| 2020 оны 01 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2020/00086 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, нэхэмжлэгч- ....................... тоотод оршин суух, РД-, В-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч- .................... гудамж-3, А- газарт холбогдох, “Х-” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг, ....................... тоот орон сууцыг 271.496.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Уг үнэлгээг 2019 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн тул хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019-11-01-ний өдрийн 343 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Ж” ХХК-г томилсон байх бөгөөд тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.С- байх тул шинжээч томилсон тогтоолтой Ч.С- танилцах эрхтэй байсан. Гэтэл Ё- гэх хүнд хууль сануулсан баримт үйлдсэн бөгөөд шинжээчид эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг танилцууллаа гэж байгаа нь шинэ эрүүгийн хуулинд ийм зүйл, заалт байхгүй тул шинжээчид хууль сануулсан баримт болж чадахгүй. Тиймээс хууль сануулаагүй этгээд өндөр үнэлгээ бүхий тайлан гаргасан, “Ж” ХХК-ний ажилтан Э гэх хүн үнэлгээний тайланг өгсөн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын дээд шүүхийн 2017-02-07-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Л.В-, Х.Ө нараас 227.360.800 төгрөгийг гаргуулж “............... ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 сарын 21-ний өдөр 17291107 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдагдсан Ү-88888888888 дугаарт бүртгэгдсэн хануул дүүрэг, 11-р хороо, олимп гудамж, маршал хотхоны 106 байрны 20 тоот орон сууцыг 2019-08-20 өдрийн 17291107/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019-10-17-ны өдрийн 17291107/04 дүгээр тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдэлийг 2019 оны 4/22570, 4/22890 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч “............... ББСБ” ХХК нь 270.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч Л.В- нь 1 м.кв талбайг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна гэж утсаар мэдэгдсэн ба төлбөр төлөгч Ө үнийн санал ирүүлээгүй. Талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 343 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд ....................... тоотын орон сууцыг 271.496.000 төгрөгөөр үнэлсэнийг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаарх гомдлыг долоо хоногийн дотор гаргана гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Ж” ХХК-ний С- нь Ё- гэдэг хүнийг шинжээчээр томилсон итгэмжлэлийг нотлох баримтаар авчрах байсан байна. Манай байгууллага үнэлгээ гаргадаг 7 компанитай хамтран ажилладаг, эдгээр компаниас сонгож шинжээчээр томилдог байгаа гэв. Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Л.В- нь хариуцагч А- газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, ................. тоотод байршилтай, 135 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-88888888888 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Х-” ХХК-ний үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1/. Нэхэмжлэгч Л.В- нь шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Б.Уэд гурван жилийн хугацаатай /хх-3/, хариуцагч А- газар нь тухайн байгууллагыг бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019-11-29-ний өдрийн 1/398 дугаар албан бичгээр Б.Хт нэг жилийн хугацаатай /хх-14/ тус тус олгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч Л.В- нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253 дугаартай шийдвэр /хх-22-24/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлал /хх-25-28/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00130 дугаар тогтоолоор /хх-29-31/ ...Х.Ө, Л.В- нараас нийт 227.360.800 төгрөг гаргуулж, ................ББСБ” ХХК-д... олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч А- газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон 473 дугаартай /хх-21/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17291107 дугаар тогтоолоор /хх-33/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно. Нэхэмжлэгч Л.В- нь “................ББСБ” ХХК-д төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-20-62/. Төлбөр төлөгч Л.В-, Х.Ө нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул тэдгээрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, .................... тоотод байршилтай, 135 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-88888888888 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17291107/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-39-40/, хадгалалт хамгаалалтыг нь У.Ф-л хариуцуулсан, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17291107/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-41-42/. Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Л.В-т хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай, мессежээр ирүүлсэн үнийн саналаа бичгээр гаргах талаар мэдэгдэл хүргүүлснээр /хх-46/, А- газрын 2019-10-18-ны өдрийн 4/22570, 2019-10-22-ны өдрийн 4/22890 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Л.В- болон төлбөр төлөгч Х.Өд үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хх-44, 45/ хүргэгдснээр төлбөр авагч “................ББСБ” ХХК нь 2019-10-31-ний өдөр 270.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлснээр /хх-47/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 343 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, ........................... тоотод байршилтай, ..............., улсын бүртгэлийн Ү-88888888888 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Х-” ХХК-ийг томилсон байна /хх-48/. Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Х-” ХХК нь дээрх орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 271.496.000 төгрөг болохыг тодорхойлж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-51-58/. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээчээр томилсон этгээдэд хууль сануулаагүй, хууль сануулсан баримтад хүчингүй болсон хуулийн заалтыг сануулсан, үнэлгээ гаргасан этгээд тусгай зөвшөөрөлтэй талаарх баримтыг хавсаргаж ирүүлээгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Нэхэмжлэгч тал дээрх шаардлагын үндэслэлээс зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Төлбөр төлөгч Л.В- нь шүүхийн шийдвэрээр баталгаажсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр А- газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ. Харин хариуцагч байгууллагын хөрөнгийн үнэлгээ тогтоох хөндлөнгийн шинжээчээр “Х-” ХХК-ийг томилсон, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.С- байхад хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин С.Ё- гаргаж гарын үсэг зурсан байна /хх-60, 57/. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч С.Ё-д эрх, үүрэг тайлбарласан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч түүнд Эрүүгийн хуулийн 254, 255 танилцуулав гэсэн байна /хх-49/. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдлыг зохицуулснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар заасан. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэлийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байхаар заасны дагуу үнэлгээчин С.Ё-ын тусгай зөвшөөрлийн дугаар тайланд 071200051 гэж тусгагдсан байхад Г.Ү- гэх хүний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн ............. дугаартай гэрчилгээ тайланд хавсаргаж ирүүлсэн байна /хх-59/. Түүнчлэн шинжээчээр томилогдсон “Х-” ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.С- нь үнэлгээчин С.Ё-д тухайн компанийг төлөөлөн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах, тайланд гарын үсэг зурах эрх олгосон болох нь тодорхойгүй байхад С.... гэх хүний гаргасан үнэлгээний тайланд гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэг дарж тухайн үнэлгээг баталгаажуулсан байна /хх-51/. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” ойлгоно гэж заасан ба хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах нь үнэлгээчний эрх болохыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан. 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн эрүүгийн хуулинд шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан бол 254 дүгээр зүйл, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийсэн бол 255 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулагдсан боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, шинээр батлагдсан эрүүгийн хуулинд 254, 255 гэх зохицуулалт байхгүй байна. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Х-” ХХК-нийг томилсон байхад үнэлгээчин С.Ё- нь тухайн байгууллагыг төлөөлөн үнэлгээ гаргах эрхтэй болох нь, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь, үнэлгээчинд буюу шинжээчид хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан гэх байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр гэж дүгнэх боломжгүй байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч А- газар нь үнэлгээ тогтоосон 2019-11-13-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан /хх-62/, нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна /хх-1/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ...татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч В-ийн хариуцагч А- газарт холбогдуулан гаргасан “Х-” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.В-т олгосугай. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ................. дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ |