Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/865

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

Улсын яллагч Г.Янжиндулам,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208022020700 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа оршин суух,

урьд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1980 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хорих ял,

Улаанбаатар хотын найрамдлын районы ардын шүүхийн 1983 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169б-д зааснаар 5 жилийн хорих ял,

Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б, 153 дугаар зүйлийн А ангид зааснаар 6 жил 8 сараар хорих ял тус тус шийтгэгдсэн, Б овогт Дийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Кызыль хотод хохирогч Д.Бийн эзэмшлийн  УВХ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн баруун урд крыло, копуд, баруун урд хаалга зэрэг эд ангийг хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 504 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Бтэй 2009 оны намар танилцсан. Анх надад “манай аавын дүү миний мөнгийг аваад намайг гудамжинд гаргачихлаа, та надад туслаач” гэж хэлж байсан. Би зөвшөөрөөд өөрийнхөө хажууд авсан. Хэсэг хугацааны дараа “та надад бараа зээлээр өгчих, би тосгоноор яваад тооцоог нь хийчихье” гэсэн. Би зөвшөөрөөд мөнгөө шилжүүлээд бараагаа захиад эвтэй байсан. Гэтэл Баасандорж бараа болгоноос үлдэгдэлтэй тооцоо хийж байсан. Бид хоёрын дунд байгаа 153,000 рублийн тооцоогоо өгчих гэж хэлсэн боловч Б зугтаагаад намайг 8 жил сошиалаар доромжилж бичиж байна. Би энэ болгонд тэвчээд явж байсан. Миний зургийг тавьж байгаад “Саятан тэрбумтан”, “Зөөлөн Галаа”, “Галаа галаа” гэх мэт фейсбүүк хаяг нээгээд намайг доромжлоод байдаг. Би Бөд “машинаа онгойлгоод ярилцъя” гэж хэлэхэд “аллаа” гээд бичлэг хийгээд байсан. Би энэ хүнд өчнөөн тусалсан. Гэхдээ би хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хамгийн сүүлд Б “Оросууд намайг алах шахлаа надад хамгаалалт хэрэгтэй байна” гээд ирсэн. Би 3 гахай бараа, нэг жижиг шуудайтай бараа, бензиний мөнгө 5,000 рубль өгөөд явуулахад надаас зугтаасан. Би тэрнийхээ тооцоог нэхэж байсан. Бид хоёрын маргаан үүнээс болсон. Би хохирол төлбөрийг төлнө, гэхдээ бодит амьдрал дээр Б надаар машинаа эвдүүлсэн бол арын хашаанд цагдаагийн газар байсан учраас шууд очоод хэлэх байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн төлнө, гэхдээ шөвгөөр машиных нь хаалгыг хатгасан зүйл байхгүй. Би харчихаад яваад өгөхөд миний араас машинтайгаа ирсэн. Би урдуур нь ороод гараа өргөхөд намайг дайрах шахаад давхиад явсан. Тэр хавьд нэг том зогсоол байдаг учраас тэнд зогсож байгаа гэж бодоод явтал тэр зогсоол дээр байсан. Би араас нь очоод мөнгөө аваад ах дүү шиг тооцоогоо дуусгая гэж хэлсэн. Увс аймгийн цагдаагийн газар өргөдөл өгөхөд Орос улсад болсон асуудлыг Оростоо шийд гээд авахгүй байсан. ...Машин дээр гарахад хөдлөөд байсан учраас тэнцвэрээ олох гээд өөрийн болчимгүй үйлдлээс болж үсэрсэн гэдэг нь үнэн. Би үнэхээр мах аваад явж байгаад Бтэй тааралдаад бухимдсан. Дүрс бичлэгэнд би баруун гараараа цохиж байгаа. Би гараагаа цонх руу нь цохисон. Би Улаанбаатар хотод айл айлаар явж байна, мөн хилийн хоригтой байгаа, миний бие тааруу, энэ хүнтэй зууралдаад жил гаруй явж байгаа учраас залхаж байна. Би Япон Улсаас Орос Улс руу машин зөөдөг. Машиныхаа үнэлгээнээс болно, хамгийн багадаа нэг машинаас 10 сая төгрөг олдог. Би дурангийн хагалгаанд орсон. Би иргэний үнэмлэхээ авахын тулд ээжийнхээ хаяг дээр бүртгүүлсэн. Миний оршин суух хаяг Оросын холбооны улсад байдаг. Монгол Улсад дүү нарынхаараа Баянзүрхийн 4 дүгээр хороо, 112в байрны 15 тоотод байгаа.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Г тухайн өдөр Монгол руу явах машинд суусан захын гадаа байсан. Энэ хүний гэр Правейберг гэх газар байдаг. Энэ хоёрын хооронд 1 цагийн хугацаанд явдаг. Кызыль хотоос хил хүртэл 400 километрийн зайтай, 2 цагт гарсан машин хил давж амждаг. Тэр хүмүүсийг хил давтал Г гэх хүн махаа гэртээ аваачиж хоол хийж идэж амжихгүй. Г тэр өдрөө Монгол Улсын хилээр орж ирсэн. Иймд мах байх боломжгүй, надад чулуу гэдэг нь харагдаж байсан. Би мэдүүлэгтээ урд крыло, копуд, баруун урд хаалга зэргийг нийтэд нь солиулах хүсэлт гаргасан боловч үнэлгээний байгууллага будаг замаск хийх дүгнэлт гаргасан. Нийт хохирол 550,000 төгрөг гарсан, энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Энэ хүн намайг шантаачилж мөнгө нэхээгүй, уучлалт гуйсан байсан бол би гомдолгүй гэж хэлэх байсан. Би тухайн өдөр Оросын холбооны улсаас орж ирсэн, буцаж гараагүй. Би машин эвдэрснээс хойш нэг хоногийн дараа Оросын холбооны улсын Кызыль хотын цагдаагийн газар өргөдөл гаргасан боловч хоёр Монгол хүний дунд болсон учраас Монгол Улсынхаа хуулийн байгууллагад хандах нь зөв гээд миний өргөдлийг аваагүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Тува улс руу Хандгайтын боомтоор нэвтрэн гарч, Тува улсын Кызыль хотод захиалгатай эд зүйлээ хүлээлгэж өгөөд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 11.00 цагийн орчимд Кызыль хотын барааны захын ар талын гарцан дээр Г гэх хүнтэй тааралдсан. Г намайг “зогс” гэж гар өргөхөд нь би зогсолгүй яваад өгсөн. Ваанчиг гэх хүнийг очих газарт нь хүргэж өгөөд ганцаараа машинтай зогсож байтал хаалгыг нэг хүн татсан. Харахад Г ирсэн байсан. Би тухайн үед хаалгаа дотроос нь түгжсэн байсан тул Г хаалга татаад онгойлгож чадаагүй. Би түүнийг харчихаад ухраад гарах гэтэл ар талд машин ирээд зогссон байсан. Би машинтай хөдөлж явж чадахгүй байтал Г над руу “Увсын цагдаад чиний хэрэг байгаа, надаас залилж авсан мөнгөний нотлох баримт байгаа, чи хаалгаа онгойлгохгүй бол урд шилийг чинь цөм цохиод орлоо шүү” гэж орилж байсан. Энэ хооронд гартаа барьсан цагаан торонд хийчихсэн зүйлээрээ машины баруун талын хаалга руу 2 удаа савж цохисон. 1 удаа хаалга руу өшиглөсөн. Тэгснээ урд цонх хагалж орлоо гэж хэлээд урд копуд дээр авираад гараад ирсэн. “Чи миний гараас хаашаа ч гарахгүй, би чамайг цааш нь харуулна” гэж орилж байсан. Би тэр машиныг Галаатай хамт яваа хүмүүс гэж ойлгоод гар утсаараа бичлэг хийхэд тэр машин яваад өгсөн. Г үлдээд машины урд копут дээр гарч зогсоод дэвсээд, үсрээд урд салхины шилийг хага өшиглөсөн. Копудыг дэвсээд хонхойлгосон. Би хойшоо хөдлөхөд Г машинаас үсрээд буусан. Тэгэхэд нь хажуугаар нь гараад зугтаасан. ...Тухайн үед би машины хаалгыг дотроос нь түгжсэн, оруулаагүй тул миний биед халдаж чадаагүй. Харин машины баруун хаалга, урд копуд хонхойж, салхины шил хагарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

            - Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос 25 сая төгрөгөөр худалдаж авсан машин. Ямар нэгэн эвдрэл, сэв гэмтэлгүй машин 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нөхөр маань ОХУ-ын Тува улс руу яваад 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирэхэд машины баруун урд хаалгыг дээд хэсгээр үзүүр, ирмэгтэй зүйлээр хэд хэдэн газар цохиж хонхойлгосон, доод хэсгээр өшиглөсөн бололтой хонхойсон, урд копуд хонхойсон, урд салхины шил доод ирмэгээр цуурсан байсан. Юу болсон талаар асуухад “ОХУ-д машиндаа байж байтал Г ирээд гартаа цагаан даавуунд хийсэн зүйлээр цохиж, копуд дээр гарч дэвхцээд машины копуд хонхойлгож, шил хагалсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

            - Гар утасны бичлэгт үзлэг хийсэн: “...тээврийн хэрэгсэл дотор жолооны хүрдний ард талд эрэгтэй хүн тээврийн хэрэгслийн гадна талд байгаа хар өнгийн пиджак, цайвар цэнхэр өнгийн сорочкан цамц, хар өнгийн нарын шилтэй 55-60 орчим насны баруун гартаа цагаан өнгийн тортой эд зүйлийг барьсан эрэгтэй хүнтэй /Д.Г/ маргаан үүсгэж байгаа байдлыг бичиж авсан байв. Д.Г нь бичлэгийн 9 дэх секундэд зүүн гараараа тээврийн хэрэгслийн баруун талын буюу жолооч талын толийг гараар цохиж, толь эвхэгдэж байгаа, 13 дахь секундэд жолооч талын хаалганы салхины шилийг 2 удаа цохиж байгаа... хохирогч Д.Б нь уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд үйлдэж эхлэх гэхэд Д.Г нь тээврийн хэрэгслийг урд талд гарч зогсож байгаа. Энэ үед хохирогч Д.Б нь гар утсаа тээврийн хэрэгслийн урд талын салхины шил рүү буюу Д.Гын очсон газарт бичлэгийг үргэлжлүүлэн хийхэд Д.Бийн УВХ улсын дугаартай тээвриин хэрэгслийн урд талын салхины шил цуурсан байдалтай харагдаж байсныг тэмдэглэлд тусгаж урд талын салхины шилний цуурсан хэсгийг нь тод хараар дугуйлсан тэмдэглэгээ хий сум зааж харуулав... Уг бичлэгийг цааш тоглуулахад Д.Гын зүгээс миний мөнгийг өгчих гэх утга бүхий ярианаас өөр зүил ярилгүй уг тээврийн хэрэгслийг явуулахгүй урд нь хааж зогсож байгаад бичлэгийн 01 минутанд хохирогч Д.Б нь гар утсаа доошоо харуулахад Д.Гын тээврийн хэрэгслийн хаашаа юугаар цохиж байгаа нь харагдахгүй 3 удаа цохиж байгаа чимээ гарч бичигдсэн...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-32 дахь тал),

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-24 дэх тал),

            - “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ц-530 дугаар хөрөнгийн үнэлгээний “Нийт хохирлын дүн нь 450,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 213-216 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 99-104 дэх тал) иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсын Кызыль хотод хохирогч Д.Бийн эзэмшлийн  УВХ улсын дугаартай “Митсубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн баруун урд крыло, копуд, баруун урд хаалга зэргийг цохих, өшиглөх үйлдлээр гэмтээсний улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрч Б.А нарын мэдүүлэг, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Ц-530 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Д.Бийн мэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаанд хохирогч Д.Б “Митсубиши Делика” маркын тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард суусан, тус тээврийн хэрэгслийн гадна баруун урд хэсэгт Д.Г гартаа цагаан тортой зүйл барьсан маргаан үүсгэж, улмаар тээврийн хэрэгслийн баруун урд хэсгийн эд анги руу хэд хэдэн удаа цохих үйлдэл хийхэд, машин цохигдох чимээ гарч байгаа, мөн тээврийн хэрэгслийн крыло дээр гарч зогсож, доороо өшиглөх, дэвсэх зэрэг үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдсон төдийгүй, тухайн маргаан үүсэхээс өмнө хохирогчийн жолоодож явсан “Митсубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн крыло, копуд, баруун урд хаалга гэмтэлгүй байсан болох нь гэрч Б.Аийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск дэх дүрс бичлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, харилцан хэргийн үйл баримтыг нотолсон төдийгүй, шүүгдэгчийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, тухайн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтооход хангалттай гэж дүгнэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Харин шүүгдэгч Д.Гын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдоогүй, үгүйсгэгдсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатай устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсөх буюу тус гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч Д.Гын “Митсубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн баруун урд крыло, копуд, баруун урд хаалга зэргийг цохих, өшиглөх үйлдлээр гэмтээсний улмаас бусдад 450,000 төгрөгийн хохирол үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг хангаж, байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бийн эд хөрөнгөд 450,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Д.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Д.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх), бусдад учруулсан хохирлын хэмжээ (450,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналы үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт Дийн Гыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Гаас 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бөд олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Гад сануулсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Д.Б, гэрч Б.А нартай уулзахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР