| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/04160/и |
| Дугаар | 102/ШШ2020/00110 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2020/00110
| 2020 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2020/00110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 онд Х.Батхуягтай танилцаж, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч, 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний том охин Б.Б 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, бага охин Б.Д 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Х.Б хамтран амьдрах хугацааны турш архи ихээр хэрэглэж, гэр бүлийнхээ гишүүдийг хэл амаар доромжлон сэтгэл санааны дарамт, хямралд оруулдаг. Түүнчлэн хуурч мэхлэх, гар хүрэхийг оролдох зэргээр зохисгүй үйлдэл нь хэтэрсэн тул 2019 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид миний бие Х.Б-тай хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, бага охин Б.Д-ыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.О-тай 1992 оноос хойш хамт амьдарч, гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний том охин Б.Б 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, бага охин Б.Д 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд хэрүүл маргаан үүсгэж байсан бөгөөд сүүлийн үед би архи ихээр хэрэглэж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Харин би эхнэртээ гар хүрч үзээгүй. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Д-ыг ээжийнхэн асрамжид үлдээнэ гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Х.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.О болон хариуцагч Х.Б нар 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүргүүлсэн, улмаар гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Д төрсөн нь 1906 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ПА 110 дугаартай гэрлэсний бүртгэлээр тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, мөн хариуцагч нь архи уусан үедээ нэхэмжлэгчид сэтгэл зүйн дарамт учруулдаг болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Б.Д нь эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн охин Б.Д-ыг эхийн асрамжинд үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон хариуцагчас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х.Б, А.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Д-ыг эх А.О-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т заасныг баримтлан 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Д-ыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Х.Б-аас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН