Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00591 дүгээр шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Г, Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29 912 121 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хтай 1480007545 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2.4 хувийн хүүтэй, бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх зориулалтаар авсан. Гэрээний дагуу мөн өдөр хариуцагчийн 5000563250 дугаар дансанд 45 000 000 төгрөг шилжүүлж зээл олгосон. Хариуцагч үндсэн зээлд 18 465 125 төгрөг, хүү 10 336 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101 150 төгрөг төлсөн. Гэрээнд Ц.Гын ээж Д.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баталгаат ипотекийн 1480004329-01, фидуцийн 1480007545-01 дугаар гэрээг Ц.Гтой байгуулсан ба өөрийн өмчлөлийн Dell загварын 2012 оны 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Саnоn загварын 2010 оны 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер, баталгаат ипотекийн гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоот Ү-2202010103 улсын бүртгэлийн дугаартай, 77.1 м.кв талбай бүхий хувийн сууц, граж, Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай, 309,68 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, фидуцийн гэрээгээр 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 оны Тоёота Кроун загварын авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 оны Тоёота Приус загварын авто машиныг тус тус барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс дутуу төлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тасалдсан тул 2 удаа биечлэн уулзаж, шаардах хуудас өгсөн.

2016 оны 9 дүгээр сарын 16-нд фидуцийн гэрээний дагуу 88-14 УНА улсын дугаартай авто машиныг зарж 6 000 000 төгрөгийн төлөлт хийлгэсэн. Зээлдэгчийн хүсэлтээр нөхцөл байдлыг харгалзан 1480007545 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг сунгаж, 2016 оны 10 дугаар сарын 24 хүртэл хуримтлагдсан хүү 161 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 128 079 төгрөгийг буцаан, зээлийн дансны дугаарыг 1480021267 болгосон. Хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. 1480007545 дугаар гэрээний үндсэн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусах ч нөхцөл байдлын улмаас гэрээний 5.1.1-т заасныг үндэслэн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон 1480007545 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 26 534 875 төгрөг, хүү 3 321 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 271 төгрөг, нийт 29 887 121 төгрөгийг нотариатын 25 000 төгрөгийн хамт бүгд 29 912 121 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хнаас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай 2.4 хувийн хүүтэй зээлж авсан, үндсэн зээлээс 11 465 125 төгрөг, зээлийн хүү 10 336 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101 150 төгрөг төлсөн тооцоололд маргахгүй, үлдэгдэл 26 534 875 төгрөгийг төлнө. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Би зээлийн хүүд 10 гаруй төгрөг төлсөн бөгөөд ар гэрийн гачигдалтай байдал бий болж, төлбөрийг төлөх боломжгүй болсон тухай Хинд мэдэгдэж, гэрээг цуцалж, хүү, анзыг зогсоож өгөхийг хүсэхэд хариу өгөөгүй хүү бодсон учраас 3 321 975 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хнаас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийг авахад Ц.Мөнх-Эрдэнийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалаагүй бөгөөд компьютер, принтер, 2 автомашин барьцаалсан, 2014 оны 4 дүгээр сард манай 2 хүү Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Мөнхбат нар 2 амьд донортой Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгахаар явсан. Энэ талаар Хинд хэлж гэрээгээ цуцалж, хүү, анзаа зогсоож өгөхийг хүсэхэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х хүү, анзаас чөлөөлж, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг 2020 он хүртэл сунгасан. Дахиад хүү, анз бодогдож байсан учраас тохиролцоод “үндсэн хүүгээ төлье” гэхэд үндсэн зээлээ 3 сарын дотор төлөхийг шаардсан. Манайх 3 сарын дотор зээлээ бүрэн төлөх боломжгүй. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдээгүй байна. Ц.Мөнх-Эрдэнийн хувийн сууц, газрыг 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр 15 00 000 төгрөг авахад барьцаалж дуусгасан. Х 2012 онд барьцаанд бүртгэгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн 2013 онд авсан зээлийн барьцаанд бүртгүүлсэн мэтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжил байна. Үндсэн зээлийн 26 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Г, Д.Б нараас 29 912 121 төгрөг гаргуулан Хинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Dell загварын 2012 онд үйлдвэрлэгдсэн 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Саnоn загварын 2010 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер, 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 онд үйлдэрлэгдсэн бор саарал өнгийн Тоёота Кроун /Тоуоtа Сгоwn/ загварын авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота Приус /Тоуоtа Рrius/ загварын авто машин зэргийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамжны 155-А тоотод байршилтай 77.1 м.кв талбай бүхий хувийн сууц, граж, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155-А тоотод байршилтай 309,68 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377 711 төгрөгийг гаргуулан Хинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 2.4 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн зээл 11 465 125 төгрөг, зээлийн хүүгээс 10 336 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101 150 төгрөг төлсөн, үлдэгдэл 25 534 875 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс дахин хугацаа сунгаж, үүнээс хүү болох 1 139 985 төгрөг, үндсэн зээлд 1 100 000 төгрөгийг төлсөн боловч дахин хүү бодож надаас 3 321 925 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Иймд шүүхийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ц.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 26 534 875 төгрөг, хүү 3 321 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 271 төгрөг, нотариатын хөлс 25 000 төгрөг, нийт 29 912 121 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хариуцагч нар хүүд тооцсон 3 321 925 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ц.Г, Д.Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК-тай 1480007545 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 30 хоногийн 2.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Dell загварын 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Canon загварын 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэтэй принтер, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 155а тоотод байрлах 77.1 м.кв хувийн сууц, гарааж, мөн хаягт байрлах Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай 309.68 м.кв газар, 88-14 УНА улсын дугаартай Тоёота кроун автомашин, 12-72 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын авто машин зэрэг эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Зээлдэгч нар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг  шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 155а тоотод байрлах 77.1 м.кв хувийн сууц, гараж, мөн хаягт байрлах Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай 309.68 м.кв газар зэрэг хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх хөрөнгөөс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 155а тоотод байрлах 77.1 м.кв хувийн сууц, гаражийг хамтран өмчлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Отгон нар зээлдэгч Ц.Год зээлийн барьцаанд тавих эрхийг 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр итгэмжлэлээр олгосныг үндэслэн байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээгээр хариуцагч нарын “Х” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүйг шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд тооцсон 3 321 925 төгрөгийг эс зөвшөөрч, үүнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн тооцооллоос үзвэл, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг тооцолгүйгээр 3 321 925 төгрөгийн хүү бодсон гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд зээлийн хүүг төлөх нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг байх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА