Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00323

 

Р.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02648 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1711 дүгээр магадлалтай,

Р.Нгийн нэхэмжлэлтэй,

Нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Х.Нарангуагийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, прокурор Б.Баярхүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Р.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Банзарын Янсангийн хүү Янсангийн Батаад олгогдох нөхөх олговор 80,000,000 төгрөгийг өв залгамжлагчийн хувьд шаардах эрхтэй тул гаргуулна уу гэсэн,

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй” гэж,

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Р.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй.” гэжээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02648 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Р.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1711 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02648 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Банзарын Янсангийн нөхөх олговорт 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулж Банзар овогт Рийтагийн Нямхүүд олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын прокурор Х.Нарангуа хяналтын журмаар гаргасан гомдолдоо, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан өв залгамжлагчид шилжих эрхэд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөн олговрыг нэхэмжлэх эрх хамаарахгүй гэж дүгнэж, иргэн Р.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Б.Янсангийн хүүхэд Я.Батаа тул тэрээр 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох Я.Батаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаанд нас барсан байх тул түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч Р.Нд шилжих тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасны дагуу Я.Батаагийн охин Р.Нд нөхөх олговор 80,000,000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэсэн.

4.2. Гомдлын агуулга, үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг хуулийн агуулга, зорилтоос нь зөрүүтэй, Улсын дээд шүүх ижил төрлийн маргааныг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг тайлбарлаж хэрэглэснээс өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн байна. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахад оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд учирсан хохирлыг арилгах, нөхөх олговрын хэмжээ боломжийг нэмэгдүүлэх зорилго агуулсан буюу хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг шууд мэдэрсэн этгээдэд нөхөн олговор олгох талаар хуульчилсан байна.

4.3. Дээрх хуульд 2018.01.12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмсэн боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд хэлмэгдэгчийн ач, зээ нарыг хамааруулж ойлгох талаар тусгаагүй буюу хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зорилтыг өөрчлөн хуульчлаагүй байна. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд хэлмэгдэгчид өөрт нь эсхүл эхнэр нөхөр, эсхүл хүүхдэд нь нөхөх олговрыг дахин олгоё гэсэн агуулга илэрхийлэгдсэн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээд хамаарна. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 10.1.4 дэх заалтанд заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, ач, зээ нар нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй талаар хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.4. Иргэн Р.Н нь хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд зааснаар түүнд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.3 дахь заалтад зааснаар давж заалдах шатны шүүхийн шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр гомдол гаргав гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Х.Нарангуагийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00220 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Р.Н нь 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...миний өвөө Банзарын Янсан 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, ялын дээд хэмжээгээр шийтгүүлснийг цагаатгасан. Миний төрсөн эцэг Янсангийн Батаа нь нөхөх олговрын материалаа бүрдүүлж байх хугацаанд 2019.06.11-ний өдөр нас барсан тул өв залгамжлагч надад мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3-т заасан этгээд хамаарна, харин 10.1.4 дэх заалтад заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, ач, зээ нар нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй, нөхөх олговор авах эрх өвлөгдөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “2019.09.30-ны өдөр Я.Батаагийн охин Р.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу өв залгамжлагчаар бүртгүүлж, материалаа бүрдүүлсэн тул нийтэд зарласан бөгөөд тус шүүхээс нэхэмжлэгч Р.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй.” гэжээ.

8. Анхан шатны шүүх “...улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Банзарын Янсангийн хүү Янсангийн Батаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д (2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон) зааснаар нөхөх олговорт 80,000,000 төгрөг авах эрхтэй байсан боловч тэрээр холбогдох бичиг баримт бүрдүүлж байхдаа нас барсан, түүний шаардах эрх нь охин буюу хэлмэгдэгч Б.Янсангийн ач охин Р.Нд хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу шилжих үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх “...Я.Батаа нь цагаатгалын нөхөх олговрыг шаардах нэхэмжлэлээ бүрдүүлэх явцдаа нас барсан тул түүний охин Р.Н нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар цагаатгалын нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй, иймд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох нь зүйтэй...” гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг өөрөөр буюу хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “энэ хуулийн зорилт нь... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...-д оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан (эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус) хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018.01.12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмсэн.

11. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулан, улмаар баталж, үзэл баримтлалд нь нийцүүлэн хууль тогтоомжийг боловсруулдаг тул хуулийн үзэл баримтлал нь тухайн хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм. Энэ шалтгаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг судласан болно.

12. Дээр дурдсанаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, хуулийг хэлэлцэх үеийн тэмдэглэлд, “...Хэлмэгдэгч, түүний эхнэр (нөхөр) бараг байхгүй нас барсан, хүүхдүүд нь цагаатгах комиссын мэдээллээр 200 гаруй, цаашилбал 400 орчим байгаа, эдийн засгийн тооцоо хийхэд улсаас нийт 15.6 тэрбум төгрөг шаардагдана. Тиймээс орон сууц аваагүй хэлмэгдэгч байвал өөрт нь эсхүл эхнэр (нөхөр), эсхүл хүүхдэд нь нөхөх олговрыг дахин олгоё...” гэсэн агуулга илэрхийлэгдсэн байна.

13. Түүнчлэн, уг нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2. дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд “...Хэлмэгдэгчийн ач, зээг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөх олговор авах эрхийг нь хассан байна... хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтад “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, эгч, дүү, ач, зээ” гэсэнтэй шууд зөрчилдөж байна...” гэсэн мэдээлэл гаргасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019.10.16-ны өдрийн дунд суудлын хуралдааны 27 дугаар магадлалаар “...уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо...” гэж дүгнэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгожээ.

14. Мөн уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчим нь бүх зүйлд тэгш хандана гэсэн үг бус, гэм хор, хохирол амссаны хэрээр адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу тухайн цаг үеийн үйлдэл, шалтгаан нөхцөлөөс хамаарч дээрх хуулиар улс төрийн хэлмэгдүүлэлтэд илүүтэй хохирч, дам хэлмэгдсэн хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд олгох нөхөх олговрыг ялгамжтай байдлаар хуульчилсан нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

15. Эдгээрээс үзвэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно.”, 13.2.1 “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”; 13.2.2 “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, “уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр (нөхөр), эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай” гэж үзэхээр байна.

Тодруулбал, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах эрхтэй этгээд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

16. Энэ утгаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.-10.1.3-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал, 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөр олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлах үндэслэлгүй.

17. Ийнхүү дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан этгээдийг үгийн шууд утгаар тайлбарлах тул уг зүйл, хэсгийг хэрэглэхэд 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг (1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн болон 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэснийг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм. Харин уг зохицуулалт нь 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт хамаарна.

18. Иймд, давж заалдах шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг хуулийн агуулга, зорилгоос зөрүүтэй хэрэглэсэн байна.

19. Дээр дурдсанаар хүсэлт гаргагч нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд нэгэнт хамаарахгүй тул прокурорын гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1711 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД