Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0643

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Д.Т

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Ч.Ж

          Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэлтэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2025/0048 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Т

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 123/2025/0046/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ч.Ж нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэлтэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан.

          2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх, 19 дүгээр зүйлд сонгуулийн хорооны зохион байгуулалтын талаар заасан бөгөөд үүнд аймгийн Сонгуулийн хорооны даргад тусгайлан олгосон эрх байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасны дагуу сонгуулийн хорооны гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн тогтоолыг Сонгуулийн хорооны дарга өөрийн хүсэл сонирхолд нийцсэн эсэхээс үл хамааран өөрчлөх боломжгүй бөгөөд баталгаажуулах үүрэгтэй. Иймд тухайн асуудлыг шийдвэрлэн гаргасан захиргааны акт нь Сонгуулийн хорооны даргаас үл хамаарах юм.

          3.2 Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороо, зөвлөлөөр 2024 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоол нь хуулийн дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамтын зарчмаар буюу санал хураалт явуулж олонхын саналыг үндэслэн гарч буй хууль ёсны тогтоол юм. Нэхэмжлэгч нь аймгийн Сонгуулийн хорооны даргын хувьд хурлыг даргалах, хурлаар хүсэлт гомдол хэлэлцүүлэх, дэг сахиулах, санал өгөх эрхтэйгээр оролцсон болно. Зөрчлийн шалган тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчийн яг ямар үйлдлийг зөрчил гэж үзсэн, шалган тогтоолгож, зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарах тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу явуулсан эсэх нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг ажлаас халах шийтгэл ногдуулсан үндэслэлийг холбогдох журмын дагуу шалгаж тогтоогоогүй тул маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

          3. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай” ** дүгээр тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг тогтоож, Сонгуулийн хорооны даргаар Ч.Ж (Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга)-ыг томилжээ.

          4. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “А намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” ** дугаар тогтоолын хавсралтаар “...5-д Ц.Н-ийг Б сумын *-р тойрогт” аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгэсэн, мөн 10 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолын хавсралтаар “... Б сумын *-р тойрогт нэр дэвшигч Ц.Н хамгийн олон санал авсан тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож” баталсан байна.  

          5. Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооноос 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ** дугаар албан бичгээр “...А намаас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч ...хууль зөрчсөн байж болзошгүй талаар...” шалгуулах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан бөгөөд тус Хорооны “Хүсэлт шилжүүлэх тухай” 3/*** дугаар албан бичгээр харьяаллын дагуу Төв аймгийн Сонгуулийн хороонд мөн өдөр хүргүүлжээ.

          6. Төв аймгийн Сонгуулийн хороо “...2 нэр дэвшигч ...хууль зөрчсөн” эсэх асуудлыг нягтлан шалгаад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас “...нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан шаардлага хангаагүй болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27/*** тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон тул нэр дэвшигчээр бүртгэсэн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Ц.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”-оор хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн (8 гишүүнээс 6 гишүүн дэмжсэн) саналаар шийдвэрлэн, мөн өдрийн ** дугаар тогтоолоор “...Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаар, ...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолуудын хавсралтын Ц.Н-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн байна.

          7. Дээрх тогтоолтой холбогдуулан Төв аймгийн А намаас гомдол гаргасны дагуу аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж “** дугаар тогтоолыг хүчингүй болгох эсэх” асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувийн (7 гишүүнээс 6 гишүүн дэмжсэн) саналаар, мөн өдрийн ** дүгээр тогтоолоор “Аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ. 

          8. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Н (2025-01-02-ний өдөр), Я.Э нараас Төв аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаанд холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороо хуралдаад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “...аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдээр ажилласан Төрийн албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан шийтгэл оногдуулах, ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах, шийдвэрийнхээ хяналтын дагалдах хуудсыг бүрдүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд уламжлахаар дүгнэв” гэсэн дүгнэлт гаргажээ.

          9. Маргаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” ** дүгээр захирамжаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, аймгийн Сонгуулийн хорооны батлан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар тогтоол эрх зүйн зөрчилтэйд тооцогдож, энэхүү тогтоолоо 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоолоор хүчингүй болгож зөрчил гаргасан нь тогтоогдсон тул аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажилласан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ч.Ж-ыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг тасалбар болгон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халсугай” гэж шийдвэрлэжээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.12-т “аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох”, 16.2.15-д “сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх”, 19 дүгээр зүйлСонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт”, 19.1-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 19.5-д “Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус зохицуулжээ.

          11. Аймгийн Сонгуулийн хороо нь дээрх хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо болон бусад этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгах, эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хариу өгөх, өөрийн гаргасан хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхтэй байх бөгөөд Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн зохицуулалттай байна.     

          12. Маргаан бүхий Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжийн үндэслэл болсон Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар, 10 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоолуудыг аймгийн Сонгуулийн хорооны гишүүд хамтын зарчмаар шийдвэрлэн, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх ба Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.15, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасанд нийцэж байна.

          13. Тодруулбал, Төв аймгийн Сонгуулийн хороо нь хуульд зааснаар дээд шатны сонгуулийн хороо болох Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/*** дугаар албан бичгээр ирүүлсэн “...шаардлага хангаагүй хүн нэр дэвшсэн тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах” тухай гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж, аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, Хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын саналаар (хамтын зарчмаар) шийдвэрлэж ** дугаар тогтоолыг гаргажээ.

          14. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.16-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана” гэж зааснаар Сонгуулийн хорооны дарга нь сонгууль зохион байгуулалтай холбоотойгоор дотоод ажлын асуудлаар “захирамж” гаргах эрх хэмжээтэй байх ба Хорооны дарга эрх мэдлээ хэтрүүлж дангаар “захирамж” гаргасан бол хариуцлага хүлээлгэх боломжтой.

          15. Иймээс нэхэмжлэгч Ч.Ж-ын хувьд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хуралдааныг даргалж, Сонгуулийн хорооны даргын чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байхад түүнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан тушаал”-аас халсан нь хууль бус болжээ.

          16. Нэхэмжлэгчийн “...Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заасан тул Сонгуулийн хорооны гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн тогтоолыг Сонгуулийн хорооны дарга өөрийн хүсэлт сонирхолд нийцсэн эсэхээс үл хамааран өөрчлөх боломжгүй бөгөөд баталгаажуулах үүрэгтэй. Иймд тухайн асуудлыг шийдвэрлэн гаргасан захиргааны акт нь Сонгуулийн хорооны даргаас үл хамаарна... Мөн Ц.Н-тэй холбоотой ...** дугаар тогтоолыг ...** дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор энэ хүний эрх ашиг сэргэсэн, ...анхдугаар хуралдааны ** дүгээр тогтоолоор Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар томилогдон ажиллаж байна” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

          17. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105.2-д “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.2.3-д “ажлаас халах” гэж заажээ.

          18. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагч нь өөрийн үндсэн ажил үүрэгт хамааралтай, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасны дагуу хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг агуулж байна.

          19. Нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын (төрийн жинхэнэ албан хаагч) хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гаргасан захиргааны шийдвэр болон захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэж болох ба харин аймгийн Сонгуулийн хорооны хуралдаанаас гарсан хамтын шийдвэрт Хорооны дарга Ч.Ж-ыг буруутган дээрх хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан нь хууль бус болжээ.

          20. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ”, 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар төрийн албан хаагч Ч.Ж нь хууль бусаар ажлаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдсаны зэрэгцээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах бүрэн эрхтэй.

          21. Анхан шатны шүүхийн “...Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан үндэслэл нь төрийн албан хаагч албан үүргээ биелүүлээгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй байх болон бусад үндэслэлийг тусгасан бол Захиргааны ерөнхий хуульд төрийн жинхэнэ албан хаагч захиргааны акт гаргахдаа хууль зөрчсөн бол хариуцлага тооцох зохицуулалттай байна... Ч.Ж-ыг аймгийн Сонгуулийн хорооны даргаар... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон байх бөгөөд Хурлын дарга түүнд “халах” шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохирсон...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

          22. Түүнчлэн анхан шатны шүүх нь Ч.Ж аймгийн Сонгуулийн хороог удирдаж, хорооны даргаар ажиллахдаа хуульд заасныг зөрчсөн гэж буруутгахдаа хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэр болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2025/0*** дугаар магадлалд дурдсан үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. 

          Иймд Төв аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн олонхын саналаар баталсан хамтын шийдвэрт Хорооны дарга Ч.Ж-ыг буруутгаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Ж-ыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалин, нэмэгдэл олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Ч.Ж-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ж нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА