Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, С.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

          Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Прокурор Б.О,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч С.Н түүний өмгөөлөгч М.Э

Нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

         Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Д, М.Э нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б, С.Н нарт холбогдох эрүүгийн 1916000000132 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 02-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДР89090211 регистрийн дугаартай, Б овогт Б. Б.

          Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 02-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДР99050215 регистрийн дугаартай, Б овогт С. Н.

           Шүүгдэгч С.Н, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол гэх газраас ( 53 16 ГАЗ улсын дугаарыг хэрэглэн ) Мустанг 200 маркын мотоциклийг ашиглан хохирогч Д.Д өмчлөлийн буруу чихэндээ ягаан силкен даавуутай, буруу чих нь хойноос урагш хайчилсан цуулбар имтэй эр ямаа 37, эм ямаа 16, төлөг 2, эр хонь 14, эм хонь 5, нийт 74 тооны хонь, ямаа буюу олон тооны малыг хулгайлан хохирогч Д.Д 6.400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

        Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б. Б, Б овогт С. Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Н 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Н оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.Б, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мустанг 200 загварын улсын дугааргүй, хүрэн өнгийн LXYPCML0XK0247665 арлын дугаартай, 103FMLKA0549638 моторын дугаартай тээврийн хэрэгслийг /мотоцикль/ улсын орлого болгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мустанг 200 загварын улсын дугааргүй, хүрэн өнгийн LXYPCML0XK0247665 арлын дугаартай, 103FMLKA0549638 моторын дугаартай тээврийн хэрэгслийг /мотоцикль/ Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бага насны 3 хүүхэдтэй, унадаг эхнэртэй, 37 хоног хоригдохдоо их зүйл ойлголоо их хүнд хэрэг хийсэн байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. 3 хүүхдийг минь бодож, унадаг эхнэрийг минь бодож харгалзаж үзнэ үү? Эхнэрийгээ би хардаг, 3 хүүхдээ асардаг. 37 хоног хоригдохдоо эхнэрээ хажуу айлынхаа хүнд захисан. Дахиж хулгай хийхгүй. Тийм учраас та бүхэн намайг нэг удаа ойлгож үзнэ үү? Манай эхнэр эмчийн хяналтад байдаг. Гэмшиж байна гэв.

         Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдол, тайлбартаа: Б.Б өмгөөлөгч Ж.Д миний бие 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, хохирлоо бүгдийг нөхөн төлсөн, бага насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

         Шүүгдэгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ахыгаа дагаж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Н өмгөөлөгч М.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдол, тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч С.Н анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялыг оногдуулсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир С.Н нь 1999 оны 05 сарын 22-нд төрсөн 20 настай ба түүний гэм буруугийн үйлдлийн оролцоо, санаачилга, хувийн ахуй амьдрал насны онцлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.

Хүний эрхийн конвенц, Бээжингийн дүрэм, Хүүхэд хамгааллын хуульд зааснаар 21 нас хүрээгүй хүнийг өсвөр насны хүн гэж үздэг.  Олон улсын хүүхдийн эрхийн конвецид Монгол улс 1990 оны 09 дүгээр сарын 05-нд нэгдэж орсон. НҮБ-н гишүүн орны хувьд хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх үр дүнтэй механизм бий болгох үүгийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улс хүлээсэн. Хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуулинд дээрх зохицуулалтыг оруулсан.  Насанд хүрээгүй хүүхдийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон НҮБ-ээс гаргасан стандарт журам 1985 онд батлагдсан Бээжингийн дүрэм зэрэгт насанд хүрээгүй хүн гэж гэмт хэрэг үйлдсэн, тухайн улсын эрхзүйн тогтолцоонд насанд хүрсэн хүнээс ялгаатай хэлбэрээр хариуцлага хүлээлгэхээр заасан хүүхэд буюу залуу хүнийг хэлнэ. Энэ конвенцод Монгол улс 1990 оны 09 дүгээр сарын 05-нд нэгдэж орсон байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд Монгол улс олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгаалах үндсэн зарчим стандартыг удирдлага болгон энэ зохицуулалтыг хэрэглэдэг болсон байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 3.3.3-т Монгол улсын иргэн төрсөн цагаас эхлэн 18 насанд хүрсэн буюу Монгол улс олон улсын гэрээнд заасан тохиолдолд 18 наснаас дээш 21 нас хүртэлх насны хүүхдэд энэ хуулийн зохицуулалт үйлчлэхээр тусгагдсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 8-р бүлгийн өсвөр насны хүүхдэд хариуцлага хүлээлгэх гэсэн энэ 5-р заалтыг оруулсан юм байна гэж ойлгож байгаа.  Тиймээс энэ журмыг хэрэглэж шүүгдэгч С.Н Хүмүүжлийн чанартай Албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэв.

Прокурор Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн байдалд нийцсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  зүйл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                                  ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Шүүгдэгч Б.Б, С.Н нар нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол гэдэг газраас хохирогч Д.Д өмчлөлийн буруу чихэндээ ягаан даавуутай, буруу чих нь хойноос урагш хайчилсан цуулбар имтэй эр ямаа 37, эм ямаа 16, төлөг 2, эр хонь 14, эм хонь 5 нийт 74 тооны бог малыг Мустанг-200 маркын мотоциклийг ашиглан хулгайлж хохирогч Д.Д 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эдгээр үйл баримт нь: Хохирогч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хонь ямаагаа тоолоход нь 37 эр ямаа, 16 эм ямаа, 2 төлөг, 14 эр хонь, 5 эм хонь нийт 74 мал дутсан тул малаа хайж, мал худалдан авч байсан хүний малд шүүж үзэхэд тэнд алдсан малаас  нь 47 мал байсан, харин 7 мал нь Н гэх айлын малд байсан” тухай мэдүүлэг,

          Гэрч Ц.Э мөрдөн байцаалтад өгсөн "Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол  гэх газраас буруу чихэнд нь ягаан өнгийн силкен материал сүвэлсэн, буруу чих ар талаасаа цуулбар имтэй, ямаанууд нь буруу талын эвртээ улаан будаг, хонинууд нь хондлой дээрээ улаан будаган тэмдэгтэй  74 тооны бог мал хулгайд алдсанаас мал худалдаж авч байсан хүний малд байсан 47, Н малд байсан 7, нийт 54 малаа олж авсан” тухай мэдүүлэг,

         Гэрч Г.М мөрдөн байцаалтад өгсөн: "2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө эрт 7 цагийн үед унтаж байхад нь Б босгож малын хашаандаа хашсан хонь ямаа нийлсэн 50 гаруй малын чихэнд нь байсан силкэн ягаан даавууг авхуулж, будгаар тэмдэглүүлж өөрийнхөө малруу нийлүүлсэн” тухай мэдүүлэг,

          Гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: "Б нийт 44 сая төгрөг өгч мал авхуулж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-нд Б авах малаа тоолж, тэмдэг хийж үлдээгээд  09 дүгээр сарын 12-нд малаа авахаар очиход Б 53 мал нэмсэн байснаас 7 ямааг нь Н сольж авсан бөгөөд Н тусад нь нэг хөх толгойтой зөв талын чихэндээ хойноосоо имтэй эр хонийг 110.000 төгрөгөөр түүнд зарсныг Д гэх эзэн нь таньж аваад Н төлж өгсөн” тухай мэдүүлэг,

           Гэрч Л.Н мөрдөн байцаалтад өгсөн: " 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө хүрэн дэлийн хороон дээр очиж мал авч байсан хүмүүстэй нь уулзаад 8 хөгшин ямаагаа залуу ямаагаар сольсон бөгөөд сольж авсан ямаануудаас 7 нь Д ямаа байж таарсан" тухай мэдүүлэг,

          Хохирогч Д. малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №ТҮХ-809/810 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         Түүнчлэн шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 15-ны хооронд энэ хэрэг болсон. Ахтайгаа цуг явж хүний мал хулгайлсандаа гэмшиж байна. Манай ах би хүнд өртэй юм. Би мөнгийг нь үрцэн юм гэж хэлсэн. Шан харамж аваагүй би тэр хүний нэг хонийг нь зарчихсан. Тэр нь миний буруу” гэсэн мэдүүлэг,

        Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 11-нд гэмт хэрэг хийсэн. Би өртэй байсан. Тэгээд өөрт өгөх мал байхгүй болсон учраас энэ гэмт хэргийг хийсэн. Тэрэндээ их гэмшиж байна. Хохирогч Д хохиролгүй болгосон. Тухайн үед дүүгээс өөр хүн олдоогүй. Би дүүдээ мал туулцсан гэж шан харамж өгөөгүй. Миний дүү надад зүгээр тусалсан.” гэж мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотлож байна. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.  Шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын олон тооны  малыг, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, санаатайгаар өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тиймээс шүүгдэгч Б.Б, С.Н нар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулах Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Н тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан, давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч С.Н анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацагаар хорих ял болгон өөрчилж, өмгөөлөгч Ж.Д шүүгдэгч Б.Б оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, өмгөөлөгч М.Э шүүгдэгч С.Н хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Говь-Алтай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “шүүгдэгч С.Н 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг, “шүүгдэгч С.Н 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих” гэж,  Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын: “шүүгдэгч С.Н оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг, “шүүгдэгч С.Н оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Н нарын цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус бүр цагдан хоригдсон 39 хоногийг хорих ял эдлэх хугацгаанд нь тус тус оруулан тооцсугай.  

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.Б

                                      ШҮҮГЧИД                                Т.Ж

                                                                                       Ч.Э