Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэртэй, Б.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Цт холбогдох хашаа буулгаж, орц, гарц чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ариунтуул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туул, О.Орхон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх, 7 дугаар гудамж, 932 тоот хаягт байршилтай 18644314974341 тоот нэгж талбарын дугаартай, Г-2204008804 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 566 м.кв талбай бүхий газрыг эхнэр Б.Мартын хамт өмчилдөг. Хариуцагч Ц.Ц нь манай хил залгаа газар болох 931 тоот хаягт байрлах газрыг өмчилдөг, бид хөршүүд бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудалгүй амьдарч байсан. Манай хашаа анхнаасаа кадастрын зургийн дагуу хариуцагчийн хашаанаас тодорхой хэсгээр илүү гарч баригдсан, тухайн илүү хэсэгт булан үүсдэг ба үүнийг дааман буюу орц, гарцын зориулалтаар ашигладаг байсан. Гэтэл хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зохих этгээдийн зөвшөөрөлгүй өөрсдийн хашааг сунгаж, манай орц, гарцыг хааж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Бид энэ талаар харъяа дүүргийн газрын албанд хандаж, зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгах хүсэлт гаргасан ч тус байгууллагаас шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Хэрэгт авагдсан баримтанд Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн агуулгатай албан бичиг байдаг. Хариуцагч Ц.Ц нь эрх бүхий байгууллагын шаардлага, нэхэмжлэгчийн хүсэлтийг үл хэрэгсэж, өнөөдрийг хүртэл сунгасан хашаагаа буулгахгүй, орц, гарцыг чөлөөлөхгүй байна. Бид хашааныхаа хойд хэсэгт орц, гарц гаргасан ч өмнө ашигладаг байсан хуучин орц, гарцын хэсэгт барилга барих төлөвлөгөөтэй байгаа ба хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд хариуцагчид хууль бусаар сунгаж барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд Мянганы сорилтын сангаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны орчмын айлуудын хашаанд кадастрын зураг хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн орц, гарц байсан газрын буланд архичид байнга цугларч, чимээ шуугиан гаргаж, зодоон хийх зэргээр нийгмийн хэв журмыг их зөрчдөг байсан. Энэхүү нөхцөл байдлын талаар хорооны засаг дарга болон Мянганы сорилтын сангийн хүмүүст мэдэгдэж, тухайн газрыг хогийн цэг болох, архичид цугларч, цаашилбал гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, хашаагаа татах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн утгатай албан бичгийн талаар мэдэхгүй тул газрын албанаас тодруулах болно.

Нэхэмжлэгч яагаад тухайн хэсгээр орц, гарц гаргах гээд байгааг ойлгохгүй байна, түүний хашааны арын гудамжаар автобусны буудалд хүрэхэд 300 метр орчим, хуучин орц гарцын хувьд 600 метр орчим явж хүрнэ. Б.М уг хашаандаа ч амьдардаггүй, орц, гарцаа хашааныхаа хойд хэсгээр гаргасан бөгөөд цаашид тухайн хэсгийг ашиглахад ямар ч хүндрэл байхгүй, одоогийн барьсан хашаа нь түүний кадастрын зургаас өөр, хажуу айлын өмчлөлийн газарт хил зөрчиж орсон. Бид анхнаасаа хашаагаа сунгаж татахдаа энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж, сануулж байсан. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Мийн гаргасан Ц.Цт холбогдох хашаа буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Б.М нь тухайн газрыг худалдан авах үед хашааны хаалга, одоо маргаад байгаа талд байсан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хаалгаар чөлөөтэй орж гардаг байсан. Гэтэл хариуцагч нь архи уудаг хүмүүс цугларч байна гэх нэрийдлээр дур мэдэн нэхэмжлэгчийн дааман хаалгыг хааж хашаагаа ямар ч зөвшөөрөлгүй сунгаж барьсан нь эрх ашгийг зөрчөөд барахгүй, хөршийн эрхийг ч зөрчиж байгаа үйлдэл. Хэрэгт авагдсан баримтаас шүүх хариуцагч Ц.Ц нь зөвшөөрөлгүй хашаагаа сунгаж нэхэмжлэгч Б.Мийн эрхийг зөрчсөн байна гэж тогтоосон. Нэхэмжлэгчийн өмчлөх газар анхнаасаа тухайн газраар орж, гарч байсан, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч дур мэдэн тухайн газар орц гарц нээгээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж зөвшөөрөлгүй, хашаагаа сунгаж барьсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шаардлагаа, хариуцагч нь татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч хариуцагч өөрийн татгалзсан үндэслэлээ нотлоогүй. Ямар учраас хэний зөвшөөрлөөр хашаагаа сунгаж барьсан талаар нэг ч баримт тайлбарыг гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.Цын хашаагаа сунгаж барьсан нь хууль бус боловч тухайн газар нь Б.Мийн өмч биш, эрхийг нь зөрчөөгүй байна гэжээ. Б.М нь тухайн газрыг өөрийн өмчлөлдөө авах талаар шаардлага гаргаагүй. Ц.Цын сунгаж барьсан газар нь зөвшөөрөлгүй хууль бусаар сунгасан гэдгийг холбогдох байгууллага тогтоосон. Мөн тухайн газраар нэхэмжлэгч орж гардаг байсан, Ц.Ц зөвшөөрөлгүй орц гарцыг хааж хашаа барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг хангалттай тайлбарласан. Мөн зохигчдын хэн аль нь тухайн газарт анхнаасаа дааман хаалга байсан, нэхэмжлэгч түүгээр орж гардаг байсныг зөвшөөрдөг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.Цт холбогдуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх7/, улсын бүртгэлийн лавлагаа /хх17/, Баянзүрх дүүргийн газрын албанаас ирүүлсэн баримтууд /хх86-113/ зохигчдын тайлбараас үзвэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх, 7 дугаар гудамжны 932 тоот хаягт байрлах 566 м.кв газрыг нэхэмжлэгч Б.М, мөн хаягт байрлах 931 тоот 366 м.кв газрын өмчлөгч нь хариуцагч Ц.Ц болох нь тогтоогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй байна.

 

Зохигчдын өмчлөлийн дээрх газрууд нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.

 

Хариуцагч Ц.Ц нь өөрийн хашааг сунгасан боловч эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, түүний энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байдаг.  

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч тал хашаагаа сунгаж барьсан хэсэг нь хөрш залгаа өмчлөгчийн газарт хамаарахгүй боловч түүний орц гарцыг хаасан гэх үндэслэлийн талаар шүүх тодорхой дүгнэлт хийжээ. Улмаар маргаж буй хэсгийн газар нь “төрийн зориулалттай өмч” болохыг Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

 

Дээрх тохиолдолд тухайн газрыг чөлөөлөхийг шаардах эрх нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд хэрэгжүүлэхээр зохицуулсан тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзэв.

 

Түүнчлэн шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр тухайн газарт үзлэг хийж бодит байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий баримт, тэмдэглэл зэргээс үзвэл  нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраас нийтийн ашиглалтын замд хүрэх орц, гарцгүй  болж, эрх ашиг нь ноцтой хохирсон гэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул “хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА