| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0256/З |
| Дугаар | 221/МА2025/0649 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0649
М.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э
Нэхэмжлэгч: М.Б
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0468 дугаар шийдвэр,
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.У, Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0256/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0468 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ...Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг
хэрэглээгүй.
3.1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга М.Бг дотоод хяналт шалгалтаар илэрсэн нийт 13 зөрчлөөс Төрийн албаны тухай хуулийн 48.5. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан 12 сарын хугацаанд хамаарах 7 зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан.
Тус гаргасан зөрчлүүд нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 9.3-д "9.3. Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй гэж заасныг 2024.09.09 өдрийн 95 сая төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийн шилжилтийг 85 сая болгон бууруулж бүртгэснээрээ, 2024.09.13 оны өдрийн бүртгэлээр 21 сая төгрөгийн өмнөх бүртгэлтэй хөрөнгийг 20 сая төгрөгөөр, 2024.07.04-ны өдөр 100 сая төгрөгийн анхны бүртгэлтэй хөрөнгийг 72 саяар, 2024.06.13-ны өдрийн бүртгэлээр өмнө бүртгэлээр 80 саяын хөрөнгийн 75 саяар бүртгэх зэргээр 4 удаагийн зөрчил гаргаж, тухайн үнэлгээний зөрүү дүнгээр улсад төлөх татварын хохирол үүсгэсэн. Мөн 2024.06.13-ны бүртгэлээр гэрчилгээний хуулбарыг мэдээллийн санд оруулаагүй, 2024.07.16-ны өдөр хариутай албан бичгийн хариуг өгөөгүй, 2024.07.19-ны бүртгэлээр өмчлөгчийн хувийг гэрээний дагуу тодорхойлж өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгаагүй гэх 3 зөрчил тус тус гаргасан.
3.1.2. Тухайн зөрчлүүдэд шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн, 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ 1 биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гэж заасан болон, Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019.04.04-ний 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. М.Бд сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрх "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-ын 3.3.1 заасан "зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар", 3.3.2-д заасан "гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр" 3.3.3 "албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үрэг болон түний үйлдэл эс үйлдэхүйн хоорондын хамаарал," 3.3.4-д "бусад албан хаагчдад үзүүлэх сөрөг нөлөө" 3.3.5 дах өмнө зөрчил гаргаж байсан эсэх, 3.3.6 дах "гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал", 3.3.7-д "зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх зэргийг бүгдийг харгалзсан үзэхэд бүх үзүүлэлтийг харгалзан ү
үзэхэд сахилгын Хүнд шийтгэл оногдуулахаар мөн журмын 3.4-д Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдолд хамаарна "3.4.1 "зориуд санаатайгаар зөрчил гаргасан", 3.4.2-д "өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан, 3.4.3-д "өмнө нь жил үндэслэл нэрлэн заасан бөгөөд үүнд заасан бүх хүндрүүлэх нөхцөлийг хангасан зөрчил байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.
3.1.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7-д"... албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь сонгох боломжийг хариуцагч буруу хэрэглэсэн байна гэжээ.
Шүүхээс тийнхүү дүгнэхдээ 7 удаагийн зөрчил нь хэрхэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт хамаарахгүй болох талаар дүгнэлт хийгээгүй, мөн ямар учраас сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байгаа талаар хууль зүйн болон үйл баримтыг нэгтгэн дүгнэсэн дүгнэлт байхгүй. Энэ нь ЗХШХШТХ-ын 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан үндсэн шаардлага мөн хуулийн 107.4-д "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэх тухайлсан шаардлагыг тус тус ханаагүй байна.
3.1.4. Дээрх байдлаар хууль болон журмын заалтын холбогдох үйл баримттай нэгтгэн дүгнэж үндэслэл болоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт, Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019.04.04-ны 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-ыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Энэ нь ЗХШХШТХ-ын 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
3.2. Хэрэглэх ёсгүй дүрэм, журмыг хэрэглэсэн.
3.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.11-т "МУЗГ-ын 2023.08.23-ны 301 тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-аар зохицуулахаар заасан байх ба уг журамд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас халахаар зохицуулсан байна" 3.12-д “...Э.Бат-Амгалан нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж 2024.11.15-ны өдөр 2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсаар" үнэлж, 94,78 буюу маш сайн үнэлгээний ангилалд хамааруулан дүгнэжээ" гэжээ.
Тухайн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн жилийн эцэст үнэлэх дүрэм журмыг дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох харилцаанд авч хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын бүртгэгчийг ажлын үр дүнг үнэлээд хангалтгүй дүгнэгдсэн тохиолдолд л хариуцлага оногдуулж болох мэтээр дүгнэжээ.
3.2.2. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь төрийн албан хаагчийг ажлын жилийн гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдвэл хариуцлага тооцох эрхтэйгээс гадна хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 48.1. Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019.04.04-ны 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-д зааснаар аль алинаар хариуцлага тооцох эрхтэй. Жилийн эцсийн үр дүнг үнэлэхэд сайн үр дүнгээр үнэлсэн нь хожим Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1-д "Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина" гэж заасан дотоод хяналтаар илрүүлсэн зөрчилд мөн хуулийн 23.1-д "Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх үндэслэл болохгүй юм.
3.3. Хууль хэрэглэх зарчмын ноцтой зөрчил гаргасан.
3.3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.17-д "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арванзургаадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх... эрхтэй...." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн маргаан бүхий заалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасныг шүүх хэрэглэхгүй" гэжээ.
3.3.2. ЗХШХШТХ-ын 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ" гэж заасан. Шүүх хууль хэрэглэнэ гэдэг нь маргаан бүхий захиргааны акт гарах үедээ тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан хууль болон дүрэм журамд нийцсэн эсэхэд нь дүгнэлт өгөх явдал юм.
Маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/73 дугаар тушаал гаргах үе болох 2025 оны 02 сарын 717-ны өдрийн байдлаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 үйлчлэлтэй хүчин төгөлдөр байсан. Тэр атугай дотоод хяналт шалгалтаар зөрчил илрүүлсэн цаг хугацаанд тухайн хуулийн заалт хүчинтэй байсан бөгөөд тус хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл нь зөрчил мөн.
Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн МУҮХЦ-ын дунд суудлын дүгнэлтэд үндэслэж хууль хэрэглэхгүй гэж дүгнэж буй нь хууль буцаан хэрэглэж буй үйлдэл юм. Захиргааны эрх зүйд тийнхүү ойлголт байх ёсгүй юм. Хуулийн үйлчлэх цаг хугацаа, захиргааны шийдвэр гаргах цаг хугацааг хооронд нь хамааралгүй байдлаар дүгнэх нь зарчмын алдаа бөгөөд ЗХШХШТХ-ын 11.7. Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй" гэж заасныг зөрчсөн зөрчил.
3.3.3. Мөн тэгээд ч нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан зөрчлүүдийн талаар дотоод хяналт шалгалтын шийдвэрт зохих журмаар гомдол гаргаагүй бөгөөд зөрчил гаргасан эсэх нь маргаан бүхий захиргааны акт болоогүй байхад хийсвэр дүгнэлт өгч буй нь ЗХШХШТХ-ын 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж байна.
3.3.4. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон. Түүнийг шүүх зөвтгөөгүй шийдвэрлэсэн. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан Захиргааны ерөнхий хуулийн 5.4-д "Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 сарын 17-ны өдрийн өдрийн Б/73 дугаар тушаалыг гаргасныхаа хувьд бие даасан хариуцагч юм. Тухайн шийдвэрийг улсын бүртгэлийн ерөнхий газрыг тус байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс бус харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 17.1.7 улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах" гэж тухайлан өөрт хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан тул тухайн шийдвэрийн хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга юм. Гэтэл нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж, шүүх хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ЗХШХШТХ-ын 17.4-д "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ" гэж заасныг ноцтой зөрчсөн зөрчил байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 18- ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 0468 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тушаалд засвар оруулах тухай Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Маргаан бүхий Б/73 дугаар тушаалаар: ...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4 /2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/164 тушаалын 1 дэх заалтаар засвар оруулсан/ Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.3, 6.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1, 10.9, 10.10.11 дэх хэсгийг тус тус үндэслэн “...М.Б албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон” гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4. Нэхэмжлэгчээс “...Хяналт шалгалтын газарт илэрсэн зөрчлүүдэд холбогдох тайлбарыг гаргаж өгсөн, ...илтгэх хуудсаар хууль, болон бүртгэл хөтлөх журмаа баримталж ажиллахыг сануулаад өнгөрсөн байхад дахин 2025 онд уг шалгалтын дүнгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, ...миний бие өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй буюу давтан зөрчил гаргасан үйлдэл надад байхгүй, ...миний бие ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэлийн үнэлгээгээр А буюу маш сайн үнэлэгдэж байсан. ...зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй, сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж, хариуцагчаас “...Хяналт шалгалтын хүрээгээр нэхэмжлэгч М.Б нь бүртгэлийн 13 зөрчил гаргасан, 2023 онд 2 зөрчил, 2024 онд үндсэн 11 зөрчил гаргасан. ...Гэрчилгээний хуулбарыг цахим мэдээллийн сан руугаа оруулаагүй, хариутай албан бичгийн хариуг мэдээллийн санд тухайн үед оруулаагүй, ...албан шаардлага өгөнгүүт мэдээллийн санд хасаад оруулсан. ...нэг зөрчлийг удаа дараа давтаж гаргасан...” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан “Улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд 2024 оны сүүлийн хагас жилд хийх хяналт шалгалтын ерөнхий төлөвлөгөө” болон Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу Хяналт, шалгалтын газраас Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хяналт шалгалт хийж, тус шалгалтын дүнгийн талаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б-д танилцуулсан байна.
6. Дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэгч М.Бд илэрсэн нийт 13 зөрчлөөс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлд 6 зөрчил хамаарч, үлдэх 7 зөрчилд маргаан бүхий актаар сахилгын шийтгэл ногдуулжээ.
7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгаж, мөн хуулийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.3.3-т “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
8. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ү2205019067 дугаар бүртгэлээр 80 сая төгрөгийн хөрөнгийн 75 сая төгрөгөөр, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ү2205078911 дугаар бүртгэлээр 100 сая төгрөгийн анхны бүртгэлтэй хөрөнгийг 72 сая төгрөгөөр, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү2205046083 дугаартай бүртгэлд 90 сая төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийн шилжилтийг 85 сая төгрөгөөр, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ү2205065095 дугаартай бүртгэлд 21 сая төгрөгийн өмнөх бүртгэлтэй хөрөнгийг 20 сая төгрөгөөр бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасныг зөрчсөн,
мөн Ү2205072679 дугаартай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлд гэрчилгээний хуулбарыг мэдээллийн санд оруулаагүй, Ү2205068404 дугаартай 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлд хариутай албан бичгийн хариуг өгөөгүй, Ү2205019067 дугаартай 2024оны 07 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэлд өмчлөгчийн хувийг гэрээний дагуу тодорхойлж өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгаагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь дотоод хяналт шалгалт болон түүнтэй холбоотой гарсан илтгэх хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
9. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь “улсын бүртгэлийн мэдээллийн сан үнэн зөв баяжигдсан байх”, “цахимжуулсан баримтыг холбогдох архивт журмын дагуу хүлээлгэн өгөх” ... зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг болон дээр дурдсан Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Тухайлбал, “...М.Бд сахилгын шийтгэл оногдуулахдаа "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-ын 3.3.1-д заасан "зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар", 3.3.2-д заасан "гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр" 3.3.3 "албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл эс үйлдэхүйн хоорондын хамаарал," 3.3.4-д "бусад албан хаагчдад үзүүлэх сөрөг нөлөө" 3.3.5 дах өмнө зөрчил гаргаж байсан эсэх, 3.3.6 дах "гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал", 3.3.7-д "зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх зэргийг бүгдийг харгалзан үзэхэд сахилгын хүнд шийтгэл оногдуулахаар, мөн журмын 3.4-д Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдолд хамаарна "3.4.1 "зориуд санаатайгаар зөрчил гаргасан", 3.4.2-д "өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан, 3.4.3-д "өмнө нь ижил үндэслэл нэрлэн заасан бөгөөд үүнд заасан бүх хүндрүүлэх нөхцөлийг хангасан зөрчил байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг нэрлэн заасан бөгөөд 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ”, 11.2-т “Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна”, 11.8-д “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа тус мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж үнэн зөв оруулах үүргээ биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ижил төрлийн зөрчлийг удаа дараа давтан гаргасан нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий актаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн “...зөрчлийн шинж байдал нь арилгах боломжгүй, 1 төрлийн алдааг давтан гаргасан...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
11. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс миний бие ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэлийн үнэлгээгээр А буюу маш сайн үнэлэгдэж байсан...” хэмээн тайлбарлан маргах боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь төрийн албан хаагчийг ажлын жилийн гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдвэл хариуцлага тооцох эрхтэйгээс гадна хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хуульд заасан хариуцлага ногдуулах эрхтэй. Жилийн эцсийн үр дүнг үнэлэхэд сайн дүнтэй үнэлэгдсэн нь түүний дараа дотоод хяналт, шалгалтаар илрүүлсэн нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилд нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
12. Түүнчлэн анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасныг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасныг шүүх хэрэглэхгүй гэх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
13. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арванзургаадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх... эрхтэй...." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн тус заалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/73 дугаар тушаал гарсан тухайн цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид уг акт нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой.
14. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн “... Б/73 дугаар тушаал гаргах үе болох 2025 оны 02 сарын 17-ны өдрийн байдлаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 үйлчлэлтэй хүчин төгөлдөр байсан. Тэр атугай дотоод хяналт шалгалтаар зөрчил илрүүлсэн цаг хугацаанд тухайн хуулийн заалт хүчинтэй байсан..., МУҮХЦ-ын дунд суудлын дүгнэлтэд үндэслэж хууль хэрэглэхгүй гэж дүгнэж буй нь хууль буцаан хэрэглэж буй үйлдэл юм.” гэх гомдол үндэслэлтэй бөгөөд түүний “...нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан зөрчлүүдийн талаар дотоод хяналт шалгалтын шийдвэрт зохих журмаар гомдол гаргаагүй ...” гэснийг дурдах нь зүйтэй.
15. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН