Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00017

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Н.Туяасайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ж.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаарзүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батмөнхөд холбогдох 132/2017/0010/Э индекстэй, 201606000269 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын харьяат, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 7-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 272 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Жамбалдоржийн Батмөнх /РД: ГЭ81020430/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Батмөнх нь 2011 оноос эхлэн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Туяасайханг ална гэж заналхийлэх, зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах зэргээр бие махбодын болон сэтгэл санааны шаналгаа, өвдөлд үүсгэсэн үйлдлийг удаа дараа хийж тарчлаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг.

Хохирогч Н.Туяасайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Батмөнх ер нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэл амаар доромжилдог, зоддог. Би түүнийг архинаас гаргах арга хэмжээ олон  удаа авч байсан. Батмөнх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо намайг зоддог. Түүнд зодуулсанаас болж би эрүүл мэндээрээ хохирч байна. Би цаашид гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаа. Батмөнх намайг байнга ална гэдэг. Би түүнээс их айдаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би түүнд зодуулах болгондоо цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Би их тэсдэг байсан. Батмөнх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бидний хооронд маргаан үүсдэггүй. Архи гэдэг зүйл эхнэр, хүүхдүүдээс нь чухал байдаг юм шиг байна. Би үүнийг ойлгохгүй байна гэх мэдүүлэг. 201606000269 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Ж.Батмөнхийн яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 10 дугаар сард гадуур архи ууж яваад 13-14 цагийн орчимд хадам ээж Батжаргалын гэрт халамцуу ороход хадам ээж Батжаргал, эхнэр Туяасайхан, Үүрийнтуяа нар гэр барьж байхаар нь хамт барилцсан. Тэгээд Туяасайхантай ялихгүй зүйлээс болж маргалдахад намайг өшиглөхөөр нь босож ирээд баруун шанаа руу нь цохьсон. Өөр цохьсон зүйлгүй. Хааяа архи уучихаад ирэхэд Туяасайхан элдэв янзаар хэлээд хэрүүл өдөөд байдаг. Тэгээд би Туяасайханд гар хүрдэг. 2016 оны 03 дугаар сард мөн нэг удаа нүүр лүү нь гараараа цохьсон  гэх мэдүүлэг /хх-37 дугаар тал/,

Гэрч М.Батжаргалын өгсөн: ... Энэ 2 хүний хоорондын харилцаа хэцүү юм. Ж.Батмөнх шоронд сууж байгаад ирсэн юм. Н.Туяасайхан надтай хааяа нэг таарахаараа Ж.Батмөнхөд зодуулчихлаа, гэртээ согтуу ирж агсам тавиад байдаг талаар ярьдаг юм ...гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/,

Гэрч Ц.Үүрийнтуяагийн өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө хадам ээж Батжаргал маань гэрээ барих гэж байна хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход Туяасайхан, ээж Батжаргалын хамт гэрээ барих гээд ханаа дугуйлаад зогсож байсан. Удалгүй Ж.Батмөнх гаднаас халамцуу орж ирээд чиний олон ахтай чинь хаана байна, балай бэр хүргэн 2 чинь гэр барьж өгч байна гэхэд Туяасайхан юм хэлээгүй. Би Батмөнхийг юу яриад байгаан гэртээ харь гэхэд балай хүмүүс л хүнд тусалдаг юм гэж хэлээд гэрээсээ гарч явсан. Гэрийн унь өлгөөд зогсож байхад Ж.Батмөнх ахин орж ирээд юм ярихгүй байж байгаад жинхнээсээ гэрийг чинь барьж өгнө гэхэд Туяасайхан яах гэж орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд Батмөнх эхнэр Туяасайхантай хэрэлдэж Туяасайхан Батмөнхийг нуруу луу нь гараар 2-3 удаа цохиод бөөс гуйлгачин гэх мэт үг хэлэхэд Батмөнх гэрийг нь барьж өгнөө гэж байсан. Туяасайхан Батмөнхийн бэлэг эрхтэн рүү нь өшиглөхөд Батмөнх намайг өшиглөсөн гээд газар уйлаад өнхөрөөд хэвтээд байсан. Хэсэг хугацааны дараа хоорондоо хэрүүл хийгээд Батмөнх Туяасайханыг яг өөрийнх шигээ болгоно гэж хэлэн үснээс нь зууран зодолдож байсан. Хадам Батжаргал охиныг минь аллаа гээд орилоод дундуур нь ороход Батмөнх хадам ээж Батжаргалыг 2 удаа цохиход газар унасан. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгснээ хадам ээж Батжаргал босож ирээд цагдаа дуудахаар болоход Батмөнх та нар өөрсдөөсөө болдог шүү зүгээр байвал зүгээр байх байсан гэж хэлээд хашаанаас гараад явсан гэх мэдүүлэг /хх-17, 18дугаар тал/,

Гэрч Ё.Батжаргалын өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын эхээр байх. Би охин Туяасайхан, бэр Үүрийнтуяа нарын хамт барьж байхад Ж.Батмөнх хашаанд орж ирээд Туяасайханаас мөнгө өгөөч гээд үсдээд нүүр, гар луу нь өшиглөсөн. Би очоод Батмөнхийг боль гэж хэлэхэд миний зүүн чих рүү цохьсон. Би нэг мэдэхэд газар унасан байсан ба Батмөнх хашаанаас гарч явж байсан. Батмөнх архи уухаараа миний охиныг өөр хүмүүстэй хардан, элдэв үгээр хэлж доромжилж гар хүрч байнгын дарамтанд байлгадаг. Сүүлдээ намайг дарамтлаж пизда минь бууз, хуушуур хийхгүй юм уу гэж хэлдэг болсон ...гэх мэдүүлэг /хх-20 дугаар тал/,

Гэрч Ө.Барбаатарын өгсөн: ... Ж.Батмөнх Н.Туяасайхан нар нь гэр бүлийн хүмүүс. Ж.Батмөнх архины хамааралтай болсон. Байнга архи ууж эхнэр Н.Туяасайханыг дарамталж элдэв янзаар хэлж дуудлага, мэдээлэл өгдөг байсан. Ж.Батмөнхийг олон ч удаа эрүүлжүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын эхээр Н.Туяасайхан, Ж.Батмөнхөд зодууллаа гэсэн дуудлага өгсөн ба очиход Н.Туяасайхан зодуулсан байдалтай үс нь сэгсийсэн газарт унасан байсан. Ж.Батмөнхийг цагдаагийн газар дээр авчран зөвлөгөө өгч явуулсан. Ж.Батмөнх нь архи уучихаараа их ширүүн зантай болдог залуу. Архи уухгүй бол дуу цөөтэй гэх мэдүүлэг /хх-24 дүгээр тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 321 тоот:

1.Н.Туяасайханы биед тархи доргилт, зулай, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зуун бугалга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-23 дугаар тал/,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

5. Гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 дүгээр тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 дугаар тал/, хохирогч Н.Туяасайханы өргөдөл /хх 05 дугаар тал/, хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх 13 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 321 дугаартай дүгнэлт /хх 28 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 дугаар тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол /хх 43,44 тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол /хх 45,46 тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол /хх 47 тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоол, /хх 48-49 тал/, Булган аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол /хх 50,51 тал/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 54-64 тал/, оргодлыг эрэн сурвалжилсан баримт /хх 65-73 тал/, захиргааны шийтгэвэр ногдуулсан шийтгэврийн хуулбар /хх 75 тал/, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх 77, 78 тал/ зэрэг хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Батмөнх нь 2011 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н. Туяасайханыг ална гэж байнга заналхийлэх, зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах зэргээр бие махбодын  болон сэтгэл санааны шаналгаа, өвдөлт үүсгэсэн үйлдлийг удаа дараа хийж тарчлаасан  факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь 2011 оноос хамтын амьдралтай болсон үеэсээ эхлэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас байнга зодох, заналхийлэх, айлган сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдлээрээ зовлон шаналалд оруулж байсан талаархи хохирогч Н.Туяасайханы мэдүүлэг, үргэлжийн хэрүүл маргаан хийж, хохирогч Н.Туяасайхан нь биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, байнга айдас, дарамтанд орж байсан талаархи гэрч М.Батжаргал, Ц.Үүрийнтуяа, Ё.Батжаргал, Ө.Барбаатар нарын өгсөн мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдал,  хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин өндөр байсан талаархи хөдөлмөр нийгэм халамжийн мэргэжилтэн шинжээч О. Цэрэнлхамын дүгнэлт, хохирогч Н.Туяасайханы биед тархи доргилт, зулай, баруун, зүүн чамархай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зуун бугалга, даланд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 321 тоот дүгнэлт зэрэг  шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.     

Шүүгдэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Н.Туяасайхан болон гэрч нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, үйлдсэн арга зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгээр батлагдаж байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Батмөнх нь эхнэр Н.Туяасайханг зодох буюу тарчлаах шинжтэй үйлдлийг байнгын шинжтэй, санаатай хийсэн нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ж.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна .

Шүүгдэгч Ж.Батмөнх нь 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 272 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламтент байгуулагдсаны 25 жилийн  ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар  ялтай байдал нь  өршөөлд хамрагдаж байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Батмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь гэж үзлээ.

Хохирогч Н.Туяасайхан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан бие махбодийн болон сэтгэл санааны гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдьвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чонос овогт Жамбалдоржийн Батмөнхийг тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдусгай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батмөнхөд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНДУЛАМ