Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 261

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0283 дугаар магадлалтай, Г.С-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0283 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар 67.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б07, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, дээрх захирамжууд гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох шийдвэрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Г.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийн үйлчлэлийн талаар буюу, тодруулбал тус сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б/07 тоот захирамжуудыг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгосон тохиолдолд, Б/01 тоот захирамж хууль ёсны байж, үүнтэй шууд хамааралтай захирамж болох “иргэн Ц.Д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож, ажлаас дахин чөлөөлсөн тухай” 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот захирамжийн үйлчлэл хууль ёсны байх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ, Б/03 тоот захирамжийн талаар яагаад хэн ч маргаан үүсгээгүй байгаад шүүх огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийг 2 удаа биелүүлсэн байтал сүүлийн буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б/07 тоот захирамжуудыг магадлалын хянавал хэсэгт “хариуцагч албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акттай холбогдож гаргасан тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж дүгнээд, магадлалын тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасныг” үндэслэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, маргаан бүхий захирамжуудаас хойно гаргасан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжуудыг хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж, Б/06, Б/07, Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэр “зөв байна” гэж үзсэн. Дээр дурдсан 3 нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан тул Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Магадлалын хянавал хэсэгт “намайг төрийн албан хаагч бус гэж үзэж, эрхийг нь зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хуульд заасан эрхээ зөрчигдсөн гэж үзэж” иргэний хувьд уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан байтал иргэний эрхийг, төрийн албан хаагчийн эрхээс дордуулан авч үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасныг тус тус үндэслэн Г.С-ийг Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас “чөлөөлөх”-өөр, мөн үндэслэлээр тус өдрийн Б/07 дугаар захирамжаар Ц.Д-г “уг ажилд томилох”-оор, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг үндэслэн Ц.Д-г “ажлаас чөлөөлөх”-өөр, тус өдрийн Б/09 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтын 1.1, 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Г.С-ийг “даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох”-оор, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар “2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/08, Б/09 дүгээр захирамжуудыг хүчингүй болсонд тооцох”-оор, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэл болгон Г.Б-г сумын Эрүүл мэндийн төвийн даргаар “томилох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Г.С “...шүүхийн шийдвэрийг 2 удаа биелүүлсэн, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл төрийн үйлчилгээний албанд ажилласан миний хөдөлмөрийг үгүйсгэсэн /хууль бус шийдвэр гаргасан/ гэж маргаж, дээрх Б/06, Б/07, Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг зогсоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэн Ц.Д-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж, Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нэхэмжлэгч Г.С-ийгг уг албан тушаалаас чөлөөлөх, Ц.Д-г томилох талаар 2016 оны Б/06, Б/07 дугаар захирамжуудыг гаргасан нь Г.С-ийн /уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Б/01, Б/02, Б/03 дугаартай захирамжуудыг гаргаж маргаан бүхий албан тушаалд Ц.Д-г “томилсон”, “чөлөөлсөн”, Г.С-ийг “түр орлон гүйцэтгэгчээр томилсон” ба Ц.Д-г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг бодит байдлаар биелүүлээгүй учир “нэгэнт биелэгдсэн шүүхийн шийдвэрийг 2 дахь удаагаа дахин биелүүлсэн” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Ц.Д-г амбулториор эмчлүүлж, эмчийн магадлагаатай өвчтэй байх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн заалтыг баримтлан түүнийг ажлаас “чөлөөлөх”-өөр, Г.С-ийг “түр орлон гүйцэтгэгчээр томилох”-оор гаргасан хариуцагчийн 2016 оны Б/08, Б/09 дүгээр захирамжууд нь “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар чөлөөтэй” байсны улмаас ажил, үүргээ гүйцэтгээгүй ажилтны “ажил, албан тушаал”-ыг хэвээр хадгалах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасантай нийцээгүй учир хариуцагч өөрөө уг алдаагаа засаж, дээрх захирамжуудыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар зааснаас үзэхэд нэхэмжлэгч дан ганц “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргах боломжгүй, хариуцагч дээрх байдлаар алдаатай олон тооны захирамжуудыг гаргаж байсан хэдий ч үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул “иргэний эрхийг төрийн албан хаагчийн эрхээс дордуулан авч үзсэн, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлаж үзсэн шинжтэй дүгнэлт хийсэн” гэх нэхэмжлэгчийн гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь Г.Б-д холбогдох 2016 оны Б/14 дүгээр захирамжийн талаар гомдол гаргаагүй, уг асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0283 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ