Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдлоор Б.Н холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ДП90111919 регистрийн дугаартай, И овогт Б. Н.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө О.Н зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний битүү гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцэрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б. Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлээс 675.210 /зургаан зуун далан таван мянга хоёр зуун арван/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Б.Н гарган хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 118.400 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.206.350 /нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээж, Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н өмгөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдол, тайлбартаа: Б.Н өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг үл зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр хохирогчид 675.210 төгрөгний хохирлыг тооцож гаргасан. Б.Н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

 Прокурор Х.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээгээгүй. Шийтгэх тогтоол гарч шүүх гэм бурууг нь тогтоосны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь давж заалдах шатны шүүхээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс ногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулчихаад эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлж өгнө үү гэж байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаан болсны дараа 600.000 гаруй төгрөг өгчихөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  хохирогч О.Н зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцэрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл учруулжээ.   

Энэ үйл баримт нь хохирогч О.Н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 26-ны 21 цагийн үед Б.Н орж ирээд хохирогчийг зүүн нүд рүү нь гараараа цохиод газарт унахад нь хэд хэд өшиглөөд гарч явсны дараа хохирогчийн нүднээс цус гарч юм харж чадахгүй байсан бөгөөд хавдрыг нь буухаар эмчид үзүүлэе гэж бодоод 3-4 хоногийн дараа эмчид үзүүлж, эмнэлэгт 5 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явж нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороход нүд нь сохорсон байсан, одоо ч юм харахгүй байгаа”  тухай мэдүүлэг,

Гэрч Б.О: “2019 оны 5 дугаар сарын 26-27-ны үед Б.Н  гэрт очиж охин Н нь зодоод зүүн талын нүдийг нь хүнд гэмтээсэн байсан бөгөөд эмнэлэгт үзүүлж, Улаанбаатар хот явуулж нүдний хагалгаанд оруулсан.” тухай мэдүүлэг,

Гэрч Б.О: “2019 оны 05 дугаар сарын сүүлээр Б.Н “Би О.Н нүдрүү цохисон чинь намайг цагдаад өгсөн байна. Та хүрээд ир” гэж  хэлсний дагуу Говь-Алтай аймагт ирээд Н уулзахад зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан” тухай мэдүүлэг,

Гэрч А.Ц: “2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед гэртээ ороход нь охин О.Н нь гэртээ ганцаараа зүүн нүд нь хөхөрч хавдсан, гэрийн ширдэг, О.Н хувцас нь цус болсон байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Б.Н зодоод зүүн талын нүд гэмтээчихлээ. Юм харж чадахгүй байна” гэж хэлж байсан ба 7-8 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд хүнд гэмтсэн байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлж 4-5 хонуулаад Улаанбаатар хотруу явуулж нүдний хагалгаанд оруулсан. Одоо О.Н зүүн нүд сохорсон” тухай мэдүүлэг,

Гэрч Х.Д: “2019 оны хавар архи ууж байх үедээ О.Н нь “Б.Н миний нүд рүү цохиж гэмтээсэн. Нүд юм харахгүй байгаа. Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа” гэж хэлж байсан бөгөөд Б.Н нь тэр үед  дуугүй суугаад байсан” тухай мэдүүлэг,

 Гэрч Т.Х: “2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр О.Н үзэхэд нүдэндээ битүү гэмтэл аваад удсан, зүүн нүдний хаван буусан, зовхи хөхрөлттэй, мохоо зүйлээр цохигдоод лимбээр задарч солонгон бүрхүүл хавчуулагдсан, шилэнцэр цустай байсан тул эмнэлэгт хэвтүүлж, задарсан шарханд оёдол тавиад Улаанбаатар хотруу өөрөө авч явж нэгдүгээр эмнэлэгт хэвтүүлээд торлог, шилэнцэрт нь мэс заслын хагалгаа хийлгэх гэтэл цус ихтэй учраас хагалгаа хийх боломжгүй, эмийн эмчилгээ хийж байгаад 1-2 сарын дараа мэс заслын хагалгаанд ор гэсэн” тухай мэдүүлэг,

Шинжээч Д.Б 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн: “О.Н биед зүүн нүдний битүү гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцэрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хохирогчийн нүд рүү гараараа цохих санаатай, гэм буруутай үйлдлээр түүний эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан шинжээрээ шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Б.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Б.Н оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

            3. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.Ж

     ШҮҮГЧИД                          Ш.Б

                                               Ч.Э