Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00310

 

 У.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2429 дүгээр магадлалтай,

У.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

Ө.Батнасанд холбогдох

7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ө.Батнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.Пүрэвсүрэн нь хариуцагч Ө.Батнасанд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ө.Батнасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа ...7,500,000 төгрөгөөс дансаар төлсөн 1,315,000 төгрөг, бэлнээр төлсөн 385,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 5,710,000 төгрөгийг төлнө. Хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. гэжээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Батнасангаас 6,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлээс 1,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Батнасангаас 111,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Пүрэвсүрэнд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2429 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ө.Батнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байсан ч анхан шатны шүүх талуудын хооронд яг хэдэн төгрөгийг төлсөн талаар талууд зөрүүтэй тайлбар шүүх хурлын явцад гаргасан байхад бүрэн төлөөлж чадаагүй нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж хариуцагчийн төлөлтийг үгүйсгэж 6,050,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд хариу тайлбар гаргахдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гэж үзэж байна. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. У.Пүрэвсүрэн, Ө.Батнасанд холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны зүйл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

8. Нэхэмжлэгч У.Пүрэвсүрэн, хариуцагч Ө.Батнасанд 2019.05.07-ны өдөр 2,500,000 төгрөг, 6 сарын хугацаатай, 2019.10.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай тус тус зээлсэн талаар зохигч маргаагүй, зохигчийн хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогджээ.

9. 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч 1,450,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй тул шүүх түүнээс 6,050,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

10. Хариуцагч 1,450,000 төгрөгөөс гадна 385,000 төгрөгийг бэлнээр төлснийг зээлийн төлбөрөөс хасуулна гэж маргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй байна. Иймд төлөлтийг үгүйсгэж, нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөж шийдвэрлэсэн тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2429 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө.Батнасан 2021.01.28-ны өдөр 111,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                             Г.БАНЗРАГЧ

                                                              П.ЗОЛЗАЯА

                                                            Х.ЭРДЭНЭСУВД