| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0353/З |
| Дугаар | 221/МА2025/0646 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0646
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0484 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0353/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “тус сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/665 дугаар тушаал, мөн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/163 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0484 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/665 дугаар тушаал, уг тушаалд өөрчлөлт оруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/163 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... “Б” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 3.5 га газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд үерийн амтай давхцалтай гэх шалтгаанаар 2021 онд газрын хэмжээг 2.7 га болгож өөрчилсөн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/665 дугаар тушаал буюу маргаан бүхий актад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хийсэн.
Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэл болгосон. Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан байдаг.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жилд дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40.1.6-д зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, газрын үзлэг хийсэн баримт зэргээс үзэхэд 2009 оноос эхлэн газар ашиглах эрхтэй болсон бөгөөд үүнээс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоог хүртэл тус газар дээр үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь батлагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/665 дугаар тушаал, мөн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/163 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/665 дугаар тушаалаар “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “Б” ХХК-д олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул ...тухайн аж ахуйн нэгжийн ашиглаж буй талбайгаас 2.7 га газрыг хэсэгчлэн” хүчингүй болгожээ.
Мөн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/163 дугаар тушаалаар “...Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ...”Б” ХХК-ийн ашиглаж байсан газрыг хэсэгчлэн хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/665 дугаар тушаалын 1 дэх заалтад тухайн газрын хэмжээг 1.2 га гэж тусгах байсныг 2.7 га гэж бичилтэд алдаа гаргасан тул "2.7 га газрыг гэснийг 1.2 га газрыг" гэж өөрчилжээ.
2.3. Нэхэмжлэгчээс “...2023 оны А/665 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд тогтоосон хугацаанд тухай бүр газрын төлбөрийг төлж байсан, мөн газраа зориулалтын дагуу ашиглаж, 8 барилга баригдсан байгаа, ...захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, ...А/665 дугаар тушаалын талаар бидэнд мэдэгдээгүй, гардуулаагүй, хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй” гэж, хариуцагчаас “...2014 онд гурван талт гэрээ байгуулагдсан байдаг. 2023 оны 966 дугаар хамгаалалтын захиргааны албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэд мэдээлсэн. ...хэрэгт авагдсан баримтаас харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасантай холбоотой төлбөр төлөгдсөн байна. Газрын тухай хуулийн 40.1.6-т заасантай холбоотой газраа зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт нэхэмжлэгч анх 2009 онд газар ашиглах эрхтэй болсноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл 14 жилийн хугацаанд газар эзэмших эрх сунгах хүсэлт өгөөд сунгах үйл ажиллагаанууд явагдсан боловч цуцалсан хэсэг болох 1,2 га газар дээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
3.1. Маргаан бүхий тушаалын үндэслэлд “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь газрын төлбөрийг тухай бүр төлж байсан болох нь тогтоогдож байх төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан учир уг үндэслэлээр маргах зүйлгүй” хэмээн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс үзэхэд газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
4.1. Анхан шатны шүүхээс “... “Б” ХХК нь ашиглаж буй газраа хашаалж, барилга барьж байгаа нь тодорхой байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй, ... газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө 2022, 2023 онд газар ашиглах эрхийг баталгаажуулсан болон газрын төлбөр төлсөн баримтуудыг үнэлэн үзээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.2. Тодруулбал, шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/5035 тоот албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газраас “Б” ХХК-ийн 2021 оноос хойших хугацааны агаар сансрын зургийг нотлох баримтаар гаргуулахаар шаардсаны дагуу ирүүлсэн 2022 оны 3, 5, 12, 2023 оны 5, 6 дугаар сарын агаар сансрын зургуудаас үзэхэд тухайн хугацаанд маргаан бүхий газар дээр 8 ширхэг барилга, байгууламж байршсан үйл баримт тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газраа зориулалтын дагуу ашиглаж байсан буюу аялал жуулчлал, зочид буудал, апартмент цогцолборын төслийн хүрээнд аялагч хүлээн авах 8 сууцаа барьсан, төслийн ажил хэрэгжээд явж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдохгүй байх тул маргаан бүхий тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн үндэслэл үгүйсгэгдэж байна.
5. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн ажиллаж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг зөрчсөн үйл баримт баттай тогтоогдохгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн оролцоог бүрэн хангаагүй, зөрчлийг бүрэн нотолсон гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН