Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00552 дугаар шийдвэртэй, Ц.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ч, Б.О нарт холбогдох, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах,

О.Ч, Б.О нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,

Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.О, О.Ч нар нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сарын 500 000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөг авсан. Талууд харилцан тохиролцож хүү 500 000 төгрөгт Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Бага тойруу гудамж 54 дүгээр байр 10 тоот орон сууцанд 1 жилийн хугацаатай суухаар орон сууц хөлслөх гэрээг байгуулж, зээлийн гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлэгчээс зээлдэгчид орон сууцыг нь суллаж бүрэн хүлээлгэж өгсөн. Гэтэл Б.О, О.Ч нар үндсэн зээлээс 8 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Иргэний хууль болон 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.О, Б.Чимэггэрэл нараас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 7 000 000 төгрөг, хүү алданги 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Энхтунгалагаас 15 000 000 төгрөг зээлээгүй, тэрээр Чингэлтэй дүүргийн Бага тойруу 4 дүгээр хорооны 54-10 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хөлсөлж суусан болохоос би зээлийн гэрээний үндсэн дээр мөнгө аваагүй тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 10 000 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин алданги 3 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед би гэрээг сайн ойлгоогүй гарын үсэг зурсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Энхтунгалаг нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 өрөө орон сууцыг хөлсөлж суусан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.О надтай зээлийн гэрээ хийсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулж манай байрыг түрээсэлж суусан, зээлийн гэрээ байгуулсан гэж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.О нь Ц.Эаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөгийг, сарын 500 000 төгрөгийн хүүтэйгээр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг байгуулж зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 8 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдүүлэгчид төлж барагдуулахгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийг хохироосоор байгаа. Зээлдэгч, зээлдүүлэгч нар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож зээлийн гэрээг хуульд заасны дагуу байгуулж, гэрээнд зааснаар 2 тал гарын үсэг зурж, нотариатаар гэрээний үнэн зөвийг баталгаажуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн зээлийг эргүүлэн төлөх үүргийг тодорхой заасан ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу алданги тооцохоор заасан. Ц.Эа нь зээлдэгч Б.Отай сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд өөр гэрээ, хэлцлийг халхавчлах субъектив санаа зорилгогүй байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56.1.3-д заасныг баримтлан Б.Оаас 10 000 000 төгрөгийг гаргуулж Ц.Эад олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан О.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 182/Ш32018/01322 шүүгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.О 15 000 000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сарын 500 000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авахаар тус тус тохирч Б.Од 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар талууд хэн аль нь маргаагүй болно” гэсэн хэсэг нь үндэслэлгүй.

Хариуцагч нь “бид зээлийн гэрээ байгуулаагүй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, зээлийн гэрээ бол орон сууц хөлслөх гэрээг халхавчлах зорилгоор байгуулж, хөлслүүлэгчид илт хохирол учруулсан гэрээ болсон” гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн хэрэгт Б.Од 15 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт байхгүй байхад шүүх 15 000 000 төгрөгийг Б.Од шилжүүлсэн гэж байхгүй нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Эа нь хариуцагч Б.О, О.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 7 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Чд холбогдох шаардлагаас татгалзсан байна. Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар орон сууц хөлслөх гэрээг халхавчлах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ /хх6/, Орон сууц хөлслөх гэрээ /хх7/ гэх хоёр гэрээ авагдсан байна. Талууд орон сууц хөлслөх гэрээний хувьд маргаагүй, харин тухайн өдөр байгуулсан зээлийн гэрээг байгуулаагүй, мөнгө хүлээн аваагүй, орон сууцыг хөлслөх зорилгоор хийсэн гэрээг халхавчилж хийсэн гэж хариуцагч тал маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь бичгийн хэлбэрээр хийгдэж, зээлдэгч Б.О, О.Ч нар нь зээлдүүлэгч Ц.Эаас 15 000 000 төгрөгийг сарын 500 000 төгрөгийн хүүтэй, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай зээлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Мөн өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээгээр хариуцагч нар нь Чингэлтэй дүүргийн Бага тойруу 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Эад 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, “төлбөрийн хэмжээ сарын 500 000 төгрөг байхаас 15 000 000 төгрөгийн хүүд тооцоно” гэж гэрээний 5 дахь заалтаар тохиролцжээ. /хх7/

Талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн зээлийн гэрээ хийгдэж, гарын үсэг зурж, нотариатаар гэрээний үнэн зөвийг баталгаажуулж, улмаар мөнгөн хөрөнгийн 10 000 000 төгрөгийг Хас банк дахь хариуцагчийн нэрийн дансанд шилжүүлсэн үйл баримт Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх5/

Харин 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар,  зээлийн гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлнө гэх хариуцагчийн тайлбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч дээрх байдлаар зээл авсан болох нь тогтоогдож байхад “зээлийн гэрээ байгуулаагүй”, “гэрээ байгуулах үед сайн ойлгоогүй гарын үсэг зурсан”, “15 000 000 төгрөг шилжүүлсэн баримтгүй” гэх зэргээр өөр өөр агуулга бүхий тайлбар хийж байгааг шүүх үнэлэх боломжгүй юм. Иймд орон сууц хөлслөх гэрээг хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан гэх хариуцагчийн тайлбар хэргийн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Ц.Эын хувьд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусмагц хөлслүүлэгч талд орон сууцыг хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн өдөр зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь Ц.Эад буцаан өгөх үүрэг дуусгавар болох байсан боловч гэрээний хугацаанд 8 000 000 төгрөгийг төлсөн байна.

Иймээс нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 7 000 000 төгрөг, түүнд тооцогдох алдангид 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд шүүх хариуцагч Б.Оаас дээрх төлбөрийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв. Иймд уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүх хэний гаргасан хэнд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, 2 дахь заалтад О.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлийг тусгаагүй, 4 дэх заалтад аль шүүхийн шүүгчийн захирамж гэдгийг бичээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул шийдвэрт дээрх алдааг залруулж найруулгын өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Оаас 10 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Эад олгож, орон сууц хөлслөх гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Ц.Эад холбогдох хариуцагч Б.Оын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эа нь хариуцагч О.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 182/ШЗ2018/01322 шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай үахирамжаар авсан арга хэмжээ нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдсугай гэж тус тус найруулан өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА