| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/02882/и |
| Дугаар | 102/ШШ2020/00423 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2020/00423
| 2020 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2020/00423 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.У-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Б.У-тэй танилцаж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин У.Э 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байна. Цаашид би Б.У-тэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Л.О-тай танилцаж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин У.Э 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Бид Л.О-ын эхтэй таардаггүй байсан тул тусдаа амьдардаг болсон. Би эхнэрээ ямар нэгэн байдлаар хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, дарамталж байсан зүйл байхгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаарлагын талаар маргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.О болон хариуцагч Б.У нар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсоныг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд гэрлэснийг бүртгэжээ. Улмаар гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тэдний дундаас охин У.Э төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрлэгчдийн гэрлэлтийн 1107000557 дугаар гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн 000485325 дугаар гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, түүнчлэн, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/13503 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00036 дугаар “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав. Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин У.Э эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдийн насны онцлого зэргийг харгалзан үзэж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн түүнийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ. Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлгийг эцэгээс нь гаргуулж хүүхдэд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Л.О, Б.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин У.Э-г эх Л.О-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин У.Э-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.У-с гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН