Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0138

 

 

  

     2022           02           28                                        128/ШШ2022/0138

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ш овогтой Л,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж овогтой А,

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрин нарийн бичгийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д овогтой Т

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Л, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ш.Л нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан.

          2. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн баталсантай холбогдуулан  Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн АА дугаар тушаалаар бүх албан хаагчдыг буюу 97  албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон.

Нэхэмжлэгч Ш.Л уг тушаалаар буцаан томилогдоогүй бөгөөд түүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

          3. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4781 дүгээр захирамжаар нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн.

          4. Нэхэмжлэгч Ш.Л нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн АА, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны шүүх хянаж байх үед Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 231 дугаар тогтоол гарсаны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр АА дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталж Ш.Л миний ажиллаж байсан Санхүү, даатгалын хэлтэст эрхэлж байсан албан тушаал эргэн бий болсон.

          Ш.Л миний бие Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтэст Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтнээр төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчмаар тогтвортойгоор 3,2 жил Эрүүл мэндийн яаманд ажилласан байна.

          Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн АА дугаар тушаалаар бий болсон байх тул доорх сул орон тоо бүхий албан тушаалууд болох

          - Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн сайдын багцын төсвийн нэгдсэн төлөвлөлт, санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын хариуцсан мэргэжилтэн

          - Санхүү, даатгалын хэлтсийн Аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг төрийн жинхэнэ албан хаагч миний бие бүрэн хангаж байгаа тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бидэнтэй зөвшилцөн томилох боломжтой гэж харж байна.

          Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А тоот тушаал гаргаж Ш.Л намайг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өөр албан тушаалд шилжүүлэхдээ миний ажлын байр байхгүй болсон гэсэн буруу мэдээлэл өгч, надтай тохиролцоогүй, хүсээгүй байхад шилжүүлэн ажиллуулсан.

          Иймд Ш.Л миний урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны чиг үүрэг, албан тушаалын зэрэг дэвд тохирсон дээрх Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн сайдын багцын төсвийн нэгдсэн төлөвлөлт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн болон Санхүү, даатгалын хэлтсийн Аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаалуудад хэн нэгэн томилогдоогүй сул болон түр томилгоотой байгаа тул урьд эрхэлж байсан ажил, зэрэг дэв, ангилалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын 155 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн орон тооны хязгаар батласны дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АА дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны 97 ажилтныг бүхэлд нь чөлөөлөөд буцаагаад 135 дугаар тушаалаар буцаан томилсон байдаг.

             Санхүүгийн хэлтэс дотор ажлын байрны тодорхойлолтод заасан асуудлаар ажиллах боломжтой албан тушаал нь яамны харьяа байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр томилох боломжтой байсан.

          Үүн дээр н.Б гэдэг шалгалт өгөөгүй хүн томилогдсон, мөн салбарын цалин хөлсний болон Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн сул орон тоо байсан. Гүйцэтгэлийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, зээл тусламж хариуцсан мэргэжилтэн гэсэн сул орон тоонууд байсан. Үүн дээр дээр н.С гэдэг 2022 онд сургууль төгссөн хүнийг томилсон байдаг.

          Ингээд АА дугаар тушаалаар чөлөөлөгдөөд, А/135 дугаар тушаалаар 26 сул орон тоонд тухайн төрийн байгууллагад ажиллаж байсан хүнийг сул орон тоог нөхөх зарчмаар авах боломжтой байтал аваагүй. А дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн даатгалын газарт шилжүүлэх тушаал гаргасан.

          Сонсох ажиллагаан дээр Ш.Л нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжихийг зөвшөөрөхгүй, Эрүүл мэндийн яаманд ажиллах хүсэлттэй гэдгээ хэлсэн. 1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зайлшгүй шаардлагын үндсэн дээр нэхэмжлэгчийг шилжүүлсэн, 2. яаманд ажиллаж байсан албан тушаалтны цалин, хөлс, зэрэг дэвийг огт бууруулж болохгүй, 3. энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг.

          Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын газарт өөрийн хүсэлтээр биш, байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас шилжин ажиллаад төрийн албан хаагчийн баталгаа цалин хөлс буурсан.” гэв.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.

          Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна.

          Тухай нэр бүхий албан тушаалтнуудыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн А дугаар тушаал нь Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны талаар зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт, төсөл, орон тооны хязгаар батлах тухай тогтоол гарсантай холбогдуулаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаар буюу яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал гарсантай холбоотойгоор албан тушаалтнуудыг чөлөөлж, томилсон.

          Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан хаагч нарыг чөлөөлөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар томилсон. Томилохдоо манайх ажлын байрны тодорхойлолт, А/118 дугаар тушаалыг үндэслэж албан хаагч нарыг байршуулж томилсон. Тэгэхээр бид А/118 дугаар чиг үүргийн тушаалын дагуу ажлын байранд тавигдсан шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг батлагдаж гарсан чиг үүргийн тодорхойлолтыг хүргүүлсэн.

          Уг тодорхойлолтод заасан шаардлага хангасан албан тушаалтнуудыг томилсон. Бусад татан буугдсан газар, хэлтэс, албан тушаалтай холбоотойгоор томилгоог хийхдээ чөлөөтэй, чөлөөлсөн, шилжүүлэх чигийг барьж, албан хаагч нарыг эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх арга хэмжээ авч тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр Ш.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Ш.Л нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтэст Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн АА дугаар /1-р хавтасны 47 дахь тал/ тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгджээ.

4. Нэхэмжлэгчээс “...Б/135 дугаар тушаалаар миний өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдсан байсан тул буцаан томилогдох боломжтой байсан...” гэж,

5. Хариуцагчаас “...Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн...” гэж тус тус маргажээ.

6. Ш.Л нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/13 дугаар, А/14 дүгээр тушаалуудын дагуу баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн  албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

1/ Ш.Лгийн ажиллаж байсан албан тушаал нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн Яамны харьяа байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 

Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн АА дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн газар, Санхүү даатгалын хэлтэст Ш.Лгийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр үлдсэн,

Мөн тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн газар, Санхүү даатгалын хэлтэс нэрээр тус тус шинэчлэн батлагдсан боловч Ш.Лгийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн байна.

2/ 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд /1-р хавтасны 241 дахь тал, 2-р хавтсанд хавсаргасан СД бичлэг/ Ш.Лд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тушаалын төслийг танилцуулсан байна.

Уг сонсох ажиллагааны мэдэгдэлд Ш.Л “...Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнээр шилжин ажиллахыг зөвшөөрөхгүй...” гэсэн саналыг гаргасан.

3/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Ш.Лг зөвшөөрөөгүй байхад нь түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Ш.Л сонсох ажиллагаанд шилжин ажиллахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байхад түүнийг харгалзан үзэлгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.

4/ Ш.Л Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, /2-р хавтасны 95 дахь тал/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар ТЗ-7-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан нь Ш.Лгийн Эрүүл мэндийн яамны Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал зэрэглэл буураагүй боловч цалин хөлсийг буурсан байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”

Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэжээ.

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж тус тус зохицуулсан.

6.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

Ш.Лгийн ажиллаж байсан нэгжийн чиг үүрэг болон эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй,  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар батлагдсан Санхүү, даатгалын хэлтэс нь Ш.Лгийн ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн газрын  чиг үүргийг хэрэгжүүлсэн хэвээр байна.

7.Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Лг Аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалын Ш.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Лг Аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН