нэгтэй хүмүүс.

Ажил гүйцэтгэх гэрээгээр яг энэ төсвийн дагуу бүх санхүүжилт олгогдоод бүх татвар мөнгө төлөгдөөд явна гэсэн тодорхой заалт байхгүй. Тухайн гүйцэтгэсэн компаний ашиг эсхүл гүйцэтгэсэн ажлын хөлс ч юм уу тодорхой заасан заалтгүй. Хавсралтад байгаа ажил гүйцэтгэх гэрээ англи, монгол хоёр хэлээр үйлдэгдсэн, английг нь орчуулаад ойлгохоор ажил гүйцэтгэх гэрээний нийт гүйцэтгэсэн ажлын 15 хувиар ажлын хөлсийг авах ёстой гэж харагдаж байна. Монгол хэл дээрхээс ажлын хөлсөө нийт төсвөөр авах уу, гэрээний дагуу нийт хөлсний 15 хувиар уу гэдэг нь тодорхойгүй. Хуулийн дагуу ажлын хөлсийг нэхэмжлэх эрх нээлттэй. Нэхэмжлэгч төсвөөр нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсөв анхнаасаа “Х” ХХК-д танилцуулсан төсөв биш. Төсөв дээр 3 төрлийн төсөв нийлээд 18 тэрбум хөрөнгийн төсөв болсон. Нэг төсөв нь 2 удаагийн нэмэлт өөрчлөлттэй. Хуульд зааснаар нийт барилга угсралтын ажил эхлэхэд төсөв гардаг. “Х” ХХК нь “Зууны гүүр” ХХК-тай төсөв гаргуулахаар тохиролцоод гэрээ байгуулаад хавтаст хэрэгт авагдсан. Бүх юм нь төсөв дотроо орсон байдаг, өөрсдөө үзсэн бол ашиг 15 хувь гээд заасан байгаа. Мөн нормчлолын хувь гээд 1,8 хувь, НӨАТ-ын баримт гээд бусад зардлууд, ашиг гэдэг нь гүйцэтгэгч байгууллагын ажлын хөлс гэж ойлгож байгаа. Төсөв гарсан байлаа гээд төсвөөр мөнгөн дүнг тооцох хуулийн үндэслэлгүй. Төсөв батлагдаад зураг төсөл хийсэн компани тендрийн шалгаруулалтаар гүйцэтгэгч гэрээ байгуулаад оролцох ёстой гэж ойлгож байна. Гэтэл захиалагч “Х” ХХК, гүйцэтгэгч нь “Зууны гүүр” ХХК гээд бичсэн бичмэл хуудас, үүнд ямар нэгэн тамга, гарын үсэг зураад баталгаажуулсан зүйл байхгүй. Барилга 2014 онд баригдаж эхлээд 2016 оны 1 сард ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. Тэгэхээр Барилгын шинэчилсэн хууль 2016 оны 1 сараас үйлчилж эхэлсэн болохоор хуучин хуулийг үйлчилсэн гэж үзэж байгаа.

Төсөв баталгаажиж нүүр хуудсанд гарын үсэг зурах байтал захиалагч компани, “Зууны гүүр” компанийн тамга дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй, он сар байхгүй байдлаас үүдээд бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай “Х” компанийн өмнөх захирлаас үүдэлтэй бичиг баримт архивт байхгүй тул амаар тайлбарлахаас өөр аргагүй. Эрүүгийн хэрэг үүсээд шинжээч томилогдоод явж байгаа. Тогтоогдсоны дараа бүх зүйл тодорхой болно. Нэг овогтой ах дүү нарын байгуулсан компаниуд юм. Төсөв шаардлага хангаагүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 1 684 460 626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 720 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 182 954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 580 253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Барилгын ажлын нийт өртгийн тухайд: “Баяжих цогцолбор” төслийн 166 айлын орон сууцыг барих ажлын анхны төсөв 13 816 025 627 төгрөг байхаар талууд зөвшилцөөд ажлыг эхлүүлсэн. Харин ажлын явцад төсөв нэмэгдэж 15 288 293 000 төгрөг хүрсэн. “Х” ХХК-ийн захирал Г.Ганцогийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16/21 тоот албан бичгээр “Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газар”-т гарган өгч байсан 15 288 293 000 төгрөгийн өртгөөр 166 айлын Баяжих цогцолборын барилга барьж дууссантай холбоотой албан бичгийг анхан шатны шүүхэд “хуулбар үнэн” гэж баталгаажуулан, нотлох баримтаар хавсаргаж, үнэлүүлэхээр 2 удаа өгсөн боловч хүлээн аваагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгааг анхааран үзнэ үү. Ач холбогдол бүхий баримтыг шүүх удаа дараа хүлээн аваагүй. Уг албан бичиг нь 166 айлын орон сууцны цогцолборыг  15 288 293 000 төгрөг бүхий төсөвт өртгөөр баригдсан гэдгийг тодорхойлох, хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлох чухал баримтын нэг байсан.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд 3 удаа хандан нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн “Төсөв” дээр эдийн засгийн шинжээч /Аудит/ томилуулах хүсэлт гаргасан боловч огт хүлээж аваагүй. Шинжээч томилуулах нь манай компанийн хувьд эрх ашгаа хамгаалахад ач холбогдол бүхий хүсэлт байсан. Учир нь тэрхүү төсвийг зураг төсөлтэй хамт шалгах, нэхэмжлэгч талын санхүүгийн баримт, татвар төлөлтийн байдал зэргээс тодруулж барилгын өртгийг тодорхой гаргах боломжтой юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй төсвийг бидний гаргаж өгсөн,  захиалгаар орон сууцны цогцолбор бариулах төсөв биш гэж маргаж байгаа, иймээс санхүүгийн шинжээч нь тэрхүү төсвийг шаардлага хангасан эсэх, үнэхээр 18 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртгөөр бий болсон барилга мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой байсан юм.

Төсөв нь “Х” ХХК болон “Зууны гүүр” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний тодорхой хэсэгт заасан ажил байсан боловч анхнаасаа баталгаажсан төсөв байгаагүй, хэд хэдэн төсөв ярилцаж эцсийн байдлаар 15 тэрбум гаруй төгрөгийн төсвийг хөрөнгө оруулагчаас хүлээн зөвшөөрч түүний дагуу санхүүжилт олгож байсан. Хэрэв 18 тэрбум гаруй төгрөгийн төсөв байсан бол талууд төсвийг албан ёсоор баталгаажуулах байсан. Төсвийн тухайд 164 айлын орон сууцны төсөв гэх нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь нотолгооны шаардлага хангахгүй байхад шүүгч төсвийг үндэслэн шийдвэр гаргасан. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөл нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон төсөв өөрөө үнэн зөв эргэлзээгүй байх шаардлага хангаагүй буюу огноогүй, нэхэмжлэлд 166 айлын орон сууц гэж, гэрээнд 166 айлын орон сууцны төсөв байх атал төсөв 164 айлын төсөв байдаг. Төсөв нь “Х” ХХК-ийн захиалан боловсруулуулсан төсөв мөн эсэхийг хөдлөшгүй баримтаар тогтоогоогүй, хуулийн дагуу, зах зээлийн үнийн судлагааг үндэслэн боловсруулсан норм, дүрмийг баримтлан боловсруулсан тухай тайлбар, нэгтгэл байхгүй, өөрчлөгдөх тутам төсөв өөрчлөгдөж баталгаажиж явах ёстой байдаг.

Барилгыг Улсын комиссын актаар хүлээн авахад барилгын зураг төсөлтэй хамт дагалдах бичиг баримтыг архивт хүлээлгэн өгдөг, уг төсвийн дагуу барилга баригдсан бол төсөв улсын төв архиваас гарч ирэх ёстой. /1хх 20/ Хүлээлгэн өгсөн бичиг баримтын жагсаалт дунд төсөв байхгүй гэсэн байтал шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. /1хх19/. Гүйцэтгэгч “Ц” ХХК үнэхээр энэхүү төсвийн дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тогтоогдохгүй байхад шүүх төсвийн дагуу ажил гүйцэтгэсэн мэтээр, эргэлзээтэй нөхцөл байдалд үнэн зөв гэж шийдвэр гаргасан. 2008 оны Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т зааснаар нийт барилга байгууламжийн төсөвт өртгийн 0.18 хувьтай тэнцэх дүнгээр нормчлолын сангийн төлбөрийг Барилгын хөгжлийн төвд барилга барих тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж буюу гүйцэтгэгч “Ц” ХХК нь төлөх ёстой. Энэ дүнгээр нийт ямар төсөвт өртгөөр барилга баригдсан гэдэг нь тодорхой тогтоогдож байх атал “Ц” ХХК-иас 2014, 2015 онд нийт 6 000 000 төгрөгийг норомчлолын сангийн шимтгэлд төлсөн байна. Үүнээс харахад нэхэмжлэгч талын гарган өгсөн төсөв 18 тэрбум төгрөгийн 0.18 хувьд хүрэхгүй байгаа нь энэхүү төсвөөр барилгын ажил хийгдээгүй гэдэг нь хуулийн дагуу тогтоогдож байхад шүүх энэ талаар шийдвэрт тусгаагүй, чухал нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. “Х” ХХК, “Зууны гүүр” ХХК-ийн хооронд байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээний үнийн дүн 256 628 900 төгрөг бөгөөд бүрэн төлөгдсөн. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Төсөв” дотор “Зураг төслийн ажлын үнийн дүн” гэсэн хэсэгт үндсэн зураг төслийн ажлын гэрээний дүн нь дээрх үнийн дүнгээс илт зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй байхад шүүх үнэн зөв гэж үнэлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан “Төсөв”-ийн нүүр хэсэгт төсөв боловсруулсан төсөвчний тамга дарж, гарын үсэг зурсан байна. Харин төсвийг хянаж баталгаажуулсан байдал огт байхгүй. Тэрхүү үл мэдэх төсөвчний мэргэшлийн гэрчилгээ хэрэгт хавсаргагдаагүй, манай компанийн гэрээ байгуулан ажилласан төсөвчин биш. Гэтэл шүүх үүнд үнэлэлт дүгнэлт огт өгөлгүйгээр бидний эрх ашгийг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзнэ.

2012 онд батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм БНбД81-95-12” буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэхь хэсэгт зааснаар “Барилгын төсөв зохиох дүрэм БНбД81-95-12” 3.2, 3.3-т заасныг үндэслэн төсвөөр гэрээний үнийг тодорхойлж байгаа нь буруу. Учир нь дүрмийн 1.1-т “Ажлын зургийн шатанд барилгын бүтээц ажлын төрлөөрх төсвийн суурь нормыг үндэслэн барилгын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход ашиглагдана.” 1.2-т “Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барилга барих, ... барилгын ажлын өртгийг төсвийн суурь нормоор төсөв зохиож тодорхойлоход баримтлах арга зүй, зарчим, дарааллыг тогтооход оршино” гэж заасан нь энэхүү төсөв зохиох дүрмийг баримтлан ажиллах ёстойг илтгэж байгаа ч хуулиас дээгүүр ашиглаж, шийдвэр гаргахад илүү үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна.

Төсвийг эхлээд боловсруулах үе шат явагдах ёстой, түүний дараа төсвийг хөрөнгө оруулагч тал, гүйцэтгэгч талууд зөвшилцөөд тодорхой үнийн дүн дээр баталгаажуулна. Уг баталгаажсан төсвийн хүрээнд талууд тохирсон ажил үүргээ биелүүлж, эцэст нь төсвөөр ажил үйлчилгээ хийгдэж дууссан гэдгийг хянах ёстой. Үүнийг хянах, шалгах гол зүйл нь санхүүгийн баримт, татвар төлөлт, бусад гэрээ гэх мэт баримт бичгээр баталгаажих атал нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн “Төсөв” нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа.

2008 онд батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “Зураг төсөл” гэж барилга, байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг хэлнэ гэж зааснаас үзэхэд зураг төслийн дагуу ажлын төсөл боловсруулагдсан байхаар байна. Нэхэмжлэгчийн өгсөн төсөв гэх баримт “164 айлын орон сууц”, ажил гүйцэтгэх гэрээ “166 айлын орон сууц” гэсэн нэршилтэй байна. Хэрэв төсөв нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөгдсөн бол хөрөнгө оруулагчтай зөвшилцөж баталгаажуулах, өөрчлөлт орох бүрт төсөл зураг өөрчлөгдөх ба үүнийг захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэж баталгаажуулах үүрэгтэй. Энэ нь зураг төслийн компанид байсан ба дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д зааснаар “Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулан баталгаажуулна” гэжээ. Төсөв анхныхаас 2 удаа өөрчлөгдөж, 2 нэмэлт төсөв гарсан бол зураг төсөл мөн л дагаж өөрчлөлт орж баталгаажих байтал энэ нь тогтоогддоггүй.

Засгийн газрын 2009 онд баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” 204 тоот тогтоол, тус тогтоолын 6 дугаар зүйл, 6.1-т зааснаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн боловсруулсан зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна” гэж заасан нь зураг төсөл, төсөв аль аль нь өөрийн компанийн тамга, гарын үсгээр баталгаажуулах гэсэн утга санааг хангалттай тодорхой илэрхийлж байна, уг шаардлагыг хангаагүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Төсөв дээр 10, 15 хувийн ашиг гэж тусгасан. Тэрхүү үнийн дүнгээс хэдэн төгрөг татварт төлсөн нь тодорхойгүй ба шүүх тодруулах шаардлагагүй гэж үзсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн. Ерөнхий гүйцэтгэгч “Ц” ХХК нь хэдэн туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилласан гэдэг нь ч тодорхойгүй, гэрээнүүдээ шүүхэд гаргаагүй, барилгын ажил гүйцэтгэсэн цаг хугацааны санхүүгийн тайлан байхгүй. Барилгын хөгжлийн төвөөс ирсэн 0,18 хувиар тооцон төлдөг Норомчлолын сангийн шимтгэл төлсөн байдал 6 000 000 төгрөг. Анхан шатны шүүх нь өмнө төсөв боловсруулагдсан талд ямар ч дүгнэлт гараагүй, нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн төсвөөр хэргийг үнэлэн шийдсэн нь эргэлзээтэй буюу буруу гэж үзэж байна.

2015 онд батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн 5.2, 5.6-д зааснаар татвар төлсөн баримт тайлангаа өгөөгүй. Хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжилт авч барьж байгаа барилгын ажилд төсвөөр санхүүжилт авах бус гүйцэтгэгч компани хөрөнгө оруулалтын зарлагаа баримтаар тайлагнаж, түүнээс үлдсэн хэсэг, нэмж авах санхүүжилтээ тодруулан, санхүүгийн бичиг баримтын үндсэн дээр нэхэмжлэл гаргах ёстой байсан. Төсөв бол өөрөө орлого, зарлага, татвар зэргээс бүрддэг ба санхүүгийн баримтыг шалгах нь зүй ёсны юм. Гэтэл шүүх барилгын ажлын хугацаанд нийт хэдэн төгрөгийн санхүүжилт аваад, бодитоор хэдэн төгрөг зарцуулсан, үлдэгдэл эсвэл ажлын хөлс нэмж авах тухай шийдвэрийг гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн мөн барилгын тухай хуулийн дагуу шийдэх ёстой байхад “Барилгын төсөв зохиох дүрэм БНбД81-95-12”-ийг баримтлан шийдвэрлэж буй нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний тухайд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №БАГ-2014/01 тоот Захиалагч “Х” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Рави Жагасиа, гүйцэтгэгч “Ц” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Г.Надмидцэрэн нарын хооронд “Үйлчилгээтэй 166 айлын орон сууцны “Баяжих” цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд байгуулсан гэрээ” нь байгуулагдсан. Энэ гэрээтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин гэрээний дагуу барилгаа бариулаад, төлбөрөө төлөөд дууссан байхад нэхэмжлэгч шаардлага хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжилсэн. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т “... “Зууны гүүр” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу гүйцэтгэж ашиглалтад оруулах...” гэж заасан. Бид Зууны гүүрийн боловслуулсан зураг төслийн дагуу барилгаа бариулсантай маргадаггүй боловч шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон төсөв анх тохиролцсон төсөвт өртгөөс өөр үнийн дүн бүхий “Төсөв” гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд төсвийн дагуу санхүүжилтийг бүрэн олгоно аль эсвэл төсөвт заагдсан бүх санхүүжилтийг хийж, гүйцэтгэгч түүнээс ашгаа гаргаж авна гэсэн ямар ч заалт байхгүй. Хэрвээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, төсвөөр санхүүжилтийг олгох ёстой гэж үзвэл төсөв өөрөө баталгаажсан, шаардлага хангасан, Барилгын хөгжлийн төвд хадгалагдсан байх ёстой. Гэвч нэхэмжлэгч тал гаргаж өгснөөс өөрөөр хаана ч архивлагдаагүй, хэнд ч байхгүй, баталгаажаагүй төсвөөр ажил гүйцэтгэх гэрээний үнийг тооцно гэвэл энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа юм.

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Гэрээний 4.1-т төлбөр тооцоо, санхүүжилт, ажлын хөлс яаж хийх талаар буюу “Захиалагч санхүүжилтийг гэрээний хавсралт болон орсон графикийн дагуу хийнэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 2014/01 тоот гэрээний хавсралт /1хх19/-д санхүүжилтээ тодорхой ойлгомжтой задлаагүй боловч амаар тохиролцоонд хүрч ажилласан. Хийлгэсэн ажлын нийт санхүүжилтийг тооцоолж ажлын хөлсийг олгоод 17 тэрбум гаруй төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн. Гэрээнд төсвөөр санхүүжих бөгөөд тус санхүүжилтээс гүйцэтгэгч компани ашгаа авна гэсэн заалт байхгүй, хавсралтад заагдсан байдал нь ойлгомжгүй байлаа гээд шууд төсвөөр гэрээний дүнг тодорхойлох үндэслэл болж чадахгүй. “Баяжих” цогцолбор барилга 2015 оны 12 сард баригдаж дууссан, 2016 оны 1 сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 01 хүртэл манайд санхүүжилт дутуу талаар, эсвэл ажлын хөлс авах талаар мэдэгдэж, нэг ч албан бичиг хүргүүлж шаардаж байгаагүй нь тухайн санхүүжилт бүрэн олгогдож, ажлын хөлсөө авсан байсныг илтгэж байна.

Нийт 17 889 708 042 төгрөг өгсөн ба бэлэн мөнгөөр 16 339 538 971 төгрөг, бартерт 720 540 000 үнэлгээ бүхий орон сууцыг тооцон өгсөн. Гэтэл шүүх 7 009 418 543 төгрөг л “Х” ХХК-иас “Ц” ХХК руу шилжүүлсэн гэж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Банкны дансны хуулгууд “Х” ХХК, барилгын үндсэн хөрөнгө оруулагч Рави Жагасиа нарын данснаас шилжүүлсэн. “Х” ХХК-ийн даснаас “Ц” ХХК-ийн дансруу 10 721 922 576 төгрөг, Рави Жагасигийн /Ravi Krishnadas Jagasia эсвэл From Jagsa гэсэн дансны хуулганууд/ данснаас “Ц” ХХК-ийн дансруу 5 617 616 395 төгрөг нийт 16 339 538 971 төгрөг шилжүүлж, бартерийн гэрээгээр 240 м.кв бүхий үйлчилгээний талбайг 720 540 000 төгрөгөөр үнэлэн өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор шалгаж нягтлан шийдвэр гаргаагүй ба манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр “Зууны гүүр” ХХК-ийн захирал Х.Дэлгэрмааг гэрчээр оролцуулсан боловч тодорхойгүй, эргэлзсэн, санахгүй байна гэсэн утга агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. Ийм эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгийг шүүх маш чухал мэтээр үнэлж шийдвэртээ тусгасныг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Х.Дэлгэрмаа нь гэрчээр мэдүүлэг өгөхөөс өмнө хэрэгт өмгөөлөгч Л.Банзрагчийн хүсэлтийн хариуг  ирүүлсэн /1хх230/ үүнд “...166 айлын орон сууцаар улсын комисс болон “Х” ХХК-д хүлээлгэн өгсөн, ... анхны төсөв болох 18 028 984 715 төгрөгийн төсөв болон барилгын ажлын явцад нэмэлтээр гарсан 2 төсвөөс өөр аливаа ямар нэгэн төсөв байхгүй болно” гэж тодорхойлсон. Гэвч мэдүүлэгтээ 164 айлын төсөв хийсэн, яг алийг нь хийсэн юм бэ 166 айл, эсвэл 164 айл юм уу гэхэд мэдэхгүй байна, гаргасан байх, ашиглалтад ороод удсан учраас санахгүй байна гэж хариулсан. Тодорхойлолтыг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж өгөхдөө бүх зүйлээ сайн санаж байсан нь мэдүүлэгээс зөрүүтэй, эргэлзээтэй учир аль алийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Тус компанийн тамга, гарын үсгээр баталгаажуулаагүй, төсөвчин гэх тамга дарсан түүнийг өөрийн байгууллагын ажилтан гэдгийг бичгийн баримтаар нотлоогүй байхад шүүх 18 028 984 715 төгрөгийн төсвийг боловсруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэрээний 4.1-д “Захиалагч санхүүжилтийг грэээний хавсралт болон орсон графикийн дагуу” хийнэ гэж заасан боловч зохигчид гэрээний хавсралт, графикийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй буюу хавсралт, график бичгээр боловсруулагдаагүй талаар талууд маргаагүй гэж дүгнэлт өгсөн. Гэтэл 2014/01 ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1 хуудас баримтаас  өөр хавсралт байхгүй. Үүнийг тухайн гэрээний хавсралт гэж үзэж бид маргаж байгаа бөгөөд боловсруулагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй атал шүүгч маргаагүй гэж дүгнэсэн нь буруу. Шүүх хуралдааны тэмдэглэлд хавсралтын талаар ярьсан нь тэмдэглэгдсэн байгаа. Мөн “... “Зууны гүүр” ХХК нь “Х” ХХК-ийн захиалгын дагуу нийт 18 028 984 715 төгрөгийн төсөвт өртөг бүхий ... төсвийг боловсруулсан байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Төсөв хуулбарлаж нотариатаар гэрчлүүлсэн байдлаар хэрэгт байгаа бөгөөд Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ, 49.3 “... уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ” утга агуулга, хэлбэрийн хувьд тамгалаагүй гарын үсэг зураагүй хуулбарыг гэрчилсэн байх бөгөөд “Зууны гүүр” ХХК, аль эсвэл “Х” ХХК-ийн аль нэг нь гэрчлүүлбэл боломжтой байсан баримтын хуулбарыг хууль зөрчиж баталсан бөгөөд үүнийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон.

Мөн тухайн төсвийг хуурамч, бодит бус гэж үзэх маш олон үндэслэлүүд байхад шүүгч шийдвэрт дурьдаагүйн дээр эргэлзээгүй, үнэн зөв баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох ёстой байтал эргэлзээ төрүүлэх олон үндэслэл байхад уг төсвийг үнэн зөв гэж үнэлсэн нь буруу юм. Хариуцагч тал өөр төсөв гаргаж өгөөгүй, тайлбар татгалзлаа нотлоогүй гэх боловч хариуцагч бусад шалтгааны улмаас бидэнд байх боломжгүй талаар тайлбарлаж татгалзлаа нотлох гэж шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг авахгүй, хүсэлтийг хангадаггүй үйл баримтууд байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөгдөөгүй үнийн зөрүү 2 405 000 626 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараас үзвэл “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтаар нийт 15 288 293 000 төгрөгийн өртөгөөр захиалан бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон нэр шилжүүлэх хүсэлт, 166 айлын “Баяжих” цогцолборыг барьж ашиглалтанд оруулсан тухай 16/21 дугаар албан бичгийг дээрх байгууллагын “хуулбар үнэн” тэмдэглэл хийгдсэн хэлбэрээр гаргаж, хэрэгт хавсаргахыг хүсэлт болгосон байна. /3хх 27/

 

Анхан шатны шүүх хариуцагч талын гаргаж буй, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлээ нотолж байгаа гэх дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүйн зэрэгцээ нотлох баримтыг шүүх хуралдааны явцад гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хэрэгт хавсаргахаас татгалзах нь зүйтэй гэж дүгнэж, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Шүүгчийн 101/ШЗ2018/03988 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /3хх30/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу хэргийн оролцогчоос гаргасан аливаа нотлох баримтыг шүүх хүлээн авахаас татгалзах эрхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж зохицуулжээ. Гэтэл шүүх хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж тухайн баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийж, тухайн баримтуудыг хүлээн авахаас татгалзсан нь буруу.

 

Түүнчлэн, хэргийн оролцогчоос гаргасан баримтыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан хариуцагч тал дээрх захирамжид гомдол гаргасан талаар 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж, үүнийг шийдвэрлэх шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлтийг гаргасан /3хх45/ байхад  шүүх тухайн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах үндэслэлгүй гэж дүгнээд дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /3хх63/

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “Зууны гүүр” ХХК-ийн гүйцэтгэсэн “Үйлчилгээтэй 164 айлын орон сууц”-ны барилгын ажлын төсөвт шинжээч томилуулахаар 7 үндэслэл зааж 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр хүсэлт гаргасан байна. /2хх168/ Шүүх хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүгчийн 101/ШЗ2018/00827 дугаартай захирамжаар шийдвэрлэхдээ “164 айлын орон сууцны барилгын ажлын төсөв гэх нотлох баримтыг нотолгооны шаардлага хангахгүй байгаа, барилгын ажил эхлэхээс өмнө танилцуулагдаж байсан төсөв биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэж хангахаас татгалзжээ. /2хх217/

 

Хариуцагч дурдсан агуулгаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, “Ц” ХХК-иас 166 орон сууцны “Баяжих” цогцолборыг барихдаа зарцуулсан зарлагын буюу санхүүгийн баримтууд, татвар төлсөн баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах, гүйцэтгэсэн ажлын мөнгөн хөрөнгийг төсөвтэй уялдуулан санхүүгийн шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргасан байна. /3хх3/ Гэтэл шүүх 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Шүүгчийн 101/ШЗ2018/03127 дугаартай захирамжаар “нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтийг өмнө нь шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хангахгүй орхисон байна. /3хх10-11/

 

Дээрхээс гадна, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан төсөв нь үнийн дүн илт зөрүүтэй байгаа тул Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн өртөгөөр баригдсан талаар санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /3хх23, 27/ Шүүх 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Шүүгчийн 101/ШЗ2018/03988 дугаартай захирамжаар “Хүсэлтэд дурдсанаар 15 288 293 00 төгрөгийн өртөгөөр 166 айлын цогцолбор барьсан буюу барилгын төсөв эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул аудит томилуулан шинжлүүлэх хүсэлтийг хангах үндэслэлгүй” гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. /3хх30-32/ Шүүх хариуцагчаас гаргаж барилгын зургийн төсөвт шинжээч томилуулах, гүйцэтгэсэн ажлын мөнгөн хөрөнгийг төсөвтэй уялдуулан санхүүгийн дүгнэлт гаргуулахтай холбоотой удаа дараагийн хүсэлт нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг үнэн зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг шаардлагатай байжээ.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл нь эргэлзээтэй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 580 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА