Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0279

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д*********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э*********, Э.Т*********

Хариуцагч: Б********* сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж*********

Маргааны төрөл: “Д*********” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*********, Э.Т*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д*********” ХХК-иас Б********* сайдад холбогдуулан “Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-ийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Б********* сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Энхтайваны аманд 1,02 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, газар ашиглах эрхийн 2015/173 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар “Д*********” ХХК-д олгосон байна. 

 Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэн “Д********* ХХК-ийн дээрх газар ашиглах эрх олгосон тушаалыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар буюу хориглосон үйл ажиллагааг явуулах эрхийг нэхэмжлэгч “Д*********” ХХК-д олгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1076 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 21 минутад хүлээн авсан байна.

Нэхэмжлэгчээс Б********* сайдад холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6073 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгчээс дахин Б********* сайдад холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Б********* сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Харин нэхэмжлэгчээс Б********* сайдад холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн болно.

      4.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“1/ Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар тус газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг үндэслэн “Д*********" ХХК-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт байх бөгөөд 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглах эрх дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 болон 40 дүгээр зүйлүүд нь уг харилцааг зохицуулдаг. Б********* сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн 12 дугаар зүйл болон 27 дугаар зүйлийг баримталсан бөгөөд 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг заасан байдаг. Гэвч аль хориглох үйл ажиллагааг явуулсан эсэх талаар заагаагүй байгаа нь уг захиргааны акт эрх зүйн үндэслэлийн хувьд алдаатай байна. Улмаар манай компаний эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан байна.

2/ Б********* сайд нь тус тушаалыг гаргахдаа "Д*********" ХХК-ийн гэрчилгээ хүчингүй болгохоос өмнө манай компанид мэдэгдээгүй бөгөөд ямарваа нэгэн тайлбар, санал гаргах нөхцөлөөр хангаагүй бөгөөд сонсох ажиллагаа явуулаагүй. Энэхүү үйлдэл нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд өөрсдийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд Б********* сайдын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хуулийн 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт хориглох зүйлийг заасан. Хориглох үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар явуулаагүй байхад энэ зүйлийг үндэслэж цуцалж байгаа нь бидний эрхэнд халдах үндэслэл байхгүй байсан гэж үзэж байгаа” гэв.

      5.    Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Тушаалын нэг дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "..аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. 

Б********* сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-нЫ өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Дараах үндэслэлүүдээр нотлогдож байх тул Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж алдаа засаж гаргасан байна.

Иймд Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “А/266 дугаар тушаалаар хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгчид судалгаа шинжилгээний зориулалтаар газар олгох ёстой байсан. Анхнаасаа газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй тул хохирол учраагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь “Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул тус тушаал эрх зүйн зөрчилтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

Харин нэхэмжлэлийн шаардлагын дагуу Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус захиргааны болох эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 болон 40 дүгээр зүйлүүд нь уг харилцааг зохицуулдаг. Б********* сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн 12 дугаар зүйл болон 27 дугаар зүйлийг баримталсан бөгөөд 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг заасан байдаг. Гэвч аль хориглох үйл ажиллагааг явуулсан эсэх талаар заагаагүй байгаа нь уг захиргааны акт эрх зүйн үндэслэлийн хувьд алдаатай байна. Улмаар манай компаний эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан байна …” гэж тайлбарлаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 

1/ дархан цаазат газар; 

2/ байгалийн цогцолборт газар; 

3/ байгалийн нөөц газар; 

4/ дурсгалт газар”, 

8 дугаар зүйлд “Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:  

1/ онгон бүс; 

2/ хамгаалалтын бүс; 

3/ хязгаарлалтын бүс”,

11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: 

6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах; 

7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” 

12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 

5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;” 

14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:

1/ онцгой бүс; 

2/ аялал, жуулчлалын бүс;

3/ хязгаарлалтын бүс;”

16 дугаар зүйлд “Аялал, жуулчлалын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: 

1/ энэ хуулийн 11, 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулах;”, 

17 дугаар зүйлд “Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно: 

1/ энэ хуулийн 11, 15, 16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; … 

3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих;” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Байгалийн цогцолборт газарт л аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгож болохоор байхад Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй байна.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчид Б********* сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны ам гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон байна. 

Хариуцагч нь дархан цаазат газарт байгалийн цогцолборт газрын дэглэмийн зориулалтын дагуу газар ашиглуулах эрх олгосон тушаалаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: … 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж зааснаар Б********* сайд нь өөрийнхөө хууль тогтоомж зөрчсөн тушаалаа хүчингүй болгох эрхтэй бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, уг газарт зориулалтын бусаар газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэх эрхтэй байх тул иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэх  үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*********” ХХК-иас Б********* сайдад холбогдуулан гаргасан “Б********* сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Д*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ДАМДИНСҮРЭН