Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/827

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс, Улсын яллагч Б.Энхбаяр, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000999 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгиин Цээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчиин хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Н овогт Гын Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах малын өвс тэжээл зардаг хашаанд иргэн Д.Бтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь дээд доод уруулд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зуүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар хацар шанаа, уруул, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл), хохирогч Д.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Б.Нийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), гэрч Л.Лгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэрч Б.Пийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шинжээчийн 5617 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Г.Дийн хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 1,182,910 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 61-67 дахь) гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч хохирогчид 1,200,000 төгрөгийг төлсөн болох нь түүний шүүгдэгчийн хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн талаарх гар бичвэр (хавтаст хэргийн 93 дахь тал) зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн тул түүний цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 176,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 94 дэх тал)-аар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Гын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            5.Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Дид сануулсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР