Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0153

 

 

  

     2022           03           02                                        128/ШШ2022/0153

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХХ ХХК

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д

Хариуцагч: С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б, Ба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Да

С дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б, Ба нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагч татварын улсын байцаагч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Да, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч ХХХ ХХК нь С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчид холбогдуулан улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актаар ХХХ ХХК-д 1.032.784.834,8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулахаар маргаж байна.

          2. С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иж бүрэн татварын хяналт шалгалт хийхээр томилолтын дагуу ХХХ ХХК-ийн  2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны татвар ногдуулалт төлөлтийг шалгасан.

Шалгалтаар 2011-2015 онуудад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан борлуулалтын орлогыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр ашигт малтмал ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрөлтэй ХХХ ХХК-ийг Монгол Улсын иргэн С, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нараас 1,800,000,000.00 төгрөгөөр худалдан авсан эрх борлуулсан орлогоос татварыг суутган авч, төсөвт төлөх үүргийг биелүүлээгүй гэж үзэн 577,361,891.9 төгрөгийн нөхөн татвар, 173,208,567.7 төгрөгийн торгууль, 282,214,375.2 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 1,032,784,834.8 төгрөгийн төлбөр тогтоосон.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүлээн авч 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаар тогтоолоор улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар тогтоолыг хэвээр баталсан тухай 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21/83 тоот албан бичгээр хариу өгсөн.

          Нэхэмжлэгчийн тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч ХХХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу ХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б худалдан авч, энэ үеэс хуулийн этгээдийн эрх, үүрэг шинэ хувьцаа эзэмшигчид шилжиж, урьд үүссэн дээрхи актанд хамаарах өр, төлбөр нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдны хувьцаа эзэмшигчдэд хамаарах ёстой юм. Учир нь, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.2.5 дахь хэсэгт Компанийг худалдан авснаас хойш Худалдагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс татварын өр төлбөр ирээдүйд үүссэн бол түүнийг үл маргах журмаар худалдагч төлж барагдуулах, ... өр зээлийг худалдагч талаар төлүүлэх ... зэрэг эрх, үүргийг тусгаснаас гадна, 8 дугаар зүйлд заасан Баталгааны 8.6-д ...Түүнчлэн Татвар, Гаалийн хууль тогтоомжийг зөрчөөгүй, эдгээр хууль тогтоомжийн дагуу ирээдүйд төлөх төлбөргүй байна хэмээн тус тус тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтаар илрээд байгаа 2011 он, 2012 онуудын зөрчил нь одоогийн үүсгэн байгуулагч Бд үл хамаарах бөгөөд тэрээр энэ талаар мэдэх боломжгүй байсан. Энэхүү зөрчлүүд нь Худалдах, худалдан авах гэрээний талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа байх тул шаардлагатай тохиолдолд дээрх өр төлбөрийг хариуцах этгээдүүд болох С, К нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 Б ХХХ ХХК-ийн хувьцааг У банкнаас зээл авч авсан бөгөөд барьцааны хөрөнгөнд А ХХК-ийн оффиссын барилгыг барьцаанд тавьж зээлийн мөнгө худалдагч Сгийн дансанд шилжсэн. Иймд тухайн иргэний харилцах, хадгаламжийн хуулбарт үндэслэн татварын актыг түүнд ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна. Мөн 27 дугаар зүйлийн 27.1-т "Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө", 27.2-т "Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, 13.1.1, 14.1.2, 14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ", 14 дүгээр зүйлийн 14.1.3-т хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого хамаарна" хэмээн тус тус заасан.

Ийнхүү Хувь хүний орлогын албан татварын хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд заасан 30 хувийн татвар авах заалтыг ашиглан өр үүсгэж байгаа татварын байцаагчийн үйлдэл нь хууль бус юм. Өнөөдөр ашиг орлого олж буй этгээд нь хуулийн этгээд бус иргэн байх бөгөөд иргэн өөрөө татвар төлөгч тул хувьцаа борлуулж олсон орлогоосоо ногдох татвараа төрд тайлагнаж, төлөх үүрэг нь С, К нарт байгаа юм. Актын хавсралтын 4-6 дугаар хэсэгт дурдагдсан түгээмэл тархацтай ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй гэх 2013, 2014, 2015 онуудын зөрчилд ногдсон татварын өртэй холбоотойгоор дараах тайлбар байна. 

Үүнд: Дээрх орлогод ногдох татварын өр төлбөрийг тухайн үед тайлагнаж, төлж барагдуулсан. Энэ талаарх холбогдох баримтуудыг хавсаргасан болно. ХХХ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулах тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх зэрэг үйлдэл гаргаж байгаагүй, татвар ногдох орлогоо тухай бүрт нь тайлагнаж ирсэн билээ. Энэ талаар тус актын хавсралт 4-т тусгагдсан байсан.

2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлангаа хүргүүлсний үр дүнд дараах эрх зүйн үр дагавар үүссэн гэж ойлгож байгаа юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй. 5 дугаар зүйлийн 5.1-д Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө хэмээн тус тус заасан байна.

Компани хүргүүлсэн тайлангийн дагуу татварын байцаагчийн актаар тавигдсан өр төлбөр нь нэг удаа чөлөөлөгдөх улмаар бидэнд албан татвар, торгууль ногдуулах үндэслэлгүй болох нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулагдсан гэж харж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Бусдын буюу урьдны хувьцаа эзэмшигчийн хувьцаа худалдсан, эрх борлуулсан орлогод хамаарч болох татвар, алдангийг хувьцаа шилжүүлэн авсан этгээдэд халдаан Татварын акт тавьж актын үйлчлэлд хамруулж буй нь Эрүүгийн хууль болон Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж, мөн Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хууль, Татварын ерөнхий хуульд татварын маргаантай холбогдох хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байснаас үзэхэд энэхүү актанд хамаарах үйлдэл татварын маргаан нь урьдны хувьцаа эзэмшигчийн 2011, 2012 онуудад хамаарах татварын маргаан гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацаа 2017 оноор дуусгавар болох үндэслэлтэй байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2013 онд Б нь Улаанбаатар банкнаас 1.5 сая доллар зээлж, А ХХК-ийн барилгыг барьцаанд тавиад С компанийн данс руу орсон. ХХХ ХХК-ийн дансанд ерөөсөө орж ирээгүй. Худалдаж авахдаа хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээнд 1.5 сая доллар буюу 1 тэрбум 800 сая төгрөгийг гэрээнд тусгаад С компани руу мөнгө нь орсон. Хуулийн дагуу ажилласаар байгаад энэ хүн маш хүнд байдалд ороод дөрвөн давхар, 3, 4 сая долларын эд хөрөнгөө алдаад дууссан. 3, 4 жилийн дараа 2016 онд эднийд тавигдаад 2019, 2020 он болоод ингээд акт гаргаад ороод ирж байгаа юм. Тэгэхээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээн дээр заасан. Тухайн үедээ татварын албанаас шинэ хуулиар 4 жил болсон, хуучин хуулиар 5 жилийн хугацаанд ХХХ ХХК-ийн өр төлбөр ямар юм байсан бэ, ирээдүйд төлөх татвар, нэхэмжлэлд дурдагдсан байгаа 5.1.4, 5.1.5 гэсэн заалтууд байна. Үүнийг иргэн С, Солонгос Улсын иргэн хоёр хариуцна.

          Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар яг суутган авч үлдэх нь С, Солонгос Улсын иргэн нараас өөрсдөө мэдүүлээд энэ татварыг төлөх хуультай байсан юм байна.

          Тэд нараас татварын асуудлыг шийдээд иргэний журмаар ч юм уу явдаг юм байгаа биз гэсэн байр суурийг хариуцагч илэрхийлээд байдаг. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан. Үүнд бид нар ямар ч байсан тайлагнасан юм байна. Татварын өршөөлийн хууль, 2008 оны Татварын ерөнхий хуулиар нэхэмжлэгчид тавигдсан татварын акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Субьектийн хувьд ХХХ ХХК-д акт тавигдсан байдаг. ХХХ ХХК-ийн мөнгө нэхэмжлэгчийн дансанд ордоггүй, татварын байцаагч юм уу дарга нь хэн ч бай тухайн мөнгөнд тэд илүү орлоо, дутуу байна гээд акт тавьдаг байлгүй гэж бодож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сийн данс руу орсон гэдгийг хэлсэн. Тэгэхээр С ХХК-д акт тавихгүй яасан юм. Одоо эд нар тайлбар өгөхдөө эрх шилжсэн бол мөнгө хаанаас гарах нь хамаагүй гээд байна. Мөнгөө дагана. 500 төгрөг ч бай, 5.000.000 төгрөг ч бай мөнгө мөрөө үлдээнэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар татварын өршөөлийн хуульд хамрагдаж тайлагнасан. Татварын акт дээр гардан авсан Д.Б гэж байна, огноо байхгүй. Актыг гардуулах процессыг бүгдийг хийгээгүй явсан учраас энэ захиргааны акт нь хууль зөрчсөн. Зүй нь мэдэгдэх, сонсгох зарчмаа хэрэгжүүлээд татварын албанд суулгаж байгаад ярьсан, хэлсэн бол ядаж мөнгө орсон компани С компанийг олоод авах байсан. Түүн дээр актаа тавих боломжтой байсан. Ийм зүйл болсон учраас үнэхээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гарсан учраас үүнийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

          6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “... татварын актад дурдсанаар суутган төлөгч буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуульд заасан суутган төлөгчийн үүргээ гүйцэтгээгүй үүргийг зөрчсөний улмаас хамгийн өндөр үнийн дүнтэй асуудал нь эрх шилжүүлсэн буюу ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлыг хөндөж гарч ирсэн.

          Суутгагч гэж татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж улсын төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй гээд байгаа зүйл заалт нь суутгагч гэдгийг тодорхойлсон тодорхойлолт. Өөрөөр хэлбэл энэ тодорхойлолт нь үүрэг болгосон хуулийн зүйл, заалт биш. Суутгагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт. Агуулгаараа суутгагч гэж татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэсэн.

          Хэрвээ үүрэг болгосон заалт мөн гэж үзэх юм бол энэ өгүүлбэрийн агуулгыг харах юм бол татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ гэж байгаа. ХХХ ХХК-иас гарсан 1.8 тэрбум төгрөгийн ямар нэгэн гүйлгээ байхгүй. Ийм гүйлгээ орсон орлого ч байхгүй, энэ талаар зарлага ч байхгүй. Харин энэ гүйлгээ хаана гарч ирээд байна вэ гэвэл С гэдэг компани зээл аваад, зээлийн үүргээ төлсөн гэдэг баримт нь гарч ирж байгаа, хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрдөг, мэдэж байдаг. Нэгэнт үүрэг нь ХХХ ХХК-д байхгүй тохиолдолд ХХХ ХХК-д татварын акт тавих хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. ХХХ ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.

          Өөрөөр хэлбэл ХХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн гадаадын иргэн, Монгол Улсын иргэнтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ  байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой татварын асуудлыг худалдагч тал хариуцна гэж талууд тохиролцсон. Худалдагч тал хариуцна гэдэг нь энэ худалдах, худалдан авах гэрээний хоёр тал нь дандаа иргэд байгаа, аж ахуйн нэгж байхгүй. Нэгэнт иргэний эрх зүйн харилцаа буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцож байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль үйлчлэх ёстой.

          Тухайн үед 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хууль үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1-т албан татвар төлөгч гэж хэн бэ гэдгийг заасан. Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.1-т тухайн татварын жилд албан татварын ногдох орлого олсон, эсвэл татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуулийн дагуу албан татвар төлөгч байна гэж заасан.

          Ямар орлогоос албан татвар ногдуулалт яваад байгааг харах юм бол албан татвар ногдох орлогод нь мөн хуулийн 8.1.4-т хөрөнгө борлуулсны орлого гэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хувь хүн ямар албан татвар олсон орлогоосоо төлөх ёстой юм бэ гэдгийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө борлуулсны орлогоос заавал татвар төл гэдгийг хувь хүнд үүрэг болгож өгсөн. Мөн хуулийн 14-т хөрөнгө борлуулсны орлого гэдэгт юу хамаарах вэ гэдгийг зохицуулсан. Мөн хуулийн 13.4.1-т хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогыг, 14.1.4-т газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг хуульчилсан.

          Тэгэхээр нэгэнт компанийн хувьцаа худалдаж авч байгаа, мөн хуулийн 14.1.3-т заасан хувьцаа худалдсан орлого нь байна. Хоёрдугаарт газар эзэмших эрх буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын газар эзэмших эрх нь компани зарснаар шилжсэн гэдэг агуулгаар татвар ногдуулж байгаа бол энэ зүйл заалт нь энд байна. Өөрөөр хэлбэл татвар төлөх үүрэг бүхий этгээд нь худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал болж байгаа С болон БНСУ-ын иргэн. Гадаадын иргэн Хувь хүний албан татварын тухай хуулиараа татвар төлөгч мөн гэдгийг заасан. Хэрвээ ямар нэгэн татварын асуудлыг хэн хариуцах вэ гэдгийг тухайн худалдах, худалдан авах гэрээнд талууд тохиролцсон. Худалдан авагч үүнийг хариуцахгүй, та нар төлөөрэй гэдгийг тэнд үүрэгжүүлсэн байна. Энэ асуудлыг татварын улсын байцаагч нар тухайн үед мэдэж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харвал үүнийг мэдэж байсан үйл баримтууд тогтоогддог. Гагцхүү яагаад ХХХ ХХК-д татварын акт тавиад байна вэ гэвэл барьж авах боломжтой хэн байна гэдгийг онцолж хараад тавьсан юм шиг надад ойлгогдож байна, ингэж харагдаж байгаа үйл баримтууд байна. Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар олсон орлогыг нөгөө этгээдэд шилжүүлж байгаа бол чи тэрнээсээ юм авч үлдээд татвараа улсад тайлагна гэдэг агуулгаар шинэ хуулиар тайлбарлагдаж орж ирсэн. Татварын улсын байцаагч энэ гэрээний харилцаан дээр дүгнэлт хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээ хэн, хэний хооронд байгуулагдсан, үүгээр эрх, үүрэг нь хэн дээр байгаа.

          Нөгөөтэйгүүр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиараа иргэн өөрөө татвар төлөгч болдог, төлөх үүрэгтэй юм байна, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиараа мөн аж ахуйн нэгж өөрөө олсон орлогоосоо татвар төлөх нь зүй ёсны үүрэг нь байгаа. Гагцхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээ буюу эрх шилжүүлснээс олсон орлогыг тухайн худалдан авч байгаа этгээд өөрөө шилжүүлж байгаа бол түүнээсээ суутгаж аваад төл гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ суутгагч нь биш харин С компани. С компани өөрөө зээл авч байна, орж ирсэн мөнгөнөөсөө эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж байгаа асуудал байна. Тэгэхээр нэгэнт энэ 1.8 тэрбум төгрөгийн үнийн дүн ХХХ ХХК-д хэзээ ч байгаагүй, орлого орж ирж байгаагүй тохиолдолд ХХХ ХХК ямар 1.8 тэрбум төгрөгийн орлого олсон гэж үзээд татвар төлөх ёстой юм. Энэ нь боломжгүй асуудал. Татварын ерөнхий хуулийн 74.1-т заасныг үндэслэл болгоод алданги тооцсон. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан татварын хуулиар татварын хэмжээ 20 хувиас хэтрэхээргүй байна гэдгийг хуульчилсан. Татварын улсын байцаагч нар тогтоосон татвар нь 577.361.891 төгрөг, үүний 20 хувийг бодож үзэхэд 115.472.378 төгрөг байна. Гэтэл татварын улсын байцаагч нар 282.214.375 төгрөг гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл татвар төл гээд ногдуулаад байгаа акт нь хүртэл алдаатай. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Аливаа шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой.” гэв.

          7. Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

   “ХХХ ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрлийг 2041 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл эзэмших эрхийн гэрчилгээтэй, Х дүүргийн 13 дугаар хороо С нэртэй газраас дайрга олборлож байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" гэж зааснаар ойлгож, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө. Мөн хуулийн 47.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно: 47.2.3-т "дотоод , гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн" мөн хуулийн 47.3.1 дэх хэсэгт "дотоодод борлуулж байгаа нүүрс болон тугээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү" гэж заасныг үндэслэн 2011-2015 онуудад (татвар төлөгчийн өгсөн ярилцлагад өөр үйл ажиллагаа, тусгай зевшеерел эзэмшээгүй тул) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан борлуулалтын орлогыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан.

2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр ашигт малтмал ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрөлтэй ХХХ ХХК-ийг Монгол Улсын иргэн С, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нараас худалдан авсан тус гэрээний 2.1.6-д "Хавсралт гэж энэхүү гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргасан, үүнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл MV дугаар бүхий 101,81 гектар газрын эзэмших эрх, тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмж байх бөгөөд ... 2011 оны 02 сарын 16-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлэгдсэн хөдлөх болон бусад эд хөрөнгийн зүйлс багтана.” гэж заасан байна. Ашигт малтмал ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрөлтэй компанийг 1,800,000,000.00 төгрөгөөр худалдан авсанд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн эрхийг шилжүүлсэн гэж үзэж, эрх борлуулсан орлогоос татварыг суутган авч, төсөвт төлөх үүргийг хуулийн дагуу биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д заасан үүргээ биелүүлээгүйд мөн хуулийн 8.2, 17.2.7, 21.5-д заасны дагуу хариуцлага ногдуулсан. гэжээ.

8.Хариуцагч татварын улсын байцаагч Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 2016, 2013 оны орлого шилжүүлэхэд 2016 онд татварын хяналт шалгалт хийсэн. Бид нарт анх томилолт нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иж бүрэн татварын хяналт шалгалт хийхээр томилолт олгогдоод татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэдэг Татварын ерөнхий хуульд зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийг шалгахаар томилолт ирсэн. Үүний дагуу 2011 оноос 2015 оны баримтыг ХХХ ХХК-ийн нягтлан бодогч Б.Н-тэй холбогдоод түүнээс баримтуудыг нь хүлээж аваад, Б.Н-тэй тухайн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С дүүргийн Татварын хэлтсийн 403 тоот өрөөнд ярилцлага хийсэн. Дараа нь ХХХ ХХК-ийн ажлын байран дээр очоод н.И гэдэг албан тушаалтантай ярилцлага хийсэн. Энэ хугацаанд Б.Н гэдэг нэхэмжлэгчийн албан ёсны нягтлан бодогч шалгалтын бүх материалуудыг гаргаж өгөөд тухайн шалгалтын явцад зөрчлүүдээ хамгаалаад тайлбар өгөөд явж байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Д.Б гэдэг гүйцэтгэх захирал нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр томилогдоод эднийд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хувь эзэмшигч Д.Б гэдэг хүн тухайн үед байсан. Эцсийн эзэмшигч буюу эцсийн хариуцлага хүлээх хүн нь энэ хүн учраас энэ хүний нэр дээр актаа гаргаад тухайн үедээ татвар төлөгч өөрсдөө актаа ирж гардаж авахгүй, дуудахад ирэхгүй байгаа учраас бид нар дараагийн арга хэмжээ нь гардуулахдаа баталгаат шуудангаар албан ёсны хаяг руу илгээгээд үүнийг гардуулсанд тооцоод явдаг. Яг энэ журмаар бид нар процесс ажиллагаагаа хийж явсан. Актаа гардаж авсан болохоор татвар төлөгч өөрөө Татварын маргаан таслах зөвлөлд Д.Б гэдэг хүн гомдол гаргаад Татварын маргаан таслах зөвлөл тухайн үед энэ акт дээр шийдвэр гаргаад явсан.  

С компаниас мөнгө гарсан гээд байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-т нягтлан бодох бүртгэлийг аккаруэль сууриар бүртгэнэ гэж заасан. Мөн хуулийн 6.1-т аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккаруэль сууриар хөтөлнө. Аккаруэль суурь гэдэг нь мөнгө хүлээж авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг орсон үед, зарлагыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэх арга буюу аккаруэль сууриар бүртгэхийг нягтлан бодох бүртгэлд заасан. Татварын ерөнхий хуульд ч гэсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж байгууллага бүгд стандартын дагуу энэ сууриар бүртгэлээ хөтөлнө гэж заасан. Тийм учраас мөнгө хаанаас гарсан юм уу аль банкнаас зээл авсан тэр процесс бидэнд хамаагүй. ХХХ ХХК дээр эрх шилжиж ирсэн байна, энэ компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ компани дээр эрх шилжсэн байгаа учраас энэ компани дээр үүрэг гүйцэтгээгүй гэдэг утгаараа суутгагчийн үүргээр тухайн орлогыг олохдоо суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй байсан гэдэг заалтаар акт тогтоосон. Бид нар тухайн үед татварын хяналт шалгалт хийж байхдаа магадгүй энэ гэрээгээр нөгөө талдаа тухайн иргэн нь татвараа төлсөн ч юм уу байдлаар байх юм бол түүнийг нотлох шаардлагатай. Тухайн үедээ С буюу К гэдэг хүмүүсийг татварын албанд бүртгэлтэй байна уу, татвараа төлсөн үү, энэ хүмүүс болон ХХХ ХХК Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар суутгагчийн үүргээ биелүүлээгүй учраас тухайн татварын төрлөөрөө тайлан гаргасан байна уу гэдгийг бүгдийг нь нотлох баримт болгож, тухайн үедээ бүх гүйцэтгэл нь байна уу, үгүй юу гээд хэрэгжилт дээр нь бид нар шалгалт хийж байсан. С нь татварын албанд бүртгэлгүй, татвар төлөөгүй байсан учраас нөгөө талдаа ямар ч байсан энэ гэрээ хэрэгжээгүй юм байна, С татвараа төлөөгүй юм байна, гэхдээ татварыг төлүүлэх буюу суутгагчийн үүрэг гүйцэтгэх этгээд нь ХХХ ХХК учраас ХХХ ХХК дээр татварын акт тавьсан. Өршөөлийн хуулийг бид нар нягталж үзсэн. Сүүлд Татварын ерөнхий газраас нэмэлт материалыг авсан. Өршөөлийн хуулиар ХХХ ХХК Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татварын тайлан гаргаж өгсөн. Яг энэ акт дээр тогтоосон хоёр зөрчлөөр тайлан гаргаж өгөөгүй байсан.          

           9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Да шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Өмгөөлөгч нар Хувь хүний орлогын албан  татварын тухай хуулийг яриад байна. Өмгөөлөгч нар хууль хэрэглээг зөв ойлгож байгаа байх. Мэдээж гэрээнд хоёр иргэн гарын үсэг зурна, аж ахуйн нэгжийг төлөөлж иргэн гарын үсэг зурах нь тодорхой. Аж ахуйн нэгжийг төлөөлж иргэн гарын үсэг зураад нөгөө талдаа иргэн зурсан байгаа байх. Гэхдээ ХХХ ХХК дээр эрх борлуулах гэдэг зүйл яригдах болохоос биш С гэдэг хувь хүн, иргэн дээр ямар эрх борлуулах юм яригдах вэ.

          ХХХ ХХК-ийн эрх борлуулсан гэдэг дээр Татварын ерөнхий хуулийн 4.1.6 дахь хэсэгт зөв заалтаа олж харжээ гэж бодож байна. Үүгээр ХХХ ХХК Татварын ерөнхий хуулийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар тухайн иргэдтэй байгуулсан эрх борлуулсан орлого шилжүүлэхдээ суутгаж авах нь эдгээр хуулиар үүрэгтэй байжээ гэдэг нь тодорхой харагдаж байна. С ХХК төлөх байсан, тэр компани дээр хяналт шалгалт орж акт тавих байжээ гэж нэхэмжлэгч яриад байна. Тухайн үед тэр компани нь бизнесийн түнш ч юм уу, зээлдүүлэгч ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар бизнесийн хамтрагч нь ХХХ ХХК-ийн өмнөөс мөнгийг шилжүүлсний төлөө ХХХ ХХК-ийн эрх борлуулсныхаа 30 хувийг суутгаагүй хариуцлагыг хүлээнэ гэж бодохгүй байна. Хяналт, шалгалтын акт тавигдаад ирэхээр бас нэг хамтрагчаа ингэж болохгүй байх.

          ХХХ ХХК дээр хяналт шалгалтын томилолт орсон, ХХХ ХХК-ийн тусгай зөвшөөрөл зарагдсан, эрх борлуулсан талаар яригдаж байгаа. Түүнээс мөнгө хаанаас шилжиж хэн гэдэг компани ХХХ ХХК-ийн өмнөөс мөнгө шилжүүлсэн бэ, эсвэл иргэн хувьдаа эрхтэй байж байгаад түүнийгээ борлуулсан талаар огт яригдаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар ХХХ ХХК-ийн эрх борлуулсан гэдэг нь тодорхой байгаа, энэ компани дээр шалгалт орсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.5-т зааснаар орлогоосоо суутгаж авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй байжээ, энэ үүргээ биелүүлээгүй байна гэдэг дээр хяналт шалгалтын акт тавигдсан. Энэ нь өмгөөлөгч нарт ч гэсэн тодорхой байгаа зүйл гэж бодож байна. “ гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.ХХХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчид холбогдуулан улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шүүхэд маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

1/ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу С, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нараас ХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б худалдан авч, энэ үеэс хуулийн этгээдийн эрх, үүрэг шинэ хувьцаа эзэмшигчид шилжиж, урьд үүссэн дээрхи актанд хамаарах өр, төлбөр нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өмнөх хувьцаа эзэмшигч С, К нарт хамаарах ёстой байтал Хувь хүний орлогын албан татварын хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд заасан 30 хувийн татвар авах заалтыг ашиглан өр үүсгэж байгаа татварын байцаагчийн үйлдэл нь хууль бус.

2/ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хүргүүлсэн тайлангийн дагуу татварын байцаагчийн актаар тавигдсан өр төлбөр нь нэг удаа чөлөөлөгдөх улмаар бидэнд албан татвар, торгууль ногдуулах үндэслэлгүй.

3/ Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын хуулиар татварын хэмжээ алданги 20 хувиас хэтрэхээргүй байна гэдгийг хуульчилсан. Татварын улсын байцаагч нар тогтоосон татвар нь 577.361.891 төгрөг, үүний 20 хувийг бодож үзэхэд 115.472.378 төгрөг байна. Гэтэл татварын улсын байцаагч нар 282.214.375 төгрөгийн алданги тогтоосон нь буруу гэжээ.

Харин ХХХ ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны 1,694,475,673.60 төгрөгийн төлбөр ногдуулж төлөөгүй зөрчилд /2011-2015 оны/  37,361,891.90 төгрөгийн нөхөн татвар, 11,208,567.70 төгрөгийн торгууль, 12,214,375.20 төгрөгийн алданги, нийт 60,784,834.80 төгрөгийн төлбөр ногдуулсан үндэслэлтэй нэхэмжлэгч маргаагүй болно.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий акт хууль бус болох үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчийн маргасан үндэслэл тус бүрт дүгнэлт өгөхөд:

1/ Б нь 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 132, 141 дэх тал/, Компанийн эрх шилжүүлэх гэрээний /хэргийн 131, 139 дэх тал/ дагуу С, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нараас ХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,800,000,000.00 төгрөгөөр шилжүүлэн авсан байна.

Уг гэрээний 2.1.6-д Хавсралт гэж энэ гэрээний салшгүй хэсэг ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл MV дугаар бүхий 101,81 гектар газар эзэмших эрх...” гэж заасан.

Дээрх гэрээнээс үзэхэд Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр ХХХ ХХК-ийн эзэмшдэг түгээмэл тархацтай ашигт малтмалын MV дугаар бүхий тусгай зөвшөөрлийг худалдсан болох нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6.“татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;,

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6."суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;”, 8 дугаар зүйлийн 8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:”, 8 дугаар зүйлийн 8.1.2. “эрх борлуулсны орлого;”, 17 дугаар зүйлийн 17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар;”, 21 дүгээр зүйлийн 21.5.Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.” гэж заасан байна.

ХХХ ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын MV дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ  заасны дагуу 1.800.000.000,00 төгрөгөөр худалдсан орлогоос албан татвар ногдуулан суутгаж улсын төсөвт шүлжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж татварын улсын байцаагч хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй.

2/ ХХХ ХХК-ийн маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчил нь тухайн компанийн санхүүгийн тайланд тусгагдаж, тайлагнасан, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон орлого юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, ... орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ... тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө. гэж заасан.

Маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчил нь тухайн компанийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн /Нууцын баримттай/ дагуу хүргүүлсэн тайлангаар чөлөөлөгдсөн татварт хамааралгүй, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан “...нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ... тайланг шинээр гаргаж...” гэх нөхцөлийг хангахгүй, түүнчлэн тус компанийн  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнасан орлогод хамаарахгүй орлого байх тул уг хуульд хамруулан чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

3/ Маргаан бүхий актаар Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.3-т “... алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааснаар ногдуулсан боловч уг заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар 74 74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. гэж өөрчлөн найруулсан.

Татварын улсын байцаагч нар маргаан бүхий актаар 282.214.375 төгрөгийн алданги тогтоохдоо зөрчил үйлдэгдэх үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын өмгөөлөгчөөс хариуцагчийг мэдэгдэх сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр маргасан боловч 2016 оны 4 дүгээр сарын 25, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл, маргаан бүхий актыг ХХХ ХХК-ийн захирал Д.Бд хүргүүлсэн Монгол шуудан ТӨХК-ийн баримт зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ХХХ ХХК-иас С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3, /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000010 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН