Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1102

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00726 дугаар шийдвэртэй, Д.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

Хариуцагч Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Эт 4 000 000 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө би нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайг илэрхийлэхэд ямар ч боломжгүй, чиний эрх хязгаарлагдсан гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль, шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж явсан ч сайн дураар мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.

2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 3 жил гаруйн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 4 000 000 төгрөг, хоёр сарын хүү 240 000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиар тооцон 2 000 000 төгрөг, нийт 6 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Ж.Эт 2013 онд хоёр удаагийн зээлээр 4 000 000 төгрөгийг мөн зээлсэн. Уг зээлийн асуудлыг тус шүүхээр шийдвэрлэсэн. Одоо нэхэмжилж буй мөнгө 2014 оны гэрээний дагуу нэхэмжилж байгаа тусдаа зээл юм. Нийтдээ 2013, 2014 онуудад 8 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагчаас эхнэр н.Дархисүрэнд мөнгийг өгдөг байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Би н.Дархисүрэнтэй тодорхой хугацаанд найз нөхдийн харилцаатай байсан нь үнэн боловч миний эхнэр биш. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн байгаа. Мөн мөнгийг өөр хүнд өгөөрэй гэж би хэлж байсан удаагүй. Ж.Эээс 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орчим 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн нь үнэн. Гэхдээ уг мөнгийг 2013 оны зээлд тооцож авсан. Харин 2014 оны зээлээс мөнгө төлсөн зүйл байхгүй. Иймд Ж.Эээс 6 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4 680 000 төгрөг гаргуулах Д.Бын нэхэмжлэлийг гардаж авсан. Мөн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 6 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж авлаа. Д.Бын анхны нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сард тус шүүхийн шүүгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дахиад нэхэмжлэл гаргасан байна. Би 2013 онд хоёр удаа гэрээ байгуулж Д.Баас 4 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Харин 2014 онд огт мөнгө аваагүй. Өмнөх хоёр гэрээгээ шинэчлээд хийе гээд надаар гарын үсэг зуруулсан. Д.Баас зээлсэн 4 000 000 төгрөгөө би бүрэн төлж дуусгасан. 2013 онд 1 628 000 төгрөг, 2014 онд 1 440 000 төгрөг нийт 3 120 000 төгрөгийг хүүд төлсөн.

Д.Б нь “Одкон” худалдааны төвөөр н.Дархисүрэнг өөрийн эхнэр гээд хамт ирдэг байсан. Надтай хамт лангуу эрхэлдэг олон хүмүүс түүнээс мөнгө зээлсэн, бүгд тэр хоёрыг эхнэр нөхөр гэж ойлгосон. Хүүгээ авахдаа ч хамт ирээд авдаг байсан. 2014 оны 4 сард шоронд орохоосоо өмнө Сансрын тунелийн орчим машинд надаас 1 000 000 төгрөг авахдаа ч н.Дархисүрэнтэй хамт явж байсан. Д.Быг шоронд орсны дараа н.Дархисүрэн ирээд та нар мөнгөө өгөөгүйгээс, манай хүн шоронд орлоо гээд уурлаж загнаад мөнгийг авдаг байсан. Би н.Дархисүрэнгийн дансаар бага багаар 1 400 000 орчим төгрөг, бэлнээр 905 000 төгрөгийг өгсөн. Мөн шоронд орсны дараа ирээд нэг удаа 1 000 000 төгрөг бэлнээр авсан. Шүүхэд нэхэмжлэл гарсны дараа Дархисүрэнгийн эгчтэй уулзаж ямар учиртай болохыг асуухад Д.Б, н.Дархисүрэн нарын хоорондох гэр бүлийн асуудал гэж хэлсэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Эээс 6 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын ял авсан. Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч чанга дэглэмтэй хорих ангид гадагш гарч чадахгүй, өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй. Гэтэл шүүх итгэмжлэл олгох эрхээ эдлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч чанга дэглэмтэй хорих ангид байхад хэнд итгэж итгэмжлэл олгох байсан, итгэмжлэл авсан этгээд буруугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Шүүх бусдад итгэмжлэл өгөөгүй гэсэн нь хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэдэгт маргаагүй. Гэтэл шүүх шийдвэртээ зээлийн гэрээг байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн гэдэгт маргаагүй гэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд годмолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Эт холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 4 000 000 төгрөг, хоёр сарын хүү 240 000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцон 2 000 000 төгрөг, нийт 6 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх5/ авагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Ж.Э нь зээлдүүлэгч Д.Баас 4 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь нэг сарын хугацаатай байгуулсан дээрх гэрээний дагуу шаардах эрх нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс тооцогдох атал 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. дэх хэсэгт зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснийг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын тогтоол гүйцэтгэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221 тоот тодорхойлолтод /хх12/ Д.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Хорих 433 дугаар ангид ял эдэлж байгаад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч зээлийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох тухайн цаг хугацаанд хорих ангиас суллагдсан байсан нь нотлогдож байх тул шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байсан гэж үзнэ. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн буруу юм.

Тэрээр хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлсний улмаас нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хязгаарлагдсан, хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нэхэмжлэл гаргах талаар хандсан боловч эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх агуулгаар тайлбар хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын зүгээс түүний эрхийг хангаагүй талаарх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын даргаар итгэмжлэлээ гэрчлүүлж, шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон албан тушаалтантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ж.Эийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй тохиолдолд түүнийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байхад шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 114 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА