Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0137

 

 

  

     2022           02           28                                        128/ШШ2022/0137

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц овогтой Х,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж овогтой А,

Хариуцагч: Э-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д овогтой Т нарыг оролцуулан Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Х нь Э-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан.

          2. Э-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн баталсантай холбогдуулан  Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар тус яамны бүх албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон.

Ц.Х уг тушаалаар буцаан томилогдоогүй бөгөөд түүнийг Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

          3. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4781 дүгээр захирамжаар нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн.

          4. Нэхэмжлэгч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эргүүлэн томилуулах шаардлагыг тодруулах тухайд:

          Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

          Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 231 дугаар тогтоолын дагуу Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны  8 дугаар сарын 26-ны өдөр А/130 дугаар тушаалаар Э-ны үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлагдаж Ц.Х миний эрхэлж байсан албан тушаал хэлтэс, хэд хэдэн ажлын байр болон хуваагдсан байна.

          Ц.Х төрийн албан хаагчийн шатлан дэвших /мерит/ зарчмаар тогтвортойгоор 8 жил Э-нд ажилласан байна. Ажлын байрны үндсэн чиг үүрэг болон Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлага, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг, ангилалд дүйцэх албан тушаалууд нь Э-ны Төрийн нарийн бичгийн даргын “Э-ны үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” 2021 оны  8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар бий болсон Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтэст Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тус газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтэст Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг төрийн жинхэнэ албан хаагч Ц.Х миний бие бүрэн хангаж байгаа тул Э-ны Төрийн нарийн бичгийн дарга томилох боломжтой байна.

          Э-ны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалаар Ц.Х намайг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өөр албан тушаалд шилжүүлэхдээ надтай тохиролцоогүй, миний татгалзаж байгааг үл харгалзсан, хүсээгүй байхад  шилжүүлэн ажиллуулснаас болж албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин хөлс буурсан.

            Иймд Ц.Х миний урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны чиг үүрэг, албан тушаалын зэрэг дэвд тохирсон дээрх 2 албан тушаалуудад хэн нэгэн томилогдоогүй сул болон түр томилгоотой байгаа тул урьд эрхэлж байсан ажил, зэрэг дэв, ангилалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

          5. Нэхэмжлэгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Миний ажиллаж байсан газар нь Нийгмийн эрүүл мэндийн газар бөгөөд газар нь өөрөө бодлогоо авч явдаг, доороо нэг хэлтэстэй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сая дурдсан тушаалаар Халдварт бус өвчний асуудал хариуцсан хэлтэстэй болсон. Миний хариуцаж байсан ажил нь Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан газрын ахлах шинжээч, газрын орлогчийн хэмжээнд ажилладаг, бүх мэргэжилтнүүдээ хариуцан ажиллаж байдаг.

      Тэр халдварт бус өвчний асуудал нь халдварт бус өвчнөөс сэргийлэх хэлтэс болсон. Миний хариуцаж байсан сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцаж байсан нэг мэргэжилтэн, осол гэмтлийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн, үлдсэн халдварт бусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга н.Ө гэдэг хүн томилогдсон. Ингээд дөрвөн хүн миний ажлыг авсныг ярьсан юм. Бодлого, төлөвлөлтийн газартай ямар ч хамааралгүй. Тэгэхээр Э-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын 62.1.4 нь надад огт хамааралгүй үндэслэл байгаа юм. Миний хамаарах зүйл бол Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дахь хэсэгт албан тушаал нь тэр хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бодлого, төлөвлөлтийн газартай андуураад байна. Тэгэхээр нэг хүний хариуцаж байсан ажил хэлтэс болоод дөрвөн хүн энэ асуудлыг хариуцаж байгаад нь учир байгаа юм.” гэв.

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч нь Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт бус өвчих, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байгаад Э-ны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Өнөөдөр А дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. А/130 дугаар тушаалаар чөлөөлөөд буцааж томилох ёстой байтал А дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулсан. Шилжүүлэн ажиллуулах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.3-т заасныг баримталсан байдаг. Сонсох ажиллагаа хийхдээ Ц.Х нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй.

          Учир нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан уг албан тушаалыг хэлтэс болгож дөрвөн албан тушаалыг бий болгосон байдаг, нэг хүний ажлыг 4 хуваасан.

          Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд миний хийдэг ажлыг хэлтэс болгоод дөрвөн хүн хувааж хийх гэж байгаа юм байна, би энэ хэлтэст ажиллах бүрэн боломжтой гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн ажиллагаа явагдсан.

          2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал гарсныг эс зөвшөөрөөд Төрийн албаны зөвлөлд холбогдох гомдлыг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 тоот албан бичгээр Э-ны Төрийн нарийн бичгийн даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын гол үндэслэл нь хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг дүйцэх албан тушаалд нь томил гээд, уг албан бичигт холбогдох хуулийн заалтыг бүгдийг нь бичээд эрхийг нь зөрчсөн байна гэдгийг дүгнэсэн.

          Э-ны Төрийн нарийн бичгийн даргын А дугаар тушаалыг үндэслээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 14 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтнээр томилсон байдаг. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

          Учир нь Төрийн албаны зөвлөл 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлыг хянан шалгаад 3 дугаар сарын 04-ний өдөр хариу өгөхдөө энэ шилжүүлэн ажиллуулах болсон нь хууль зүйн үндэслэлгүй байна, буруу шийдвэр гаргасан байна гэж шийдвэр гарснаар шүүхэд хандсан. Э- Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. А дугаар тушаалын 44 дэх холбогдох хэсэг нь хууль зөрчсөн, нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй.

          Э- нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай зөвшилцөж албан тушаалд нэхэмжлэгчийг томилуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчийг шатлан дэвших зарчмын дагуу хэрэв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн шинэ агентлаг байгуулагдаад түүнийг зайлшгүй хөл дээр нь зогсоох шаардлагатай боловсон хүчин шаардлагатай гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийг тухайн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хэлтсийн даргаар томилох хэмжээнд тохиролцоо хийх ёстой.

          Тэгэхээр ийм тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжин очсон ахлах шинжээч гэдэг албан тушаал нь Э-анд авч байсан цалин, хөлснөөс доогуур, өнөөдөр нэхэмжлэгч А дугаар тушаалаас болоод цалин хөлс нь буурсан, ТЗ-10-аас ТЗ-7 болж 4 шатлал буурсан. Цалингийн зөрүү нэмэгдэлтэйгээ 900.000 төгрөг, дангаараа 600.000 төгрөг. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн баталгааг хуулиар хамгаалсан. Энэ баталгаа алдагдсан. А дугаар тушаал буруу гарсан гэдэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга 14 тоот тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтнээр томилохдоо А дугаар тушаалыг огт баримтлаагүй.

          Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тушаалд Э-ны Төрийн нарийн бичгийн даргын А дугаар тушаалыг үндэслээгүй. Үүнээс болж цалин хөлсийг нь тухайн агентлагийн зэрэг, дэвд тохируулаад ТЗ-7 болгож бууруулснаар үндсэн цалин 600.000 төгрөг, нэмэгдэлтэйгээ 900.000 төгрөгийн цалин хөлс буурснаар нэхэмжлэгчийн ажлын байрны баталгаа алдагдсан. А дугаар тушаалыг үндэслэлгүй гэж шүүхэд маргаж байгаа учраас үүний холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.” гэв.

          7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын Э-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, бүтэц орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоолын дагуу манай яамны бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулаад Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаал гарч, уг тушаалаар албан хаагчдыг бүгдийг нь чөлөөлсөн.

          Яагаад 155 дугаар тогтоол гарах болсон бэ гэвэл манайх төрийн зарим чиг үүрэг орхигдсон, зарим газруудад давхцаад орсон, зарим чиг үүрэг нь хаягдсан, шилжүүлэх албан тушаал байхгүй асуудал гарсан учраас бүтэц өөрчлөлт оруулъя гэдэг тогтоолын төслийг манайхаас боловсруулаад манайх өөрсдөө Засгийн газрын хуралдаанаар оруулаад батлуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дөрвөн хүнд хуваагдаад гэж яриад байна. Зарим чиг үүргүүд нь давхацсан байгаа учраас яалт ч үгүй бид нар давхцах хийдлийг арилгах шаардлага гарсан гэж үзээд бүтцийг хийсэн байгаа. Тэгэхээр дөрвөн хүнд ажлыг хуваагаад тараагаад байсан зүйл байхгүй.

          Тухайн албан тушаал, Бодлого төлөвлөлтийн газрыг байх шаардлагагүй юм байна гээд тухайн үед үзээд бүх газар, мэргэжилтнүүдэд бодлого гээд чиг үүрэгт нь нэмэгдээд орсон. Учир нь яам нь бодлого боловсруулдаг газар гэдэг байр суурьнаас мэргэжилтнүүдийн чиг үүрэгт бүгдэд нь бодлогыг оруулж өгсөн учраас Бодлого, төлөвлөлтийн газар гэж байхгүй болсон. Тэгэхээр үүн дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаад байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Бодлого төлөвлөлтийн газар нь татан буугдсан учраас бид нар Бодлого, төлөвлөлтийн газар байсан албан хаагч нарыг бүгдийг нь чөлөөлсөн, шилжүүлсэн.

        Бодлого, төлөвлөлтийн газрын даргыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд тухайн газар, нэгж байхгүй болсон учраас бид нар албан хаагч нарыг ажилгүй болгож, чөлөөлөхгүйн тулд шилжүүлэх арга хэмжээ аваад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж шилжүүлсэн. Ажлуулъя гэсэн ч Э-анд тухайн албан хаагчийг ажлуулах албан тушаал байхгүй байсан учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай зөвшилцөж шилжүүлсэн.

          Бид нар томилох тушаал гарч байхад яаж 5 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тушаал гарахад албан хаагчдын цалинг бууруулна гэж тааж мэдэхгүй. Бид нараас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга тушаал гаргасан байж байгаад цалин нь тухайн мест дээр бага юм байна гэдгийг мэдэж шилжүүлээд албан тушаалын цалин мөнгө нь буурсан асуудал биш юм.

          Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын цалин бууруулсан энэ тушаалтай Э- ямар ч хамааралгүй учраас ингэж эрх зүйн байдал нь дордчихлоо, очоод цалин мөнгө буурчихлаа гэдэг байдлаар Э-ны Төрийн нарийн бичгийн даргын А дугаар тушаалтай холбогдуулаад яриад байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          Бид нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай сүүлд ярилцсан. Энэ хүмүүсийн цалин мөнгийг Э-анд авч байсан байдлаар олгох боломжийг бүрдүүлж өгнө үү, бид нартай тохиролцсон тохиролцоо байгаа, нэгэнт тохиролцсон тохиролцоо байгаа тохиолдолд үүргээ биелүүлнэ үү гэдэг байдлаар бид нар хандсан.

          Тэгэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болж байна, бид нар үүнийг судалъя, цалин мөнгийг Э-анд авч байсан байдлаар өгөх боломжийг зөвшилцөх шатандаа явж байгаа, Э-анд авч байснаар цалин мөнгийг олгоё гэдгийг бид нар орхигдуулаагүй, үүнийг ярилцаж байгаа.

          Үүн дээр шууд эрх зүйн байдал дордсон гэх байдлаар хэлээд байгаа нь Э-ны Төрийн нарийн бичгийн даргын А дугаар тушаалтай ямар ч хамааралгүй. Тэгэхээр цалин мөнгө буурсан асуудлаар бид нар хоорондоо ярилцаж тохиролцож болох байх гэж бодож байна. Газар, хэлтэс татан буугдсантай холбоотойгоор бид нар энэ хүмүүсийг чөлөөлөх гэхээс илүү ажилтай байлгая гэдэг байр сууриар бид нар энэ хүмүүсийг шилжүүлэх тушаал гаргасан гэж үзэж байна.  

        Төрийн нарийн бичгийн дарга А дугаар тушаалыг үндэслэлтэй гарсан, тийм учраас бид нар та нарыг буцаагаад ажилд нь авах боломжгүй гэдэг эцсийн шийдвэрээ 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр та бүхэнд бүгдэд нь мэдэгдсэн гэж гэдгийг та нар хэлсэн. Тэгэхээр аль аль нь мэдэж байсан байна. Өөрсдийн шийдвэрийг бид нар үндэслэлтэй, тийм учраас та нарыг буцааж ажилд авах боломжгүй, учир нь газар, хэлтэс татан буугдсан. Тийм учраас ажилгүй байлгахгүйн тулд та нарыг шилжүүлсэн, тохиролцсон. Тохиролцсон гэдэг нь юугаар нотлогдож байгаа вэ гэвэл та нар очоод ажилласан үйлдлээр нотлогдож байна гэж байр сууриа илэрхийлсэн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Ц.Х нь Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нь Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар тушаалаар Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийг дэмжих бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар /1-р хавтасны 13 дахь тал/ тушаалаар Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалаас чөлөөлөгджээ.

4. Нэхэмжлэгчээс “...2021 оны  8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 тоот тушаалаар бий болсон Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтэст Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тус газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтэст Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг төрийн жинхэнэ албан хаагч Ц.Х миний бие бүрэн хангаж байгаа...” гэж,

5. Хариуцагчаас “...Зарим чиг үүргүүд нь давхацсан байгаа учраас давхацлыг арилгах шаардлагаар бүтцийг хийсэн байгаа. Тэгэхээр дөрвөн хүнд ажлыг хуваагаад тараагаад байсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн...” гэж тус тус маргажээ.

6. Ц.Х Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

1/ Ц.Хгийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу баталсан Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, нийтийн Эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт сэргийлэлтийн хэлтэст тус тус чиг үүрэг үлдсэн. 

Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, эрт илрүүлэг хариуцсан шинжээч,

Мөн тогтоолоор батлагдсан Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Халдварт бус өвчний хэлтэс 3 орон тоотойгоор шинэчлэн батлагдсан нь Ц.Хгийн ажиллаж байсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон гэж үзэхээргүй байна.

2/ Мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд /2-р хавтасны 20 дахь тал, 2-р хавтсанд хавсаргасан СД бичлэг/ Ц.Хд Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тушаалын төслийг танилцуулсан байна.

Уг сонсох ажиллагааны мэдэгдэлд Ц.Х “...Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал нь хэвээр, бүр Халдварт бус өвчний чиг үүрэг бүхий хэлтэстэй болсон тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх саналаас татгалзаж, чиг үүргийн дагуу ажиллах ...” гэсэн саналыг гаргасан.

3/ Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Ц.Хг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ төрийн албан хаагчийг зөвшөөрлийг авах, түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцох нөхцлийн алийг нь ч хангалгүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогдож байна.

4/ Түүнчлэн Ц.Хг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтнээр томилогдож, /2-р хавтасны 109 дэх тал/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар ТЗ-7-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан нь Ц.Хгийн Э-анд ТЗ-8 ангилалд хамаарч байсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал болон цалин хөлс буурсан нь тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”

Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэжээ.

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж тус тус зохицуулсан.

6. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

Ц.Хгийн ажиллаж байсан нэгж болон эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй,  Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар батлагдсан Халдварт бус өвчний хэлтэст Ц.Хгийн ажиллаж байсан Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.Хг Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Э-ны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ц.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.Хг Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилохыг Э-ны Төрийн нарийн бичгийн даргын даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН