Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00018

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ш.Батнасан, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шүхэртийн Батнасанд холбогдох 132/2017/0012/Э индекстэй, эрүүгийн 201606000325 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хүнхүүз овгийн Шүхэртийн Батнасан /РД:ГБ88011838/

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Хунтайж” гэх ресторанд Ш.Батнасан нь иргэн С.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Батнасан мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумаас ирсэн. Тэр өдөр Морин спорт уяачдын холбооны шинэ жилийн баяр болж байсан. Тус баярт найз Очирбаярын хамт орсон. Нэг ширээнд 10 хүн сууж хүний тоогоор пиво, 2 шил архи ширээнд тавьсан байсан. Би 22 цагийн үед бие засах газарт орсон. Үүнээс өмнө найз Очирбаярт өөрийн хээр морио бэлэглэсэн юм. Бие засах газарт ороход Энхболд байсан. Намайг хүнд морь өгөх чадалтай болсон юм уу, ах Бямбацогт чинь шоронд явсан, Очирбаярын захиалгаар намайг зодох гэсэн юм уу, миний хүү шоронгийн дарга, хэн нь дийлэхээ үзэх үү гээд байхаар нь “ийм юм ярьж байгаа бол би таньтай харьцахгүй” гэж хэлсэн. Дараа нь би нүүр лүү нь 2 удаа цохьсон гэх мэдүүлэг,

201606000325 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Энхболдын өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын уяачдын холбооны шинэ жилийн баяр Булган сумын 5-р багт байрлах Хунтайж ресторанд болж би оролцсон. 18 цагт эхлээд 22 цаг болж байхад би ганцаараа ариун цэврийн өрөөнд бие засаад эргээд хартал Шүхэртийн бага хүү Памбага гэж дууддаг залуу ямар нэгэн үг дуугүй миний зүүн нүд, хамар орчим луу нийт 3 удаа цохиод авсан. Тухайн үед миний хамраас цус гараад явчихсан. Би тэр залуугаас Шүхэрт ахын банди чи яаж байгаан бэ гэж асуухад ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд би шууд гараад явчихсан. Хүнд цохиулчихаад цус нөж болчихоод тэр баяр болж байхад суугаад байлтай биш гээд гараад явчихсан. Надад учирсан хохиролд 240.000 төгрөг гарсныг нэхэмжилж байсан. Батнасан надаас уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 хуудас/,

Гэрч Ц.Очирбаярын өгсөн: Ш.Батнасан бид 2 найзууд, намайг тэр өдөр Булган сумын уяачдын шинэ жилд ороод байж байхад Ш.Батнасан хөдөөнөөс орж ирлээ гээд надруу залгасан. Тэгээд наад шинэ жилд чинь орчих уу гэхээр нь уяачдын холбооны дарга нартай ярьж асуухад тэг гэхээр нь дуудсан. Ш.Батнасан надтай хамт орсон. Бид 2 нэг ширээнд хамт суусан. Тэгээд шагнал гардуулсны дараа би гадаа гарч тамхи татчихаад буцаад орж явтал өөдөөс Энхболд ах надтай зөрөөд гарсан ба хамраас нь цус гараад байгаа бололтой хамраа дарчихсан явсан. Тэгэхээр нь би юу болов ах гэхэд чамд хамаагүй гэсэн. Тэгээд би орчихсон. Тэгээд ороод Батбаяр гэж хүнээс юу болчихов гэхэд ариун цэврийн өрөөнд л ийм юм болсон байна. Чиний авчирсан хүн ийм асуудал тарьлаа гэсэн. Тэгээд би Ш.Батнасанг аваад гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарсан. Тухайн үед бол ширээн дээр архи байсан ба тэрнээс уух нь бол уусан. Гэхдээ нэг их согтуу байгаагүй. Маргааш нь Ш.Батнасантай уулзахад ариун цэврийн өрөөнд ороод бие засаад байж байхад нь Энхболд ах араас нь орж ирсэн гэсэн. Тэгээд чи Баяраа гуйлгачинд морь бэлэглэдэг яасан баян юм гэхээр нь миний хэнд юугаа бэлэглэх нь таньд ямар хамаатай юм гэсэн чинь чиний ах Дэнжийн шоронд ял эдэлж байгаа, миний хүү Дэнжийн шоронгийн дарга, чиний ахыг дарамтлуулна гэж хэлээд өөрийг нь бие засаад зогсож байхад  араас нь цохиод авахаар нь эргэж хараад нэг цохисон л гэж надад ярьсан. С.Энхболдтой бол би ерөөсөө уулзаагүй. Тухайн үед бол нэг их согтсон хүн байгаагүй. Энэ 2-ын хооронд ямар нэг асуудал байгаа эсэхийг би бол мэдэхгүй. Энэ асуудал болсноос хойш маргааш нь Энхболд ахтай Батнасан очиж уулзсан. Энхболд ах болохоор миний захиалгаар чамаар намайг зодуулсан гэж яриад байна гэсэн. Надад бол тийм асуудал байхгүй. 2012 онд бол би түүнийг цохисон. Тэрнээс болоод л тэгээд байгаа юм байлгүй. Түүнээс надад ямар нэгэн тэрийг зодож цохь гэж хэлсэн асуудал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ¹13 тоот дүгнэлтэнд: С.Энхболдын биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд доот зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хх-ийн 10 хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 11-12 хуудас/, хэрэг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-24 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Батнасан нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Хунтайж” гэх ресторанд Ш.Батнасан нь иргэн С.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ¹13 тоот дүгнэлтээр…С.Энхболдын биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд доот зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон, шалгавал зохих асуудлыг шалгасан байх тул шүүгдэгч Ш.Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Батнасан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Батнасан, хохирогч С.Энхболд нарын "…бид сайн дураар эвлэрэн хэлэлцэж, цаашид ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Ш.Батнасан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүнхүүз овгийн Шүхэртийн Батнасанг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ш.Батнасанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүгдэгч Ш.Батнасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Батнасанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН