Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00020

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.Цолмонбаатар, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Цолмонбаатарт холбогдох эрүүгийн 201706000029 дугаартай, 132/2017/0017/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар баг, Нарангийн адаг гэх газарт оршин суух, 1983 оны онд Булган аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 109.б-д зааснаар 2 жилийн хорих ял, 2007 онд Булган аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсэн, хэрэг хариуцах чадвартай, Мэргэд овогт Баасансүрэнгийн Цолмонбаатар / РД:ГИ65122019/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Цолмонбаатар нь /яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутагт бусдын 1 тооны үхрийг хулгайлж, иргэн С.Зоригтод 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цолмонбаатарын өгсөн: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

201706000029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.Зоригт өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед үхрээ бэлчээрт гаргах гэж өвөлжөөн дээрээ очтол манай улаан халзан том шар байхгүй байсан. Тэгээд хашааны хаалгаа онгойлгох гэтэл онгойчихсон байсан. Би ойр орчимоор үхрээ хайтал олдоогүй тэгээд цагдаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/ 

Гэрч Н.Гантулгын өгсөн:…2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байхад танидаг ах Б.Цолмонбаатар над руу 99340930 гэсэн дугаараас залгаж “би хөдөөнөөс мах аваад ирлээ чамд өгөх мөнгөний оронд, миний машин явахгүй байна чи тосгонд хүрээд ир” гэхээр нь би очсон. Тэгээд би хуучин тосгонд байдаг танил Тунгаа эгчийн түлээний амбаарт 6 хэсэг үхрийн бүтэн мах буулгасан. Би үхрийн махыг Б.Цолмонбаатар ах хулгайлж надад өгсөнийг мэдээгүй гэх мэдүүлэг / хх-ийн 16 хуудас/,  

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5 хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 25-29 хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Цолмонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутагт бусдын 1 тооны үхрийг хулгайлж, иргэн С.Зоригтод 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.   

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

            Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цолмонбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

     Шүүгдэгч Б.Цолмонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5 дахь зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мэргэд овогт Бямбасүрэнгийн Цолмонбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 240.000*5=1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас шүүгдэгч Б.Цолмонбаатар нь ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, ирэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цолмонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН